Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан видео стрийминг үйлчилгээний Netflix дээрх хоолны шилдэг нэвтрүүлгүүдийг хүргэж байна.
CHEF'S TABLE
"Netflix Originals" ангилалд багтах "Chef's Table" цуврал нэвтрүүлэг нь дэлхийн шилдэг ахлах тогоочдын талаар өгүүлдэг.
Зургаан бүлэг бүхий уг цувралын анги бүрд өөр өөр ахлах тогоочдыг онцлох бөгөөд тэдний бага нас, хоолны арга барил болон амжилтын түүх зэргийг нь харуулдаг. Та энэхүү цувралаас арааны шүлс асгаруулам дүр зургуудтай их олон удаа тааралдах тул бэлтгэлтэй байгаарай.
STREET FOOD
"Chef's Table" цувралтай харьцуулахад "Street Food" цувралын анги бүрд нэгэн ахлах тогоочийг бус нэгэн улсыг онцолдог. Дэлхийд гудамжны хоолоороо хамгийн алдартай хоёр тивийг "Street food: Asia", "Street food: Latin America" гэх хоёр бүлгээрээ онцлон харуулсан.
Мөн онцолж буй хоол бүрийг хангалттай хугацаанд харуулж тайлбарладаг учир олноо танигдсан чадварлаг тогоочдын арга барилыг сайтар харж аваад гэртээ дагаж хийж болох юм.
THE FINAL TABLE
Ихэнх хоолны нэвтрүүлгүүдэд сонирхогчийн түвшний тогоочид ахлах тогоочдоо загнуулахын зэрэгцээ цагтаа амжин "рестораны" түвшний хоол хийх гэж хичээж буй талаар харуулдаг.
Харин энэхүү цувралын хувьд дэлхийд аль хэдийнэ нэрээ цуурайтуулсан тогооч нар хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр нийт 12 баг болж хоорондоо өрсөлдөнө. Шат ахих бүрд өөр өөр улсын, янз бүрийн хоол хийх шаардлагатай тулгардаг тул ёстой л тогоочдын мэргэжлийн ур чадварыг нь шалгасан нэвтрүүлэг гэж хэлж болно. Уг нэвтрүүлгийг үзээд хийж буй хоолыг нь дагаж хийх гэхээсээ илүүтэйгээр мэргэжлийн тогоочид хэрхэн ажилладаг вэ гэдгийг харж бишрэх нь зүйтэй байх.
Өөр өөрийн гэсэн онцлогтой, ур чадвараа бусдад аль хэдийнэ таниулаад амжсан тогооч нар хоорондоо хамтран ажиллаж чадах болов уу?
SALT FAT ACID HEAT
АНУ-ын алдарт тогооч Samin Nosrat өөрийн ижил нэрт хоолны номноосоо сэдэвлэн бүтээсэн "Salt Fat Acid Heat" цуврал нэвтрүүлэгтээ давс, тос, исэллэг, гал зэргийг хэрхэн тохируулж амттай хоол хийх талаар харуулдаг.
4 ангиас бүрдэх уг цувралын анги болгонд дээрх 4 элементийг онцолж, тухайн элементийг хоол хүнсэнд ашиглах чадвараараа дэлхийд алдаршсан улсуудад зочилж буй талаар харуулдаг. Өөрөөр хэлбэл:
1. Өөх төс - Оливийн тос, бяслаг, махны талаар өгүүлэх 1-р ангид Итали улсад;
2. Давс - Цуу, мисо шөлний талаар өгүүлэх 2-р ангид Японд улсад;
3. Исгэлэн - Исгэлэн бүтээгдэхүүний талаар өгүүлэх 3-р ангид Мексик улсад;
4. Гал - Хоолыг болгох галын талаар өгүүлэх 4-р ангид тэрээр АНУ-ын Калифорни мужийн Беркэли хотын "Chez Panisse" буюу өөрийнхөө хамгийн анх ажиллаж байсан ресторандаа зочилдог.
Ерөнхийдөө та хоол гэх ертөнцтэй танилцаад удаагүй, аль эсвэл хоолны талаарх мэдлэгээ улам гүнзгийрүүлмээр байгаа бол энэ цувралыг заавал үзээрэй.
UGLY DELICIOUS
"Ugly Delicious" нь мөн л "Netflix Originals" ангилалд хамаарах бөгөөд аялал, хоол, түүх гэсэн сэдвүүдийг хослуулсан гайхалтай нэвтрүүлэг юм. Цувралын анги бүрд нэг хоолыг онцлох бөгөөд тухайн хоол хаанаас үүсэлтэй бөгөөд улс бүрд хэрхэн хийгддэг талаар харуулна
Та энэхүү цувралаас пицца, тако, BBQ, шарсан тахиа, амталсан будаа, карри зэрэг хоолнуудыг улсууд хэрхэн өөр өөрсдийн аргаар хийдэг вэ гэдгийг харах боломжтой. Мөн тухайн хоолыг аль таалагдсан улсынхаа жороор гэртээ хийгээд үзэх боломжтой юм шүү.
FLAVORFUL ORIGINS
Анги бүр нь 12 минутын турш үргэлжлэх "Flavorful Origins" цувралаас та хятад үндэсний хоолнуудыг төгс зураглалтайгаар үзэх боломжтой. Ерөнхийдөө үзээд дагаж хийх гэхээсээ илүүтэйгээр тухайн хоолны үүх түүх, жор болоод бусад мэдээллүүдийг нь авах нь зүйтэй.
Та эдгээр нэвтрүүлгүүдийг үзэж дууссаны дараа хоол гэдэг нь зөвхөн цадахын тулд хийж иддэг зүйл биш гэдгийг ухаарах болно. Ингээд тухлан сууж, таалан соёрхоно уу.
Эх сурвалж: Insider
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх