TIME сэтгүүл оны онцлох хүнээр уур амьсгалын төлөө тэмцэгч охиныг нэрлэлээ


Сондор | YOLO.MN
2019-12-12

TIME сэтгүүлээс энэ оны онцлох хүнээр уур амьсгалын төлөө тэмцэгч 16 настай Грета Тунбергийг нэрлэлээ. Ингэснээр тэрээр тус сэтгүүлийн 92 жилийн түүхэн дэх хамгийн залуу хүн болж байгаа аж. Оны онцлох хүнээр шалгарах нь ямар нэгэн цол хэргэм, шагнал бус харин өнгөрч буй онд дэлхий дахинд олны анхаарлыг хамгийн их татсан, хүмүүст эерэгээр нөлөөлөгч эрхмүүдийн төлөөлөл гэсэн юм. 

Грета нь дэлхий даяар, өөрийн үе тэнгийн хэдэн зуун мянган хүүхдүүдийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, өөрсдийн дуу хоолойг бусдад хүргэхийг уриалсаар байгаа юм. Тэрээр энэ жил мөн Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн юм.

 

Өсвөр насны охин анх Шведийн парламентийн ордны гадна уур амьсгалын өөрчлөлтийг эсэргүүцэн хичээлийн цагаараа лоозон барьж зогссоноос хойш сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган оюутан сурагчид хичээлээ хаяж түүнтэй нэгдсэн юм. Тэрээр ердөө 14 сарын өмнө “Уур амьсгалын төлөөх хичээл хаялт” хэмээн өөрийн гараар бичсэн лоозон бариад ганцаараа зогсдог байжээ. Харин уур амьсгалын өөрчлөлт дэлхийн хүн бүрт хамаатай гэж үзэн өдгөө 150 гаруй улсын ард иргэд түүнтэй нэгдсэнээ илэрхийлээд байгаа юм.

Өнгөрөгч есдүгээр сард тэр НҮБ-ийн Цаг уурын өөрчлөлтийн чуулга уулзалтад оролцохоор очихдоо онгоцыг байгаль орчинд хортой гэж үзэн Англиас Нью-Йорк руу нарны эрчим хүчээр явдаг усан онгоцоор зорчжээ. Тэрээр тус чуулганы үеэр дэлхийн улс орны удирдагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг доривтой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардаж, шүүмжлэлтэй хандан нэлээд ширүүн илтгэл тавьсан юм. 

#онцлох хүн