“ИРГЭН ТӨСӨЛ”-ийн үндэсний шалгаруулалтыг ЦАХИМААР зохион байгуулна


YOLO.mn | YOLO.MN
2021-05-20

Иргэний Боловсролын Төв нь Монгол улсад 1996 оноос эхлэн “Иргэн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд 16,000 гаруй багш, сурагчдыг уг төсөлд хамруулаад байна. Харин 2020-2021 оны хичээлийн жилд 70 сургууль дээр энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. 

Энэ сарын 7-ноос 13-ны өдрүүдэд төслийн шалгаруулалтад Улаанбаатар хот болон 10 аймгаас нийт 54 сургуулийн баг оролцсоноос үндэсний шалгаруулалтад оролцох багууд тодорсон байна.  

Төслийн орон нутгийн шалгаруулалтад оролцсон багууд сурч буй сургууль болон амьдарч буй орон нутгийнхаа түвшинд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг тодорхойлон, түүнийгээ нотолгоо баримтад тулгуурлан шийдвэрлэх арга замыг тусгасан бүрэн хэмжээний төсөл бэлтгэн танилцууллаа. 

Энэ жилийн хувьд цар тахлын онцгой нөхцөл байдалд шилжсэн учир олон багууд цахим сургалтын чанар, хүртээмж, орчин, тоног төхөөрөмжийн хүрэлцээтэй холбоотой асуудлыг сонгон авчээ. Мөн цөөнгүй багууд орон нутгийн хог хаягдлын менежменттэй холбоотой асуудлыг сонгосон байлаа. 

Сонирхолтой нь зарим багууд өсвөр насныхны сэтгэлзүйн асуудалд эерэг өөрчлөлтийг бий болгохын тулд сургуульдаа сэтгэлзүйчтэй болох, сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээнд технологийн шийдлийг ашиглах хувилбаруудыг санал болгож байв. Үүнээс бид сурагчдын аливаа асуудлыг олж харах өнцөг өөрчлөгдөж буйг харж болох юм. 

Ийнхүү тэд өөрсдийн хийсэн судалгаа шинжилгээн дээр үндэслэн асуудлыг шийдвэрлэх олон төрлийн шийдлийг боловсруулж, түүнийгээ сургууль болон орон нутгийнхаа удирдлагуудад танилцуулж, заримыг нь сургуулийнхаа хэмжээнд хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрсэн байна. 

Ийнхүү орон нутгийн шалгаруулалтын Баянхонгор аймаг, Дорнод аймаг, Холимог баг, Төвийн бүс тус бүрээс эхний гурван байр эзэлсэн багууд /нийт 12 баг/ үндэсний шалгаруулалтад оролцох эрхээ авч бэлтгэлээ хангаж байна. Үүнд:

- Баянхонгор аймгийн Өлзийт сумын Тэмүүлэл клуб
- Номундалай сургуулийн баг
- Баянлиг сумын ЕБС-ийн баг

- Дорнод аймгийн 2-р сургууль
- 12-р  сургууль
- 11-р сургууль “Иргэн төсөл” клуб

- Төв аймгийн Баяндэлгэр сумын “Мөрөөдөл” баг
- Ховд аймгийн 6-р сургуулийн “I-Gen” баг
- Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн “Иргэн төсөл” клуб

- Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Минжийн хангай-3 баг
- Улаанбаатар хотын БГД-ийн  73-р сургууль
- Орхон аймгийн Эрдэнэт хотын 4-р сургуулийн баг байна.

“Иргэн төсөл”-ийн үндэсний шалгаруулалт 2021 оны тавдугаар сарын 22-ны өдөр цахимаар зохион байгуулагдана. Энэхүү шалгаруулалтад оролцохоор бэлдэж байгаа багууддаа амжилт хүсье!


АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр World Learning, Иргэний Боловсролын Төв хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд Ардчилалд хувь нэмрээ оруулна” (LEAD Mongolia) хөтөлбөрийн 3-р бүрэлдэхүүн хэсгийн зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Иргэн төсөл”

#Мэдээ #Үйл явдал #Иргэн төсөл #Шалгаруулалт