Бид өмнөх нийтлэлээрээ уншигч та бүхэндээ гадаадад боловсрол эзэмшихийн давуу тал болон ач холбогдлуудын талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Тэгвэл амласан ёсоор энэ удаа АНУ-д 1 семестрийн турш 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцах хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Global Undergraduate Exchange Program (Global UGRAD) буюу Бакалаврын түвшний солилцооны хөтөлбөр нь ирээдүйд манлайлагч болох чин хүсэл эрмэлзэлтэй оюутан залуучуудад АНУ-ын боловсролын системтэй танилцах, АНУ-ын соёлыг өөрийн биеэр мэдрэнгээ өөрийн орны соёлыг бусад олон орны залуучуудтай хуваалцах, сурталчлах боломжийг олгодог гайхалтай хөтөлбөр юм.
Тэгвэл энэ жилийн "Global UGRAD" хөтөлбөр аль хэдийнээ зарлагджээ. Энэхүү хөтөлбөрийн материал хүлээн авах сүүлийн хугацаа нь 2019 оны арванхоёрдугаар сарын 31 тул та бүхэн яараарай.
Уг хөтөлбөрийг АНУ-ын засгийн газраас санхүүжүүлдэг бөгөөд "World Learning" хэмээх олон улсын ашгийн бус байгууллага ерөнхий үйл ажиллагааг нь удирдан явуулдаг байна. Мөн жил болгон хөтөлбөрт багтсан улс бүрээс 3-4 оюутныг шалгаруулж авдаг байна. Өөрийн хүссэн мэргэжлээрээ АНУ-ын их, дээд сургууль, коллежид 1 семестр буюу 5 сарын турш олон орны залуустай хамт суралцаж, суралцах хугацаандаа дотуур байранд байрлаж, Америк өрөөний найзтай болж, тус улсын соёлтой нь танилцаж, аялах зэрэг гайхалтай боломжийг уг хөтөлбөр олгодог аж.
Хамгийн чухал нь англи хэлний мэдлэгээ сайжруулах боломж!
Та IELTS, TOEFL-н оноогүй юм чинь уг хөтөлбөрт материалаа явуулаад ч хэрэггүй байх даа гэж бодож байна уу?
Тийм бол та санаа зовох хэрэггүй. Та англиар уншиж, бичиж, сонсож, өөрийгөө илэрхийлэх чадвартай л бол материалаа ирүүлж азаа үзэх хэрэгтэй. Уг хөтөлбөрийн гол шалгуур нь таны англи хэлний түвшин бус таны зорилго, хүсэл мөрөөдөл, алсын хараа байдаг. Таны англи хэлний түвшин тийм ч сайн биш хэдий ч өөрийн хичээл зүтгэлээр уг хөтөлбөрт тэнцвэл олон улсын англи хэлний шалгалт үнэгүй өгөх эрхийг олгодог гээд бод доо. Цаашлаад уг хөтөлбөрийн зохион байгуулагч нар таныг англи хэлээ илүү сайжруулах хэрэгтэй гэж үзвэл АНУ-д таван сар хэлний бэлтгэлд үнэ төлбөргүй сургаад ч зогсохгүй дахин таван сар мэргэжлээрээ үнэ төлбөргүй суралцах боломжийг давхар олгодог байна.
Ингээд хөтөлбөрийн гол шалгууруудтай танилцъя. Үүнд:
- Монгол улсын иргэн бөгөөд Монгол улсад оршин сууж байх,
- Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд их сургуулийн 1,2,3-р түвшний оюутан байх,
- 3.0-аас доошгүй голчтой байх,
- TOEFL IBT 61 эсвэл TOEFL ITP/PBT 500 оноо авах чадамжтай байх,
- Өргөдөл гаргах үедээ 18-24 настай байх.
Тэнцсэн тохиолдолд дараах тэтгэлгийг авна. Үүнд:
- Тээврийн бүх зардал
- Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал,
- Эрүүл мэндийн даатгал
- Визний зардал
- Аяллын тэтгэмж.
Ийм олон зардлыг тэтгэлэг олгогчийн зүгээс гаргана гэхээр гайхалтай биш гэж үү? Та хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарснаар хүлээн авах боломжтой.
Энэ хүртэл шимтэн уншсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн нийтлэлдээ уг хөтөлбөрөөр АНУ руу яваад ирсэн оюутан залуустай хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэх ба материалаа бэлдэж байх хугацаандаа анхаарах хэрэгтэй талаарх зөвлөгөөг хүргэх болно.
Эх сурвалж: mn.usembassy.gov
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх