Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй НОМЫН КЛУБУУД


Ном бол танд таны мэдэрч амжаагүй, магадгүй хэзээ ч мэдэрч чадахгүй байсан ертөнцийг мэдрүүлэх гайхамшигт хаалга билээ. Өнөөдөр хаа нэг гудамж, автобус, кофе шопд сууж байхад ном уншиж буй залуус их харагддаг болж. Гэвч нэг ном уншиж дуусгачхаад тухайн номынхоо талаар ганцаараа л бодоод байх нь онцгүй биш гэж үү?

Та номын клубд явснаар найз нөхдийн хүрээгээ тэлэх, бусадтай санал бодлоо хуваалцах,  мэдээ мэдээлэл солилцох болон бусдад ном унших сэдлийг төрүүлэх зэрэг олон давуу талтай юм. Доорх номын клубууд нь ашгийн төлөө бус, ном унших дадал зуршлыг хүүхэд залууст бий болгох зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг газрууд юм. Та ямар нэгэн номыг уншаагүй байсан ч гэсэн хэлэлцүүлэгт оролцсоноороо тухайн номыг унших үгүйгээ шийдэх боломжтой. Эдгээр клубийн Фэйсбүүк бүлгэмд нэгдсэнээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм шүү. Ингээд Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа номын клубуудтай танилцацгаая. 

1. ТАРХИ ЦЭНЭГЛЭГЧ НОМЫН КЛУБ

2014 оны дөрөвдүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулж буй энэхүү клуб нь сард 1-2 удаа “Гоё Уулзалт” нэртэйгээр уншсан номынхоо талаар ярилцдаг уулзалтыг зохион байгуулдаг. Мөн та энэхүү бүлгэмд элссэнээр ууланд гарч алхах, сайн үйлсийн аян хийх, тэмдэглэл хөтлөх уралдаан зэрэг олон үйл ажиллагаануудад хамрагдах боломжтой. 

Фэйсбүүк бүлгийн нэр: "ТАРХИ ЦЭНЭГЛЭГЧ номын клуб"

2. UB BOOK CLUB

Номын хэлэлцүүлэг нь 14 хоногт нэг удаа зохиогдох ба оролцсон хэн ч тухайн номын талаар санал бодлоо чөлөөтэй солилцох боломжтой. Хэлэлцэх номоо гишүүдийн саналаар сонгож, хагас жилд унших 12 номын жагсаалт гаргадаг байна.

Фэйсбүүк бүлгийн нэр: "UB Book Club"

3. MONBOOK CLUB

Энэхүү клуб нь 2008 онд байгуулагдаж байсан бөгөөд клубийн гишүүд уулзаад хэлэлцүүлэх номын жагсаалт гаргах, жагсаалтын дагуу номоо хэлэлцүүлэх гэсэн 2 үйл ажиллагааг явуулдаг. Тэд гадаадын болон дотоодын утга зохиолын ном уншиж, 3 долоо хоногт 1 удаа хэлэлцүүлэг өрнүүлдэг. 

Фэйсбүүк бүлгийн нэр: "Monbookclub"

4. СЭТГЭЛ ГЭГЭЭРЭЭСЭЙ

Энэхүү номын клуб нь долоо хоног бүрийн Пүрэв гарагт хэлэлцүүлгээ зохион байгуулдаг. Ном төвтэй болж, оновчтой шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг чухалчилж, бие биедээ мэдлэг чадвараа түгээх,  ном унших дадлыг бий болгох гэсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Та тус номын клубд хүрэлцэн ирэхдээ 1ш ном хандивласнаар клубийн гишүүн болох боломжтой. 

Фэйсбүүк бүлгийн нэр: "Сэтгэл гэгээрээсэй."

5. ОЮУНЫ ТҮЛХҮҮР НОМЫН КЛУБ

“Оюуны түлхүүр” клуб сард 1 удаа уншсан номынхоо талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж, чөлөөт цагаа үр бүтээлтэй ашиглах уулзалтыг зохион байгуулдаг.  
Мөн идэвхтэй гишүүдийнхээ төрсөн өдрөөр ном унших сэдлийг нь дэмжих үүднээс урамшуулах, сар бүр номын тэмдэглэлийн аварга болон клубийн шилдэг идэвхтнийг шалгаруулах гэх мэт сонирхолтой үйл ажиллагааг явуулдаг байна.

Фэйсбүүк бүлгийн нэр: "Oюуны түлхүүр номын клуб"

#Book club #Улаанбаатар