Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ингээд захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Бид анх үерхэж эхлэхдээ л гэрлэнэ гэж үерхсэн. Тийм болохоор алдмааргүй байна.
Сайн байна уу? Би одоо 17 настай. Саяхнаас нэг хүнтэй чатаар үерхэж эхэлсэн юм аа. Тэр минь одоо 18 настай. Гэхдээ саяхнаас бид бараг ярихаа больсон. Надаас зугтаад ч байх шиг. Үнэндээ би өмнө нь хүнтэй үерхэж байгаагүй учраас энэ тохиолдолд яг яах ёстойгоо сайн мэдэхгүй байна. Тэгээд чатаар үерхэж байгааг ч хэлэх үү, уулзаж чадахгүй болохоор хэлсэн үгэнд нь итгэхээс өөр арга надад алгаа.
Би дүү нартай нь холбоотой байдаг найзуудын ч бас зах зухаас нь танина. Би одоо яг яах ёстой вэ? Би салахыг хүсэхгүй байна. Надад амласан амлалт байдаг юм. Тэр амлалтаа биелүүлтэл нь хамт байж түүндээ түшиг тулга болмоор байна. Бид анх үерхэж эхлэхдээ л гэрлэнэ гэж үерхсэн. Тийм болохоор би түүнийгээ алдмааргүй байна. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Түүнд ганцаараа байх орон зай эсвэл өөр зүйлд цаг гаргаж, анхаарлаа хандуулах хэрэг гарсан байх.
Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Энэ харилцаа нь хэдийгээр хол зайнаас, чатаар өрнөж байгаа ч гэсэн чиний хувьд их утга учиртай, үнэ цэнэтэй харилцаа бололтой. Тэр чамаас зугтаад байгаа мэт мэдрэгдсэн ч нэгт амлалтаасаа болоод, хоёрт түүнийг хэцүү байдал байхад нь түшиг болохгүйгээр орхиод салчих вий гэсэн бодлоос болоод салж чадахгүй байна гэж ойлголоо. Гэвч чиний хэлснээр хэрвээ тэр чамаас дөлөөд, чат бичих нь багасаад байгаа бол түүнд ганцаараа байх орон зай эсвэл өөр зүйлд цаг гаргаж, анхаарлаа хандуулах хэрэгтэй болсон байх. Аль нь ч байсан түүнд орон зайг нь өгөх хэрэгтэй.
Хүмүүс амлалт өгөх яг тэр үедээ амлалтаа биелүүлж чадна гэдэгтээ маш их итгэлтэй байдаг. Гэтэл цаг өнгөрч юмс өөрчлөгдөхийн хэрээр хүн өөрөө ч өөрчлөгдөж өмнө өгсөн амлалтаасаа буцах ч үе байна. Тиймээс тэр амлалтдаа хүрэхгүй бол аль болох ойлгож, уучлаарай.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх