Спортын ертөнцөд: Криштиану Роналду дэлхийн АНХНЫ тэрбумтан хөлбөмбөгчнөөр тодорлоо


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-06-10

Спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэх "Спортын ертөнцөд" цуврал нийтлэлийн энэ долоо хоногийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.

ДЭЛХИЙН АНХНЫ ТЭРБУМТАН ХӨЛБӨМБӨГЧИН КРИШТИАНУ РОНАЛДУ

Португалын шигшээ баг, Италийн Ювентус клубын довтлогч, бүх цаг үеийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтах тамирчин Криштиану Роналду тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хөлбөмбөгчнөөр тодорлоо. Түүнээс гадна мэргэжлийн спортын түүхэнд зодог тайлахаасаа өмнө ийм хэмжээний орлогыг олсон хоёрхон тамирчин байдаг нь АНУ-ын гольфчин Тайгер Вүүдс болон мэргэжлийн боксын хаан Флойд Мейведер нар юм.

Форбес сэтгүүлийн мэдээлснээр 35 настай хөлбөмбөгчин маань өнгөрсөн жил нийт 105 сая ам.долларын орлогыг олсноор "Хамгийн өндөр орлоготой эрэгтэй тамирчид" жагсаалтын хоёрдугаар байранд Швейцарийн теннисчин Рожер Федерерийн араас бичигдсэн юм. 

Криштиану Роналду 17 жилийн карьертаа 650 гаруй сая ам.долларыг спортоос олсон бол үлдсэн орлогоо зар сурталчилгаа, бизнесийн үйл ажиллагаа зэргээс олжээ. Үүнээс хамгийн алдартай нь 2016 онд спорт хувцасны "Nike" брэндтэй насан туршийн гэрээ байгуулсан явдал юм. 

"COVID-19" цар тахлын улмаас багууд тамирчдынхаа цалинг тодорхой хэмжээгээр бууруулсны нэг нь Ювентус клуб бөгөөд Роналдугийн цалинг 70 хүртэлх хувиар бууруулсан билээ. Харин түүний мөнхийн өрсөлдөгч Лионел Мессигийн цалин 30 хүртэлх хувиар буурсан юм. Сонирхолтой нь Месси 2021 онд тэрбум ам.долларын хөрөнгөтэй хоёр дахь хөлбөмбөгчин болно хэмээн Форбес сэтгүүлээс дүгнээд байна. 

МАЙКЛ ЖОРДАН АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ҮЗЛИЙН ЭСРЭГ 100 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХАНДИВЛАНА

Сагсан бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч Майкл Жорданы "The Last Dance" баримтат кино дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 18-ныг хүртэл цацагдсан билээ. Нийт 10 ангиас бүрдэх энэхүү цувралд түүний Чикаго Буллс багт өнгөрүүлсэн сүүлчийн улирлын үйл явдлыг өмнө нь хэний ч харж байгаагүй өнцгөөс харуулсан юм. Тэгвэл тамирчин маань энэ долоо хоногт томоохон хэмжээний мэдэгдэл хийсэн нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг үйл ажиллагаанд 100 сая ам.долларыг өөрийн болон "Jordan" брэндийнхээ зүгээс хандивлахаар болсон явдал байлаа. 

Сүүлийн үед зөвхөн АНУ-д ч гэлтгүй дэлхий даяар "Black Lives Matter" буюу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөн өрнөөд байгаа билээ. Африк гаралтай америк эр Жорж Флойд тавдугаар сарын 25-ны өдөр орон нутгийн цагдаа нарын гарт амиа алдсанаар энэ бүх хөдөлгөөн өрнөх үндэс тавигдсан юм. 

Үндэсний сагсанбөмбөгийн холбооны домогт тоглогч Майкл Жорданы хэлснээр энэхүү хандив нь дараагийн арван жилийн туршид арьс өнгөний үзлийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад зориулагдах аж. 

ТИМО ВЕРНЕРИЙН ШИНЭ КЛУБ

Сүүлийн хэдэн сарын туршид Германы шигшээ багийн довтлогч Тимо Вернерийн буурь сэлгэх тухай мэдээллүүд Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ихээхэн цацагдсан. 24 настай чадварлаг тамирчныг багтаа элсүүлэх хамгийн өндөр магадлалтай клубууд бол Английн Ливерпүүл, Челси болон Германы Байерн Мюнхен нар байсан юм. Эцэст нь тэрээр 2020-2021 оны улирлаас эхлэн Премьер лигийн шилдэг баг болох Челси клубд тоглохоор болжээ. Уг клуб Тимо Вернерийн төлөө Лейпциг клубд 55 сая еврог төлж байгаа бөгөөд 2025 он хүртэл гэрээ хийхээр төлөвлөөд байгаа аж. 

Тимо Вернер 2016 оноос хойш Лейпциг клубийн өмнөөс 154 тоглолтод оролцож 92 гоол оруулсан билээ. 2019-2020 оны улиралд л гэхэд Бундеслигийн 29 тоглолтод оролцож 25 гоол хийсэн бөгөөд мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаар байранд Роберт Левандовскийгийн араас бичигдэж байгаа юм. 

Залуу тамирчин маань шинэ лигт тоглох хүсэлтэй байгаагаа удаан хугацааны турш мэдэгдсээр ирсэн. Английн Ливерпүүл клуб түүнтэй удаан хугацааны туршид нэр холбогдоод байсан ч эцэст нь цэнхэрүүдэд алдлаа.

ПРЕМЬЕР ЛИГ УЛИРЛЫН ҮЛДСЭН ХЭСЭГТ ТАВАН СЭЛГЭЭ ХИЙХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

Премьер лигийн 2019-2020 оны улирал энэ сарын 17-ноос эхлэн үргэлжлэхээр болсон билээ. "COVID-19" цар тахлын улмаас энэ оны гуравдугаар сард цуцлагдаад байсан лиг эргэн ирэх өдрийг хөлбөмбөг сонирхогч залуус тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Тэгвэл премьер лигийн зүгээс "COVID-19" цар тахлын үед нэгэн шинэ дүрэм гаргасан нь багууд 2019-2020 оны улирлын үлдсэн хэсэгт нэг тоглолтод таван сэлгээ хийх боломжтой болсон явдал байв. 

Энэхүү дүрэм нь олон сарын туршид хөл хорионд байсан тамирчдын эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Энгийн үед багууд сэлгээндээ 7 тамирчин суулгадаг бол энэхүү дүрмийн үед 9 тамирчин суулгах ажээ. Тавдугаар сарын 16-нд эхэлсэн Германы Бундеслиг ч мөн энэхүү дүрмийг тоглолтууддаа ашиглаж байгаа бөгөөд энэ нь багуудад маш эерэг үр дагаврыг үзүүлж байгаа юм.

Эх сурвалж: BBC , Skysports, ESPN

#Спортын ертөнцөд