Yolo.mn сайтын хамт олон Youtube хуудаснаа өөрийн гэсэн влог хийж, хүүхэд залууст сонирхолтой мэдээлэл хүргэдэг Жихэгийн "гурван хэл" сурсан туршлагаас хуваалцах гэж байна. Тэр солонгосоор хэлд орсон бөгөөд үүнээс гадна монгол, англи, хятад хэлийг бие даан сурсан байна.
МОНГОЛ ХЭЛ СУРСАН ТУРШЛАГААС...
Жихэ Монголд амьдарч эхлэхдээ монгол хэл огт мэддэггүй байсан ба зөвхөн эргэн тойрныхоо хүмүүстэйгээ ярилцах маягаар сурч эхэлсэн байна. Гэвч монголоор бичихдээ маш их алддаг байсан тул өөрийн хоббигоо монгол хэл сурахдаа ашиглажээ.
Тэр хобби нь юу байсан бол?
Жихэ Солонгост байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан. Харин Монголд ирээд амьдралын хэв маягаа Солонгосоос Монгол руу шилжүүлэхийн зэрэгцээ хэлээ сайжруулахын тулд тэмдэглэлээ монгол хэл дээр хөтөлдөг болсон байна. Мөн тэрээр шинээр ямар нэгэн хэл сурч буй хүмүүст хандаж “Мэдэхгүй зүйлээ бусдаас санаа зовохгүй асууж байгаарай. Асууж байж л илүү хурдан ойлгох боломжтой болно шүү дээ” хэмээн зөвлөлөө.
АНГЛИ ХЭЛ СУРСАН ТУРШЛАГААС...
Тэрээр англи хэл сурахдаа дүрмээ бус ярианы англи хэл сурсан. Тийм ч учраас цээжилсэн үгсээ төвөггүй ашиглаж, ярьж сурсан байна. Харин сургуульд ороод бичгийн хэл буюу дүрэм үзэж эхэлсэн гэнэ.
Англи хэлээ сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
- Дуу сонсох: Жихэ дуу сонсох дуртай учир англи хэл дээрх дуу сонсож үгийг нь тэмдэглэж авдаг. Ингэснээр сонсох чадвар сайжирч, үгийн сан арвижих давуу талтай юм. Мөн дууны үгээ тэмдэглэх явцдаа үзсэн дүрэм нь хаана, хэрхэн ашиглагдаж байгааг анзаарч, шинэ үгээ англи-англи толь ашиглан тайлбарыг нь тэмдэглэж авдаг байна.
- Кино үзэх: Тэр нэг үзсэн киногоо давтан үздэг. Ингэхдээ эхний удаад англи хадмалтай үзэж, хоёр дахь удаад шинэ үгсээ тэмдэглэж авдаг аж. Түүний санал болгох кино бол “Harry Potter” болон “Brave”.
- Ном унших: Хүн ямар ч хэлийг сурахдаа тухайн хэл дээр ном уншдаг шүү дээ. Гэхдээ ном нь сонирхолтой биш дундаас нь хаядаг учраас унших номоо зөв сонгох хэрэгтэй. Хэлний түвшнөөс хамаараад ямар ном уншихаа сонгох бөгөөд хамгийн гол нь тууштай унших хэрэгтэй гэж зөвлөж байна.
- Мэдээ унших: Цахим сэтгүүл зүйн эрин үед амьдарч байгаа бидэнд өдрийн аль ч цагт дуртай сайтруугаа ороод мэдээ унших боломж бий. Тийм учраас өөрийнхөө хамгийн дуртай сэдвээрээ мэдээ уншиж байх хэрэгтэй. Хамгийн гол нь англи хэл дээр шүү!
ХЯТАД ХЭЛ СУРСАН ТУРШЛАГААС...
Жихэгийн хувьд сурахад хамгийн хэцүү байсан хэл нь “хятад хэл”. Учир нь хятад хэлний ханзыг байнга бичихгүй л бол амархан мартагддаг сул талтай. Өөрөөр хэлбэл байнга “давтах” ёстой гэсэн үг.
- Өдөр бүр ханз бич: Сурсан ханзаа өдөр бүр давтаж байж алдаагүй бичиж сурна. Бас мартахгүй. Гэхдээ бичих бүрдээ тухайн ханзныхаа онцлог, зурлагыг нь тогтоож илүү нарийн ойлгох гэж хичээх хэрэгтэй.
- Төсөөл: Ханзаа бичихдээ ямар нэг дүрсээр төсөөлж цээжилбэл амархан мартагдахгүй.
- Өдөр бүр цаг гарга: Хятад хэл сурахаар шийдсэн бол өдөрт дор хаяж 1 цагийг зориулах хэрэгтэй. Тухайн цагтаа ханзаа бичих, цээжлэх, дүрмээ ойлгож авах нь хамгийн чухал. Хэдхэн хоног бэлдэхгүй завсардахад л өмнө нь үзсэн зүйлсээ мартах аюултай.
“Эцэст нь хэлэхэд та ямар ч хэлийг сурч чадна. Хамгийн гол нь тууштай байх хэрэгтэй. Аливаа зүйлийн үр дүн шуудхан гарна гэж байхгүй. Нэгэнт эхлүүлсэн бол дунд нь битгий бууж өгөөрэй. Хэлээ тогтмол давтаж байгаарай. Нэг л мэдэхэд үр дүн нь харагддаг юм аа” - Жихэ
/Түүний Youtube хуудсаар зочлоорой /
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх