Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан YOLO.mn сайтад ажилладаг оюутан сэтгүүлчдийнхээ сэтгэлд нь хамгийн тодхон үлдсэн хүүхдийн баярын тухай дурсамжуудаас хүргэж байна. /Тэдний бэлтгэсэн мэдээ, нийтлэлүүдийг унших бол нэрэн дээр нь дараарай./
- "Багадаа Хүүхдийн баярыг өдөр хоног тоолон хүлээдэг байлаа. Манай гэр бүлийнхэн энэ өдөр олон нийтийн газраар явахгүйгээр гэртээ эсвэл зуслан дээрээ очиж тэмдэглэдэг заншилтай. Харин 2006 оны Хүүхдийн баяраар гэр бүлийнхэнтэйгээ хамт Сүхбаатарын талбай дээр очиж байснаа мартдаггүй юм. Тухайн үед анх удаа тэмээн дээр сууж үзэж байлаа шүү дээ! Одоо бодох нээ тийм ч сонирхолгүй зүйл байж болох ч тухайн үедээ маш их догдолж байсансан. Харин хамгийн мартагдахааргүй Хүүхдийн баярын бэлэг бол "Агуу 100 дипломатч" гэдэг ном байсан. Магадгүй тэр ном миний ирээдүйн мэргэжлээ тодорхойлох үндэс болсон байх"
- "Эргээд бодоход Хүүхдийн баяраар парк дээр очерлоод, үзвэр үзээд, бялууртлаа чихэр жимс идээд, сүр дуулиантайгаар тэмдэглэж байсан үе цөөн юм шиг... Магадгүй бага байхаасаа л аливаа баяр ёслолыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэж, заримдаа бүр тэмдэглэлгүйгээр өнгөрөөдөг байсан болохоор одоо ч мөн ямар нэгэн баярыг нүсэр тэмдэглэж чаддаггүй байх хэмээн бодон сууна. Дурсан санагалзаж дотоод ертөнцөө уудлан ажвал 2012 оны тэр нэгэн Хүүхдийн баяр сэтгэлд сийлэгдэн үлдсэн баярууд дундаас ёлтойн үзэгдэнэ. Бага ангийн сурагч байсан би тэр үед Эра төвөөс зохион байгуулдаг “Бяцхан модель” тэмцээнд оролцож “Бяцхан супер модель”-оор шалгаран "Naran Point" дэлгүүрийн Fox брэндийн хүүхдийн хувцсыг өмсөөд тайзан дээр алхаж билээ. Тэр үеэс л би загварын салбарт дурлаж, бүх амьдралаа загварын салбартай холбомоор санагдан гудамжинд байх самбараас өөрийнхөө зургийг харж, зурагтын суваг солих тоолондоо өөрийгөө үздэг хүн болох юмсан гэсэн гэгээхэн хүслээ зүрхэндээ тээсэн юм. Өөрийнхөө мөрөөдөл зорилгын нэг хэсгийг олсон учраас тэр жилийн хүүхдийн баяр бодолд минь уяатай явах юм"
- "Миний хувьд Хүүхдийн баяр болно гэхээр парк л санаанд ордог юм. Миний хамгийн дуртай баярууд бол шинэ жил, хүүхдийн баяр. Хүүхдийн баярын нөгөөдөр нь миний төрсөн өдөр болж таарна. Би чинь заримдаа хоёр баяраа зэрэг ч тэмдэглэчихнэ. Бага байхад ээж аав хоёр минь намайг гадуур дагуулж явдаггүй, байнга гэрт цоожилж үлдээдэг байлаа. Би гэдэг хүн зургаан нас хүртлээ цэцэрлэгт явах ёстой байсан ч охин дүүтэй болоод тавхан настайдаа 1 ойтой дүүгээ хараад гэртээ үлддэг байж билээ. Бараг л өөрийн гараар өсгөсөн дүүтэйгээ хамт парк дээр Хүүхдийн баярын ихэнх дурсамжуудаа өнгөрөөсөн дөө. Ээж аав хоёр маань хэтэрхий их ажилтай байдаг байсан болохоор дүү бид хоёртой хамт парк явдаггүй, би л дүүгээ дагуулаад явна. Парк дээр очоод дуртай тоглоомууд дээрээ тоглоод, зайрмаг, хөвөн чихэр авч идээд, хүүхдийн жүжиг, кино үзнэ. Ингээд бодоход хөөрхөн дүү минь байгаагүй бол миний амьдрал үнэхээр уйтгартай байх байж. Ер нь л хүний амьдралд ах эгч, дүү нар л түшиг тулгуур болж, хамгийн сайн найз байж чаддаг юм байна"
- "Одоогоос арав гаруй жилийн өмнө би Хүүхдийн баярыг төрсөн өдрөөсөө ч илүү хүлээдэг байсан юм. Тавдугаар сараас эхлээд өглөө бүр сэрэхдээ "Хүүхдийн баяр болоход тэдэн хоног үлдлээ" гээд л өдөр хоног тоолон хүлээдэг байлаа. Айлын ганц охин байсан болоод ч тэр үү манай гэрийнхэн намайг эрх танхи өсгөсөн. Тиймдээ ч энэ баярыг ёстой л нэг тэмдэглэсэн шиг тэмдэглэдэг байж. Удалгүй бяцхан дүү минь төрсөн. Тэгээд л би чинь өөрийгөө их л том эгч болчихсон юм шиг санаад ээж аавдаа "Би том болчихсон юм чинь Хүүхдийн баяраар бэлэг авахгүй" гэж хэлж байснаа тодхон санадаг юм. Нэгэнт тэгээд хэлчихсэн хүн чинь тэр жилийн Хүүхдийн баяраа ч сүр болгож хүлээсэнгүй. Оронд нь шинэхэн "найз"-ыгаа л яаж баярлуулах талаар бодож суусан. Ингээд 6-р сарын 1-ний өдөр хичээлээ тараад гэртээ иртэл орон дээр минь надаас том бамбарууш намайг хүлээж байдаг байгаа. Бэлэг авахгүй гээд бат итгэчихсэн байсан надад тэр бамбарууш маш том гэнэтийн бэлэг болж чадсан даа. Би одоо тэр бамбаруушнаасаа том болчихсон ч гэлээ одоог хүртэл хадгалдаг. Хамгийн дурсамжтай бөгөөд хамгийн нандин Хүүхдийн баяр маань энэ байсан учраас..."
Сэтгүүлч Б. Хишигжаргал:
- "Тэр нэг 6-р сарын 1-ний өдөр анх удаа аавтайгаа хоёулхнаа Хүүхдийн баяраа тэмдэглэхээр явж байсан юм. Өмнө нь энэ баярыг ээж, эмээ, үеэлүүд, найзуудтайгаа гадуур явж тэмдэглэдэг байснаас биш аавтайгаа хоёулхнаа ер тэмдэглэж байсан удаагүй. Аав маань түргэний жолооч болохоор зарим тэмдэглэлт өдрүүдэд амрахгүйгээр 24 цагаар ажилладаг. Харин тэр нэгэн зун намайг 9 юм уу, 10 настай байхад амарч таарсан юм. Аавын ажлын газраас Хүүхдийн баярын үйл ажиллагаа явуулна гэдэг байгаа. Би ч бөөн баяр болоод л, ээж эмээ хоёр маань намайг хамгийн гоё дээр нь тавиад л, аавд хөтлүүлээд явуулсан. Үйл ажиллагаа нь болох газрын үүдэнд иртэл аав намайг харснаа "Өглөө нүүр гараа дутуу угаачихсан байна шүү дээ" гээд миний зүүн нүдийг арчиж гарлаа. Арчиж арчиж арга нь барагдаад "Энэ одоо яасан арилдаггүй нуух вэ?" гэснээ ойртож нэг харснаа "Өө, энэ чинь мэнгэ байсан байна шүү дээ" гэдэг юм. Бид хоёр ч тэр үед пирр хийтэл нэг сайн инээлдэж билээ. Аав нар ийм л анзааргагүй хүмүүс дээ. Аав минь ажил алба, ар гэрээ авч явах маш хариуцлагатай үүргийг хүлээдэг болохоор тэр бүрийг анзаарах завгүй л явдаг байх даа"
- "Би жоохон байхдаа Хүүхдийн баяраар зөвхөн хүүхдүүд л баярладаг гэж боддог байлаа. Жил бүрийн энэ өдөр ээж ааваас урьтаад эмээ маань надад бэлэг авч өгдөг байсан юм. Гэхдээ чихэр жимсгэнэ биш, хожим нь "Эмээ надад ийм юм бэлэглэж байсан" гээд дурсан санахаар бэлэг бэлэглэдэг байсан юм. Тэр нэг жилийн Хүүхдийн баярын өмнөх өдөр эмээгээрээ бэлгээ авахуулчихаад хөтлөлцөөд явж байтал эмээ маань гудамжинд явж байсан тэнэмэл нохойд барьж явсан амттанаа бүгдийг нь өгчихдөг байгаа. Гайхаад асуутал "Амьтны үр зулзага ч бас баярлах эрхтэй шүү дээ" гэж хэлж билээ. Хайртай эмээ минь үргэлж л амьтны үр төл, хүүхэд хоёрыг баярлуулж бай гэж захидаг байсныг одоо ч тодхон санаж байна. Одоо бодох нээ тэр хэлсэн үг нь "Амьтан ч бай, хүүхэд ч бай хүний, өөрийн гэж ялгалгүйгээр хайрла" гэсэн сургаал байсан юм шиг. Хэдийгээр би одоо насанд хүрсэн эмэгтэй хүн ч гэлээ эмээгийн бяцхан охин миний дотор байсаар л байдаг. Хүн бүрийн дотор хүүхэд нас нь оршсоор байгаа гэдэгт итгэдэг. Бас эдгээр хүүхэд насны дурсамжууд ой санамжид хадгалагдаад үлдэх биш, одоогийн биднийг бий болгож, ухааруулж байдаг байх"
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх