Стресс бол оюун санаа болон бие организм гаднаас ирж буй хүчин зүйлсэд хариу үйлдэл үзүүлж буй явдал юм. Стрессийг хүн бүр харилцан адилгүй хүлээж авдаг бөгөөд энэ үед ямар ч хоолны дуршилгүй болчихдог хүмүүс байдаг бол эсрэгээрээ хэт их хоол хүнс хэрэглэдэг төрлийн хүмүүс байдаг. Ингээд стресснээс үүдэн хоолны дуршил өөрчлөгдөлдсөн үед ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл хүргэж байна.
Стрессдсэний дараа хоолны дуршил нь буурдаг хүмүүст:
1. ЦАГИЙН ХУВААРЬТАЙ БОЛОХ
Зарим хүмүүс стрессдсэн, сэтгэл гутралд орсон үедээ хэдэн цаг, тэр ч байтугай хэдэн өдрөөр хоосон явах нь бий. Та ч мөн энэ төрлийн хүн бол энэхүү хүнд үедээ хоол идэх сэрүүлэг тавьж байгаарай. Огт хоолны дуршилгүй болчихдог хүмүүс ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр хоолны дуршилтай болохоо хүлээвэл их хугацаа алдана. Тиймээс "Meal Reminder", "EatWise" зэрэг апликэйшнүүдийн тусламжтайгаар хоолны дуршлаа богино хугацаанд сэргээгээрэй.
2. ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨХ
Бидний идэж, хэрэглэж буй хоол хүнс сэтгэл санаанд шууд нөлөөлдөг. Хүн амттай хоол идэхэд биед дофамин, эндорфин зэрэг аз жаргалын дааврууд ялгардаг бөгөөд хайртай дотнын хүмүүстэйгээ хооллоход окситоцин хэмээх бас нэгэн эерэг даавар ялгардаг байна.
Ихэнх хүмүүс стрессдсэн үедээ өөрийгөө хэт шүүмжлэх гээд байдаг. Тиймээс өөрийгөө аль болох хайрлаж халамжлаарай.
3. ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ
Сэтгэл судлаач болон хоол, тэжээлийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бусдад талархал илэрхийлэх нь стрессийн түвшинг буруулах тустай аж. Тиймээс өөртөө, хайртай хүмүүстээ, өөрт байгаа бүхэндээ талархаж хэвшээрэй.
Стрессдсэний дараа хоолны дуршил нь нэмэгддэг хүмүүст:
1. ХООЛНЫ ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ
Мэргэжилтнүүд хүнд хэцүү үеийг туулах явцдаа хэт их хэмжээний хоол, хүнс хэрэглэдэг хүмүүст хоолны тэмдэглэл хөтлөхийг санал болгодог. Та юу мэдэрч байгаа, юу идмээр байгаа болон юу идсэнээ, яг одоо үнэхээр өлсөж байгаа эсэх гээд хоол болон сэтгэл зүйтэй холбоотой бүхий л зүйлээ тэмдэглээрэй.
2. ЭРҮҮЛ ХҮНС ХЭРЭГЛЭХ
Хүмүүс стресстэй үедээ ихэвчлэн түргэн хоол, мөхөөлдөс, шоколад, согтууруулах ундаа зэргийг хэрэглэдэг. Гэвч энэ нь таны сэтгэл санааг хоромхон зуур л тайтгаруулаад өнгөрнө. Улмаар та өмнө нь стрессдсэнээсээ ч илүү ихээр стрессдэх болно. Тиймээс үнэхээр л өлсөж байгаа бол жимс, ногоо, самар зэрэг биед тустай хүнс хэрэглээрэй. Мөн дасгал хөдөлгөөн хийх нь аль ч тохиолдолд сэтгэл санааг дээрдүүлдэг гэдгийг битгий мартаарай.
СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ ЯРИЛЦАХ
Та дээрх зөвлөгөөг хэрэгжүүлсэн ч үр дүнгээ өгөхгүй бол, хоолны дуршил өөрчлөгдсөн өдрүүд үргэлжилсээр байгаа бол заавал ч үгүй сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Vogue
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх