Энэ сарын 10-15-ны өдрүүдэд галерей, музей зэрэг үзвэр, үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа явуулж монгол наадам болон Монголын түүхийг харуулсан тусгай үзэсгэлэнгүүдийг толилууллаа. Монголын уран зургийн галерейд “Хотын байгаль”, “Түүх агуулсан плакатууд”, “Аж байдлын монгол зураг”, “Хосгүй үнэт бүтээлүүд”, “Сэтгэлгээний эрх чөлөө”, болон “Монголын соц-реалист дүрслэх урлаг” гэсэн үзэсгэлэнгүүд олны нүдийг хужирлав.
Монголын уран зургийн галерейгаар үйлчлүүлэхэд том хүн 2000, оюутан 1000, хүүхэд 500 төгрөг байх ба гар утсаар зураг авах бол 3000, зургийн аппаратаар зураг авбал 10 мянган төгрөг байх аж. Галерейн үзэсгэлэн “Хотын байгаль”-иар эхлэх бөгөөд 1930-аад оноос өнөө цаг хүртэлх хотжилтын түүхэн явцыг харуулжээ. Өндөр модон хашаа, шигүү байршсан гэр хороолол хийгээд шил толь гялтганасан өндөр байшин зэрэг зураглал бүхий уг танхим цаг хугацаагаар аялуулах мэт. Хотын байгалийн сэдэвт уран зураг Эртний Ромоос улбаалан Сэргэн мандалтын үед бие даасан төрөл зүйл болтлоо хөгжиж улмаар XIX зууны эцэс XX зууны эхэнд илэрхийллийн олон аргаар баяжигдан өрнийн урлагт томоохон байр суурийг эзлэх болжээ. Монголын дүрслэх урлагт уг сэдэв зонхилох байр суурьтай биш хэдий ч огт орхигдоогүйн баталгаа нь эдгээр бүтээлүүд юм.
Цааш “Түүх агуулсан плакатууд” үргэлжилнэ. Хувьсгалын үзэл санааг олон түмэнд ухуулан сурталчлах, дайны эсрэг тэмцэлд уриалан дуудахад ашиглаж байсан улс төрийн зурагт хуудаснууд энд бий. 1940-өөд оны зурагт хуудаснууд эх оронч үзэл санааг илэрхийлж, дайны үеийн түүхийг харуулжээ. 1950-иад оных социалист нийгмийн бүтээн байгуулалтын дүр зургийг үзүүлсэн бол 1960-аад оных нь гэрэл, нар зэргээр шинэ ирээдүйг харуулж, хээ угалз, өнгийн бэлгэдлээр ирээдүйн хөгжил цэцэглэлтийг бэлгэдсэн аж.
Танхимын төвд байрлах “Хосгүй үнэт бүтээлүүд” хэний ч харцыг булаамаар тансаг агаад ихэмсэг оршино. Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8-р зүйлд зааснаар соёлын өвийг түүх, соёл урлаг, гоо зүйн ач холбогдол, дахин давтагдашгүй ур хийц зэрэг шалгуураар “хосгүй үнэт”, “үнэт” хэмээн зэрэглэдэг ба галерейн сан хөмрөгт хосгүй үнэт таван зураг хадгалагдаж буйг бусад үнэт бүтээлийн хамт энд толилуулжээ. Улаан хивсэн дээр алхсаар очиход Төрийн хошой шагналт, ардын зураач, УГЗ О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон” зураг угтав. Эдгээр бүтээлүүд бүтээлч хандлага, сайн сайханд уриалан дуудаж, хүний дотоод сэтгэлийн гүнд нэвтрэх шиг.
“Сэтгэлгээний эрх чөлөө” үзэсгэлэнгээс модерн урлагийн эхэн болсон импрессионизм, өнгийн илэрхийлэл болсон фовизм, далд дүрс бүхий симболизм, зүүд зөнгийн илрэл сюрреализм, геометрийн дүрсийн тоглолт бүхий кубизм, дүрсээс татгалзсан абстракционизмын илрэл Монголын дүрслэх урлагт хэрхэн туссаныг харж болох аж. 1921 оноос марксизм, ленинизмийн үзэл санааг баримтлан, улмаар 70 жил үргэлжилсэн социализм нь оюун сэтгэлгээний баригдмал орчинд уран бүтээлчдийг барьж байсан юм. Ардчилал бий болсноор сэтгэлгээний эрх чөлөө хэчнээн хүчтэй илэрснийг эндээс харж болох аж. Баярын өдрүүдэд хүмүүс хөдөө гадаа явсан болохоор ч тэр үү, эсвэл угаасаа л галерейг зорих хүн ховор болохоор ч тэр үү тийм ч олон үзэгчид харагдсангүй. Галерейг бүтэн тойрох хугацаанд гурван хүнтэй л таарлаа.
Түүнчлэн Монголын үндэсний музейд эрийн гурван наадмын түүхийг харуулах “Монгол наадам” үзэсгэлэн дэлгэв. Уг үзэсгэлэнд ирсэн хүмүүст дэлгэцээр баримтат кино үзүүлж, танин мэдэхүйн охийг хүртээлээ. Үзэгчдийн нэг А.Амарбаясгалан “Би 19 настай. Өмнө нь үзэсгэлэн үзэж баяр наадмаа тэмдэглэж байсангүй. Монгол хүн мөртлөө монгол ахуйгаасаа их хол гэдгээ мэдэрлээ. Адаглаад уг үзэсгэлэнг үзсэнээр эмээлийн бүтцийг нэрлэж сурлаа” хэмээв. Галерейтай харьцуулахад Монголын үндэсний музейд хүн их ажээ. Ач хүүгээ дагуулан музей үзэх эмээ, өвөө хоёрын нэг П.Алимаа “Орчин үеийн хүүхдүүд түүхээ, монгол ахуйгаа мэдэхгүй өсөх нь олширжээ. Хүүгээ тэдний нэг байлгахгүйн тулд Монгол улсын түүхтэй танилцуулж музей үзэж явна” гэлээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх