Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Чиний насан дээр ингэх болоогүй гэж загнадаг
Сайн байна уу? Би 13 настай. Би нэг хүнд сайн болсон ч аав ээж маань “чиний насан дээр ингэх болоогүй” гээд загнадаг юм. Тэгээд сайн хүнээ дотроо хадгалаад байж чадахгүй, найзууддаа хэлэхээр найзууд маань өөр хүмүүст хэлээд байдаг. Тиймээс аав ээждээ бүхнийг хэлэхээс айж, найзууддаа ч итгэхээ больсон. Гэхдээ ингэхээр ярилцах хүн байхгүй хэцүү байна. Би яг яах ёстой вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Чамд муу зүйл тохиолдох вий гэж санаа зовсон байх
Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Аав ээж чинь чамд санаа зовсондоо “чиний насан дээр ингэх болоогүй” гэж хэлсэн болов уу. Хайр дурлалдаа хэтэрхий туйлшраад муу зүйл тохиолдох вий гэсэн санаа зовнил ээж аавд нь төрсөн байх. Хоёрдугаарт найзууддаа итгэн өөрийнхөө нууцыг хэлж байхад яагаад бусдад хэлснийг нь асууж, ямар мэдрэмж авснаа хэлээрэй. 13 насанд хүүхдүүд найзынхаа нууцыг хадгалах ёстой гэдгийг сайн ойлгоогүй байдаг. Харин жил ирэх тусам тэд илүү хариуцлагатай болж, хүний нууцыг хадгалдаг болно. Хэрвээ чиний эргэн тойронд чамайг ойлгох хүн байхгүй, хэнтэй ярилцахаа мэдэхгүй үед сэтгэл зүйчтэй ярилцах нь хамгийн зөв байдаг. Тиймээс бидэнд хандсан нь сайн байна. Үргэлжлүүлж захиа бичиж болно шүү. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Мядагдэлгэр
АСУУДАЛ: Би өөртөө сэтгэл хангалуун бус байна
Сайн байна уу? Энэ захидал очих өдрийн мэнд. Би одоо 17 настай. Би өөртөө маш сэтгэл хангалуун бус амьдарч байна. Хэдий хүмүүс “амьд бас бүрэн бүтэн байгаадаа баярла” гэдэг ч бусдын амьдралыг өөрийнхөө амьдралтайгаа харьцуулна гэдэг тэнэг хэрэг. Хүн болгон л өөр амьдралтай, өөрсдийн гэсэн түүхтэй учраас харьцуулж, “би илүү байна тиймээс жаргах ёстой гэж боддог” нь ёстой таалагддаггүй. Яг энэ сая миний бичсэнээс харвал би өөрийгөө аймар өмөөрдөг, өмөөрөхийн тулд өөртөө шинэ үзэл бодол ч хүртэл үүсгэдэг. Энэ зангаа би үзэн яддаг. Гэхдээ өөрөө ч мэдээгүй байхдаа өөрийгөө өмөөрч хэлэх үзэл бодол дотроо зохиож байдаг. Өөрийгөө өмөөрч бусдыг буруутгадаг гэж боддог.
Яг энэнээс улбаатай би маш худалч, 70 худалчтай эн зэрэгцэхээр. Үргэлж бусдын сайн сайхан зүйлийг авахыг хичээдэг. Ирээдүйгээ бодож нөхөрлөж мөн үерхдэг. Би өөрийнхөө энэ занг хэзээ ч таалж байгаагүй. Би сэтгэлийн хат маш муу, бусдын нөлөөнд амархан автдаг. Гэхдээ би өөрийгөө өмөөрдөг ч бодол дотроо бүх зүйлд өөрийгөө буруутгадаг. Би өөрийгөө үнэхээр ойлгохгүй байна. Би зүгээр л ярилцмаар байна. Дотроо нуудаг бүхнээ л яримаар байна. Би өөрийгөө олмоор байна. Жинхэнэ би бусдын мэдрэмжийг бодолгүй өөрийгөө л боддог. Өөрийгөө олмоор байна. Яах ёстой вэ? Юу хийх ёстой вэ? Одоо бие галбиргүй амьдраад байх шиг. Бусдын хэвэнд өөрийгөө тааруулж, тэд нарын мэдрэмжийг ойлгох гээд хичээгээд ч байгаа юм шиг, сайхан хандах гээд ч байгаа юм шиг. Би өөрийгөө олохгүй ойлгохгүй байна. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийнхөө дутагдалтай талыг олж харан өөрчлөхийг оролдож байгаа нь чурал
Сайн байна уу захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд чи өөрийнхөө дутагдалтай талыг олж харан өөрчлөхийг оролдож байгаа нь хамгийн чухал юм. Хүн өөрийнхөө дутагдалтай талыг ойлгож, хүлээн зөвшөөрсөн цагаас өөрчлөлт аяндаа явагддаг. Өөрөөр хэлбэл чи өөрийнхөө сул талаа анзаарч, хүлээн зөвшөөрч байгаа явдал нь өөрчлөлтийн эхийг аль хэдийн тавьсан байна.
Харин одоо үйлдэл хийх үлдлээ. Бусдын мэдрэмжийг бодолгүй өөрийгөө л боддог гэдгээс эхэлье. Бусад хүмүүс чамд өөрийн мэдрэмжээ хуваалцахад чи түүнийг яг л өөрт тохиолдсон зүйл шиг сэтгэл хөдлөл гаргаж хүлээж авахыг хичээгээрэй. Энэ нь тухайн хүнд өөрийг сайн сонсож, ойлгож байна гэсэн мэдрэмжийг өгч таатай сэтгэгдлийг төрүүлэх юм. Мөн чи бусдад туслах эмпати чадвараа ч хөгжүүлж энэ хэрээрээ өөртөө сэтгэл ханамжтай болно.
Дээрх зүйлсийг хийх, мөн өөрчлөлтийг мэдрэхэд тууштай зүтгэл болоод цаг хугацаа шаардагдана гэдгийг санаарай. Өөрийгөө ойлгохын тухайд өсвөр насныханд бүгдэд нь тохиолдож буй зүйл юм. Энэ насандаа олон зүйл туршиж, өөрийгөө ажиглаж, сорьж явсаар 20-д насны эхэн үед өөрийн тодорхойлолт чинь бүрэлдсэн байх болно. Амжилт хүсье.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Мядагдэлгэр
АСУУДАЛ: Миний сонголтыг дэмжихгүй байна
Сайн байна уу? Би саяхан сургуулиа төгссөн. Тэгээд сургууль сонгох болоход миний сонголтыг хүмүүс дэмжихгүй няцаагаад байх юм. Хэдийгээр аль хэдийн шийдвэрээ гаргасан ч “эрэлтгүй, ажлын байргүй, олон жил мөнгө төлж сурчихаад гарч ирээд бас ажлын тогтсон байргүй удна” гэх мэтчилэн намайг шантраагаад байх юм. Тоохгүй байя гэж хичээсэн ч гэсэн би хүмүүсийн бодлыг хэтэрхий анхаарах гээд байдаг хандлагатай болохоор чадахгүй байна. Яах вэ? Ямар нэг шийдэл хэлээч.
ЗӨВЛӨГӨӨ: Хүмүүсийн бодолд хэт автах хэрэггүй.
Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Мэргэжил сонголт гэдэг бол амьдралын чухал шийдвэрүүдийн нэг мөн. Мэргэжил сонголтод зөвхөн дур сонирхол, авьяас чадвараас гадна нийгмийн хэрэгцээ хэр их байгаа вэ гэдгийг зайлшгүй тооцоолох хэрэгтэй. Чиний хувьд хүмүүстэй ярилцаж, мэргэжлийнхээ талаар бодол саналаа хуваалцсан нь тун сайн хэрэг. Гэхдээ хүмүүсийн бодолд хэт автах хэрэггүй. Юуны өмнө хүмүүсийн бодлыг хойш нь тавиад тухайн чиглэлээр бэлддэг их дээд сургуулиудаар зочилж болно. Мөн тухайн мэргэжлийн ажлын байруудаар явж бодит орчинд ажиллаж амьдарч буй хүмүүстэй уулзаж ярилцан асууж болно. Ингэснээр тухайн мэргэжлийг илүү бодитойгоор харж болно гэсэн үг юм. Үүний үндсэн дээр энэ мэргэжлээ сонгох уу эсвэл өөр мэргэжлийг сонгох уу гэсэн шийдэлд хүрч болох юм. Орчин үед хүн зөвхөн нэг мэргэжилтэй байхаас илүүтэй хоёр мэргэжлийн дундаас хосолсон шинэ мэргэжлүүд их үүсч ажлын байрууд ч ийм хүмүүсийг хайх болсон. Тиймээс зөвхөн нэг мэргэжил, нэг ур чадвартаа төвлөрөх биш хоёр зүйлд ч суралцаж болох юм. Өөрийн сул болон давуу талаа хөгжүүлснээр чамд олон боломж нээгдэх болно. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Мядагдэлгэр
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх