Утга нь үл ойлгогдох өвөрмөц нэгэн дуу сүүлийн үед залуучуудын дунд ихээхэн трэнд болсон. Гайхаж хүлээж авсан хүмүүс ч хэсэг хугацааны дараа амандаа аялах болсон энэ дуу бол мэдээж “Диско муужгай”. Өвөрмөц хэв маяг, содон дуунуудаараа олонд танигдсан Артист 168 буюу Х.Тэнгисийг бид энэ удаагийн ярилцлагын буландаа урилаа. Нууцлаг хэв маягтай түүний тухай хэзээ ч сонсож байгаагүй зүйлсийг та бүхэн ярилцлагаас уншина гэдэгт итгэлтэй байна.
YOLO: Сайн байна уу? Артист 168-ийг уншигчид “Диско муужгай”, “Бүжье бүжье” зэрэг уран бүтээлүүдээр нь сайн мэднэ. Харин яг хувь хүн талаас нь хэн бэ гэдгийг сайн мэдэхгүй байх. Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?
- Сайн байцгаана уу? 168-ийг чинь Х.Тэнгис гэдэг байсан шүү. /инээв/ Сүүлийн үед Тэнгис гэдэг нэрээ алдаад 168 болчихлоо. Би энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн өдөр болгон дуу хийсээр нийт 5 цомог, 70 дуутай болсон байна. Х. Тэнгис гэх аав ээжийн сайн хүү 2017 онд СЭЗИС-ийг "Бизнесийн удирдлага" мэргэжлээр төгсөж 2019 оны зургаадугаар сар хүртэл зочид буудалд хаалгачаас нь эхлээд удирдах албан тушаалд очих хүртлээ ажиллаж үзсэн. Ажлаасаа гараад хувцасны брэнд хөгжүүлэх, арга хэмжээ зохион байгуулах, соло артист карьер хөгжүүлэх хэмээх гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниа байгуулсан. Манайх одоо "МОТР" продакшн гэсэн нэршлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
YOLO: Анхны дуугаа олон нийтэд цацахад юу бодогдож байсан бэ?
- Би уг нь анх “Магтаал” гэдэг дуу хийж эхэлж байсан. Сүүлдээ “Гэмт хэргийн сэдэлтэй” болчихсон /инээв/. Анх дуугаа YouTube-д биш SoundCloud-д оруулж яваад нэг студи дээр очиж сонсгоход “Монголын урлагт яг ийм зүйл хэрэгтэй байсан юм” гэж хэлсэн. Ийм урсгалд Монгол хоолой оруулсан нь цоо шинэ юм шиг сонсогдож байгаа ч яг үнэндээ өмнө нь байсан л зүйл.
YOLO: Артист нэр нь 168. 168 гэдэг ямар утга учиртай тоо вэ?
- 168 гэсэн тоонд утга учир байхгүй. Хүүхдийн тоглоомын талбайд байдаг эргүүлдэг тоотой тоглоомыг эргүүлэхэд 168 гээд таарчихсан. 168 гэж хэлж үзээд гоё сонсогдоод тэгээд л 168 болчихсон. Сүүлд нь судлаад үзэхэд Хятадад их бэлгэдэлтэй тоо юм билээ.
YOLO: Багадаа ямар хүүхэд байсан бэ?
- Багадаа байдаг л нэг сахилгагүй, муу сурдаг хүүхэд байсан. Сахилгагүйтэж, муу сураад явж байтал ангийн хүүхдүүд өсөөд би ангийнхнаасаа намхан болсноо анзаарсан. Сахилгагүйгээсээ болж сургуулиа төгстлөө дээрэлхүүлж, зодуур авдаг байлаа. Бага байхад минь өөр олон зүйлс тохиолдсоны улмаас одоо ийм сонин сонин юм хийдэг болчихсон /инээв/. Нийгмийн асуудал хүүхдийн хөгжилд маш ихээр нөлөөлдөг юм билээ.
YOLO: Багын мөрөөдөл нь юу байсан бэ? Багаасаа шүлэг бичдэг, өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүүхэд байсан уу?
- Үгүй. Би бүр сүүлд тэмдэглэл хөтөлдөг болсон. Яг ч өдрийн тэмдэглэл биш. “The Morning Paper” гэж нэг зүйл байдаг. Өглөө сэрээд орноосоо босон хамгийн түрүүнд дэвтэр дээрээ 1000 үг бичдэг. Ямар ч хамаагүй, хоорондоо холбоогүй, санаанд орж ирсэн гурван хуудас 1000 үг бичнэ. Сүүлдээ энэ нь эмх цэгцтэй болоод шүлэг шиг болчихсон. Би их депресстдэг байсан. Ингэж бичихээр бодол цэгцэрч тайвширдаг юм билээ. Сэтгэлдээ тээгээд явах биш цаасан дээр үлдээчихдэг болохоор тэгдэг байх. Энэ нь яг өдрийн тэмдэглэл биш утгагүй үгнүүд болохоор хүн уншина гэж ч санаа зовох зүйлгүй. Багадаа ийм зүйл бичдэггүй байсан ч цаанаасаа л урлагт дуртай, сонирхолтой, зураг зурдаг байсан. Дуулж битгий хэл ярьж ч чаддаггүй, юун юм бичих гэмээр хүүхэд байлаа. Гэхдээ уншдаг байсан хүн бичдэг хүн болж чаддаг юм билээ. Ер нь багадаа баян, бизнестэй хүн болно гэж бодох нь их байсан. Одоо ч би өөрөө бизнесийн хүн л дээ.
YOLO: Гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?
- Би сайхан аав, ээж, дүүтэй сайхан гэр бүлтэй хүн. Би өөрөө айлын том хүүхэд. Гэр бүлийнхэнтэйгээ сайхан харилцаатай байдаг. Нүүрэн дээрээ шивээс хийлгээд байгааг л харин аав ээж минь бага зэрэг ойлгодоггүй. Тэгээд би дахиж нүүрэн дээрээ шивээс нэмэхгүй гэж амласан. “Гэмт хэргийн сэдэлтэй” дуунд маань бас их шүүмжлэлтэй хандсан. Гэхдээ ер нь аав ээж маань намайг ойлгодог.
YOLO: Уран бүтээл гаргаж эхлэхэд аав ээж нь хэр дэмжсэн бэ?
- Миний өмнөх ямар ч дууг мэддэггүй байсан. “Диско муужгай” дууны бичлэг анх цацагдахад их гайхаж хүлээж авсан л даа. Дуу нь бүтнээрээ гарсны дараа “Миний хүү дуртай юмаа хийж байгаа болохоор дэмжиж байна” гэж дэмжиж эхэлсэн. Гэтэл би өөрөө нүүрэн дээрээ шивээс хийлгэж гарч ирээд баларсан даа /инээв/. Би өөрөө дуучин болохыг хүссэндээ биш урлагийн арга хэмжээ зохион байгуулж арга хэмжээн дээр 2019 оны шинэ урлагийг танилцуулдаг урлагийн хүн байхыг л хүссэн. Контемпорари арт гэдэг зүйл зураачдын хооронд л байдаг зүйл болчихсон. Залуучуудад контемпорари артыг ойлгуулахыг хүсдэг. Жишээ нь би өмнөх арга хэмжээнүүд дээрээ шүдээ угааж, янз бүр болж байсан. Энэ бүхэн бүгд гүйцэтгэлийн урлаг. Контемпорари урлаг гэж ийм юм байдаг, 2019 онд хязгаарлагдаж амьдрах биш хүссэнээрээ амьдрах хэрэгтэй гэдгийг харуулах гэж хичээж явна.
YOLO: Айлын том хүүхэд гэхээр их үүрэг хариуцлага ирдэг байх. Одоо бас уран бүтээлч хүн болсон. Нийгэм дэх үүрэг хариуцлага хэр их байна вэ?
- Хүнд буруу өгдөггүй байхад л хариуцлагатай байж болдог юм билээ. Бусдад буруу өгөх биш өөрөө өөрийнхөө асуудалд өөрөө хариуцлага хүлээдэг болчихдог. Би айлын том хүү, дүүгийнхээ ах, компаниа авч яваа хүн. Мөн миний дуу хоолой нийгэмд хүрч хүмүүс намайг бага ч болов мэддэг болохтой зэрэгцээд өөр олон хариуцлагууд нэмэгдсэн. Намайг жоохон хүүхдүүд харж, сонсож, даган дуурайж байна. Ингэхээр би дуун дээрээ хар тамхи яасан ч сурталчилж болохооргүй болж байна. Намайг олон хүмүүс сонсож байгаа болохоор би өөрийнхөө илэрхийлж буй зүйлдээ хариуцлагатай хандахгүй бол болохгүй.
YOLO: МОТР брэндээ анх гаргахаар шийдсэн шалтгаан нь юу вэ?
Сургуулиа төгсөхөөсөө өмнө ч энэ ажлаа боддог байсан бөгөөд 2017 оноос эхлүүлсэн. Олигтой болж өгөхгүй байсан ч үргэлжлүүлэн хийсээр байх нь чухал. Дуу дуулж, арга хэмжээ зохион байгуулж байгаа шигээ мөнгө олохгүй ч гэсэн брэндээсээ тогтмол орлоготой болсон.
YOLO: МОТР брэнд бусад брэндээс ялгарах онцлог нь юу юм бол?
Бид брэндийн үнэ цэнийг тогтоож чадсанаараа бусад брэндээс ялгаатай. Манай брэнд дэлхийн брэндүүдийг гүйцэхүйц биш байх. Гэхдээ бусад брэндтэй харьцуулахад олон тоогоор хийгддэггүй, манай брэндийг өмссөн хүн өөрийн гэсэн үзэл сурталтай байж, үнэт зүйл тодорхойлж байна. Илэрхийлэмж ихтэй байдаг нь бас нэг онцлог байх.
YOLO: Өөрийгөө тодорхойлвол юу гэж тодорхойлох вэ?
Их мэдрэмжтэй, сэтгэл хөдлөлтэй, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй, тэр үзэлдээ итгэж түүндээ бат зогсдог. Өөр хүнээр заалгуулах дургүй. Хүссэн зүйлдээ хүрэх гэж зорьдог тийм л хүн.
YOLO: Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Одоо надад зав гарахаа больчихсон. Дуунуудаа хийгээд л яваад байна. Дууныхаа чанар дээр ажиллаад, клипний зураг авалт, тоглолт, брэндийн хөгжүүлэлт гээд ажил их байна. Гэрээ ч цэвэрлэж амжихгүй л яваад байна.
YOLO: Өөрийнхөө хувцаслах хэв маягийн тухай ярихгүй юу?
Доторх хүн маань тэсэхгүй гарч ирсэн нь энэ байх гэж боддог. Сүүлд толинд харсан чинь нүүрэн дээрээ шивээстэй болчихсон ч байх шиг /инээв/. Нэг ийм л юм болоод байна. Юу болсныг мэдэхгүй. Гэхдээ надаас гарч байгаа зүйлс л энэ байна.
YOLO: Хэрвээ бирд нэг хүслийг чинь биелүүлье гэвэл юу хүсэх байсан бэ?
Нүүрэн дээрх шивээсээ хийлгэхгүй байх байсан.
YOLO: Одоо шивээс хийлгэсэндээ харамсдаг хэрэг үү?
Харамсана шүү дээ. Харамсалгүй яадаг юм /инээв/. Духныхаа голд нүд шивүүлчихсэн. Гоё харагдаж байна гэж бодож байвал ингэж бодож болохгүй шүү. Алдаа шүү” гэж хэлмээр байна.
YOLO: Ярилцлагын маань төгсгөлд уншигчдад хандаж үг хэлэхгүй юу?
Нүүрэн дээрээ битгий шивээс хийлгээрэй. Өөрийнхөө хүссэн юмыг хэнээр ч заалгахгүй хийгээрэй. Надаар ч заалгахгүй хийгээрэй. Намайг нүүрэн дээрээ битгий шивээс хийлгээрэй гэснээс болж хүслээ хорьж болохгүй шүү. Чамаас юу гарч байна түүнийгээ хий. Энэ үе бол боломжийн эрин үе.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх