Yolo.mn сайт энэ удаагийн ярилцлагын зочноороо УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаярыг урьж оролцууллаа. Бүдүүн баргил хоолой, үл ялиг ширүүн төрхтэй түүнийг тайзны уран бүтээлээс нь гадна "Аав" уран сайхны кинонд дүр бүтээснээр нь сайн мэдэх билээ. Бид түүний бага нас, уран бүтээлийнх нь талаар сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авна уу.
YOLO: Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. "Надтай үлдээч" жүжиг тоглогдож дууслаа. Энэ талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач.
-Сэтгэгдэл өндөр байна. Театрын суудал дүүрэн өдрүүд үргэлжилж дууслаа. "Монгол жүжгийн өдрүүд"-ээр "Надтай үлдээч" жүжиг дахин тоглогдоно. Үзээгүй хүмүүс нь үзээрэй. Үзсэн хүмүүс нь үзээгүй хүмүүстээ дуулгаарай. /Инээв/
YOLO:Энэхүү жүжиг үзэгчдэд нэлээдгүй хүлээлт үүсгээд байсан шүү дээ. Үзэгчдийн хүлээлтийг давж чадсан болов уу? Жүжгийн ерөнхий санааг бидэнтэй хуваалцаач.
- Үзэгчдийн хүлээлтийг давсан уу, үгүй юу гэдгийг үзэгчид л хэлэх байх. Жүжгийн гол санааны хувьд гэвэл техник технологи, олон нийтийн сүлжээ өндөр хурдаар хөгжиж яваа энэ үед бид нар өөрсдөө ч тухайн хурдыг гүйцэхээ болиод байна. Энэ хэмжээгээр чин сэтгэлийн харилцаа үгүй болж байна гэдгийг бид "Надтай үлдээч" жүжгээрээ харуулах гэж зорьсон юм.
YOLO:Энэ нь таны хэд дэх гол дүр вэ?
- 4 юм уу 5 дахь гол дүр маань байх аа.
YOLO: Таны очих дуртай газар?
-Зарим газарт тухгүй ч юм уу, тайван сууж чаддаггүй шүү дээ. Тийм биш, цаанаасаа л сэтгэлд өег байдаг, тайван, зөв хүмүүстэй газар л байх дуртай.
YOLO: Та багадаа ямархуу хүүхэд байсан бэ?
- Ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. /Инээв/ Би улсын тэргүүний Ган Зам 20-р сургуульд 1-8-р анги хүртэл сурсан. Суралцаж байх хугацаандаа урлагийн үзлэг, спортын арга хэмжээ, анги нийтийн ажилд маш идэвхтэй оролцдог хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Ер нь бол эцэг эхийн хурал хийгээд л намайг хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ гэдгийг шууд мэдэж болно. /Инээв/
YOLO: Танд авьяас, хөдөлмөр хоёрын алийг нь илүү заяасан гэж боддог вэ?
- Соёл урлагийн их сургуульд ороход "Аливаа уран бүтээлч болоход 1% нь авьяас. Үлдсэн 99% нь хөдөлмөр байдаг" гэж манай багш нар маань их ч хэлдэг байсан даа. Гэхдээ би хөдөлмөр болон авьяасаа аль алийг нь хөгжүүлээд явах хэрэгтэй юм болов уу гэж боддог.
YOLO: Та өөрийн багадаа мөрөөдөж байсан мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог уу?
- Би өөрийн мөрөөдлийнхөө дөнгөж үзүүрээс нь л атгачхаад байна.
YOLO: Таныг хамгийн сайн илтгэдэг, таныг чимдэг зүйл гэвэл?
- Хүн бүр л энэ тал дээр өөр бодолтой байдаг байх. Миний бодлоор хүнийг тухайн хүний зан араншин, өмссөн хувцас, хувь хүн өөрөө гээд л ер нь бүх юм нь л илтгэдэг байх.
YOLO: Та яагаад урлагийн замаар явах болсон бэ?
- Би багаасаа л урлагт их сонирхолтой хүүхэд байсан. Жишээлбэл урлагийн үзлэгээр анги хамт олноо уриалж бүжиг, дуу, жүжигчилсэн номеруудад их ордог байсан. Ер нь багаасаа л жүжигчин болно гэж мөрөөддөг байсан. Тэр хооронд хальт Хип хоп хөгжим рүү "халтирч" байлаа. /Инээв/ Дараа нь СУИС-д суралцвал олон зүйлсийг давхар суралцах боломжтой юм байна гэдгийг мэдээд жүжигчин гэх мэргэжлийг эргэлт буцалтгүйгээр сонгож байсан юм.
YOLO: Урлагийн амьдралыг хатуу гэж ярьдаг шүү дээ. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Янз янз. Хатуу нь хатуу шүү дээ, тийм биз дээ? /Инээв/ Бид чинь бэлтгэл сургуулилт гээд цаг наргүй ажилладаг. Гэр бүлээ ч умартан бэлтгэлээ хийх тохиолдол цөөнгүй бий. Дан ганц тайзны урлаг ч гэлтгүй дэлгэцийн урлагийнхан натурт гарвал 1,2 сараар ч хамаагүй хөдөө явчихдаг. Энэ талаараа л хатуу гэж хэлэх гэсэн юм. Мэргэжлийн үүднээс яривал ямар ч мэргэжилд амар зүйл гэж үгүй шүү дээ. Тиймээс тэр бүхнийг даваад л гарах хэрэгтэй гэж боддог.
YOLO: Таны тоглосон дүрүүдээс таны зан араншинтай төстэй дүр байсан уу?
-Өө, тэгээд л янз, янз л даа. Хүнд уурлана, баярлана, гомдоно, уйлна, тэсрэх үедээ тэсэрнэ, чимээгүй байх үедээ чимээгүй байх гэх олон зүйлс байдаг даа. Тэрэнтэй адилхан. Яг ажилласан дүрүүдэд бол хувь Шинэбаяр гэдэг хүний детал зан араншингууд байдаг л даа.
YOLO: Таны бодлоор гадаадад жүжигчний мэргэжлээр сурах нь Монголд сурахаас ялгаатай юу?
-Сурахын хувьд бол хувь хүнээсээ л шалтгаалдаг байх. Уншиж судлах номын хувьд Монголд сурснаас гадаадад илүү ихийг сурна. Монголд унших ном харьцангуй цөөн шүү дээ. Америкт ч юм уу, Солонгост сурвал тухайн улсын хэл соёлоос нь суралцаж, илүү өөр өнцгөөс харж, аливаа юмыг дэлхийн хэмжээнд хараад эхлэх байх гэж боддог. Харин Монголд ирээд ямар уран бүтээлч болох нь тухайн хүнээс л шалтгаална.
YOLO: Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?
-Бүр төгс хийж чаддаг юм байхгүй ээ. Ерөнхийдөө жигд оролцоотой л явдаг даа. /Инээв/
YOLO: Та юунаас хамгийн их эрч хүч авдаг вэ?
- Янз янз. Заримдаа өөрөөсөө авна. /Инээв/. Найзуудын хэлсэн урмын үг, тэр ч байтугай зэмлэж шүүмжилсэн үгсээс ч урам авах тохиолдол бий. Заримдаа амьдралд тулгарч буй нугачаануудаас урам авна.
YOLO: Заримдаа бидэнд бодолд дарагдсан үедээ эргэн дурсдаг хүүхэд насны гэгээн дурсамжууд байдаг шүү дээ. Таны хувьд ямар дурсамжаа эргэн санадаг вэ?
- Нэг тийм мэдрэмж байдаг даа... Байгалийн үзэгдэл ч юм уу, танил дуу ч юм уу. Нэг дуу сонсвол хүүхэд насандаа очиж байсан зуслан дээр байгаа үе, намрын шаргал өдрүүд ирэхэд нарны өнгө, эржевний хэсэг бодогддог. Багадаа сэтгэлд тод үлдсэн зүйлээ дахин харахад бага насны дурсамж сэдэрдэг л гэсэн үг.
YOLO: Та яагаад урлагт дурлах болсон бэ?
- Ёстой мэдэхгүй юм. Манай гэрийнхэн дунд урлагийн хүн байхгүй. Гадаад кино үзэж, Монголынхоо авьяаслаг жүжигчдийг хараад би энэ хүн шиг болох юмсан гэсэн хүсэл төрөөд л урлагт орсон байх.
YOLO: Багш нараасаа сонссон байнгын бодож явдаг сургаал бий юу?
- Багш нар маань "хүн бай" гэж сургадаг байсан. Жүжигчин хүн хүн байх ёстой гэж. Жүжигчний мэргэжил нь хүнийг маш сайн судалдаг мэргэжил учраас өөрөө хүн байж, уран бүтээлд хандах хандлага нь үнэн байх ёстой.
YOLO: Та хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд дүрээ үлдээсэн шүү дээ. Танд дахиад киноны санал ирсэн үү? Дахин кинонд тоглох уу?
- Киноны саналууд ирсэн. Өөрөө тоглох болон өөрөө найруулж, продьюсерээр ажиллах ажлууд хүлээж байна. Одоогоор 2 кинонд тоглосон байгаа ч кинонууд нь хараахан нээлтээ хийгээгүй байна.
YOLO: Та 10 жилийн дараах өөрийгөө төсөөлбөл ямар хүн байх бол?
- Түрүүн надаас "Таны мөрөөдөл биелсэн үү?" гээд асуусан шүү дээ? Санаснаар болдог бол тэр мөрөөдлийнхөө ядаж талд нь хүрмээр байна.
YOLO: Та 18 настай үеийн өөртөө юу гэж хэлэх байсан бэ?
- Юу гэмээр ч юм бэ дээ? /Инээв/. Одоогийнхоосоо илүү хөдөлмөрлөөрэй л гэж хэлэх байсан байх. Мөн ямар нэгэн хөгжмийн зэмсгийг маш сайн тоглодог болоорой гэж хэлмээр байна.
YOLO: Таны амьдралдаа баримталдаг зарчим?
-Хүнд муу юм хийчихгүй зөв амьдрах юмсан л гэж бодож явдаг даа. Хүсэж мөрөөдлөө гээд шунал хүсэлдээ авталгүй сайхан амьдрах юмсан гэж боддог. Би чинь ирээдүйд үр хүүхэдтэй болно шүү дээ. Өнөөдөр би зөв явах юм бол ирээдүйд миний үр хүүхэд маань ч зөв явна гэсэн үг. Энэ л миний амьдралын хамгийн том зарчим.
YOLO: Манай сайтыг өсвөр үеийнхэн их уншдаг. Тэдэнд зөвлөгөө өгвөл?
- Юу хүссэнээ хий. /Инээв/ Бид нар маш их ярьдаг. Ярихаасаа илүү хийх л хэрэгтэй. Хэлэхээсээ илүү хэрэгжүүлэх хэрэгтэй шүү гэж л залуустаа зөвлөмөөр байна.
YOLO: Тэгэлгүй яах вэ. Та бүтээсэн дүрээ зүүдэлж байсан уу?
- Маш том асуулт байна. /Инээв/ Дадал болно гэдэг шиг тухайн жүжгийн дүр дээр ажиллаад ирэхээр биед ч сууж эхэлнэ. Дүрдээ орох гээд шаналаад, байнга бодоод ирэхээр сүүлдээ зүүдлэгддэг. Заримдаа ойлгохгүй байсан зүйлээ зүүднээсээ олж авдаг.
YOLO: Бид хүүхэд залуустаа мэргэжлээ зөв сонгох үүднээс мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгдөг. Та жүжигчин болох гэж байгаа залууст маань зөвлөгөө өгвөл?
- 1% нь авьяас, 99% нь хөдөлмөр гэж хэлсэн дээ? Хэрэв чамд багахан ч гэсэн авьяас, мэдрэмж мэдрэгдэж байвал түүнийгээ дагаад 100% хүртэл нь өөрийгөө бүрэн гүйцэд дайчлаарай. Эцэст нь хүртэл тэмүүлэх энэ мэргэжилд дурлах ёстой. Энэ мэргэжлээр өвчлөх ёстой. Мэдээж тодорхой хэмжээгээр шантарна. Гэхдээ тэндээс өөрийгөө ялан дийлдэг юм шүү. Жүжигчин болох хүүхдүүд нэгдүгээрт сэтгэлзүйн болон бие бялдрын бэлтгэлтэй байх ёстой. Хоёрдугаарт ном сайн уншсан байх хэрэгтэй. Номын хувьд Дэлхийн 30 сонгодог зохиол, Монгол төрийн шагнал хүртсэн зохиол, богино өгүүллэг, тууж, шүлэг найраглал сайн унших хэрэгтэй гэж зөвлөе.
YOLO: Маш их хэрэгтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Таны дуртай үгээр энэхүү ярилцлагаа өндөрлөе.
- Мэргэжлээ зөв сонгоорой. Мөн өөртөө үнэнч байх хэрэгтэй шүү.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа амжилт хүсье.
Зургийг Баасанбуу Шинэбаярын фэйсбүүк хуудаснаас
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх