ХӨРӨГ: Олон мэргэжилтэй хүн


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-04-13

Арван найман настай, урт хар гэзэгтэй, нас биед хүрсэн өндөр бор охиныг үүрч яваа хөгшин эр бол Батсүх. Түүнийг нутгийнхан нь Будгаа гэж авгайлна. Тэрээр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн хөдөөний бор хүү ч гэлээ ээжийнхээ гараас хөтөлж нутгаасаа гарснаас хойш 39 хавар, 39 намар, 39 өвөл, 39 зуныг үзжээ. Энэ хүн бол миний аав. Хөгшин аавдаа үүрүүлж яваа дэндийсэн том охин нь харин би. Яруу найрагч Ц.Хулан: 

“Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хэчнээн мэргэжил сольдог юм бэ?” гэж шүлэглэсэн байдаг. Аав минь яг л үүн шиг олон мэргэжил сольсон хүн. Эгчийг минь төрөхөд тэрээр шаазангийн үйлдвэрт хятадын будаатай шаазанг хол хаяхаар гоё сайхан шаазан аяга, ваар хийдэг байсан гэсэн. Эгчийг минь том болоход тэрээр мужаан болсон гэдэг. Модоор төрөл бүрийн эд хогшил хийж, тавилга, модон эдлэлүүдийн эвдрэлийг сэргээн засварладаг байж. Харин намайг төрөхөд тэр өмд эсгэж суусан юм. Нарантуул зах дээр өглөөнөөс үдэш болтол өмдөө зарж ирээд орой нь өмд эсгэн, оёж, дараа нь түүнийгээ индүүддэг байсан болохоор шөнөжин цахилгаан оёдлын машины тачигнах дуунд бүүвэйлэгдэн унтдаг байлаа.

Хоёрын хоёр охинтой болсон тэрээр айлын зэрэгтэй айл явахын тулд түм түжигнэж бум бужигнасан “Эрээн хот”-ыг зориод буцаж ирэхдээ “гахай” дүүрэн бараатай ирдэг болсон. Гэвч хүн л болсон хойно тэр алдсан. Гэхдээ том алдсан. “Эрээн хот”-оос бараа татах ажил нь амжилттай байсан болохоор ч тэр үү мөнгө хүүлэгчээс мөнгө зээлэн явсаар нэг л өдөр удахгүй ирнэ гэж найдсан амжилт нь замхран одсон. Том охиноо их дээд сургуульд сургахын тулд гэр бүлийнхээ цорын ганц өмч болсон хашаа байшингаа барьцаалан зээл авч эцэст нь байрны барьцаанд хураалган гэр оронгүй хүн болж хувирсан юм. Эхнэр, хоёр хүүхдээ дагуулан айлын хажуу өрөөнд амьдран хөөгдөж туугдаж, нийтийн байр, түрээсийн байр хэсэж амьдарсаар 10 жил өнгөрч 10 өөр газар амьдарчээ.

Аавыг минь хүмүүс их хөгжилтэй хүн гэж ярьцгаадаг. Наймаа панз хийдэг байсан болохоор ч тэр үү хэнтэй ч арга эвийг нь олоод харьцчихдаг. Ярьсан л бол заавал инээлгэдэг марзан хүн. Энэ чанараа ашиглан шинэ ажилд орж харуул болсон юм. Жил болгон түрээсийн байр хэсэж амьдарсаар дунд ангид ороход наймаачин аав минь харуул болж, харуулаасаа машины будаг, замасктай ноцолддог засварчин болсон байлаа.

Тээр жил дунд ангид байхдаа архины халуунд согтож хөлчүүрхсэн аавыгаа тосохоор усан борооноор шүхэр барин Улаанхуарангаас Шар хад руу алхаж яваад аавтайгаа таарсан юм. Өнөө л хөгжилтэй зангаараа маасайтал инээн гутлыг минь норгохгүй гэсэндээ намайг сэв хийтэл өргөн үүрч гэрийн зүг явахдаа “Аавдаа үүрүүлэх сайхаан. Харин аав нь аавдаа үүрүүлж үзээгүй ээ” гэж хоолой зангируулан хэлж билээ. Тухайн үед хацрыг нь даган урсах шингэн зүйл нулимс байсан уу бороо байсан уу гэдгийг үл мэднэ. Гэхдээ тэгэхэд л би үргэлж инээж явдаг энэ хүн ч бас уйлдаг юм байна шүү дээ гэж бодож билээ. Хүнд тэгж бодогдтол, зүрхэнд хайр гэрэлттэл сайхан инээдэг хүн дээ.

Одоо тэрээр 11 дэх түрээсийн байр руугаа нүүж явна. Хайрцагтай зүйлсээ зөөж яваад хөл дээрээ алдан хөлөө гэмтээсэн арван найман настай охиноо үүрээд явна. Одоо түүнийг харвал үс нь цайж хяруу унасан, ослын улмаас нэг нүдээ алдсан хөгшин л байна. Гэхдээ охиноо үүрэх чадалтай хэвээр...

#Хөрөг зураглал