"Миний мөрөөдлийн сэтгүүл зүй"


YOLO.mn | YOLO.MN
2019-11-11

Yolo.mn сайтын оюутан сэтгүүлч Ө. Түмэндарь "Миний мөрөөдлийн сэтгүүл зүй" уралдаанд оролцож, шилдэг 20 оролцогчийн нэг болж,  "Сэтгүүл зүйн ёс зүйн форум"-д оролцсон билээ. Уралдааны хүрээнд дараах дэд сэдвүүд хөндөгдсөн байна. Үүнд:

– Сошиал медиа мэргэжлийн сэтгүүл зүйд хэрхэн нөлөөлж байна вэ
– Сошиал медиагийн орчинд сэтгүүлч хэрхэн ажиллавал зохистой вэ
– Сошиал медиагийн орчинд сэтгүүлч ажиллахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах тухай. Ингээд МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 3-р түвшний оюутан Ө.Түмэндарийн бичсэн эссе-г хүлээн авна уу. 

МИНИЙ МӨРӨӨДЛИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ

     "Наполеон Бонапарт сэтгүүл зүйг өөрийн дагагчид, ард иргэд, бусад улс орны удирдагчдад нөлөөлөх хамгийн гол зэвсэг гэж үздэг байсан нь түүхийн хуудаснаа  тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тийм ч учраас сэтгүүл зүй анх үүссэн цагаасаа хэдэн зууны туршид нийгэмд бүхэлд нь нөлөөлөх хамгийн чухал зэвсэг байсаар ирсэн билээ. Хэнийг ч сэнхрүүлж болох юм байна гэж бодсон учраас ихэнхдээ худал хуурмаг, үнэнийг даван гарч ирсээр хүлээн авагчдын итгэлийг ашигласаар өдийг хүрсэн. Үүн дээр энгийн бодит жишээ дурдъя. Ахлах ангийн арван нэгдүгээр ангийн сурагч охин мэдээллийн шүүлтүүргүй цахим орчинд цаг хугацааг үл анзааран нүүр номоор хэсүүчлэн цагийг өнгөрөөнө. Тэр бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн талаарх ойлголтгүй байх үеийн би. Нэгэн өдөр санамсаргүй байдлаар хятадын алдартай жүжигчин нас барсан гэх маш олон хандалттай мэдээ цахим орчинд тархаж, уншсан хүмүүс хуваалцаж үзэл бодлоо илэрхийлж байлаа. Унших үед сэтгэл санаа цочирдом байдалд орж, сэтгэл хөдлөл хүчтэй илэрч байсныг би одоо ч тод санадаг. Сүүлд тэр мэдээ хуурамч мэдээ байсан гэдгийг нотлох олон зүйлийг би мэргэжлийн хичээл дээрээсээ үзэж мэдсэн. Олон нийтийн анхаарлыг татаж, сэтгэл хөдлөлд хүчтэй нөлөөлөхүйц, эх сурвалж нь тодорхой бус гээд олон шинж агуулж байсан. Миний адилаар маш олон хүн “Fake news” буюу хуурамч мэдээнд өдөр, цаг, минут тутамд өртөж байдаг. Хүн бүр сэтгүүл зүйн талаарх зөв ойлголт, олон нийтийн мэдээллийн хэрэгслээс мэдээ, мэдээллийг хэрхэн шүүж унших, хэрхэн хуурамч мэдээ ялгах талаар ойлголтгүй байдаг. Хүлээн авагчдад бүгдэд нь зөв ойлголт өгч сургана гэдэг боломжгүй зүйл. Тиймээс тэрхүү мэдээ, мэдээллийн үндэс, эх сурвалжийг бий болгож буй нийтлэгч буюу сэтгүүлчдийн боловсрол, мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээг даган мөрдүүлэх нь бидний эрхэм зорилт юм. Энэ зорилтыг биелүүлэх тал дээр олон зүйл хийгдэж байгаа ч одоог хүртэл үр дүнд нь томоохон өөрчлөлт ороогүй байсаар байна.  

Эрүүл сэтгүүл зүй нийгмийн дархлаа

Судалгаагаар худал мэдээлэл 1,500 хүнд хүрэхдээ үнэн мэдээллээс дунджаар 6 дахин хурдан хүрдэг гэдгийг тогтоосон байдаг. Энэ бол дэлхий нийтийн чиг хандлага, хэрэглээнээс судалсан судалгаа. Харин манай улсын хүн амын хувьд интернет, фейсбүүк хэрэглэгчдийнхээ тоогоор дэлхийд дээгүүрт жагсдаг. Мэдээ, мэдээлэл цөөн хүн амтай орны хувьд маш хурдацтай тархана гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хичээл дээрээ “Хуурамч мэдээний үр нөлөөг судлах” гэсэн сэдэвтэй социологийн судалгаа хийхэд судалгаанд оролцогчдын 82 хувь нь хуурамч мэдээг ялгаж чадахгүй гэсэн хариулт өгсөн. Бусдын хуваалцсан мэдээг уншихдаа эх сурвалжийг нь шалгадаг эсэхийг асуухад 67 хувь үгүй, 21 хувь хааяа үлдсэн хувь нь тогтмол шалгадаг гэж хариулсан байв. Эндээс үзэхэд сошиал медиад тавигдсан хуурамч мэдээ, мэдээллүүд илүү их хүнд хүрдэг байна. Хуурамч мэдээ түгээгчдийн хувьд орлогын эх үүсвэр аль эсвэл хэн нэгний захиалгат мэдээг нийтлэх зэрэг эерэгээр тэдэнд нөлөөлдөг ч нийгмийн дархлаанд сөргөөр нөлөөлж байна. Дархлааг сайжруулахад хамгийн их нөлөөлөх зүйл бол эрүүл сэтгүүл зүй. Хэдий бид сэтгүүлчдийн ёс зүйн форум, сургалт судалгаа хийсээр байгаа ч бодитой үр дүнд хүрэхгүй байсаар байгаа. Манай сэтгүүлч бэлтгэдэг их дээд сургуулиудын хичээлийн агуулга, хөтөлбөрт хуурамч мэдээг түгээн дэлгэрүүлэхгүй байх, ялгаж сурах цаашлаад Fact Checker буюу баримт нягтлагч мэргэшүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Цахим мэдээний сайтууд тус бүр баримт нягтлагчтай байвал хүмүүст хүрэх хуурамч мэдээ тодорхой хэмжээгээр багасна. Мөн хуурамч мэдээний эх үүсвэр болох шар мэдээний сайтуудын домайн эрхийг хаах, цахим орчинд тараагдаж байгаа мэдээг нягтлах зэрэг ажлууд хийх хэрэгтэй. Сэтгүүлч бүр сайтар мэдээ, мэдээллээр өөрийгөө хангаж, эх сурвалжийг нягталж хүргэх. Бас нэгэн тулгамдаж асуудал бол сэтгүүлчдийн хэлний чадвар. Гадаад хэл дээрээс мэдээ орчуулахдаа эх хэлнийхээ хөрсөнд буулгаж орчуулахгүй шууд махчилж орчуулснаар мэдээний утга агуулга алдагдах алдаа үүссээр байна. Энэ нь хуурамч мэдээтэй агаар нэгэн адил хүлээн авагчдад хүрдэг. Хуурамч мэдээнд өртөгч болж байсан миний хувьд аливаа нийгмийн сонор, мэлмийг сэтгүүлч гэж бодон сайн мэргэжилтэн болж төгсөхийг хичээдэг. Эрүүл сэтгүүл зүй миний мөрөөдлийн сэтгүүл зүй."

#Амжилт #Охид