Бид /бичийг эс тооцвол/ өөрийн мэдэлгүй нүүрэндээ гараа хүргэдэг цорын ганц байгалийн төрөл зүйл ажээ. Харин энэ нь вирусийг, тэр дундаа Covid-19-ийг тараах шалтгаануудын нэг болж байна.
Тэгвэл бид яагаад байнга нүүрэндээ хүрдэг вэ? Өөрийн мэдэлгүй хийдэг энэ зуршлаа хаяж чадах уу?
СУДАЛГАА: ЦАГТ 23 УДАА НҮҮРЭНДЭЭ ХҮРЧЭЭ
2015 онд Австралид анагаахын чиглэлээр суралцдаг оюутнуудыг судалгаанд оролцуулжээ. Анагаахын сургуулийн оюутнууд нүүрэндээ хүрэх ямар эрсдэлтэйг сайн мэддэг хэдий ч цагт доод тал нь 23 удаа хамар, амандаа хүрч, нүдээ нухсан байна. Судалгаанаас үзэхэд ажлын гараагаа дөнгөж эхэлж буй эмч нар хүртэл нүүрэндээ хүрдэг зуршлаа больж чадаагүй байжээ.
Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон мэргэжлийн бусад байгууллагуудаас нүүрэндээ хүрэх нь эрүүл мэндэд эрсдэлтэй болохыг анхааруулсаар байгаа юм.
БИД ЯАГААД ЦАГ ҮРГЭЛЖ НҮҮРЭНДЭЭ ХҮРДЭГ ВЭ?
Хүмүүс болон мичнүүд нүүрэндээ олон шалтгаанаар хүрдэг байна.
Беркли дэх Калифорнийн их сургуулийн сэтгэл судлалын ухааны профессор Дачер Келтнерийн хэлснээр нүүрэндээ хүрэх нь зарим талаараа тайвшруулах нөлөө үзүүлдэг байна. Заримдаа энэ нь далд ухамсраар хийдэг үйлдэл аж.
Бусад мэргэжилтнүүд нүүрэндээ хүрэх нь сэтгэл хөдлөлөө удирдах эсвэл анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг хэмээн үзэж байна. Лейпцигийн их сургуулийн сэтгэл судлалын ухааны профессор Мартин Грюнвальд “Нүүрэндээ хүрэх нь ямар нэг мэдээлэл түгээх гэсэн үйлдэл бус ихэвчлэн далд ухамсраар хийдэг зүйл” хэмээн ярьжээ.
НҮҮРЭНДЭЭ ХҮРЭХЭЭС АМНЫ ХААЛТ СЭРГИЙЛЖ БАЙНА
Нүд, ам, хамар нь бидний бие махбод руу бохир орох гол гарц болж байдаг. Жишээ нь, Covid-19 нь хүнээс хүнд агаар дуслын замаар халддаг боловч вирус наалдсан гадаргуу болон эд зүйлд гараараа хүрснээр бидэнд халдварлах боломжтой.
Мэргэжилтнүүд шинэ коронавирусийг судалж дуусаагүй ч энэ төрлийн вирус эд зүйл дээр ес хүртэл хоног амьдрах чадвартай гэдгийг тогтоогоод байна. Удаан амьдрах чадвартай ийм вирусийн тархалттай үед нүүрэндээ хүрэх нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.
2012 онд АНУ болон Бразилийн эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар хүмүүс олон нийтийн газар явахдаа цагийн дотор гурваас дээш гадаргуунд хүрдэг гэсэн судалгааны дүн гаргажээ. Тэр чинээгээрээ ам эсвэл хамартаа хүрсэн байна.
Энэ нь Австралийн оюутнуудын дунд хийсэн судалгаатай харьцуулахад бага тоо хэдий ч магадгүй оюутнууд гадагш гаралгүй зөвхөн хичээлдээ анхаараад, нэг газраа удаан сууж байсантай холбоотой гэж үзжээ.
Анагаахын салбарын зарим мэргэжилтнүүд амны хаалт нь вирусийг шүүхээс илүүтэй нүүрэндээ гараа хүргэдэг зуршилтай тэмцэхэд тус болж байна гэж үзэж буй.
БИД ЯМАР АЛХАМ ХИЙХ ВЭ?
Нүүрэндээ хүрэхгүйн тулд ямар нэг зүйл хийх боломжтой юу?
Колумбийн их сургуулийн зан байдлын мэргэжилтэн, профессор Майкл Холлсворт бодит байдал дээр нүүрэндээ хүрэхгүй байх хэцүү гэжээ.
Хүмүүсийг далд ухамсраараа ямар нэг зүйлийг хий эсвэл эс хий гэх хэцүү. Нүүрэндээ гараа бүү хүр гэхээс илүүтэй ойр ойрхон гараа угааж бай гэж хэлэх нь харьцангуй амархан гэсэн байна.
Түүнчлэн хэн нэгэнд анхааруулж, гар нь нүүр рүү нь чиглэх тутамд нь анхааруулж хэлж болох юм.
“Танд нүүрэндээ зайлшгүй хүрэх шаардлага гарлаа гэж бодъё. Жишээ нь загатналаа гэхэд гарынхаа ар талаар маажих гэх мэт арга хэрэглэж болно. Энэ нь төгс арга зам биш ч ийм маягаар халдвар авах эрсдэлийг бууруулж болно” гэжээ.
ШАЛТГААНЫГ НЬ ОЛОХ
Видео: Гараа угаахгүйгээр нүүрэндээ хүрснээр
Та яагаад нүүрэндээ цаг үргэлж хүрч байдаг шалтгаанаа олох хэрэгтэй.
Нүдээ нухдаг хүмүүс нарны шил зүүж гараа хянаж болно. Мөн гараараа өөр юм хийх, жишээ нь спиннер эргүүлэх, стрессээс ангижруулдаг зөөлөн бөмбөг базах гэх мэт зүйл хийж гараа “завгүй” байлгана. Мэдээж тэдгээр эд зүйлийг халдваргүйжүүлэх хэрэгтэй.
Мөн нүүрэндээ хүрч болохгүй гэж өөртөө дахин дахин хэлэх нь чухал. Түүнчлэн санаандгүй нүүрэндээ хүрчхээд байгаа бол ойр дотны хүмүүстээ өөрт чинь анхааруулж хэлж байхыг сануулаарай.
Эсвэл өөртөө сануулах зорилгоор бээлий өмсөж болох уу гэж та бодож байж болох юм. Хэрвээ байнга сольж, угаахгүй л бол бээлий гартай л адил бохирдох учраас онц санаа биш хэмээн профессор Майкл Холлсворт зөвлөж байна.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисусын хэлснээр коронавирусийн эсрэг вакцин болон эмчилгээ гарахыг хүлээлгүйгээр өөрсдийнхөө болон бусдыг хамгаалахын төлөө хүн болгон хийж чадах зүйлээ хийж байх хэрэгтэй байна гэжээ.
Эх сурвалж: ВВС
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх