ЗАХИДАЛ: Тавдугаар сарын захидлын хариу №1


ССҮТөв | YOLO.MN
2020-05-05

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Өөрийгөө цаг минут тутамд бусадтай харьцуулдаг

Сайн байна уу? Энэ бараг хүн болгонд л гардаг зүйл байх. Гэхдээ цаг, минут тутамд өөрийгөө бусадтай харьцуулдаг бодол маань арилахгүй байна. Арилгаж ч чадахгүй байна. Фэйсбүүк гүйлгээд сууж байхад нэг хөөрхөн охин гараад ирдэг. Тэгээд л сэтгэлээр унадаг. Өөрийгөө хүн биш хог шавхруу мэтээр бодож, бусадтай байнга харьцуулдаг. Олон нийтийн газраар явах үнэхээр дургүй. Яг яавал өөртөө таалагдаж, бусдад атаархахгүй байх вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өсвөр насны охид төгс төгөлдөрт тэмүүлэн зантай байдаг

Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Бусадтай өөрийгөө харьцуулснаас болж чамд сэтгэл зүйн сөрөг үр дагаврууд үүсээд байгааг чи өөрөө анзаарчихсан байна. Бас ямар үед бусадтай өөрийгөө харьцуулаад байгаагаа ч мэдэж байна. Тиймээс одоо үүнийг өөрчлөх үйлдэл хийх хэрэгтэй. “Фэйсбүүк гүйлгэх” нь чамд сөргөөр нөлөөлөөд байна гэж хэлж болохоор байна. Тиймээс аль болох сошиал ертөнцөөс хол байж эсвэл ядаж чамайг өөртөө итгэлгүй болгоод байгаа хүмүүсийг дагахгүй байж чадна шүү дээ. Ямар нэг зүйлээс таагүй мэдрэмж аваад, өөртөө итгэх итгэл унаад байвал тэр зүйлээс зайгаа барих хэрэгтэй.

Нөгөө талаас өсвөр насанд бараг л бүх охид өөртөө тодорхой хэмжээнд сэтгэл хангалуун биш байдаг. Учир нь өсвөр насны охид ихэвчлэн төгс төгөлдөрт тэмүүлэх зантай буюу ямар ч өө сэв, “алдаагүй” харагдахыг хүсдэг. Нас ахиж, туршлага нэмж, харах өнцөг өөрчлөгдөх үед аажим аажмаар өөртөө таалагдаж, сүүлдээ өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрч сэтгэл ханамжтай болдог байх. Гэхдээ заавал нас ахихыг хүлээлгүй ямар ч хүн амьдарч байгаа хугацаандаа өөрийгөө хайрлаж, хүлээн зөвшөөрч, сэтгэл ханамжтай байх нь чухал. Өөртөө таалагдаж, бусдад атаархахгүй байхад тусалдаг бодлуудаас хуваалцъя:

  • Аав ээжийн минь ген миний төрхөнд 50, 50% байна гэж бодоход муухай харагдаж байсан хамрандаа хайр хүрэх шиг болдог. Аавын хамар шүү дээ – 27, эм
  • Ирээдүйд хөөрхөн болно гэж хүлээлгүй би одоо л хамгийн хөөрхнөөрөө байна гэж өсвөр насанд байхаасаа л боддог байсан, цаг өнгөрөх тусам царай бие маань хөгширөнө шүү дээ. Тэгэхээр би одоо ч хамгийн хөөрхнөөрөө л байна – 30, эм
  • Би энэ ертөнц дээр цорын ганц – 18, эм
  • Хөөрхөн байх биш эрүүл байх нь тачаангуй гэж солонгос киноноос сонссоноос хойш царай төрхөнд ач холбогдол өгөхөө больж, дасгал хийдэг болсон – 19, эм
  • Царай муутай хүн гэж байхгүй, өөрийнхөө ааш зан, нүүр болон биеийн хэлбэрт тохирсон стилээ олоогүй хүн л гэж байгаа – 25, эм

Эдгээр хүмүүсийн бодлууд чамд туслах байх гэж найдаж байна. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Яавал өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх вэ?

Сайн байна уу? Би гадаадад сурдаг. 21 настай оюутан. Би бусадтай хамт байхдаа нээлттэй, чөлөөтэй, хөгжилтэй байж бусдад урам өгдөг ч өөртөө тийм байж чаддаггүй нь сэтгэл их зовоодог юм. Их сургуульд орохын өмнө хэлний бэлтгэлд сурч байхдаа гэрийнхнээсээ хол байсан ч асуудал гарахад дотно найзуудтайгаа ярилцаад шийдчихдэг байсан. Гэвч тэр найзууд маань өөр хот руу яваад ганцаараа үлдсэнээс хойш сэтгэл санаа минь гутрангуй болчихсон юм шиг санагдах боллоо.

Мэргэжлийн ангидаа элсэн ороход шинэ орчин, шинэ хүрээллээс болоод эхэндээ цочролд орсон ч хичээгээд үзье гэсэн сэтгэлээр тэр улсынхаа хүүхдүүдтэй дотносохыг хичээсэн ч сайн зохицож чадахгүй байснаас болоод өөрийгөө доогуур үнэлж “би энэ хүүхдүүдээс муу юм байна. Яаж ч хичээсэн чадахгүй юм байна” гэж бодогдож, стресстдэг байсан. Ингээд хичээл дээрээ сайн оноо авч чадахгүй сэтгэлээр унасан ч дараа семестр нь өөр шигээ гадаад хүүхдүүдтэй хамт хичээл сонгож, нэлээн сайн оноо авч, тэтгэлэг ч авсан.

Гэвч яг 1 жилийн дараа буюу энэ оны дөрөвдүгээр сард коронавирусээс болоод гэртээ хичээлээ хийж байгаа ч өмнө жил мэдрэгдэж байсан шиг дотор давчдам гутрангуй мэдрэмж ойрдоо их мэдрэгдэх боллоо. Яг л “чи ингэж хийсэн ч тэд нарын доор орно. Угаасаа чамайг бүгд муу гэж бодож байгаа. Чи ч өөрийнхөө зиндааг мэднэ” гэх мэт бодлууд орж ирээд юу ч хийхгүй дэмий суух боллоо. Энэ trauma шиг мэдрэмжийг алга болгох, эсвэл арай өөр өнцгөөс харах гэж бясалгал, иог, дасгал зэргийг хийж байгаа ч дотоод сэтгэлийн ёроолоос байнга чангааж байгаа нь үнэхээр давчдуулж байна. Яавал өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадах вэ? Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Хичээлийг бусадтай өрсөлдөж хийх албагүй

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Хүнд хэцүү үеүдээ давж одоо гэртээ байгаа ч тэр үеэс төрсөн мэдрэмж одоо хүртэл чамайг зовоогоод байна гэж ойлголоо. Энэ бодогдоод байгаа сөрөг бодлууд чинь хэзээнээс эхэлсэн бэ? Хэн нэгэн чамайг чадахгүй гэж хэлсэн үү? Эсвэл чи өөрийгөө ингэж бодсон уу? Энэ таагүй бодлуудын цаана ямар үйл явдал болсон бэ? Боломжтой бол сэтгэл зүйчтэй биечлэн уулзахыг зөвлөж байна.

Түүнчлэн чамд нэг бодлын алдаа байх шиг байна. “Би тэд нарын дээр орохын тулд хийх ёстой” гэж бусадтай өрсөлдсөн хандлагаар хичээлдээ хандаад байна. Чи үүнийгээ өөрөө ч ухамсарлахгүй байж болох юм. Хичээлийг заавал бусадтай өрсөлдөж хийх албагүй. Бусад хүн чамайг заавал сайн гэж бодох албагүй. Чи өөрөө өөртөө л тааламжтай, сэтгэл ханамжтай байх түвшинд хичээлээ хийхэд болно шүү дээ. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Амьдраад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг...

Сайн байна уу? Би одоо 12-р ангид сурдаг. 18 настай. Би өөрийн гадаад байдалдаа үнэхээр дургүй, бас их ач холбогдол өгдөг. Энэ бүхэн миний хуучин сургуулийн ангийн хүүхдүүдийн хандлагаас болсон юм. Хуучин сургуульдаа би 1-8-р анги хүртлээ сурсан. Энэ хугацаанд миний тэр ангиас санаж байгаа зүйл гэвэл ердөө л дээрэлхэлт, гадуурхалт, шоглолт. Ердөө гэдэг нь зөвхөн тэдний бодол, харин миний хувьд тэр бүхэн энэ амьдралаас минь хэзээ ч арилгаж чадахгүй зүйл болон үлдсэн юм. Шууд хэлдэггүй байсан ч өдөр тутмын үйл явцдаа дараах зүйлсийг маш сайн санадаг:

  • Яана аа, миний гутал ...-ийнх шиг халтар болох гэж байна шдээ
  • Би сая ...-д надтай үерхээч гээд гуйсан чинь итгээд бараг зөвшөөрөх гэж байлаа тэгэх үү?
  • Ийм царайтайн байж сонин ааштай
  • Миний хамгийн дургүй хүн бол ...

Тэр ангиас үүнээс өөр юу ч санадаггүй. Би уг нь тэр ангидаа хичээлдээ сайн хүүхдүүдийн тоонд ордог байсан. Гэхдээ хэдий хичээлдээ сайн байгаад ч царай муутай, халтар охин бол юу гэж? хэн ч биш. Тэрний оронд хөөрхөн, гоё хувцас өмсдөг, муу сурдаг охин нь дээр.

Мартсанаас тэр сургуульд сурдаг байхдаа 2-р ангид ангийнхаа багшид алгадуулж байсан. Яагаад гэвэл тэр үед миний хажууд ангийн хамгийн далчигнуур, хагас мэдрэл (доромжилж хэлээгүй болно) бандийг суулгадаг байсан юм. Бусад охид, тэр байтугай хөвгүүд хүртэл түүнтэй суухыг хүсээгүй болохоор миний хажууд суулгасан. Тэр өдөр тэр банди намайг хичээл хийлгэхгүй, галзуу юм шиг пиналаараа миний толгой руу цохиод л байсан. Тэгэхээр нь би болиулах гээд гарыг нь буулгатал гартаа барьж байсан үзгээрээ хацрыг нь урчихсан байсан. Гэхдээ гүн биш, арьс сөрдөг шиг л урагдсан байсан. Бас 5мм урттай л байсан байх. Тэгээд би айгаад байж байтал нөгөө хүүхэд багшид “... миний нүүрийг урчихлаа” гээд хэлчихсэн. Багш ирээд яасныг нь асуухад ард сууж байсан 2 хүүхэд “багшаа наад банди чинь яагаа ч үгүй шүү дээ” гээд тэр бандийг өмөөрсөн. Одоо ч тэр хоёр хүүхэд хэн байсныг нь сайн санаж байна. Тэгээд л багш намайг шууд алгадчихсан. Үнэхээр аймшигтай. 2-р ангид л байсан шүү дээ. Тийм жаахан охиныг...

Түүнээс хойш би нүүрээ будаж, давхраа наадаг болсон. Дөнгөж 8-р ангиасаа эхлээд шүү дээ. Гэхдээ их үр дүнтэй байсан. Надад нэг банди сайн гээд 2, 3 жил болж байна. Заримдаа бусад хүүхдүүд намайг хөөрхөн юм аа ч гэж хэлдэг. Гэхдээ надад тэр бандийн сэтгэл, тэр хүүхдүүдийн үг үнэн санагддаггүй. Зүгээр л хоосон санагддаг. Би үерхэл, хайр мэтийн зүйлийг худлаа гэж боддог болохоор манай найзууд хүнтэй үерхдэг ч надад тэр нь гоё санагддаггүй. Бүгд нэг нэгнийхээ гадаад төрхөнд л болж байгаа биз дээ? Надад сайн гээд байгаа банди ч үнэн хэрэгтээ намайг нүүрээ буддаггүй байсан бол сайн болохгүй л байсан. Тодорхой. Угаасаа би тэрэнтэй юм ярьж ч үзээгүй шүү дээ.

Миний хамгийн гол асуудал нь тэр бүх дурсамж, сэтгэл хөдлөл зэрэг нь одоо хүртэл миний дотор байсаар байгаад л байна. Би будаггүй царайгаа толинд харах болгондоо “Ямар муухай царайтай юм бэ?” гэж бодож өөрийнхөө царайг үзэн яддаг. Зөвхөн царай ч биш, гар, хөл хүзүү гээд бүгдэд нь дургүй. Гэхдээ жоохон ч гэсэн хөөрхөн болж уу гээд өдөрт хэдэн удаа толины өмнө эргэлддэг.

Манай угаалгын өрөөнд арьс арчилгааны бүтээгдэхүүн, нүүрний будаг их байдаг. Ээж минь нүүрээ буддаггүй л дээ. Бүгд минийх. Би Фэйсбүүк үзэж байхдаа гоо сайхны бүтээгдэхүүн гараад ирэхэд “энийг ч хэрэглэвэл хөөрхөн болчих юм уу, тэрийг ч хэрэглэвэл хөөрхөн болчих юм уу” гэж бодоод л авчихдаг. Гэтэл одоо бүр миний дургүй царайн дээр минь нэмээд баахан батга, батганы сорив үлдчихсэн. Өөрийгөө улам л үзэн ядсаар. Ийм учраас хажуу байрны дэлгүүр рүү явахдаа хүртэл нүүрээ буддаг. Үүнийг ээж аав маань алцганаж байна гэж боддог. Ээж маань “Дэлгүүр орох гэж л нүүрээ будаад байгаа юм уу. Энэ чинь мэдрэл муутай юм биш үү” гэж хүртэл хэлж байсан.

Яг үнэндээ миний ийм болсон шалтгаануудын нэг нь төрсөн ах минь. Ах бид хоёр багаасаа л тусдаа амьдардаг байсан. Ах маань эмээ өвөө дээр, би ээж аав дээрээ. Багадаа өвөө эмээгийнд очоод ахтай цуг тэр хавиар явахаар ах маань “Надаас хол яваарай. Би чамайг танихгүй шүү” гэж хэлдэг байсан. Нэг удаа найзтай нь гурвуулаа ээжийн ажил руу явж байхад “Энэ манай хамаатны дүү байгаа юм өө” гэж хэлж ч байсан. Би жоохон хүүхэд байсан шүү дээ. Гэтэл би яагаад бага насныхаа дурсамж гэхээр л иймэрхүү юм санаж байх ёстой юм бэ?

Аав ээж маань ажилдаа явахдаа намайг гэрт түгжээд явдаг байсан болохоор би өдөржингөө гэртээ ганцаараа байдаг, хүүхдүүдтэй тоглож ч мэддэггүй байсан. Тийм надад цугтаа байдаггүй ч дотроо байнга бодож, санаж явдаг ганц найз минь ах маань байсан шүү дээ. Миний амьдралын ганц бахархал, бас найдлага байсан. Гэтэл яагаад дүүгээ бусадтай танилцуулахаас ичээд байгаа юм бэ? Би хувцсаа ч өөрөө угааж чадахгүй жоохон хүүхэд байсан. Тийм хүүхэд хүмүүст халтар, царай муутай гэж дуудуулаад юу хийж чадна гэж? Оронд нь манай ах өөрөө тэрийг нь засаж өгөх ёстой байсан биз дээ?

Одоо би нүүр царай, биеэ үзэн яддаг ч ядаж л өөрийн чадлаар засаж чадна. 9-р ангид манай ангийн 2 охин давхраа оёулаад хөөрхөн болчихоор нь би ээжид “давхраа оёулаад өг” гэтэл “алцганаад бай! тэрийгээ тэр оюутан эсвэл ажилд ороод л болдог юм байгаа биз” гэсэн. Харин одоо би оюутан болох гэж байна, яаж ийж байгаад ажил хийгээд давхраа оёулах л байх. Гэхдээ тэгсэн ч хоосон хэвээрээ л байх байх. Энэ бүхий л амьдралын минь турш үргэлжилнэ байх. Гудмаар явахдаа, автобусан дотор, сургууль дээр, дэлгүүрт хүртэл хүмүүсийн царайг өөрийнхтэйгөө харьцуулсаар байдаг. Бүүр модель, жүжигчин хүмүүсийг хүртэл. Одоо бодогдож байгаа зүйл гэвэл бага нас минь тийм байсан юмаа гэхэд ядаж нэг ч болтугай аз жаргалтай тоглож наадаж байгаа дурсамж орж ирэхгүй байгаа нь үнэхээр өрөвдөлтэй юм. Амьдраад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг...

ЗӨВЛӨГӨӨ: Уучлахыг хичээвэл чамд тустай

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Захиаг чинь унших үед чамд ихээхэн таагүй зүйлүүд тохиолдсон юм байна гэж ойлголоо. Ялангуяа хүүхэд насаа жаргалтай өнгөрөөх ёстой байтал яагаад ийм гунигтай өнгөрсөн юм бэ гэж бодогдож шударга бус санагдаж байгаа бололтой. Чамд өгөх дөрвөн гол зөвлөмж байна.

1. ЦАРАЙ ТӨРХӨНД ХЭТ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХ НЬ БУРУУ

Бидний өөртөө сэтгэл ханамжгүй байдал юунаас хамаардаг вэ? Бусад хүмүүсийн таагүй үйлдэл, үгнээс гадна ихэнхдээ бид өөрсдөө хэтрүүлэн боддогоос хамааралтай байдаг. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд үүнийг “Spotlight effect” гэдэг. Хүн өөрийнхөө нэг эвгүй зүйлийг олж хараад бусад хүмүүс анзаарчихвал яана? гэдгээс санаа зовж тухайн зүйлдээ хэт их анхаарал өгдөг. Хүмүүсийн өмнө тайзан дээр гарахад хүн бүр өөр рүү чинь анхаарал хандуулж байгаа мэт мэдрэмж гэсэн үг. Энэхүү эффект нь бидний амьдралд түгээмэл тохиолддог. Жишээ нь та цамцаа угаагаагүй гарчихлаа. Цамцан дээр чинь үл ялиг толботой байя гэж бодъё. Та угаагаагүй, толботой цамцаа хараад тухгүй таагүй мэдрэмж авна. Тэгээд та бодож эхэлнэ. Хүмүүс анзаарвал яана? Намайг бохир заваан, арчаагүй гэж бодох байх даа гэх мэт. Тантай зөрсөн хүн бүр таныг харж байгаа юм шиг л хуурмаг мэдрэмж төрнө. Яг үнэндээ хүн бүр таныг анзаарч хараагүй байдаг. Бид өөр өөрсдийнхөө тав тухгүй байдлыг өөрсдөө бий болгосон байдаг. Яг одоо чи царай төрхөнд хэвийн байх ёстой хэмжээнээс хэтэрсэн их ач холбогдол өгөөд байна. Ямарваа зүйл хэтрэхээрээ үргэлж сөрөг үр дагавар авчирдаг. Хэрвээ чи өөртөө хөөрхөн байх ёстой гэсэн шаардлага тавьбал нэг мэдэхэд бусдыг ч царай төрхөөр нь үнэлдэг болох эрсдэлтэй. Тиймээс одооноос анхаарч, бага багаар нүүрээ будахгүйгээр дэлгүүр орж сураарай. Хүмүүс царай төрхөнд чинь биш зан аашинд чинь илүү ач холбогдол өгдөг юм шүү.

2. ХЭТ ЕРӨНХИЙЛӨН ДҮГНЭХГҮЙ БАЙХ

Хүн бүр чамд таагүй ханддаг уу? Эсвэл чи хэт ерөнхийлөн дүгнээд байна уу? Чиний бүхий л амьдрал тэр чигтэй таагүй, хүн бүр чамайг шүүмжилдэггүй болов уу. Хэсэг хүмүүсийн чамд өгсөн таагүй мэдрэмжээс болж өөрийн бүхий л амьдралыг тийм байсан гэж яарч битгий бодоорой. Сөрөг бодол яг гинжин холбоо шиг. Нэг сөрөг бодлын араас дараа дараагийн сөрөг бодол гарч ирээд л байдаг. Тиймээс сөрөг бодолд анхаарлаа хандуулахаас гадна эерэг бодолд анхаарах гэж хичээе. Цаасан дээр амьдралдаа тохиолдож байсан сайхан зүйлсийг бичээрэй. Чадах чинээгээрээ ихийг бичихийг оролдоорой.

3. ӨНГӨРСӨНД БИШ ИРЭЭДҮЙД ТӨВЛӨРЬЕ

Өнгөрсөнд болсон үйл явдлыг бид өөрчилж чадахгүй. Өнгөрснийг хэт их бодож хямрах нь ямар ч асуудлын шийд болохгүй. Бид өнгөрснөө бодож өөртөө дүгнэлт хийх нь зөв ч өөрийгөө өрөвдөөд, гуниглаад эхэлбэл “хэтрээд” эхэллээ гэсэн үг.

4. БУСДАД ИТГЭЖ ТУСЛАМЖ ХҮСЬЕ

Гэр бүлийнхэндээ өөрт тулгараад байгаа мэдрэмжийг хэлж байгаарай. Чамайг гэж байгаа хүмүүсийг “худлаа” байх гэж бодоод битгий түлхээрэй. Хэн нэгнээс анхаарал халамж авч сураагүй тохиолдолд гайхшраад тэднээс зугтах гээд байдаг. Зугтах хэрэггүй болов уу. Мөн тэр үед ах чинь ч гэсэн хүүхэд байсан шүү дээ. Ангийнхан чинь ч гэсэн хүүхдүүд байсан. Хүүхдүүд алдаа гаргаж л байдаг гэж бодоод тэднийг сэтгэлдээ уучлахыг хичээвэл чамд өөрт тустай. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Би хэзээ ч үерхэж үзээгүй

Сайн байна уу? Би 18 настай. Төгсөх ангийн сурагч. Ойрын үед миний санааг ЭЕШ гэхээсээ илүү байгаа байдал маань зовоох болсон. Миний эргэн тойрны бүх найзууд хүнтэй үерхдэг. Харин би хэзээ ч үерхэж үзээгүй. Хүнтэй үерхдэг эргэн тойрныхоо хүүхдүүдийг хараад атаархаад байх шиг... Найзууд маань хүртэл “чи яагаад үерхдэггүй юм бэ” гээд шоолдог. “Би яагаад үерхдэггүй юм бол? Надад ямар нэгэн асуудал байгаа юм байх даа” гэж бодогддог.

Би нийтэч ч хөвгүүдтэй харьцдаггүй. Угаасаа харьцаж найзлах хөвгүүд байхгүй. Зүгээр л би өөрөө хэчнээн үерхэх гэсэн ч хэн ч надтай үерхэхийг хүсдэггүй, надтай харьцахгүй зугтаадаг. Саяхан 1 жилийн турш автобусанд тааралдаж, харж явдаг байсан хүнийхээ цахим хаягийг нь олоод чат бичиж үзсэн ч хариу бичээгүй. Би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Тэр хүнд хариу бичихгүй байх сонголт бий

Өдрийн мэнд захиа илгээсэнд баярлалаа. Бид бусад хүмүүсийн амьдралыг ажиглаад өөрсдийн амьдралтай харьцуулах гээд байдаг. Өөрийн чинь амьдралд байхгүй зүйл бусдад байвал тэр зүйл дээр илүү их ач холбогдол өгөх гээд байдаг. Бусад хүмүүс үерхлээ гээд чи заавал үерхэх ёстой гэсэн үг биш. Эрүүл, зөв үерхлээр цааш үерхэх боломжтой хүн гарч ирсэн бол аль хэдийн үерхчих байсан шүү дээ. Ялангуяа хайр сэтгэл, үерхлийн асуудлыг бид хүслээрээ эхлүүлж, дуусгахад хэцүү байдаг. Тиймээс цаг нь болоогүй байна л гэж бодоорой.

Мөн тэр хүн рүү чат бичсэн гээд өөрийгөө битгий зэмлээрэй. Чи өөрөөсөө гарах боломжтой үйлдлийг л хийсэн байна шүү дээ. Өөрт чинь чат бичих сонголт байгаатай адил нөгөө талд хариу бичихгүй байх сонголт байгаа гэдгийг ойлгоорой. Хүн бүрд амьдралдаа хэнийг байлгах, байлгахгүй вэ? гэсэн сонголт байдаг. Энэ харилцааны зарчмыг ойлговол цааш гарах харилцааны асуудлыг шийдэхэд амар болдог. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter