Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Намайг биш өөр найзыгаа сонгосон
Сайн байна уу? Би одоо 8-р ангид сурдаг. 14 настай.Ам бүл 4, айлын бага. Энэ бүх явдал тавдугаар сарын 10-нд болсон юм. Аав маань оройн 00:00 цагт утас хураадаг болохоор өвөөгийндөө ирээд унтахаасаа өмнө жоохон Фэйсбүүк ордог юм уу гэж бодсон. Ороод хартал миний хамгийн сайн найз Х маань нэг пост шэйр хийгээд өөр найзыгаа mention хийчихсэн байсан. Зөвхөн тэр өдөр ч өөр найзыгаа сонгосон юм биш, бусад өдрүүдэд хүртэл найзтайгаа авахуулсан зургаа profile зургаа болгож намайг тоохоо больсон. Мэдээж миний уур хүрсэн. Тэгээд тэр найзруугаа гомдсон, харамласан утгатай зүйлс бичтэл найз маань “Сэтгэл гаргаад чиний дургүй хүмүүстэй хүртэл найзлахаа больж, эрхэм хүмүүсээсээ хүртэл салж байхад чи намайг ингэж байна. Би яах бол? Гомдохгүй байх болов уу?” гэсэн. Маргааш нь би учир шалтгаанаа тайлбарлахыг хичээсэн ч улам дордчихлоо. Надтай өмнө нь харьцдаг байснаасаа улам л хөндийрсөн. Өдөр бүр чатлах нь холдож, надаас өөр найзуудтайгаа дотносох болсон. Хааяадаа чаталдаг ч нэг тийм хүйтэн санагддаг.
Найз маань тэр охинтойгоо 9 жил найзалсан юм. Харин надтай 4 жил. Найзынхаа постуудад хааяа коммент бичдэг ч тэр намайг бараг найзаа гэж бодохоо больсон бололтой. Би найзтайгаа сүүлийн хоёр жилийн турш хүүхдийн зуслан руу хамт явж байгаа. Бид хоёр 2018 онд бас хэрэлдэж байсан юм. Найз маань тэр үед бүр өөр өрөө рүү ороод уйлж байсан. Гэхдээ эвлэрсэн л дээ. Харин 2019 оноос найз маань У гэдэг хүүхэдтэй найзлах болсон. Тэд хамтдаа хөзөр тоглож, бүгдийг хийж байхад би ч бас тэд нартай хамт байхыг хүссэн ч тоглож мэдэхгүй, ичимхий, үргэлж гэртээ байдаг, бараг гадагшаа гардаггүй болохоор чадахгүй юм. Миний бие үсэрч харайх тоолонд өвддөг. Нэг өдөр миний бие үнэхээр их өвдөөд аргаа бараад уйлсан. Гэтэл тэр найз маань над дээр ирэлгүйгээр У найзтайгаа волейбол тоглож байсан. Бусад хүүхдүүд надад санаа зовоод намайг тойроод зогсчихсон байхад тэр хоёр цаана волейбол тоглоод л байж байсан. Тэр үед найздаа үнэхээр их гомдож билээ.
Хоёр жилийн хугацаагд нэг иймэрхүү зүйл л тохиолдсон байна. Хамт зуслан явсан өөр хүүхдүүдээс асуухад “Та бараг Х эгчийг гуйгаад байгаа юм шиг харагддаг. Харин Х эгч хамгийн сайн найз гэсэн пост дээрээ тэр охиныг mention хийгээд...” гэсэн. Сүүлдээ аргаа бараад ээжээсээ асуухад “Чи ч бас түүнийг тоохгүй бай. Чат бичихээ боль. Гуйх, бүр харилцахаа боль! Араас нь ингэж байн байн гуйгаад уучлаарай гээд байх тусам тэр хүн чинь чамайг улам өөрөөсөө холдуулдаг болно"гэж хэлсэн. Нээрээ ч ээжийн зөв шиг санагдаад сүүлийн гурван хоног энэ аргыг дагаж байна. Гэхдээ өөрчлөгдсөн юм алга. Аль аль нь чат бичихгүй байх тусам бид хоёрын хоорондын харилцаа улам муудах юм шиг санагдаж байна. Яавал найзтайгаа эвлэрэх вэ? Тэр миний хамгийн сайн найз болохоор ингээд харилцаагаа дуусгахыг хүсэхгүй байна. Гэхдээ заримдаа "Тэр миний сайн найз мөн болов уу?" гэж бодогдох болсон. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Найз чинь өөр хүмүүстэй нийлэх, нөхөрлөх эрхтэй
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өсвөр насанд найз нөхөд гэдэг бидний амьдралд том байр суурь эзэлдэг. Тиймээс найзуудтайгаа хамт байхыг, ойр ойрхон уулзахыг хүсдэг. Мэдээж хэн хэндээ өөрийн мэдрэмжүүдийг хэлэхгүй байх нь харилцааг тодорхойгүй байдалд хүргэнэ. Найзтайгаа уулзаад одоогийн нөхцөл байдлын талаар хэлэх боломж байгаа юу? Чи түүнтэй уулзаж чадах уу? Найз нөхдөө юу бодож, мэдэрч явдгаа хэлэхгүй байхаар үл ойлголцол бий болно. Өөрийн зүгээс хийж чадах бүх зүйлийг хийсэн байхад гарах ямар ч үр дүнд харамсах хэрэггүй болов уу. Мөн найз чинь өөр хүмүүстэй нийлэх, нөхөрлөх эрхтэй гэдгийг мөн ойлгоорой. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Манай аав сав л хийвэл намайг зоддог
Сайн байна уу? Би 19 настай, айлын ганц охин. Одоо хоёрдугаар курсэд сурдаг. Манай аав их хэрцгий хүн. Сав л хийвэл намайг цохиж зоддог. Зодох зодохдоо яг эрэгтэй хүүхэд зодож байгаа юм шиг зоддог. Энэ зүйл байнга тохиолддог ч би яахаа мэддэггүй. Зодуулж уйлсаар байгаад ходоод минь маш их өвддөг болсон. Зөвхөн аав ч гэлтгүй ээж ч бас гар хүрнэ. Иймэрхүү зүйлд өртөхөөр үхмээр санагддаг. Үхэх нь зовлонгоос ангижрах гарц биш гэдгийг мэддэг ч байнга бодох юм. Ээж аав хоёроосоо өөр газар, тусдаа амьдармаар байна.
Аав маань загас, нохой тэжээдэг. Нохой нь шээж баахад тэрийг нь цэвэрлэхгүй байна гэж уурлаад муухай үгээр хараана. Би чадахаараа л арчиж цэвэрлэдэг ч мэддэггүй. Би, би л гэсэн хүн байдаг. Бас гэнэт уурладаг болохоор шизо өвчтэй байх гэж боддог. Аав маань багадаа аавгүй өссөн болохоор ийм харгис байдаг байх. Би цагдаад хэлмээр байдаг ч хайртай болохоор хэлж чаддаггүй ээ. Яахаа ч мэдэхгүй болохоор интернэтээс сураглаж байгаад танай сайтыг олсон юм. Зөвлөгөө өгч тус болооч. Гуйж байна.
ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдээ өмч юм шиг үзэж харилцах нь буруу
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хүүхдэдээ гар хүрэх бол буруу. Энэ хүмүүжлийн арга ч биш. Хүүхдээ өмч юм шиг үзэж харилцах буруу. Манай улсад хүүхдийг хүмүүжүүлж байна гэх нэрийдлээр гар хүрдэг буруу уламжлал одоо ч хүртэл байсаар байна. Энэ нь уламжлалт аргаар хүмүүжүүлж байна гэх нэрийн доорх хүчирхийлэл юм.
Чамд үнэхээр хэцүү байгаа байх. Гэр бүлийн дарамт, хүчирхийллээс салъя гээд шууд салж чаддаггүй. Учир нь хүүхдүүд эдийн засгийн хувьд эцэг эхээс шууд хамааралтай байдаг тул тусдаа амьдрахыг хүссэн ч боломжгүй байдаг.
Одоо бид яах ёстой вэ?
- "Надад битгий хүр" гэж хэлэх эрх чамд бий. Хүн бүр бие махбодын болоод сэтгэл зүйн хувьд эрүүл байх эрхтэй. Дахиж чамд гар хүрэх гэвэл өөрт чинь хэцүү байна, энэ байдлаа зогсоо гэж чанга бөгөөд шийдэмгийгээр хэлээрэй.
- Чамайг ойлгох хамаатан, садандаа өөрийн нөхцөл байдлын талаар хэлэх. Тэднээс тусламж хүсэх боломжтой.
- Мэргэжлийн байгууллагад ханд. Хүүхдийн хүчирхийллийн утас 108 утас руу залгаж мэдээлэл авах боломжтой. 19 нас хүрсэн гээд санаа зовох хэрэг байхгүй. Ямар ч насны хүнд мэдээлэл, зөвлөмж өгдөг.
- Би тэвчих ёстой гэж бодсоор байгаад нөхцөл байдлыг илүү хүндрүүлдэг. Цагдаагийн байгууллагад мэдээлэхээс айх эсвэл өрөвдөх хэрэггүй. Чи аюулгүй байдлын үүднээс л хандаж байгаа шүү дээ.
- Боломжтой бол эцэг эхтэйгээ ярилцах. Би хичээж байгаа, би тэвчиж байгаа, надад хэцүү байна гэдгээ эвтэйхнээр хэлж ойлгуулах. Ярих явцдаа хоолой чинь зангирсан ч санаа зовох хэрэггүй. Өөрийн мэдрэмжийг эцэг эхдээ ойлгуулаарай.
- Амиа хорлох талаар боддог гэсэн байна. Хүмүүс гэнэт л энэ талаар боддоггүй. Урт хугацаанд үргэлжилсэн таагүй үйл явдал байгаа учраас энэ талаар бодож эхэлдэг. Энэ бол зөв зүйл биш юм. Хэтэрхий их сөрөг бодолдоо дарагдсан болохоор аюултай бодол ирж байгаа юм. Ийм учраас өөрийн аюулгүй байдлын үүднээс сэтгэл зүйч дээр биечлэн цаг товлоосой гэж хүсэж байна.
Хүчтэй байгаарай. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Өөрийн мэдэлгүй л сүнс байна гэж төсөөлөөд байна
Сайн байна уу? Би 14 настай. Нэг тийм тэнэг ч юм шиг асуудал байгаад байгаа юм. Би уг нь гэртээ ганцаараа байх дуртай төрлийн хүн л дээ. Ээж аав хоёр маань ойр ойрхон зуслан явдаг болохоор 3, 4 хоног гэртээ ганцаараа байх бол ердийн л үзэгдэл. Гэхдээ сүүлийн үед нэг л эвгүй болоод байна. Шөнө унтахдаа хүртэл энэ бодлоос болоод үүрийн 04:00 цаг хүртэл сэрүүн байж байгаад нар гарахаар унтдаг болсон. Тэр бодол нь юу вэ гэхээр сүнс байна гэж өөрийн мэдэлгүй төсөөлөөд байдаг болчихсон. Уг нь ойрд аймшгийн кино үзээгүй. Угаасаа ч ийм кинонд дургүй төрлийн хүн. Гэтэл саяхнаас ганцаараа байхад хажууд сүнс байгаа юм шиг санагдаад, бодохоо болих гэж хичээхээр эвгүй оргиод л. Өөр юм хийж байсан ч өмнө нь гэртээ ганцаараа байхдаа авдаг байсан мэдрэмжээс тэс өөр мэдрэмж төрөөд. Шөнөдөө бол бүр ярих юм биш. Унтах гэхээр л сүнс харагдаад байгаа юм шиг, хажуу тийшээ харж хэвтэхээр ард байгаад байгаа юм шиг санагдаад нойр хүрэхгүй. Энэ үед хамгийн зөв арга нь гэгээ ортол сэрүүн байж байгаад өглөө нь унтах. Үүнийг төсөөлөхөө болих ямар нэгэн арга байгаа болов уу?
ЗӨВЛӨГӨӨ: Нойрны хэмнэл алдагдсан бололтой
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Дан ганц захиаг уншаад учир шалтгаан хэлэх хэцүү байна. Олон асуулт гарч ирж байна. Ямар нэгэн айдас, түгшүүр байгаа болохоор түгшүүрт бодол орж ирээд байгаа болов уу. Энэ байдал саяхнаас эхэлсэн үү? Өмнө нь иймэрхүү бодол орж ирж байсан тохиолдол байгаа юу? Захианаас уншихад нойрны хэмнэл алдагдсан бололтой. Үүр цайтал сэрүүн байдаг гэж байна. Нойрны хэмнэл алдагдах үед бие физиологийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Бие физиологийн маань бидний сэтгэл зүйтэй холбоотой. Дараахыг хэрэгжүүлээрэй:
1. Нойрны хэмнэлээ эргээд эрүүл болгох тал дээр анхаарах. Ор бол юм бодох газар биш. Хэрэв олон зүйл бодогдоод байвал орноосоо босоод бодох. Ингэснээр чи ядарч нойр чинь хурдан хүрэх болно.
2. Эцэг эхдээ хэлэх. Энэ байдал ганцаараа байхад чинь үүсээд байгаа бол ганцаараа үлдэхгүй байх. Эцэг эхдээ өөрийн түгшүүрийг хэлэх. Өөрийн бодлоо хэлээд түгшүүртэй мэдрэмж мэдрээд байгаагаа, энэ байдлаас болж сүнс гэх мэт зүйл бодоод байгаагаа хэлэх. Магадгүй хэн нэгний анхаарал халамж чамд хэрэгтэй байж ч мэднэ.
3. Бодлоо таслан зогсоож сурах. Одоо бодогдоод байгаа бодол огцом бөгөөд ухамсаргүйгээр гарч ирээд байгаа байх. Энэ огцом гарч ирээд байгаа бодлоо цааш үргэлжлүүлэхгүй байх дээр анхаарах. Бодож эхэлсэн үедээ гүнзгий амьсгаа аваад энэ бодит биш гэж хэлж сурах. Дараагаар өөр зүйл хийх эсвэл амьдрал чинь тохиолдож байсан сайхан зүйлсээ ухамсартайгаар бодож сурах.
Хэрэв энэ байдал зогсохгүй удаан үргэлжлээд байвал сэтгэл зүйч дээр очихыг зөвлөж байна.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Бүх юманд гутрангуй үзлээр ханддаг нь миний уурыг хүргэх болсон
Сайн байна уу? Би одоо 10-р ангид орно. Сэтгэл зовнисон үедээ эсвэл ярилцмаар санагдсан үедээ холбогдож зөвлөгөө авахад үргэлж нээлттэй гэж хэлдэг зөндөө олон хүн бий. Бас ээж маань ч үргэлж сайн найз шиг минь харилцдаг. Гэхдээ тэдэнд өөрийн сэтгэлээ уудалж, юу болохгүй байгаагаа бүрэн дүүрэн хэлж ойлгуулж чадахгүй байгаа учраас захиагаар илүү оновчтой бичихээр шийдлээ.
Би найзуудтайгаа гэр бүл шиг дотно. Бие биенийхээ алдаа дутагдал, ааш, өө сэвийг нь маш сайн ойлгож дэмжсээр ирсэн. Мөн өнгөрсөн жилээс бид өөр нэг охинтой нийлэх болсон юм. Анхандаа тэр маш хөгжилтэй, өөдрөг нэгэн шиг санагдаж асуудалгүй байсан ч хэдэн сарийн дараагаас бүх зовлонгоо тоочиж эхэлсэн. Түүнийг ойлгож, сонсож зөвлөгөө өгөх нь бидний үүрэг мөн. Бид ч үүргээ сайн биелүүлж байсан. Сонсоод суухад түүний зовлон нь тийм ч сүртэй биш хүн болгонд байдаг л асуудал байв. Тэр бүхэн нь ганцхан өөрт нь л тохиолддог мэт аашилж бүх юманд гутрангуй үзлээр ханддаг нь миний уурыг хүргэх болсон. Тэгээд өөрийгөө анзаарч түүнд хүн болгонд л тохиолддог асуудал гэдгийг хэлж, ойлгоё гэж зөндөө оролдсон. Гэвч тэрнийг засах нь миний мэдэх хэрэг биш байсан. Бүгдэд нь л байдаг асуудлыг хүндээр тусгаж надад нэг ч найз байдаггүй гэж story доо үргэлж хийдэг нь намайг улам бүр цухалдуулж байна. Хэн нэгнийг ингэж үзэн ядаж чаддаггүй тул шууд өөрт нь хэлэхээр шийдээд найзуудынхаа групп рүү бичсэн ч тэр гарчихсан. Бас найзууд маань намайг загнасан. Түүнтэй нийлэхгүй гэвэл би бүх найзуудтайгаа найзлахаа болих байх. Би яавал дээр вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Тухайн хүнийг шүүмжилж байвал бүрэн сонсоогүй байна гэсэн үг
Өдрийн мэнд! Захиа илгээсэнд баярлалаа. Найзуудынхаа асуудлыг сонсохыг, ойлгохыг эрмэлздэг чинь сайн байна. Энэ хүн намайг ойлгох байх гэсэн итгэлээр хүмүүс хэн нэгэнд өөрийн мэдрэмжээ ярьдаг. Хэн нэгнийг сонсох нь их энгийн санагдаж магадгүй. Гэхдээ та хэн нэгнийг сонсохдоо зөвхөн түүний ярианд л төвлөрч байна уу? Эсвэл өөрийн хэлэх үгээ бодоод сууж байна уу? Хэн нэгний яриаг сонсох үедээ та тухайн хүнийг шүүмжилж байвал бүрэн гүйцэд сонсохгүй байна гэсэн үг. Энэ байдал эргүүлээд өөрт чинь хэцүү санагдаж эхэлдэг. Тухайн хүнийг бүрэн гүйцэд сонссон байхад л хангалттай байдаг. Хүн бүрийн асуудлыг сонсоод заавал гарах арга замыг нь хэлэх алба байхгүй.
Мөн өөрийн мэдрэмжийг хэлэх үедээ тухайн хүнд биечлэн хэлж байгаарай. Хэрэв дараагийн удаа ийм юм тохиолдвол яах вэ? Тухайн хүний амьдралд тохиолдсон үйл явдал, нөхцөл байдал чамаас шалтгаалаагүй учир чи хүссэнээрээ өөрчилж эсвэл хянаж чадахгүй. Гэхдээ чи өөрөөс шууд хамааралтай болох өөрийн сэтгэл хөдлөлөө хянаж болно. Үнэхээр чамд хэцүү санагдаад байгаа бол эвтэйхнээр "Найз нь ойлголоо, өөр зүйл ярих уу? Намайг ойлгоорой би шууд тусалж чадахгүй юм байна" гээд өөрийн мэдрэмжийг эвтэйхнээр хэлж болно.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Би яагаад бусад хүүхдүүд шиг жаргалтай амьдарч болдоггүй юм бол?
Сайн байна уу? Би энэ жил 14 нас хүрч байгаа. Өсвөр насандаа явж байгаа болоод ч тэр үү ойрын хэдэн жил бүх зүйл маш хэцүү санагдах боллоо. Намайг бага байхад ээж ааваас салсан. 6 настай байхад ээж маань өөр хүнтэй суусан үеэс эхлээд би эмээтэйгээ хоёулханаа амьдардаг болсон. Ээж тэр хүнтэйгээ үргэлж хэрэлдэж муудалцдаг байсан ч миний дүүг над шиг аавгүй өсгөхгүй гэж их л тэвчдэг байсан. Ийм байдалтай 8 жил өнгөрч энэ хугацаанд ээжийн ааш зан тэвчихийн аргагүй өөрчлөгдсөн.
Сарын өмнөхөн ээж тэр хүнээс салсан. Бага дүү маань 2 настай, дээрээс нь ээж жирэмсэн болохоор би ээжтэй хамт амьдрахаас өөр аргагүй болсон. Би ээжийнд ирээд найзуудтайгаа тайван утсаар ярьж ойлголцох ч эрхгүй болсон. Орой 11 цагаас унтаж өглөө 5, 6 цагт босож бага дүүгээ хардаг. Дээрээс нь ээж өдөржингөө орилж хаширч намайг загнаж энэ нэг юм, тэр нэг юм та нараас болж ингэсэн тэгсэн гэхээс нь би үнэхээр залхаж байна. Уг нь би ээжтэйгээ ярилцах гэж зөндөө л оролдсон. Даанч намайг eрөөсөө ойлгоогүй, ойлгохыг ч хичээгээгүй. Энэ байдлаасаа болж шөнө болгон орондоо ороод уйлдаг болчихсон байсан. Цаашдаа яг ийм байдалтайгаар яаж амьдрахаа eрөөсөө мэдэхгүй байна. Заримдаа зүгээр л бүхнийг орхиод яваад өгмөөр санагдах юм. Угаасаа үхэх гэж л амьдардгаас хойш... Би яагаад бусад хүүхдүүд шиг аз жаргалтай амьдарч болдоггүй юм бол гэсэн асуултыг байнга өөрөөсөө асуудаг. Надад байнга ярилцдаг хүн байсан ч болоосой.
ЗӨВЛӨГӨӨ: Амьдрал үргэлж ийм байхгүй гэдгийг санаарай
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Чамд ямар хэцүү байгааг ойлгож байна. Ярилцах гэж оролдсон нь сайн хэрэг. Гэхдээ нэг удаа магадгүй таван удаа оролдоод ч бүтэлгүйтэх тохиолдол байдаг. Тиймээс ээждээ захидал бичээд үзвэл ямар вэ? Яг энэ захидал шигээ юу мэдэрч байгаа, юу хэцүү байгаа мөн ойлголцохыг хүсэж байгаа гээд бүхий л зүйлээ бичээд ээждээ захидлаа өгөөд үзвэл ямар вэ? Чиний хэлдэг зөв. Чамд ярилцах, энэ бүхнээ хуваалцах, чамайг сонсох хэн нэгэн хэрэгтэй байна. Тиймээс ээждээ захидал бичихдээ таныг намайг ойлгоосой, ядаж хичээгээсэй гэж хүсэж байна. Хэрвээ боломжгүй байвал ядаж би найзуудтайгаа ярьдаг баймаар байна гэх мэтчилэн одоо байгаа нөхцөл байдалдаа яавал чи өөртөө болон ээжийнх нь зүгээс тусалж болохоор байна, тэдгээр аргуудыг жагсааж бичээрэй.
Мөн амьдрал одоо шиг үргэлж ийм байхгүй гэдгийг өөртөө хэлж сануулж байгаарай. Яг одоо бол ээж нь ч тэр, чи ч тэр дасан зохицох процессийг даван туулж байгаа учир аль аль нь өндөр стресстэй байгаа. Хугацаа өнгөрөх тусам хэн хэн нь дасаж, байдал улам дээрдэх байх гэж таамаглаж байна. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг
АСУУДАЛ: Би одоо суралцаж байгаа мэргэжилдээ тийм ч дуртай биш
Сайн байна уу. Би 20 настай, эмэгтэй. Өөрт тулгарч байгаа асуудлаа хэнтэй ярилцахаа мэдэхгүй байгаа учраас холбогдож байна.
Би их сургуулийн оюутан л даа. ЕБС-д сурч байхдаа их л сэргэлэн, цовоо, сургуулийнхаа шилдэг сурагч байлаа. Одоо бол тийм биш. Оюутан болоод эхэндээ их ядардаг байлаа. Хичээлийнхээ ачааллыг тааруулж чадаагүй байж дээ гэж боддог юм. Эхний семестр чадах ядахаараа л хичээлээ хийгээд, өөрийгөө дайчилсан. Гэтэл үр дүн нь миний бодсон шиг сайн байгаагүй. Голч маань тийм сайн байгаагүй л дээ. За яахав. Энэ удаа алдчихлаа. Дахиад илүү хичээе гээд дараагийн семестр нь хичээгээд санасандаа хүрч чадсан. Гэхдээ тэрний дараа дараагийн семестр дахиад л бүтэлгүйтчихсэн. Хэчнээн их хичээгээд ч үр дүн гарахгүй, яг юу нь болохгүй байгааг ойлгохгүй юм.
Үүнээс гадна одоогоор суралцаж байгаа мэргэжилдээ би тийм ч их дуртай, сонирхолтой биш л дээ. Дургүйд хүчгүй гэж л энэ байх. Төгсөөд яах талаар ямар ч төсөөлөл байдаггүй. Гэхдээ мэргэжлээ сольё, сурахаа больё гэх бодол байсан ч гэрийнхэн маань ойлгох хэмжээний биш. Бас би өөрийгөө бусадтай харьцуулдаг болчихсон байх юм. Тэрнээсээ болж сэтгэлээр унаад л... өөртөө итгэх итгэл ч буураад. Өдөр бүр л нэгэн хэвийн уйтгартай санагдаад, хүмүүстэй ярилцах ч ядаргаатай санагдаад, хааяа юманд хэтэрхий эмзэг хандаад эргэн тойрныхоо хүмүүсийг гомдоочих гээд байх юм.
Тэгээд өөрийгөө сэргээх ямар нэг сонирхолтой юм хийе гэсэн ч нэг их үр дүн гарахгүй л байх шиг. Аль болох л өөрийгөө завгүй байлгах гэж хичээх юм. Дасгал хийнэ. Ном уншина. Алхана гэх мэтээр. Тэгсэн ч урьдынхаараа. Жоохон л зав гарвал өмнөх шигээ л байдалд орчихдог. Сулбагар, ямар ч хүчгүй... дуу чимээнд маш дургүй, хэн нэгэн хажууд юм ярихад ч уур хүрдэг. Өмнө нь юунд дуртай байлаа гэж их боддог. Хийдэг байсан зүйлүүдээ дахиж хийгээд ч нэг их гоё мэдрэмж авдаггүй. Сэтгэл сэргэдэггүй.Би яг яах ёстой юм бол? Туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Хичээсэн юм бүхний үр дүн дандаа сайн байдаггүй
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Чи өөрөө ямар мэргэжлээр сурах сонирхолтой байгаа вэ? Чиний одоо сурч байгаа мэргэжил, хүсэж байгаа мэргэжил хоёр нь өөр байгаа учраас асуудал үүсээд байгаа юу? Эсвэл чи ерөнхийдөө л амьдралд идэвхгүй, сонирхолгүй болчихвуу? Энэ мэргэжлээ үнэхээр солих боломжгүй бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үгүй бол энэ хямрал үргэлжилсээр хүндрэх магадлалтай. Эсвэл энэ мэргэжлээр үнэхээр сурмааргүй байна гэвэл гэр бүлийнхэнтэйгээ сайн ярилцаж хэлэлцээд солих хэрэгтэй болов уу? Гэрийнхэн зөвшөөрөхгүй, сонсохгүй, ойлгохгүй гэж хэлэх байх. Гэхдээ мэргэжил гэдэг бол чи үлдсэн амьдралдаа хэр сэтгэл хангалуун ажиллаж амьдрах вэ гэдэг чухал шийдвэр байдаг. Тиймээс өөрийнхөө шийдвэрийг гаргаад түүндээ үнэнч байж зоригтойгоор хэлээрэй.
Мөн хичээж байгаа чинь сайн хэрэг. Гэхдээ хичээсэн юм бүхний үр дүн дандаа сайн байдаггүй. Зарим талаараа дутагдалтай байдаг ба энэ нь хэвийн гэдгийг санаарай. Өөрийгөө завгүй байлгана гэдэг нэг төрлийн асуудлаас зугтаж буй хэлбэр бөгөөд аль болох бодит байдалтай нүүр тулж тухайн асуудлын шийдэлд төвлөрөх нь асуудлыг шийдэх зөв загваруудын нэг юм шүү. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг
АСУУДАЛ: Намайг МСҮТ-д сурдаг болохоор сайн дүн авдаг гэлцдэг
Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Манай аав ээж маань намайг бага ангид байхад салчихсан. Надад тэрнээс хойш маш хэцүү, сэтгэл санааны их, бага хэмжээгээр дарамт ирдэг байсан. Одоо харин аав ээж маань тус тусдаа өөр өөрсдийн амьдралаа зохиосон. Тэглээ ч гэсэн одоо ч хүртэл үнэхээр төвөгтэй байдаг. Дүү нар болон надтай холбоотой асуудлаас болоод аав ээжийн дунд их стрессдэж ойр тойронд байх хүмүүстээ төвөг учруулж байгаа мэт мэдрэмж төрдөг.
Аав минь намайг их сургуульд оруулж чадахгүй, төлбөрийг нь дийлэхгүй байх гээд МСҮТ-д суралцуулсан. Түүнээс хойш би найзуудтайгаа харьцахад жоохон төвөгтэй санагддаг болсон. Найзууд маань ЕБС-д суралцдаг. Намайг МСҮТ-д сурдаг болохоор сайн дүн авдаг, харин ЕБС-д сурдаг байсан бол сайн дүн авж чадахгүй гэх утгаар арай өөрөөр тойруулан ярьдаг. Надад тэр нь миний дотор зүсэгдэх шиг л мэдрэмж төрж, найзуудаасаа дор мэт санагддаг. Сүүлийн үед нэг найз маань намайг сонин ааштай болсон, өөрийгөө үргэлж магтдаг, ааш минь их өөрчлөгдсөн гэж хэлсэн. Тэр үед би өөртөө дүгнэлт хийгээд нээрээ л тийм болчихсон юм байхдаа, би яагаад тэгэв, би хүнд төвөг учруулаад байгаа юм байхдаа гэж хямардаг. Сэтгэл санаагаар маш хурдан унаж, ходоод өвддөг. Найзуудтайгаа ярилцана гэхээр тэд нар миний үзэл бодлыг буруутгаад байдаг. Тийм болохоор ярилцахыг ч хүсдэггүй. Үнэхээр сэтгэлээр унаж байна. Би юу хийвэл найзуудын дундах энэ асуудлын талаар зөв гаргалгаа олж, шийдвэрлэх ёстой юм болоо? Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Хэн нэгнээс илүү эсвэл дутуу гэдэг бодлоос өөрийгөө тусгаарла
Сайн байна уу?
Дээрх хүснэгтийг сэтгэлээр унах, сөрөг бодолд автах болгондоо тэмдэглэл хөтлөн, өөрийгөө ажиглаж дүгнэлт хийгээд үзээрэй. Энэ нь чамайг бодол, үйлдлээ анзаарахад тусална. Магадгүй чи “би найзуудаасаа дор болчихлоо” гэдэг бодлоосоо болж өөрийгөө зовоогоод, түүнийгээ өөрийн мэдэлгүй үйлдлээрээ гаргаад байгаа байх. Жиш: намайг дор гэж бодох вий гэсэндээ өөрийгөө магтдаг ч юм уу. Хэн ч өөрийгөө магтдаг хүнд дуртай байхгүй шүү дээ. Найзууд чинь чиний дутагдалтай талыг хэлсэн бол яаж засаж, сайжруулж болох талаар мөн, тэгэх шаардлага бий эсэхийг тэднээс мөн асууж болно. Гол нь өөрийгөө хэн нэгнээс илүү, дутуу гэдэг бодлоос тусгаарлаж, мөн бусад сөрөг бодлуудаа эерэгжүүлэхийг хичээгээрэй. Үүнд дээрх хүснэгт туслах болно. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач З. Намуундарь
АСУУДАЛ: Дүү маань дэлгэцээс хэт хамааралтай
Сайн байна уу? Би хоёр дүүтэй, том дүү маань 11 настай, эмэгтэй. Дүү маань дэлгэцээс хэт хамааралтай болоод байна. Бас түүнээсээ болоод уур уцаартай болоод байна. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ? Сэтгэлзүйн талаас нь зөвлөгөө өгөөч. Мөн аутизмийн эмгэгтэй хүүхэдтэй яаж, ямар байдлаар ажиллах ёстой байдаг вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл зүйн хэрэгцээг нь хангахад анхаарвал...
Сайн байна уу? Энэ насны хүүхдэд 2 цаг хүртэлх хугацаанд дэлгэцийн хэрэглээг зөвшөөрдөг. Уг хэмжээнд барих, хэтрүүлэхгүйн тулд ойр дотныхон, насанд хүрэгчдийн туслалцаа ихээхэн шаардлагатай. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, гэр бүлээрээ тоглох, наадах, хамт байх цагийг ихэсгэж, ажил хичээлээс бусад үед түүнд анхаарч байгаагаа ойлгуулж мэдрүүлэх буюу сэтгэл зүйн хэрэгцээг нь хангахад анхаарвал дэлгэцийн хамаарал багасах хандлагатай байдаг. Мөн утас, дэлгэцийн хэрэглээг хязгаарлах гэрийн дүрэм гарган тогтсон цагт, тогтсон дүрмээр гэр бүлийн бүх гишүүд ижил тэгш дэлгэц хэрэглэх аргыг хэрэгжүүлэх санаачлага гаргаад үзээрэй. Аутизмын тухайд Монголд үйл ажиллагаа явуулж буй Аутизмын холбоо болон бусад энэ чиглэлээр дагнан мэргэшсэн байгууллагуудтай холбогдохыг хүсье. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач З. Намуундарь
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх