Өнгөрсөн бямба гарагт 14 дэх удаагийн Кэндогийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Этүгэн дээд сургуулийн байранд болж, аваргуудаа шалгарууллаа.
Р.Батдорж 1994 онд "Улаанбаатар" клубыг байгуулснаар Монголд кэндогийн спорт үүссэн түүхтэй. Энэ клубээс дараа, дараагийн бүх клубууд үүсч, өнөөдөр нийт долоон клубын 200 тамирчин энэ спортоор хичээллэж байна.
Кэндо нь бие сэтгэлээ хөгжүүлж, өөрөө өөрийгөө ялан дийлэх тулааны урлагаас гадна харилцан бэртэл гэмтэл учруулахгүйгээр зөв техник аргачлалыг сэтгэхүйтэй уялдуулан хөгжүүлэх, хувь хүний ёс суртахуун, эрдэм мэдлэг, итгэл үнэмшлийг бий болгох ач холбогдолтой.
Энэ удаагийн УАШТ-д нийт дөрвөн төрөлд 70 орчим тамирчин хурд, хүчээ сорьж, бүтэн жилийн бэлтгэл, сургуулилтынхаа үр дүнг үзсэн юм.
2018 онд болох Кэндогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж буйгаараа 14 дэх удаагийн УАШТ онцлог.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд
- Алтан медаль: Э.Уртнасан, Монгол кэндо клуб
- Мөнгөн медаль: Т.Чинзориг, Чикара клуб
- Хүрэл медаль: Д.Чинбилэгт, Чикара клуб
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд
- Алтан медаль: М.Сарантуяа, Чикара клуб
- Мөнгөн медаль: Г.Уранбилэг, Оргил клуб
- Хүрэл медаль: Б.Мөнхзаяа, Чикара клуб
Хүүхдийн төрөл /12-оос доош насны ганцаарчилсан/
- Алтан медаль: Т.Төгстөмөр, Чикара клуб
- Мөнгөн медаль: Э.Тэмүүлэн, Улаанбаатар клуб
- Хүрэл медаль: Б.Түвшин-Эрдэнэ, Бэйс клуб
Хүүхдийн төрөл /13-16 насны эрэгтэй ганцаарчилсан төрөл/
- Алтан медаль: Н.Буянбилэг, Чикара клуб
- Мөнгөн медаль: Э.Билгүүн, Оргил клуб
- Хүрэл медаль: Г.Норовцэрэн, Чикара клуб
45-аас дээш нас
-Алтан медаль: Д.Ганзориг, Чоно клубтус тус хүртлээ.
Мөн багийн төрөлд "Монгол Кэндо клуб"-ын эрэгтэй баг, "Чикара кэндо клуб"-ын эмэгтэй баг тус тус аваргалав.
Япон улсаас гурван шүүгч ирж тэмцээнийг шүүсэн бөгөөд тэдний нэг Ямашита Шүүжи манай тамирчдын талаар "Би 12 дахь удаагаа Монголд ирж байна. Монголын кэндочдын чадвар жил ирэх тутам сайжирч байна. Кэндо бол бодож тоглодог тулааны урлаг. Урт хугацааны дасгал сургуулилтын үндсэн дээр түүнийгээ өөрийн болгож, тулааны явцад ашигладаг учраас тасралтгүй сургуулилт хийж байх хэрэгтэй. Кэндогийн спорт Монголд үүсэж хөгжөөд удаагүй байна. Бусад ижил хэмжээнд хичээллэж буй орнуудтай харьцуулахад тамирчдын чадвар сайн байна гэж би дүгнэнэ. Хичээллэж буй тамирчдадаа үндсэн дасгалуудыг сайтар сурч, түүнийгээ тэмцээнд дээр ашигладаг болоорой гэж захимаар байна" гэсэн юм.
УАШТ-ийг Монголын кэндогийн холбоо, Япон улсын элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулсан. Монгол Улс Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан манай тамирчдад хамгаалалтын хувцас хэрэглэл гардуулжээ.
Япон улсын элчин сайдын яамны Соёл, боловсролын хэлтсийн дарга Ямамото Кейго "Миний хувьд гурван жилийн өмнөөс УАШТ-ийг үзэж байна. Анх үзэж байхад хүн бүр л өөр өөрийн гэсэн хэв маягаар кэндог хийдэг байсан. Харин одоо үндсэн кэндогийн хэв маягт илүү ойртож байгаа юм болов уу гэж харж байна. Энэ жил манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. "Sport for tomorrow" буюу 2020 оны Токиогийн олимпийг угтан улс бүрд спортын бүх төрлийг дэмжихэд манай улс өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Тэр дундаа Японы будогийн спортыг улам дэлгэрээсэй гэсний үндсэн дээр бид Монголын тамирчдад Японы кэндогийн холбооноос хувцас хэрэглэл хандивлаж байна. Монголын тамирчид бидний бэлэглэсэн хувцас хэрэглэлийг ашиглаж илүү ахиж дэвшээсэй гэж хүсэж байна" хэмээлээ.
12-оос доош насны ганцаарчилсан төрлөөс алтан медаль хүртсэн Чикара клубын тамирчин Т.Төгстөмөр "Би жил хоёр сарын хугацаанд кэндогоор хичээллэж байна. Өнөөдөр миний хамгийн хүчтэй өрсөлдөгч Б.Түвшин-Эрдэнэ байсан. Би анх кэндогоор хичээллэж эхлээд түүнд хожигдсон. Дараа нь хоёр сорил дээр ялж, дахиад хоёр сорил дээр ялагдсан. Харин өнөөдөр хожиж улсын аварга боллоо. Миний хувьд тэмцээнд орж, бэлтгэлд явах нь хамгийн сайхан" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх