СУРВАЛЖИЛГА: 1500 гаруй хаягдлаас бүтсэн “Хуванцар далай” үзэсгэлэн


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-07-20

Хуванцраас татгалзах аяныг уриалах зорилготой “Хуванцар далай” үзэсгэлэнг энэ сарын 18-нд нээлээ. “Томүжин” академийн 15-18 насны суралцагчид уг үзэсгэлэнг зохион байгуулж, ус, ундааны хуванцар саваар хийсэн үзмэрүүдээ тайлбарлаж, мэдээлэл өглөө. Тэд ахлах ангийн 120 гаруй сурагчдын дунд энэхүү аяныг өрнүүлж, 1500 гаруй хуванцар хог хаягдал цуглуулсан байна.

Академийн багш, хамтран үүсгэн байгуулагч А.Сумъяабат “Суралцагчид маань хичээл дээр үзсэн академик мэдлэгээ дадлага ажлаар баяжуулж, төсөл боловсруулдаг. Үүний нэг жишээ нь энэхүү үзэсгэлэн. Ийм үр дүнд хүрнэ гэж төсөөлсөнгүй. Хүүхдүүдээрээ маш их бахархаж байна” гэлээ.

“Astris” төслийн багийн ахлагч, 17 настай Б.Мишээлт “Цар тахлын улмаас хүн бүр хөл хорионд ороход хүргэлтийн системийн ачаалал ихэссэн. Энэ нь хуванцар хаягдал ихсэхэд ихээр нөлөөлснийг мэдээд урлагт дуртай хүүхдүүдийг цуглуулан цахимаар уулзалтаа хийж ярилцсаар хоёр сарын хугацаанд үзэсгэлэн гаргахад бэлэн боллоо. Академийн маань бусад суралцагчид ч хуванцар хаягдал цуглуулахад тусалсан. Багш нар бидний төсөлтэй уялдуулан сонирхолтой хичээл заасанд баяртай байна. Жишээ нь, физикийн хичээл дээр гэрэл холбох, мотор ажиллуулах, хими дээр фосфор гаргах арга сурсан” хэмээв.

Үзэсгэлэнгийн гол бүтээл нь далайн ёроолд живж буй соруулаар хийсэн хүн байлаа. Жилд дунджаар найман сая гаруй тонн хог хаягдал гардгийн 90 хувь нь хуванцар, үүний 50 хувь нь нэг удаагийн соруул байдаг. Нэг өдөрт дунджаар 500 сая соруул хүн төрөлхтний 12 минутын хэрэглээ болоод хог хаягдал руу шилждэг байна. Тэдгээрийн 70 хувь нь далайн ёроолд хаягддаг. Улмаар үүнийг нь далайн амьтад идэн үхэх аюул нүүрлэдэг билээ.

Мөн картон цаас, ус, ундааны гялгар уутаар хийсэн аварга яст мэлхий байх агаад хуванцар идсэний улмаас хуяг нь задарч, үхэж буйг дүрсэлжээ. Дунджаар 60-80 жил насалдаг яст мэлхийн зулзага 104 ширхэг хуванцар идсэний улмаас задарч үхсэн тохиолдлыг битгий давтагдаасай хэмээн уг бүтээлээ урласан байна.

Түүнчлэн хоёр талд нь байрлах олсноос татан хөдөлгөх боломжтой халимыг таазнаас уяж тогтоожээ.

Бас нэгэн онцлог бүтээл нь үхсэн загасны хэргийг мөрдөж буй судалгааны самбар байлаа. Утсаар бүтсэн загасны эргэн тойронд танин мэдэхүйн ач холбогдолтой баримтуудыг дэлгэж, далайн үхмэл бүс болон хог хаягдлын талаар богино хэмжээний кино үзүүлэв.

Мөн уг үзэсгэлэнд “Томүжин” академийн “Hydro” төслийн багийнхан загасны ялгадас буюу амоныг ургамлын бордоо болгон ашигладаг акуапоник системийн туршилтын загвараа танилцууллаа.

Үзэсгэлэнг үзэж сонирхсон Хан-Уул дүүргийн иргэн, 22 настай Ж.Тэмүүлэн “Нидерланд улсад харж болохуйц контенпрари арт төрлийн уран бүтээлүүд их байна. Неон гэрлээр далайг санагдуулам орчныг бүрдүүлж, хуванцраар далай доторх амьдралыг харуулсан нь сонирхолтой санагдлаа. Мэргэжлийн уран бүтээлчдээс дутахааргүй, их сэтгэл гаргаж хийсэн байна. Би анх хараад эдгээрийг хүүхдүүд хийсэн гэж бодсонгүй. Мэргэжлийн хүмүүсийн хийсэн бүтээл байна гэж бодлоо. Манай Z үеийнхэн өөрөөр сэтгэж, шинийг хийж чадаж байна” хэмээв.

#Хуванцар #Байгаль #Дэлхий