Тун удахгүй Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдөр буюу бидний хэлж заншсанаар "Мартын 8-ны баяр" болох гэж байгаа билээ.
Энэ өдөр эмэгтэйчүүдэд тулгамдаад буй асуудлуудыг хөндөж, тэдний эрхийг хамгаалах үйл ажиллагаанууд явагдах боловч ихэнх бүсгүйчүүд хайртай дотны хүмүүстэйгээ өдрийг гайхалтайгаар өнгөрөөхийг хүсдэг болов уу? Тиймдээ ч эрчүүд маань хайртай бүсгүйчүүддээ зориулан тухтай орчин нөхцөлийг нь бүрдүүлж, дуртай бэлгийг нь бэлэглэхийг хичээдэг ч "Юу авах вэ?", "Энэ бэлэг таалагдах болов уу?", "Буруу сонголт хийчихсэн юм биш биз?" гэх зэргээр санаа зовних нь элбэг.
Мэдээж хүн бүр өөр өөрсдийн гэсэн сонирхолтой байдаг ч бид та бүхэндээ ихэнх эмэгтэйчүүдийн авахыг хүсдэг болон өвөрмөц бэлгийн жагсаалтыг танилцуулах гэж байна. Та бүхэн санаа аваад хайртай бүсгүйчүүдээ баярлуулаарай.
ТҮГЭЭМЭЛ ХЭДИЙ Ч МОДАНААС ГАРДАГГҮЙ БЭЛГҮҮД:
ЗҮҮЛТ
Эмэгтэй хүний биеийн хамгийн үзэсгэлэнтэй хэсэг бол цээж болон эгэмний хэсэг. Харин энгэрийн зүүлт тухайн хэсгүүдийг тодотгож өгдөг учраас бүсгүйчүүд гоёмсог хүзүүний зүүлтэнд хэзээд дуртай байдаг билээ.
Анхаар! Ихэнх охид бүсгүйчүүд хэтэрхий гял цал зүүлтнээс илүүтэйгээр энгийн, минималист хэв загвартай гоёл чимэглэлд дуртай байдаг аж.
НҮҮР БУДГИЙН ХЭРЭГСЭЛ
Нүүр будгийн хэрэгсэл бол эмэгтэй хүний өдрийн тутмын хэрэглээ. Бүсгүйчүүд гоо сайхны бүтээгдэхүүнийг өөрөө түрхэж үзэж, сайтар судалж байж сонгодог ч бэлгэнд авбал баярлах нь гарцаагүй.
Анхаар! Foundation буюу бидний хэлж заншсанаар нүүрний кремийг бэлэглэх нь тохиромжгүй байдаг. Учир нь нүүрний крем маш олон өнгийн сонголттой байдаг бөгөөд эмэгтэйчүүд өөрсдөө ч хүртэл тохирсон өнгөө сонгоход маш олон бэрхшээлүүдтэй тулгардаг. Тиймээс та яг тохирсон өнгийнх нь номерыг мэдэхгүй л бол нүүрний кремийг бэлгийн жагсаалтаасаа хассан нь дээр гэж зөвлөж байна. Харин бусад бүтээгдэхүүнийг тухайн гоо сайхны дэлгүүрийн зөвлөхтэй нь ярилцаж байгаад сонгоход буруудах зүйлгүй ээ.
ҮНЭРТЭЙ УС
Эмэгтэй хүний гол илэрхийлэл бол сайхан үнэр гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Бүсгүйчүүд өөрсдөө ч сайхан үнэрт татагддаг тул үнэртэй ус бол хамгийн шилдэг сонголтуудын нэг байх болно.
Анхаар! Ихэнх эмэгтэйчүүд зөөлөн, анхилуун үнэртэй ус сонирхдог тул хэт хурц үнэртэнг сонгохгүй байхыг зөвлөж байна.
НОМ
Хэрвээ таны хайртай бүсгүй номонд дурлагч бол хамгийн шилдэг бэлэг ном байх болно.
Анхаар! Та түүндээ ном бэлэглэхээр шийдсэн бол түүний уншаагүй номыг бэлэглэхийг анхаараарай.
ӨӨРИЙН ГАРААР ХИЙСЭН БЭЛЭГ
Өөрийн гараар сэтгэлээ шингээн хийсэн бэлэг ямар ч хүнд маш том сэтгэгдэл үлдээж чаддаг. Тийм ч учир хайртай бүсгүйдээ өөрийн гараар нэхсэн ороолт, аль эсвэл амтат шоколадан дээр сэтгэлийн үгээ бичээд бэлэглэсэн ч болно. Гол нь та өөрийн сэтгэлээ зориулж байгаа тул энэ нь хамгийн сайхан бэлгүүдийн нэг байх болно.
ЗАХИА
Эмэгтэйчүүдийн хувьд чин сэтгэлийн үгээ гараар бичсэн захидал сэтгэлийг нь ихээр хөдөлгөдөг. Он цаг өнгөрсөн ч захианы үнэ цэнэ алдагддаггүй учир гараар бичсэн захидал өнөөдрийг хүртэл чин сэтгэлийн илэрхийлэл болсоор ирсэн. Тиймээс тэр бүр хэлж чаддаггүй сэтгэлийн үгээ захиан дээр буулган бусад бэлгүүдтэйгээ хамт бэлэглээрэй.
Анхаар! Заавал найз бүсгүйдээ ч биш ээждээ, эгчдээ, эмээдээ хайртай гэдгээ тэр бүр хэлж чаддаггүй бол захидлаар дамжуулан сэтгэлээ уудлаарай.
ЦЭЦЭГ
Цэцгийн үнэр болон үзэгдэх байдал эмэгтэй хүний сэтгэлийг гэгэлзүүлэх увдистай. Тийм ч учраас цэцэг хэзээд зөв сонголт байх болно.
Анхаар! Мэдээж цэцэг бүхэн өөр өөрийн гэсэн бэлгэдэлтэй тул дараах нийтлэлүүдийг уншаарай. /Нийтлэлийн нэрэн дээр дарахад тухайн мэдээлэл рүү автоматаар үсэрнэ/
- Ямар үед ямар цэцэг бэлэглэх вэ?
- Хүнд цэцэг бэлэглэхдээ ивээл цэцгийг нь сонгоорой.
СОДОН БЭЛГИЙН САНААНУУД:
Харин та тухайн бэлэг бэлэглэх гэж буй хүндээ маш онцгой сэтгэгдэл төрүүлэх гэж байгаа, аль эсвэл тухайн бэлэг бэлэглэх гэж буй хүнд хэр баргийн зүйл сэтгэлд нь хүрдэггүй бол дараах бэлгүүдээс сонголтоо хийгээрэй.
ХУМСНЫ БУДАГ
Сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүд гоо сайхны салонд очиж маникюр хийлгэх хандлагатай болсон. Өөрөөр хэлбэл өөрөө хумсаа буддаг охидын тоо цөөрсөн гэж хэлж болно. Гэсэн ч та ямар ч эмэгтэйд эрүүл, амьсгалдаг, хор багатай хумсны будгийн багц бэлэглэвэл тухайн эмэгтэй баярлаад л явчихна гэсэн үг. Учир нь та энгийн нэгэн хумсны будаг бус амьсгалдаг хумсны будаг бэлэглэж түүнд санаа тавьдгаа илэрхийлсэн шүү дээ.
Анхаар! Тухайн эмэгтэйн онцлогоос хамаараад даруухан beige буюу биеийн өнгөтэй, өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлсэн улаан, аль эсвэл өнгөлөг неон өнгөтэй байх уу гэдгийг таны мэдрэмж л шийдэх юм.
ГАЛ ТОГООНЫ ХОРМОГЧ, БЭЭЛИЙ
Бэлэг бэлэглэх гэж буй хүн тань гал тогооны өрөөндөө олон цагийг өнгөрөөдөг, өнгөрөөхөөр суралцаж буй бол хөөрхөн өнгө загвартай хормогч, бээлий бэлэглэвэл түүнд ихэд таалагдана гэж найдаж байна. Тэр хоол хийхдээ, хормогч болон бээлийгээ өмсөх бүрдээ таныг бодох болно.
ЭРХИЙН БИЧИГ, БЭЛГИЙН КАРТ
Яагаад хайрт эмэгтэйнхээ байнга үйлчлүүлдэг газрынх нь ваучер, бэлгийн картыг нь бэлэглэж болохгүй гэж? Үнэхээр түүнд юу таалагддаг гэдгийг бодоод бодоод олохгүй бол энэ бэлэг л яг тохирно.
ОЙМС
Бараг л төрсөн цагаасаа хойш Цагаан сарын баяр болгоноор "хачирхалтай" өнгө загварын оймс бэлгэнд авснаас болж бидний хайртай хүмүүстээ бэлэглэдэг бэлгийн жагсаалтад оймс гэх бүтээгдэхүүн хэзээ ч багтдаггүй байсан. Гэвч сүүлийн жилүүдэд оймсны өнгө загвар маш өргөн сонголттой болсныг та анзаарсан байх. Цэцэгтэй, шигтгээтэй, торон, үлгэрийн болон киноны баатрын зурагтай, урт богино гэх мэт олон төрлийн оймснууд худалдаалагддаг болсонтой холбоотойгоор охид залуус оймсоо ил гарган хувцаслах хандлагатай болжээ. Ерөнхийдөө эгч, дүү, найз, найз бүсгүйдээ сонирхдог төрлийнх нь оймсыг авч өгвөл түүнд маргаангүй таалагдана гэдэгт итгэлтэй байна.
ЗАГВАРЛАГ ШИЛЭН
УРАН ЗУРАГТАЙ
ХАТГАМАЛТАЙ
ТӨРӨЛ БҮРИЙН ХЭЭТЭЙ
ЭНГЭРИЙН ТЭМДЭГ /PIN/
Бүсгүйчүүд өмнө нь "эмэгтэйлэг" загварын, олон өнгийн шигтгээтэй энгэрийн тэмдгээр л цамцаа гоёдог байсан бол сүүлийн үед өнгөлөг болон загварлаг хэв маягтай энгэрийн тэмдгээр хувцаслалтаа чимэх болжээ. Томоохон дэлгүүр болгон энгэрийн тэмдгийн дэлгүүр байдаг болсон шүү, залуус аа.
ХООЛНЫ ЗУРАГТАЙ
ХАР
ТӨРӨЛ БҮРИЙН ХЭЛБЭР ДҮРСТЭЙ
БИЧИГТЭЙ
ВАННЫН БӨМБӨЛӨГ /BATH BOMB/
Залуус маань бүсгүйчүүдийн Фэйсбүүк болон Инстаграмаас өнгөлөг бөмбөлгийг ваннтай усанд хийхэд "пссссс..." гээд уусан алга болдог сториг харж байсан л биз дээ? Тэд биеийг нь булбарай, анхилам үнэртэй болгодог, харахад ч урамтай энэхүү бөмбөлгүүдэд зүгээр л "хайртай" байдаг!
Мэдээж дээр дурдсан бэлгийн жагсаалтуудад ихэнх эмэгтэйчүүдэд таалагддаг бэлгүүдийг жагсаасан болно. Та хайртай эмээ, ээж, эгч, дүү, найз охиныхоо юунд дуртай гэдгийг сайн мэддэг бол дуртай зүйлийг нь дээрх "түгээмэл" бэлгүүдтэй хослуулан бэлэглэж ч болох юм. Түгээмэл ч бай, зөвхөн тухайн хүнд зориулагдсан ч бай та л мэдрэмжтэй сонголт хийж чадах юм бол ямар ч бэлэг тухайн хүний сэтгэлийг хөдөлгөх болно гэдгийг анхаараарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх