Залуучуудын хөгжлийн сарын нээлт боллоо


Сондор | YOLO.MN
2016-08-16

Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд Залуучуудын Хөгжлийн Сарын нээлт олон нийтэд зориулсан үйл ажиллагаа өчигдөр буюу  наймдугаар сарын 15-ны өдөр боллоо.  Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн Амын Сангийн хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд  гурав дах жилдээ зохион байгуулагдаж байна.

Жил бүрийн наймдугаар сарын 12-нд Олон Улсын Залуучуудын Өдөр, 8 дугаар сарын 25-нд Монголын залуучуудын өдөр тохиодог.  Эдгээр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын асуудалд хандуулах боломж хэмээн үзэж  2014 оноос эхлэн 8, 9 сарыг Залуучуудын Хөгжлийн Сар хэмээн зарлан тэмдэглэх болсон байна.

Нээлтийн арга хэмжээнд нийт 15 залуучуудын байгууллага, 100 гаруй залуучууд өөрсдийн үйл ажиллагаа болон Залуучуудын хөгжлийн сарын аяны үеэр зохион байгуулах арга хэмжээгээ олон нийтэд танилцуулав.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амарч зугаалж яваа хүүхэд, залуучууд арга хэмжээг ихэд сонирхон үзэж танилцсан бөгөөд олон залуучууд сайн дурын ажлыг сонирхон бүртгүүлж байгаа нь үнэхээр сайшаалтай байлаа. Монголын залуучуудын Эвсэл,  “Сайн дурын шийдэл Монголд” ТББ, Түгээмэл хөгжил Төв, “Итгэл найдвар боломж ” марафоны зохион байгуулагчид гээд олон байгууллага сайн дурын залуучуудыг бүртгэн авч байв. Залуучууд сайн дурын ажил хийх нь өөрсдийгөө хөгжүүлэх боломж гэж үздэг болжээ.

Өчигдөр орой болсон нээлтийн арга хэмжээнд улсын филармоны дуучин Б. Солонго, “Яг түүн шиг” шоуны Ялагч дуучин П.Баярцэнгэл нар урилгаар оролцон залуучуудтайгаа хамт байгаагаа илэрхийлэн хамтдаа дуулж бүжиглэлээ.  Ёдолчин Баярцэнгэлтэй залуучууд хамтдаа зургаа авахуулж сэлфидэж, оройг хамтдаа хөгжилтэй өнгөрүүллээ.





























2016 оны есдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх  Залуучуудын хөгжлийн сарын аян “Залуучууд тогтвортой хөгжлийг авчирна”, “Залуучуудын хөгжлийг дэмжсэн бодлого, төсвийн хуваарилалтыг бий болгоё”  уриан доор эхэлж байна. Энэ хугацаанд жил бүр уламжлал болгон зохиодог Залуучуудын солилцооны хөтөлбөр, Залуучуудын Иргэний нийгмийн (хоёрдугаар) чуулган, Orange sessions, “Улаанбаатар шөл” хөрөнгө босгох арга хэмжээ,  Демокрейзи Карнавал,  Social Good Summit, Шинэ Оюутан эрүүл мэндийн өдөрлөг, ”Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурал,  “Сайн дурын үйл ажиллагаа-Залуучуудын хөгжил” өдөрлөг,  “Хоггүй байгаль” гэрэл зургийн уралдаан  зэрэг олон арга хэмжээг НҮБ, иргэний нийгмийн болон  залуучуудын байгууллагууд зохион байгуулна.

Залуучуудын Хөгжлийн Сарын аяны дэмжигчээр  НҮБ-ын Хүн Амын Сан, мэдээллийн спонсороор  Монгол Контент ХХК-ы GoGo.mn, YOLO.mn, ерөнхий зохион байгуулагчаар Иргэний Боловсролын Төв ажиллаж байгаа билээ.

 

#world #teenagers #freetime #youthday