О.Ариунзаяа: Сайн сурахад туслах ухаалаг аргуудад суралцах хэрэгтэй


Интернэт, сонин сэтгүүлд АНУ-д хэрхэн суралцах, суралцахын тулд ямар шалгалт өгөх, тухайн шалгалтдаа хэрхэн өндөр оноо авах талаар мэдээллүүд олон байдаг ч сургуульдаа тэнцээд гадаадад очсоны дараа бидэнд ямар ур чадварууд дутагддаг, цаашлаад ямар саад бэрхшээлүүд тулгардаг талаарх мэдээллүүд хомс. Тиймээс бид энэ тухай ярилцахаар Ariun Oyun YouTube сувгаараа дамжуулан залууст боловсрол, хувь хүний хөгжил, ажил мэргэжлийн талаар өөрийн мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцаж зөвлөдөг О. Ариунзаяаг ярилцлагынхаа зочноор урьж оролцууллаа.

Тэрээр 2019 онд АНУ-ын Бостоны Их Сургуулийг санхүү болон улс төр чиглэлээр төгссөн бөгөөд өдгөө Нью-Йорк хотод ажиллаж, амьдарч буй юм.


YOLOЯагаад заавал Америк, тэр дундаа Бостон хотыг сонгож суралцсан бэ?

- Би Улаанбаатар дахь Америк сургуулийг (American school of Ulaanbaatar) төгссөн учраас америк сургуулиудын хичээлийн жил нь хэрхэн явагддаг, хичээлээ яаж сонгодог, багш нар нь хичээлээ яаж авч явдаг гэх мэтчилэн сургалтын системийг нь мэддэг байсан болохоор АНУ-ыг сонголтуудынхаа дээгүүр тавьчихсан байсан. Харин Бостон бол маш оюунлаг хотод тооцогддог. Энэ хотод олон их сургууль, коллежууд байдаг учраас дунд нь алхаад явж байхад асар том сургуулийн кампус дотор явж байгаа мэт мэдрэмжийг өгдөг. Оюутан байх хугацаандаа оюунлаг газар байж, сурч боловсорвол бол хамгийн гоё дурсамжуудыг бүтээх юм болов уу гэж бодсон.

YOLOАНУ шилдэг их сургуулийн оюутан болоход ч тэр, болсны дараа ч тэр оюутнуудын дунд өрсөлдөөн, мэдлэг чадварын ялгаа маш их гардаг. Өөрийгөө хэр их голж байв?

- Би ЕБС-д байхдаа онц сурдаг, нийгмийн үйл ажиллагаанд гар бие оролцдог, спортод сонирхолтой, манлайлагч сурагч байсан. Суух чадвартай, ямарваа нэг зүйлийг чадахгүй байсан ч хичээж байгаад хийгээд сурчихдаг, хийж сураад онц дүн авч чаддаг чадвартаа өөртөө их итгэлтэй байдаг. Тэр чадвар дээрээ үндэслэх юм бол би өөрийгөө голоогүй. Очоод ч тэр, олон зүйл дээр тухайн чадвар маань илэрсэн л дээ. Хүүхдүүдтэй яг адилхан хичээлээ хийгээд, адилхан онц дүн авч чаддаг байсан. Гэхдээ Америкт онц дүн авлаа гээд манлайлагч байна гэсэн үг биш. Өөрийгөө сайн илэрхийлдэг байх, аливааг шүүмжлэлтэй харж чаддаг байх, олон ургалч үзэлтэй байх гэх мэтчилэн бид нарын нүдэнд харагддаггүй булчингууд гэж бий. Тэр булчингуудаа амжилттай ажиллуулах тал дээр өөрийгөө их голсон. Би Америкт ирснийхээ дараа маш олон төрлийн сонирхолтой байх, тэдгээр сонирхлуудынхаа хооронд нь зөрчилдөөн үүсгэлгүйгээр цэгцтэй ярьж чаддаг байх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг байх зэрэг чадваруудад суралцаж байсан.

Хэдийгээр би хичээл нь англиар ордог ахлах сургуулийг төгссөн ч анх ирэхэд хэлний бэрхшээл мөн л гарч байсан. Мэддэг дүрмээ хүртэл мартчих тохиолдол, үг хэлэхээр зөв хэлж чадахгүй байх ч үе байлаа. Энд дасах цаг хугацаа хэрэгтэй юм билээ. Оюутнуудыг хараад байхад энэ тухгүй мэдрэмжээс болоод өөрсдийгөө хязгаарлачихдаг юм шиг санагддаг. “Гадаад хүмүүстэй ярих хэцүү байна, зүгээр л монголчуудтайгаа нийлье” гэдэг. Та бүгдийн авах энэ мэдрэмж маш түр зуурын мэдрэмж юм шүү. Үүнийг зөв аргаар даван туулах нь их чухал. Гадаад хүмүүстэй санаа зоволтгүй, дүрмийн алдаа гаргаж байсан ч хамаагүй, үгээ буруу хэлж байсан ч хамаагүй, ярьж байгааг нь ойлгохгүй байсан ч хамаагүй ярилцаад тэр орчинд дасан зохицчих л юм бол аяндаа хоорондоо ойлголцох чадвар сайжраад ирдэг.


YOLOТаны хувьд америк оюутнуудтай өрсөлдөхүйц байхын тулд ямар ямар ур чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй вэ? 

- Америкт ирснийхээ дараа өөрийгөө сонирхлын хувьд хаагдмал байсныг мэдсэн. Зан төлөвийн хувьд хүнтэй нээлттэй ярилцаж, нөхөрлөж чаддаг боловч сонирхол талаасаа гэвэл өөрөө өөрийнхөө л сонирхдог зүйлсийг сонирхдог байсан юм билээ. Америк хүүхдүүдийн давуу тал бол сонирхол нь маш өргөн цар хүрээтэй байх явдал. Ардчилсан орны иргэд гэдэг утгаараа маш их зүйлийг мэддэг байх, олон зүйлийг ойлгодог байх нь тухайн улс орны иргэдийн үүрэг хариуцлага мэт. Бостон хотын оюутнууд улс төр, бизнесийн салбараа сонирхохоос гадна тухайн салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг нөлөө бүхий хүмүүсийн үзэл баримтлал, өдөр тутмын амьдрал болон алсын харааг нь хүртэл сайн мэддэг. Тиймээс монгол оюутнууд маань өөрсдийнхөө л сонирхдог зүйлийг сонирхоод байлгүйгээр иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлан нийгэм, улс төр, хууль эрх зүй, хувийн хэвшлүүдийн бүтэц, үйл ажиллагааны талаар сайн судалж, энэ талаар мэдлэгтэй байх нь чухал юм шүү.

YOLOНөгөө талаасаа Монгол оюутнуудын онцлог, давуу тал нь юу байсан вэ?

- Миний бодлоор монгол оюутнууд маань аливаа зүйлд ул суурьтай, буурьтай ханддаг. Хүнийг маш сайн таньж чаддаг, тухайн хүнтэйгээ сайн ойлголцож, харилцаж чаддаг юм болов уу гэж боддог. Түүнээс гадна энгийн зүйл дээр яриа үүсгэж чаддаг. Энгийн зүйлс дээр холбогдож чадна гэдэг их үнэ цэнэтэй чадвар мэт санагддаг.


YOLOАНУ-ын сургалтын системийн онцлог нь задлан шинжлэх, дүгнэх тал дээр илүү төвлөрсөн юм шиг санагддаг. Энэ бүгдийг уншихгүйгээр хийх боломжгүй. Хэр их уншдаг байв, хэрхэн үр бүтээлтэй уншдаг вэ?

- Унших чадвар маш чухал. Шүүмжлэлтэй унших чадварыг бий болгосноор юмыг хурдан уншиж шүүмжлэлтэй хардаг болохоос гадна өөрийгөө илэрхийлж сурдаг. Миний хувьд маш их зүйл уншдаг байсан. Нэг улиралд 5-6 хичээл үздэг байхад долоо хоногт хичээл бүр дээр зуу, зуун хуудас унших даалгавар өгчихдөг. Зөвхөн бие даалтаа хийхийн тулд л 200, 300 хуудас унших нь ойлгомжтой. Бас ингэж уншаад л болчихно гэсэн үг биш. Уншсаныхаа дараа дүн шинжилгээ хийж эсээ, шүүмж бичих зэргээр дараагийн даалгаврыг хийх шаардлагатай болдог. Миний хичээл хийх хандлага бол "Study Hard" бус "Study Smart". Ухаалаг арга барилаар хичээлээ хийж чадвал хүн бүр онц сурах боломжтой. Миний зүгээс уншигч та бүхэндээ аливааг үр дүнтэй уншихад тань туслах гурван зөвлөгөөг өгье. Үүнд: 

1. Тухайн зүйлийг юуны тулд уншиж байгаа гэдэг зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Багш чинь 100 хуудас унших даалгавар өглөө гэхэд яг үнэндээ тэр 100 хуудсыг бүгдийг нь унших шаардлагагүй. Тэр 100 хуудсыг уншсаны дараа ангид бид нар юуны талаар ярилцаж, мэтгэлцэх бол гэсэн өнцгөөс уншвал цаг их хэмнэнэ. 

2. Унших материалыг нэгэн бүхэл зүйл гэж харж болохгүй. Тэр нь дотроо маш олон төрлөөр хуваагдаж байдаг. Хайж буй сэдэв, ойлголтоо гарчгаар нь олж унших, гарчигны доор цогцолбор байлаа гэхэд тухайн цогцолборын эхний болон сүүлийн өгүүлбэрийг нь уншаад тухайн цогцолборт юуны тухай бичсэнг ойлгож чаддаг болох хэрэгтэй. 

3. Уншихынхаа хажуугаар тэмдэглэл хөтөлдөг байх нь чухал. Тухайн цогцолборынхоо хамгийн гол санааг богино хэлбэрээр тэмдэглэхээс гадна өөрт төрсөн сэтгэгдлээ бичих хэрэгтэй. Дараа нь уншсан 100 хуудас материалаараа эсээ бичлээ гэхэд бичсэн тэмдэглэлүүдээ нэгтгээд эсээ бичиж болно шүү дээ. 

YOLOШилдэг их сургуулийн багш, профессоруудын хандлага, хичээлээ заах арга барил нь ямар онцлогтой байдаг бол?

- Юуны өмнө шилдэг их сургууль гэдэг нь маш олон шалгуурыг хангаж байж "шилдэг" гэсэн жагсаалтад багтдаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Тухайн сургуульд элсэн орж буй оюутнуудын ахлах сургуулийнх нь голч дүн, сурч буй оюутнуудынх нь тэтгэлэг авсан чадавх, төгссөн оюутнуудын хувь, төгсөөд аль салбарт, хэр их хэмжээний цалин хөлстэй ажиллаж буй байдал, төгсөгчид нь сургуульдаа хэдий хэмжээний хандив хандивладаг гэх мэтчилэн олон шалгуур дээр үндэслэсний үндсэн дээр сургуулиудыг эрэмбэлдэг. Түүнчлэн багш, профессоруудынх нь боловсролын зэрэг, орлогын түвшин, академик ертөнц дэх нэр нөлөө зэргийг ч тооцдог.

Бостоны их сургуулийн багш, профессорууд маань салбар салбартаа маш өндөр хүндлэлийг хүлээсэн хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл томоохон судалгаа, шинжилгээ, нээлт хийсэн, нөлөө бүхий хэвлэл нийтлүүлсэн, ур чадвараа академик ертөнцөд батлан харуулсан гэх мэт. Хамгийн гайхалтай нь тэр хүмүүс үргэлж шинэ зүйлийг сурч боловсорсоор байдаг нь бидэнд маш их урам зориг өгдөг байсан. Жишээлбэл миний хүндэлж явдаг Бизнесийн сургуулийн профессор маань АНУ-ын кредит буюу иргэдийн худалдан авалт болон санхүүгийн байдалд үнэлгээ өгдөг системийг шинэчлэх, засгийн газарт өргөн барих төслийг гардан авч ажилласан. Мөн миний хувийн санхүүгийн чиглэлээр start-up-д ажиллаж байсан туршлагыг маань үнэлээд тухайн төсөл дээр ажиллах талаар санал болгосон юм. Төсөл дээр нь ажиллаж байхад багшийн минь бидэнд заадаг хичээл өдрийн 24 цагийн ердөө нэг нь л байсан. Өөрөөр хэлбэл тэр хүн хичээл заахаас гадна улс, эх орноо хөгжүүлэхэд гар бие оролцож, оюутнууддаа тэр ажилд хувь нэмэр оруулах боломжийг үүсгэсэн нь шилдэг их сургуулийн шилдэг профессорууд ямар хүчтэй, нийгэм, улс төрд хэчнээн чухал байр суурь эзэлдгийг харсан юм. 


YOLOИх сургуулийн дөрвөн жилийн хугацаа насан туршийн мэдлэг, чадвараа эзэмшихэд хэр хангалттай хугацаа шиг санагдсан бэ? Эргээд харахад их сургуульд сураагүй бол ойлгохгүй байж дээ гэж бодогдох зүйл байв уу?

- Маш сонирхолтой асуулт байна. Би яагаад энэ асуултыг чухалчилж байна вэ гэвэл их сургуульд сурсан дөрвөн жилийн хугацаа миний амьдралын хамгийн чухал үе байсан. Энэ хугацаанд хувь хүн талаасаа ч тэр, суралцаж буй оюутан талаасаа ч тэр, ажлын талбар дээр гарах хүний нөөц талаасаа ч тэр маш хурдацтай хөгжсөн. Энэ дөрвөн жил байгаагүй бол одоогийн Ариунзаяа гэдэг хүн байхгүй байсан гэж 100 хувь итгэлтэй хэлнэ. 

Бид 18 нас хүрээд иргэний үнэмлэх авахад "том хүн боллоо" гэж тодорхойлогдож байгаа ч бие махбод болон сэтгэл зүйн хувьд том хүн болсон уу гэвэл үгүй байдаг. Яг үнэндээ 18 нас хүрэхэд дахин нэг томоохон шилжилтийн үе шатыг туулах шаардлага гарч ирдэг. 18-23 насандаа бид "жинхэнэ" том хүн болохдоо суралцдаг шүү дээ. Тиймээс их сургуульд суралцах цаг хугацаа бол таны амьдралд тохиох бас нэгэн чухал шилжилтийн үе шат юм шүү. Энэ үе шатыг дутуу үнэлж хэрхэвч болохгүй. Оронд нь маш үнэ цэнтэй хэмээн хүлээн авч, аль болов эрүүл, зөв аргаар өөрийгөө боловсруулахад зориулаарай.

YOLOБоловсролтой гэдэг үгийн утга учрыг юу гэж боддог вэ? Боловсрол бидэнд юуг өгдөг гэж боддог вэ?

- Бидэнд өөрийгөө хөгжүүлэх боломж өдөр бүр олддог шиг боловсролыг би өөрийнхөө хамгийн шилдэг хувилбарт хүрэх түлхүүр гэж боддог. Энэ амьдралд хүн бүр өөрийн гэсэн зорилго, утга учиртай ирсэн байдаг. Харин тэр зорилгоо олж илрүүлэх, олж илрүүлсэн бол хүрэхэд маш чухал нөлөө үзүүлдэг зүйлийг боловсрол гэж хардаг. 


YOLOЗарим уншигчид маань таныг YouTube сувгаар тань мэдэж байгаа байх. Таны уриа гэж болохуйц “Боловсрол, Хүмүүжил, Ухаан” гэдэг үг байдаг. Энэ үгний утга учрын талаар.

- Хүмүүжил-Боловсрол-Ухаан гэсэн гурван үг бол Ариунзаяагийн энэ цаг үеийн баримталж, чухалчилж байгаа зүйлс гэж хэлж болно. Бакалаврын зэргээ авахаар суралцаж байхад гэр бүлийн хүмүүжил маань маш чухал нөлөө үзүүлсэн. Юун түрүүнд би эзэмшиж байгаа боловсролоо маш их хүндэлдэг. Эцэг эх маань ямар ямар золиос гаргаж, миний төлөө юу хийсний үр дүнд өнөөдөр би Бостоны их сургуулийн анги танхимд суугаад лекц сонсож байгаа билээ гэдгийг алхам тутамдаа үнэлдэг байсан. Тэдний маань зүгээс намайг энд сурахад маш их хичээл зүтгэл, золиос гарсан учраас тухайн мөч бүрийг дээд зэргээр үнэлж хайрласан. 

Хүмүүжил сайтай хүн ямар нэгэн боловсрол эзэмшиж байхдаа тухайн боловсролоо зөв зүйл рүү чиглүүлэхийг хичээдэг. Ийм сургуулийн, ийм мундаг дипломтой болчихлоо гэхээсээ илүү бусдаасаа илүү үүрэг хариуцлагатай болж байгаагаа мэдэрдэг. Тийм ч учраас сурсан мэдсэн зүйлээ үеийнхэндээ, дүү нартаа хуваалцах ёстой гэж бодоод YouTube сувгаа нээж байсан. Миний хувьд энэ гурван үгийн дэс дараалал нь маш чухал. Хүн маш сайн хүмүүжилтэй байж л боловсролыг чанартай эзэмшиж чаддаг. Хүмүүжилгүй боловсрол бол тийм ч хүчирхэг боловсрол биш. Хүмүүжилтэй боловсролыг эзэмшиж чадсаны дараа хүн өөртөө мэргэн ухааныг цогцлооход бэлтгэгддэг юм болов уу гэж боддог.

YOLOТаны боловсролын тухай бичлэгүүд маш өгөөжтэй санагдсан. Онц, сайн сурахад туслах зөвлөгөө өгөөч.

- Хүмүүсийн дунд ухаантай хүмүүс л онц сурдаг гэсэн өрөөсгөл ойлголт байдаг. Үнэн хэрэгтээ заавалчгүй ухаантай байж л онц сурна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Хамгийн чухал нь онц сурахад туслах ухаалаг аргуудад суралцах хэрэгтэй. Би гоц ухаантайдаа онц сурдаг гэхээсээ илүү өөрийнхөө хичээл хийх, мэдлэг хуримтлуулах хэв маягт тохиромжтой аргуудыг дадал болгож хэвшүүлсэнд л байгаа юм. Хүн бүр онц сурах шаардлагагүй, гэхдээ хүн бүр онц сурах боломжтой гэж боддог.

YOLOЭэжтэйгээ хамт эхлүүлээд байгаа “Урлах клуб”-ийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

- Би ээжтэйгээ хамт утга учиртай амьдралыг урлах клубээ удирддаг юм. Энэхүү хувийн цахим сургалт маань үндсэн зорилго тодорхойлох, төлөвлөгөө гаргах, өөрийгөө хайрлаж хүндлэх, хувийн санхүүгээ гартаа авах, айдсаа даван туулах зэрэг долоон сэдвийг авч үздэг. Миний YouTube сувгийн үзэгчид өөрсдийнхөө шилдэг хувилбарт хүрэх хүсэл эрмэлзэлтэй өсвөр үеийнхэн, залуус, бүр надаас ахмад хүмүүс ч байдаг. Тэр дундаас тодорхой хувь нь надтай илүү тулж ажиллахыг хүссэн учир тэдэндээ зориулж эдгээр сэдвүүдээр дэлгэрэнгүй хэлэлцэх боломжийг үүсгэсэн юм. Клубээ нээснээс хойш маш олон хүмүүс хамрагдаж олон гайхалтай өөрчлөлтүүд гарсаар байна. 


YOLOАмерикчуудтай зөв, эерэг холбоо үүсгэж харилцахын тулд тэдний амьдралын хэв маягийн талаар юуг мэддэг байх хэрэгтэй бол?

- Хүмүүс надаас "очоод хичээлээ яаж сайн хийх үү, ажилд яаж орох уу" гэх зэрэг аяндаа гүйцэлдүүлдэг зүйлсийн талаар их асуудаг. Гэвч тухайн орны соёлыг, ард иргэдийнх нь зан төлөв байдлыг ойлгодог байх нь илүү чухал учраас уншигчдынхаа өмнөөс энэ асуултыг асуусанд баярлалаа гэж хэлмээр байна. Америкчууд их нээлттэй хүмүүс. Ийм нээлттэй хүмүүстэй хэрхэн эерэг холбоо үүсгэж харилцах тал дээр өөрийнхөө зүгээс гурван зөвлөгөө өгье. Үүнд: 

1. Америкчууд хүнтэй маш хурдан найз болж чаддаг. Монголчууд бид нар найз гэдэг ухагдахуунд маш том үнэ цэнэ өгдөг учраас хэн нэгэнтэй найзлахад их цаг хугацаа ордог. Америк хүмүүс найз гэдэг зүйлд цаг хугацааны ач холбогдол өгдөггүй. Уулзаад нэг зүйлд дуртай байгаад, холбогдоод, бие биенийгээ ойлгоод ирвэл шууд сайн найзууд болчихдог. Арван жил үерхсэн найз, танилцаад нэг сар болж байгаа найзын хооронд итгэлцлийн ялгаа тийм ч их байхгүй. Үүнийг сайн ойлгоорой. Үүнийг ойлгоогүй зарим монголчууд маань биеэ бариад, анх уулзсан америк хүнтэйгээ хөндий байх гээд байдаг. Шууд тэр хүнтэй найз болж чадна гэсэн итгэлтэй байгаарай. 

2. Америк улсын иргэд өөрсдийнх нь соёлыг илтгэсэн зүйлүүд дээр хоорондоо маш дотно холбогддог. Жишээлбэл Америк хөл бөмбөг, бейсболл гэх зэрэг спортоор хоорондоо холбогдож эерэг харилцаа үүсгэдэг. Та ч гэсэн тэдгээр соёлыг чин сэтгэлээсээ сонирхох юм бол тухайн хүмүүстэй эерэг харилцаа бий болгох боломжтой.

3. Үүнийг сэрэмжлүүлж хэлмээр байна. Америкчуудтай ярилцдаггүй сэдвүүд гэж байдаг юм шүү. Хүний хувийн орлого зарлага, санхүү, улс төрийн талаарх үзэл баримтлал, шашин гэх мэтчилэн ярилцахад тохиромжгүй сэдвүүд гэж байдаг. АНУ-ын улс төрийн хоёр нам нь нийгмийн эмзэг сэдвүүд дээр маш хүчтэй, эсрэг тэсрэгээр хуваагдчихсан, өөр үзэл баримтлалтай байдаг учраас ярихад тохиромжгүй гэж үздэг.


YOLOХүчирхэг эмэгтэй байхын тухай гэж боддог вэ?

- "Эмэгтэй хүн ямар байх ёстой юм бэ", "өөрийн гэсэн карьерын зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, боловсролтой, эмэгтэйчүүдийн хувьд хүчирхэг гэдэг ойлголт яг юу юм бэ" гэж хувьдаа их боддог. Эргэн тойрныхоо мундаг эмэгтэйчүүд болон АНУ-д манлайлж явж байгаа эмэгтэй захирлуудыг хараад байхад хүчирхэг гэдэг ойлголт олны дунд өрөөсгөл ойлголттой байдаг юм болов уу гэж бодогддог. Хамгийн түрүүнд хүчирхэг гэдэг үг нь нэгэн төрлийн ойлголт биш юм шүү гэж хэлмээр байна. Энэ төрлийн хүмүүс бусдыг удирдан тушаадаг, хүйтэн хөндий, нөлөө бүхий нэгэн байх шаардлагагүй. Хүчирхэг гэдэг ойлголт маш олон янзаар оршиж болдог. Миний хувьд хүчирхэг эмэгтэй гэдэг нь өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй, өөрийн ертөнцтэй эмэгтэйчүүд. Хэн нэгний бодлоор өөрийн бодлыг хийдэггүй, өөрийн гэсэн ертөнцтэй, үзэл баримтлалтай, өөрийгөө хүндэлж хайрладаг эмэгтэйг маш хүчирхэг эмэгтэй гэж хардаг. Уян зөөлөн, хүчирхэг байна гэдэг эрс тэс ойлголт биш. Энэ хоёр ойлголтын заагийг тэнцвэртэй авч явах чадварыг эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай эзэмших ёстой гэж боддог. 

YOLOЯрилцсанд маш их баярлалаа. Ярилцлагын төгсгөлд уншигчдад зориулаад үг хэлбэл??

- Намайг ярилцлагын буландаа урьж оролцуулсан YOLO.mn сайтын хамт олондоо баярлалаа. Залуус маань өөрийгөө олохыг маш хэцүү даваа, асуудал, бэрхшээл гэж хардаг. Би ч нэгэн цаг үед өөрийгөө олохын тулд би ямар мэргэжилд дуртай юм бол, би ямар чиглэлээр явах ёстой юм бол, ямар сургуульд суралцах ёстой юм бол гээд аливаа зүйлийг зөв эсвэл буруу гэсэн хоёр өнцгөөс л хардаг байсан. Энэ сонголт нь зөв, бусад нь буруу гэж боддог байлаа. Гэхдээ энэ ертөнцөд амьдарснаар та заавал өөрийгөө олох шаардлагагүй. Өөрийгөө бүтээх боломжтой байдаг. Өөрийгөө хэчнээн хайгаад ч олдохгүй бол өөртөө таалагдсан, сэтгэл хангалуун хэлбэрээ бүтээж болно шүү дээ. Хүн өөрийнхөө амьдралыг урлах боломжтой. 

#Амжилт #Манлайлал