Үсний онцлогтоо тохирсон бүтээгдэхүүнийг ХЭРХЭН СОНГОХ вэ?


Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Хэдийгээр бид жилийн дөрвөн улирлын турш үсээ хайрлан хамгаалах ёстой ч урин дулаан цагт үс маань хэзээ хэзээнээс илүү өнгөлөг, эрүүл харагдах хэрэгтэй. Гадуур явахдаа нүүрээ хэдий сайн будсан ч, хэчнээн өнгөлөг хувцасласан ч үс салаалсан, хуурайшсан, хагтсан, өнгөө алдсан бол тийм ч сайхан харагдахгүй л болов уу. Тиймээс YOLO.mn сайтын хамт олон залуус та бүхэндээ өөрийн үсний онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох талаар зөвлөгөөг хүргэж байна. 

ШАМПУНИЙН НАЙРЛАГА, БҮТЭЦТЭЙ ТАНИЛЦАХ

Хүмүүсийн үс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол бүтэц, найрлагыг нь анзааралгүйгээр худалдан авалт хийх явдал юм. Бүтээгдэхүүнээ буруу сонгосноор үс өөрт хэрэгтэй амин дэм, тэжээлээ авч чаддаггүй учир гандаж, унадаг. 

Мөн таны үсэнд яг ямар төрлийн арчилгаа хэрэгтэй байна вэ гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Жишээлбэл таны үс амархан тослогтдог бол тослогийн түвшинг тэнцвэржүүлэн хуйхны бохирдлыг бүрэн цэвэрлэдэг бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй. Үйлчилгээг нь анзаарч уншихгүйгээр худалдан авалт хийсэн тохиолдолд үсээ улам л гэмтээгээд зогсохгүй мөнгө санхүүгээрээ ч хохирох эрсдэлтэй. 

ӨӨРИЙН ҮСНИЙ ОНЦЛОГИЙГ МЭДЭХ

Нүүрний бүтээгдэхүүн сонгохдоо арьсны онцлогтоо тохируулан сонгодог шиг үсний шампунь сонгохдоо ч бас өөрийн үсний онцлог, төрлийг сайтар мэдэж байж сонгох хэрэгтэй.

  • НАРИЙН ШИРХЭГТЭЙ ҮС

Нарийн ширхэгтэй үс амархан тослогтох хандлагатай байдаг. Тиймээс зөөлөн бүтэцтэй, сайн хөөсөрдөг, өдөр тутам угаахад тохиромжтой шампунь сонгоорой.

  • БУРЖГАР, ХӨВСГӨР ҮС

Хэрэв та төрөлхийн буржгар үстэй бол шампунь хэрэглэснийхээ дараа ангижруулагч хэрэглэж хэвшээрэй. Энэ нь таны үсийг илүү зөөлөн, намирсан болгоно.

  • ХУУРАЙ, БҮДҮҮН ШИРХЭГТЭЙ ҮС

Харин эсрэгээрээ хуурай, бүдүүн ширхэгтэй үсэнд ангижруулагч хэрэглэх нь тийм ч таатай биш ажээ. Хуурай үсийг чийгшүүлж, тэжээл өгөх шаардлагатай тул кремэн бүтэцтэй шампунь илүү тохиромжтой юм.

  • БУДАГТАЙ ҮС

Будагтай үсийг угаахад өнгийг нь хадгалж үлдэх чухал. Хэрэв энгийн үсний шампуниар угаавал үс хатуурч, будаг нь амархан арилна. Тиймээс үсний өнгийг хадгалж үлдэх зориулалтын амин дэм агуулсан, будагтай үсний шампунь хэрэглэхийг санал болгож байна.

ӨДӨР БҮР ҮСЭЭ УГААХААС ЗАЙЛСХИЙХ

Та үсний онцлогтоо тохирсон, зөв шампунь сонгож авлаа ч өдөр бүр үсээ угаах нь үсний тослогийн хэмжээг бууруулж, хуурайшуулах шалтгаан болно. Тиймээс үсээ долоо хоногт дунджаар 3 удаа угааж хэвших нь зөв.

Эх сурвалж: Byrdie

#Үс арчилгаа #Эрүүл