Б. Батхүү бол залуусын дунд “эмо урлал” хэмээн танигдсан этгээд, содон хэлбэр хийцтэй гоёл чимэглэл болон бэлэг дурсгалын зүйлс урладаг “Бэх брэнд” /BEKH/-ийн үүсгэн байгуулагч, хөдөлмөрч нэгэн. Ингээд түүний уран бүтээл, брендээ хэрхэн үүсгэн байгуулсан зэрэг сонирхолтой сэдвүүдийн талаар ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.
YOLO: Этгээд чамин хийцтэй гоёл чимэглэл сонирхдог хүмүүс, тэр дундаа залууст “Бэх брэнд” аль хэдийн танил болсон гэвэл хэт дэгстүүлсэн явдал болохгүй байх. Ингээд энэхүү ярилцлагаа “Бэх брэнд”-ээ анх хэзээнээс, хэрхэн үүсгэн байгуулсан талаар эхлүүлье.
Би брэндээ анх 2014 онд эхлүүлж байсан. Гэхдээ одоогийн “Бэх” гэсэн нэрээр биш, гар урлалтай холбоотой нэр томьёогоор нэрлэж эхлүүлсэн. Бүтээгдэхүүнүүд маань анхандаа одоогийн өнгө төрхөө хараахан олоогүй байсан. Харин зүүд манагч, энгийн хүзүүний зүүлт зэрэг гоёл чимэглэлийн зүйлсийг түлхүү хийдэг байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ анхаарсны үр дүнд бүтээлүүд маань өнөөдрийн өнгө төрхөө олсон.
YOLO: Өөрийн тань чадвар сайжрахын хэрээр бүтээгдэхүүний өнгө төрх өөрчлөгдөж байсан гэлээ. Үүний адилаар хийж буй материалд ч мөн өөрчлөлт орсон уу?
Хамгийн анх полимер шавраар хийгдэж эхэлсэн. Энэ нь зөөлөн ч эдэлгээний хувьд бат бөх биш. Тухайлбал зүүлт 3-4 сарын дараа элэгдэж эхэлдэг. Одоо бол хиймэл чулуу хийдэг пластик материалаар бүтээгдэхүүнээ урлаж, эдэлгээний хувьд 'асуудалгүй" болсон.
YOLO: Жижиг хэмжээтэй хүзүүний зүүлт, бөгж гэх мэт гоёл чимэглэлээс эхлээд бэлэг дурсгалын зүйлс хүртэл хийдэг юм байна. Бүтээл тус бүрд хэр их хугацааг зарцуулдаг вэ?
Тухайн бүтээгдэхүүний хийц, хэлбэр хэмжээнээс шалтгаалаад хугацаа янз бүр байдаг. Эхлээд гаднын сайтаас, хүмүүсийн санал сэтгэгдлээр судалгаа явуулж, түүн дээрээ үндэслэн загварынхаа зургийг гаргаад бүтээгдэхүүнээ хийж эхэлнэ. Нэг тэмдэглэлийн дэвтэр дээр загвар зургаа гаргах гэж бүтэн өдөр болдог. Эхлээд хар зургаа гаргаад дараа нь өнгөний зохицлоо гаргана. Мөн аль хэсэгт юуг, ямар хэмжээтэй сийлж хийхээ гаргасны дараагаар сийлбэрээ хийж эхэлдэг. Бүтээгдэхүүн бэлэн болтол нийтдээ гурван өдөр зарцуулагдана. Хүн бүрд өөрийн гэсэн мөрөөдөл, түүнийгээ бичиж хөтлөх хүсэл байдаг гэж боддог. Түүнийг нь өдөөж өгөхийн тулд би хувь хүний сонирхолд нийцсэн, эдэлгээ даах чадвартай, салгаад дахиж хуудсыг нь солих боломжтой тэмдэглэлийн дэвтэр гаргасан.
YOLO: Эдэлгээний явцад бүтээгдэхүүний энэхүү олон янзын тод өнгүүд бүдгэрэх үү?
Би бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ одоо ч хийсээр байна. Арилдаг будагтай, арилдаггүй будагтай гэж хоёр төрлөөр гардаг. 2-3 сарын дараа бүх бүтээгдэхүүнүүд маань бүдэгрэлт, цайралт зэрэг эдэлгээний асуудалгүй болно.
YOLO: Энэхүү асуудал шийдэгдтэл өмнө нь худалдан авалт хийсэн хэрэглэгчид бүтээгдэхүүнийхээ будгийг дахин сэргээлгэж, засаж янзлуулж болох уу?
Манайхаас худалдан авалт хийсэн хүмүүс сэтгэл ханамжтай үлдэх нь хамгийн чухал. Тиймээс засвар үйлчилгээ, тэр бүү хэл бүтээгдэхүүнээ буцаан мөнгөө авах тал дээр ч нээлттэй байдаг. Бэлэн бүтээгдэхүүнүүдийн загвар таалагдахгүй байвал захиалгаар хийлгэж ч болно.
YOLO: “Бэх брэнд”-ийн бүх бүтээгдэхүүнүүдийг та өөрийн гараар урласан уу? Танай бренд өөр ажилтантай юу?
Би зураг гаргах, сийлбэр хийх, өнгө нэмэх, маркетинг гээд бүхий л зүйлээ ганцаараа хийдэг. Компанийнхаа жижүүр, үйлчлэгчээс эхлээд хүний нөөцийн албаны дарга, нягтлан, нарийн бичиг, захирлын ажлыг хүртэл өөрөө хийдэг гэдэг шиг л /инээв/.
YOLO: Долоо хоногт хэр их хугацааг брэндийнхээ ажилд зарцуулдаг вэ?
Би энэ ажилдаа их сонирхолтой, дуртай учраас долоо хоногийн долоон өдөр ажлаа хийдэг. Өглөө босоод орой унтах хүртэл энэ ажлаа хийнэ. Дэлгүүр дээрээ ч өөрөө сууна. Дэлгүүр дээр суухдаа зүгээр суугаад байх биш ажлаа хийгээд, зургаа гаргаад л суудаг даа. Долоо хоногт надад ажлын өдөр гэж байдаггүй. Гэхдээ амралтын өдөр ч гэж бас байдаггүй. Би дуртай зүйлээ хийж байгаа учраас уран бүтээлийнхээ ажилдаа уусаад цаг хугацаа ч хурдан өнгөрдөг.
YOLO: Урлан бүтээх авьяасаа хэзээнээс нээж илрүүлсэн бэ?
Бага байхад хүүхдүүд гадаа модон сэлмээр байлдаад тоглож байхад би тэр модон сэлмийг нь хийгээд сууж байдаг хүүхэд байсан. Лагерийнхаа хүүхдүүдийн аав ээжид их загнуулдаг байсан. Хүүхдүүд миний хийсэн сэлмээр тоглож байгаад нэгнийгээ цохиод гэмтээчихнэ. Тэгээд л аав ээж нь над дээр хүрээд ирнэ. Хамгийн анх ингэж л модоор юм хийж эхэлсэн. Манай гэрийнхэн бүгд гар урлалтай холбоотой хүмүүс. Гэхдээ үүнийгээ ажил бус, сонирхол маягаар хийдэг. Гэр бүлээсээ сонирхлоо ажил болгоод явж буй анхны хүн нь би.
YOLO: Б.Батхүү маань ажиллаж хөдөлмөрлөхийн хажуугаар сургуульдаа ч сурдаг гэсэн. Ингэхэд ямар мэргэжлээр суралцдаг вэ?
Би СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн 3-р дамжаанд хувцас загварын чиглэлээр суралцдаг. Одоогоор брэндийнхээ ажилд анхаараад түр чөлөө авсан байгаа.
YOLO: Зөвхөн гар урлалын чиглэлээр бус хувцас загвар ч хүчтэй түрэн орж ирэх загвар зохион бүтээгч болох юм байна шүү дээ.
Эхний ээлжид өөрийн “Бэх брэнд”-ээ хөгжүүлэхийн тулд сургуулиасаа түр чөлөө авсан. Брендээ тогтвортой болгосны дараа өөр салбарт хөл тавих бодолтой байна. Би ирээдүйд хувцас загвар, гоёл чимэглэл, арьсан урлал гэсэн гурван өөр салбарт өөрийн брэндээ нээнэ гэж боддог. Энэ зорилгынхоо дагуу ажиллаад явж байна.
YOLO: Одоо сурч буй мэргэжил нь сийлж урлахтай холбоогүй юм байн. Та энэхүү гар урлалын чадвараа яаж эзэмшсэн бэ? Хэн нэгнээр заалгасан уу?
Би ямар нэгэн сургалтад явж байгаагүй. Өөрөө оролдсоор байгаад хийж сурсан. Өөрөө сурахын давуу тал нь танд ямар нэгэн баригдмал сэтгэлгээ суухгүй байх явдал. Тиймээс ч брендийн маань хөгжүүлэлт идэвхтэй явагдаж байна гэж боддог.
YOLO: “Бэх брэнд” өдгөө олон үйлчлүүлэгчидтэй болсон. Үйлчлүүлэгчдээс ирсэн хамгийн гоё сэтгэгдэл ямар сэтгэгдлүүд байсан бэ?
Хамгийн гоё нь хүмүүс манайхаас нэг зүйл аваад мартдаггүй. Дахин дахин ирж шинэ бүтээгдэхүүн авдаг. Намайг байнга загнадаг үйлчлүүлэгч ч бий. Би тэдэнтэй их нээлттэй байдаг учраас бүр найзууд шиг “Бүтээгдэхүүнээ хурдан гаргаж өгөөч ээ, шинэ бүтээгдэхүүн гарга л даа” гээд маазраад загнаж байдаг юм. Нэг авахдаа 2-3 бүтээгдэхүүн авна. Эсвэл шинэ бүтээгдэхүүн гарах тоолонд ирж авна. Байнгын үйлчлүүлэгчид, урам өгдөг найз нөхөд, бүтээгдэхүүний маань алдаа оноог хэлж өгдөг хүмүүс байдаг учраас би их сэтгэл ханамжтай байдаг.
YOLO: “Бэх брэнд”-ийг мэддэг хүмүүс өнгө төрхийг нь сайн мэдэж байгаа байх. Мэддэггүй хүмүүс ярилцлагаас зургуудыг нь харж байна. Анх харахад их нууцлаг, далд утга агуулж байгаа юм шиг санагдсан. Ийм бүтээл хийдэг хүн яг ямар үзэл бодолтой, дотоод ертөнцтэй хүн байдаг бол гэж их сонирхдог байлаа. Өөрийнхөө дотоод ертөнцийг тодорхойлооч.
Б. Батхүү гэдэг хүн өөрөө их хийсвэр сэтгэлгээтэй хүн. Үүнийгээ бодит зүйл болгохыг хичээдэг. Би бүтээлүүдээрээ дамжуулж хүмүүсийг сэдэлжүүлэхийг зорьдог. Нийгэм өөрөө сайн муу, үнэн худал, гэрэлтэй болон харанхуй гэж хоёр хуваагддаг. Энэ нь нэг бодлын амар боловч яг туйлын үнэн, туйлын худал гэж байхгүй. Бүгд хоорондоо сүлэлдэж оршдог. Үүнийг би бүтээлээрээ илэрхийлж өгөхийг хичээдэг. Гэрэлт орчлонд бүрэлдсэн юм бүхэн сүүдэртэй. Гэгээн үгүй талаас хараад хар бараан гэх шаардлага байхгүй. Түнэр харанхуйн үзлийн дүртэй бургас ч тэнгэрт ээх нарнаар цэцэгс дэлбээлүүлж болдог юм.
YOLO: Өмнө нь залуучуудыг гарааны бизнесээ эхлүүлэхэд хүмүүс одоогийнх шиг эерэгээр хүлээж авдаггүй байсан. "Залуучууд амьдрал мэдэхгүй. Амьдрал мэдэхгүй хүн яаж зах зээлээ мэдэх юм" гээд л. Одоо өөрийн гарааны бизнесээ эхлүүлэхэд нийгмийн зүгээс хэр хүлээж авч байна вэ?
Анх гарааны бизнесээ эхлүүлэхэд төвөгтэй зүйлс их гарч ирсэн. Одоо л нэг юм шаварт зориулагдсан багажууд ашиглаж байна. Өмнө нь техникчийн, мужааны багаж зэргээр орлуулаад ажиллаж байсан. Багажаа авахаас эхлээд асуудлууд зөндөө гарч ирнэ. Ажиглаад байхад залуу хүмүүс маш оргилуун хүсэл тэмүүлэлтэй байдаг. Үүнийгээ яг юунд ашиглахаа, яг юу хийхээ мэддэг болчихвол хөгжил дэвшилд их хэрэг болно.
YOLO: Гарааны бизнесээ эхлүүлэхэд гол хөрөнгө оруулагчид хэн байв?
Гэр бүлийнхэн маань надад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан. Намайг 16, 17 настай байхад аав ээж маань надад бүтээл урлах багаж, материал хэрэгслийг нь өгөхөд тэдэнд “Та хоёр надад ингэж хөрөнгө оруулж, ингэж тусаллаа. Би та хоёроос дахиж мөнгө авахгүй. Би өөрөө өөрийгөө болгоод явна” гэж амласан. Одоо бол би амлалтдаа хүрсэн. 17 настайгаасаа хойш сургалтын төлбөр болон бусад зүйлсээ өөрөө зохицуулаад явж байна даа.
YOLO: Анх брэндээ байгуулж байхад хүмүүс хэрхэн хүлээж авсан, бүтээгдэхүүн нь зах зээлд хэр эрэлттэй байсан бэ?
Хүмүүст хэзээ ямар үед, ямар баяраар, яг юуг хүргэвэл зохимжтой бол гэж их судалгаа хийсэн. “Бэх” брендийн ерөнхий төрх бараан бүүдгэр талдаа ч тухайн нөхцөл байдал цаг үеэсээ хамаараад гэгээлгээс эхлээд бараан бүхнийг л хийнэ. Хамгийн анх гарч ирэхдээ яаж хүмүүст хүргэх учраа олоогүй байсан. Тэгээд би болоогүй байгаа юм байна даа гээд өөр газар маркетингийн чиглэлээр ажиллаад, практик дээр суралцаж явсан.
YOLO: “Бэх брэнд”-ийн ойрын болон хэтийн зорилго юу вэ?
Одоогийн байдлаар ямар ч гэсэн дэлгүүрээ нээчихлээ. Саяхан “LendMN”-ий “Алалц хож” хэмээх мини хэрэглүүртэй нэгдсэн. Мөн гар урлалыг дэмжигч “Гэрү” цахим худалдаа үйлчилгээний "Онцлох уран бүтээлч" жагсаалтад багтсан. Ойрын зорилго гэвэл дэлгүүрийнхээ салбарыг нээгээд цаашид хүрээгээ тэлээд явна. Хэтийн зорилго гэвэл өөрийн гэсэн өнгө аястай гурван өөр төрлийн брэндээ эхлүүлж, дэлгүүрүүдээ нээнэ.
YOLO: Оюутан байхдаа брэндээ эхлүүлж, одоогийн байдлаар ийм амжилттай явж буй залуу үеийн төлөөллийн хувьд уншигч залуустаа хандаж үг хэлэхгүй юу?
Хүн бүрд хүсэл мөрөөдөл бий. Тэр мөрөөдлийг хий хоосон байлгах биш бодит хөдөлмөр болгоорой. Хүн болгоны хүсэл мөрөөдөлд сайн сайхан зүйл байдаг. Түүндээ хүрэхийн тулд харин бүтэлгүйтэж, зовж зүдэрч магадгүй. Үүнийг давж чадсан хүн өөрийн мөрөөдөлдөө хүрч чадна.
YOLO: Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
Баярлалаа.
ТА ЭНД ДАРЖ ТҮҮНИЙ ФЭЙСБҮҮК ХУУДАСТАЙ ХОЛБОГДОХ БОЛОМЖТОЙ.
ИНСТАГРАМ ХУУДСЫГ НЬ Ч МӨН ДАГААРАЙ.
Түүний уран бүтээлүүдээс:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх