Бид ирээдүйд дэлхийн хэмжээний томоохон их сургуулиудад суралцах хүсэлтэй уншигчдадаа зориулан орон оронд суралцаж буй оюутан залуусын туршлагаар цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэгвэл ярилцлагынхаа ээлжит зочноор Канад улсын Торонтогийн их сургуульд олон улсын харилцаа, хот төлөвлөлт мэргэжлээр суралцаж буй Г.Цэцэнг урьж ярилцлаа.
YOLO: Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Тэтгэлгийнхээ талаар хаанаас анх мэдээлэл авч байсан бэ? Авсан тэтгэлгийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулаач.
- Би 2019 онд Монгол Улсын Засгийн Газрын тэтгэлэгт хамрагдаж, одоогоор Канад улсын Торонтогийн их сургуульд суралцаж байна. Энэ тэтгэлэг маань Монголд их алдартай учраас интернэтээс хайхад л бүх мэдээлэл нь гараад ирнэ. Харин уншигчдад сургуулийн маань нэрэмжит тэтгэлгүүд илүү сонирхолтой байгаа байх. Манай сургууль гадаад оюутнуудад зориулан тэтгэлэг олгодог. Нэг ахлах сургууль жилд ганцхан сурагчаа энэхүү тэтгэлэгт нэр дэвшүүлэх боломжтой. Ийнхүү хэдэн мянган ахлах сургуулиудаас шалгарсан ганц ганц сурагчид өрсөлддөгөөс 30-40 сурагчийг сонгож тэтгэлэг олгодог. Шалгуурын хувьд өөрийн зорилгоо тодорхойлсон 3 эсээ бичдэг.
YOLO: Нийт хэдэн тэтгэлэгт өргөдлөө өгч байсан бэ?
- Нийт хоёр тэтгэлэгт материалаа өгсөн. Канад улс АНУ-ыг бодвол тэтгэлэг олгох нь ховор. Тэтгэлгүүдийн шалгуур нь нэлээн өндөр бөгөөд барагтай л бол бүтэн тэтгэлэг олгодоггүй. Хамгийн дээд талдаа 10,000 канад доллар буюу монгол мөнгөөр 21 гаруй сая төгрөгийн тэтгэлэг олгодог.
YOLO: Бүтэн тэтгэлэгт хамрагдах их хэцүү гэлээ шүү дээ. Ямар ямар шалгуурыг давж байж энэхүү тэтгэлгийг авдаг вэ?
- Хүн бүрийн мэддэгчлэн дүнгийн голч, нийгмийн идэвх зэрэг нь "төгс" байх ёстой. Үүнээс гадна сонгон суралцах гэж буй мэргэжил чинь ирээдүйд хэрэгтэй, шинжлэх ухааны салбарт том байр суурь эзлэх мэргэжил байвал бүтэн тэтгэлэгт хамрагдах магадлал чинь нэмэгдэнэ гэсэн үг.
YOLO: Өөрийн чинь хувьд хэддүгээр ангиасаа эхэлж тэтгэлэгт хамрагдахаар шийдсэн бэ? Хүүхдүүд оройтож эхлэлээ гээд шантрах тохиолдол байдаг.
- Сурахад оройтохгүй гэдэг шүү дээ. Миний хувьд 12-р буюу төгсөх ангидаа л сурах сургуулиа тодорхойлж, тэтгэлгийн талаар судалж эхэлсэн.
YOLO: Тэтгэлэгт материалаа бүрдүүлж байхдаа шантрах тохиолдол гарч байсан уу? Одоо тэтгэлэгт хамрагдах гэж буй залуустаа зориулан зөвлөгөө өгвөл?
- Мэдээж шантрах үе байлгүй л яах вэ. Тэтгэлэгт материалаа бүрдүүлж байх үед ирээдүй минь хаашаа эргэх нь мэдэгдэхгүй, эгзэгтэй байсан болоод ч тэр үү жижиг зүйл дээр ч стрессдэж, маш дарамттай байсан. Гэхдээ "Би чадна. Хичээхэд бүх зүйл бүтнэ" гээд л өөрийгөө зоригжуулдаг байлаа. Хичээл зүтгэл үнэхээр чухал учир шаргуу хичээж хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Монгол залуус маань их ухаалаг шүү дээ. Миний бодлоор энэ дэлхийд Монгол хүний хөл хүрэхгүй газар гэж байхгүй.
YOLO: Тэтгэлэгт бэлдэж байхдаа юуг сайн анхаарах хэрэгтэй вэ?
- Тэтгэлгийг “need based” буюу хэрэгцээний, “needs assessment” буюу сурлагын гэж хоёр ангилдаг. Монгол залууст маань хэрэгцээний тэтгэлэг илүү хэрэгтэй байдаг болов уу. Энэ төрлийн тэтгэлгүүд эсээ бичихийг шаарддаг учир өөрийн бодолд байгаа зүйлээ цаасан дээр зөв, цэгцтэйгээр буулгаж сурах хэрэгтэй. Би сургуульдаа орсныхоо дараа л өөрийнхөө бичих чадварыг муу байгааг мэдэрсэн учир та нар минь их сургуульд орохоосоо өмнө бичих чадвараа хөгжүүлээрэй. Үүнээс гадна нийгмийн идэвх маш чухал байдаг. Барууны орнууд хүний эрхийг дээдэлдэг, нийгэмд эзлэх байр суурийг чухалчилж үздэг учир дан ганц хэлний оноо болон эсээ чинь сайн байлаа гээд нийгмийн идэвх муутай бол тэтгэлэгт хамрагдах боломж чинь буурна.
YOLO: Сургуулийнхаа талаар бидэнд танилцуулаач. Чиний хувьд сургуулийн чинь юу хамгийн гоё вэ?
- Манай сургууль гурван том хотхонтой, их том байгууламжтай. Оюутнуудынхаа боловсролоос гадна эрүүл мэндэд нь сайн анхаардаг. Ерөнхийдөө оюутнуудад хэрэгтэй бүхий л зүйл нь хотхондоо байдаг. Мөн 49 номын сантай гэдгээрээ улсдаа төдийгүй дэлхийд алдартай. Энэ нь надад таалагддаг юм.
YOLO: Сургуульдаа сурсан эхний жил ямархуу санагдсан бэ? Шинэ орчин, шинэ хүмүүстэй дасан зохицоход ямар байсан бэ?
- Би их сургуульдаа орохоос өмнө гадаадын орнуудаар аялж байсан болохоор очоод яах ч үгүй гэж бодож байсан. Гэтэл яг сургуульдаа очоод соёлын шоконд орсон /инээв/. Хүмүүс соёлын шок гэдгийг юм үзээгүй царайлах гэж буруу ойлгоод байж магадгүй. Гэхдээ миний хувьд энэ нь "comfort zone" буюу дасан зохицсон, тав тухтай газраасаа холдож, юм үзэж нүд тайлахыг хэлнэ гэж бодож байна. Хэдийгээр Монголд байхдаа өөрийгөө англи хэлэндээ сайн гэж боддог байсан ч эргэн тойронд байгаа бүх хүн англиар яриад, хичээлээ ч англи хэл дээр үзэхэд эхний нэг сар үнэхээр шоконд орсон. Монголоор огт ярихгүй байхаар хэцүү санагддаг ч удалгүй найз нөхөдтэй болоод дасаж эхэлсэн.
YOLO: Танай сургуульд хэчнээн Монгол оюутан сурдаг вэ? Монгол оюутнуудын хооронд болдог үйл ажиллагаа гэж бий юу?
- Манай сургууль 90 мянган оюутантай бөгөөд гадаад оюутнуудын ихэнх нь Ази оюутнууд байдаг. 50 гаруй монгол оюутан суралцдаг. Гэхдээ сургуулийн хотхон их том учраас барагтай л бол хоорондоо тааралдахгүй. Тийм болохоор утсаар ярьж байж л уулзалддаг. Үйл ажиллагааны хувьд завиар зугаалж, ойрхон арал дээр очиж шинэхэн оюутнуудаа хүлээж авдаг. Хамтдаа цагаан сар тэмдэглэдэг ч энэ жилийн хувьд цаг үеийн байдлаас болоод хийж чадаагүй.
YOLO: Танай сургууль тэтгэлгээс гадна бусад хөнгөлөлтүүд олгодог уу?
- Эцэг эх нь сургуульд ажилладаг бол сургалтын төлбөрөөс тодорхой хэмжээнд хөнгөлдөг. Мөн санхүүгийн туслалцаа үнэхээр хэрэгтэй байгаа хүүхдүүд буцалтгүй тусламжийн санд хандаж болдог гэсэн.
YOLO: Торонто хот оюутан, залуус амьдрахад хэр таатай хот вэ?
- Торонто бол 2,9 сая хүн амтай, том хот. NBA болон мэргэжлийн хоккейн багтай учир миний хувьд жинхэнэ залуусын хот доо. Бас оюутан залуус цагаа зөв боловсон өнгөрөөх ногоон байгууламж ихтэй, дугуйн зам нь ч чанартай учраас их таалагддаг.
YOLO: Ингээд ярилцлагын маань төгсгөлд тэтгэлэг авахаар хөөцөлдөж буй залуустаа зориулан зөвлөгөө өгөөч.
- Тэтгэлэг авахаар зэхэж буй залуустаа өөрийгөө байнга хурцалж, зоригжуулж байгаарай гэж зөвлөе. Монголчууд хаана ч очсон сэргэлэн, өөрийгөө хангалттай аваад явчих чадалтай хүмүүс шиг санагддаг. Бүтэхгүй зүйл байхгүй учир тэтгэлэг авахын төлөө залхууралгүй хичээгээрэй. Монголчууд дэлхийд нэрээ гаргаж эхэлж байгаа учир чи ч гэсэн тэдний нэг байхын төлөө сайн зүтгээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх