"Кпопын хаад" гэгддэг BIGBANG хамтлаг 14 нас хүрлээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-08-19

2006 оны наймдугаар сарын 19-ний өдөр домогт BIGBANG хамтлаг албан ёсоор урлагийн ертөнцөд хөл тавьсан бөгөөд БНСУ төдийгүй дэлхий дахинд Кпоп дуу хөгжмийг таниулсан юм.

BIGBANG ХАМТЛАГИЙГ ЯАГААД "КПОПЫН ХААД" ГЭДЭГ ВЭ?

Та Кпоп хөгжим сонсдоггүй байсан ч "Кпопын хаад BIGBANG" гэдэг өргөмжлөлийг хаа нэгтээгээс сонссон байх учиртай. Харин яагаад BIGBANG хамтлагийг Кпопын хаад гэж нэрлэдгийг дараах нийтлэлээс уншаарай.

1. ТЭД БҮХНИЙГ ТЭГЭЭС НЬ ЭХЭЛСЭН

BIGBANG хамтлаг үүсгэн байгуулагдах үед YG энтертайнмент хуучны барилгад оффис түрээсэлдэг байв. Мөн YG энтертайнментийн бүжгийн зааланд ердөө 6 хүн л багтах зайтай байжээ.

Ихэнх хүмүүс BIGBANG хамтлагийг том энтертайнментаас гарч ирсэн учраас алдартай гэж боддог ч өнөөгийн YG энтертайнмент BIGBANG хамтлагийн ачаар том бас алдартай болсон юм.

BIGBANG хамтлагийн гишүүд түрээсийн байранд гудас дэвсэн унтахаас гадна хоол, цэвэрлэгээгээ өөрсдөө хийдэг байв. Тухайлбал Taeyang "Happy Together" нэвтрүүлэгт оролцохдоо “Бид нар бэлтгэлийн дараа маш их өлсдөг байлаа. Гэртээ ирээд хөргөгчөө онгойлгоход хов хоосон дүр зураг угтах нь үнэхээр хэцүү байсан” хэмээн ярьжээ. Мөн T.O.P "Тухайн үед манай хамтлагийн гишүүд нэг жигнэмэгт маш их дуртай байсан юм. Тиймээс бэлтгэлийн дараа мөнгөө нийлүүлээд өнөөх жигнэмгээ аваад хувааж иддэг байлаа. Гэхдээ нэг дор бүгдийг нь идчихвэл дараа нь өлсдөг болохоор илүү гарсныг нь хадгалдаг байсан" гэж дурссан юм.

Хожим YG энтертайнментийн үүсгэн байгуулагч Yang Hyun Suk “BIGBANG хамтлаг YG энтертайнментийг бүтээсэн” гэж хэлсэн байдаг.

2. АЛДАРТНУУДЫН ШҮТЭЭН BIGBANG ХАМТЛАГ

Та дуучин Justin Bieber тус хамтлагийн ахлагч G-Dragon-той уулзахын тулд YG энтертайнмент дээр өөрийн биеэр очиж байсныг мэдэх үү? Мөн BTS хамтлагийн гишүүн Jungkook G-Dragon-ий дууг сонсоод л дуучин болохоор шийдсэн гэдгийг мэдэх үү?

Кпоп ертөнцийн ихэнх хамтлаг BIGBANG шиг алдартай болохыг хүсдэг нь нууц биш юм. Маш олон алдартнууд BIGBANG хамтлагийн амжилт, алдар нэрийг хараад дуучин, жүжигчин болохоор шийдсэн байдаг.

3. ӨӨРСДӨӨ ДУУНЫ АЯ, ШҮЛГЭЭ БИЧИЖ ЭХЭЛСЭН АНХНЫ ХАМТЛАГ

BIGBANG хамтлаг үүсгэн байгуулагдахаас өмнө Кпоп хамтлагууд дуугаа өөрсдөө зохиодоггүй байв. Өөрөөр хэлбэл тухайн хамтлагуудын харьяалагддаг энтертайнментаас дууг нь зохиож өгдөг байсан аж.

Тэгвэл BIGBANG хамтлаг энэ хэвшлийг эвдэн дуугаа өөрсдөө зохиож, үгийг нь бичиж эхэлжээ. Таны мэдэх "Lies", "Haru Haru", "Last Farewell" зэрэг алдартай дуунуудыг BIGBANG хамтлагийн гишүүд дөнгөж 20 настайдаа зохиосон юм.

4. ГИШҮҮН БҮР НЬ БИЕ ДААСАН КАРЬЕРТАЙ АНХНЫ КПОП ХАМТЛАГ

"BIGBANG" гэдэг нэр өөрөө брэнд гэхэд хилсдэхгүй. Гэтэл G-Dragon, T.O.P, Taeyang, Daesung, Seungri гэдэг нэрүүд ч мөн хамтлагаасаа дутахгүй алдартай. Өөрөөр хэлбэл тус хамтлагийн гишүүн бүр нь өөрсдийн гэсэн карьертай.

Хамтлагийн ахлагч G-Dragon хоёр ч удаа дэлхийг тойрсон аялан тоглолт хийсэн бол Taeyang дөрвөн удаа аялан тоглолт хийсэн байдаг. Мөн тус хамтлагийн гишүүн Daesung Япон улсад хамгийн их үзэгчтэй аялан тоглолт хийсэн дуучдын тоонд багтдаг аж.

Хамтлагийн хамгийн залуу гишүүн Seungri гурван ч удаа томоохон аялан тоглолт хийсэн байна.

Харин T.O.P-ийн хувьд кино урлагт амжилттай яваа жүжигчин. Тэрээр 23 настайдаа "71 into the Fire" киноны гол дүрийг бүтээж, долоон шагнал хүртсэн аж.

5. ЗАВСАРЛАСАН Ч АЛДРЫН ОРГИЛД БАЙДАГ

BIGBANG хамтлаг ихэвчлэн хоёроос гурван жил завсарлаад нэг цомог гаргадаг. Гэсэн хэдий ч тэдний алдар нэр Кпопын “оргилд” байсаар байдаг гэхэд болно. Тухайлбал тэд 2012 онд “Alive” хэмээх бүрэн хэмжээний цомог гаргасан ба Fuse телевизийн сувгаас тус цомгийг 2012 оны шилдэг цомгуудын нэгээр тодруулжээ. Үүнээс гурван жилийн дараа BIGBANG хамтлаг “MADE” цомгоо олон нийтэд танилцуулж, аялан тоглолт хийсэн юм. Тус цомгоороо дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан ба БНХАУ-ын QQ хөгжмийн платформд ганцхан өдрийн дотор сая гаруй цомог борлуулсан байдаг.

Мөн BIGBANG хамтлаг 2018 онд "Flower Road" дуугаа цацсанаар БНХАУ-ын хөгжмийн чартуудад хамгийн их сонсогчтой Кпоп дуугаар тодорсон юм.

Хэдийгээр BIGBANG хамтлаг 2017 оноос завсарлага авсан боловч өнөөг хүртэл БНСУ-ын Melon хөгжмийн чартад дээгүүр байруудад бичигдсэн хэвээр байна. Үүгээр ч зогсохгүй тус хамтлагийг 2020 онд шинэ уран бүтээл гаргах тухай мэдээлэл гарсны дараа YG энтертайнментийн хувьцааны үнэ өссөн юм.

Та бүхэн BIGBANG хамтлагийн танилцуулгыг унших бол ЭНД дарна уу.

Эх сурвалж: Ulzza

#BIGBANG #Төрсөн өдөр