Өнгөрсөн онд Туркт болсон гэр бүлийн хүчирхийлэл, аллагын золиос болж амь насаа алдсан 440 эмэгтэйтэй тэнцэхүйц тооны буюу 440 хос өндөр өсгийтийг Истамбул хотын төвд байрлах барилгын ханан дээр байрлуулжээ.
Кабатас хорооллын бизнес төвд байрлуулсан уг сэтгэл сэрдхийлгэм агуулгатай үзүүлэн нь Туркийн кофе шоколад үйлдвэрлэлээр тэргүүлэгч Кахве Дуняси компаний эхлүүлсэн төслийн нэг хэсэг юм. Уг гутлын төслийг санаачлагч Вахит Тунагийн хэлснээр энэ нь өнгөрсөн онд нөхөр найз залуучууд эсвэл хамаатан садан ойр дотны хүмүүсийнхээ гарт амь насаа алдсан 440 эмэгтэйд зориулагджээ.
“Энэ бол Туркийг ард иргэдийн хувьд хүнд шарх, хүнд нөхцөл байдал юм” гэж Туна Синьхуа агентлагт ярьжээ.
Айсе Корук хэмээх залуу эмэгтэй ханан дээрх өндөр өсгийтүүдийг харж байхдаа эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох тал дээр гутранги үзэлтэйгээ, үүнд ихээхэн санаа зовж явдгаа хуваалцжээ. “Хэрэв нийгэмд тогтсон сэтгэлгээг өөрчлөхгүй бол ямар ч сайн үр дүн гарахгүй” гэж тэрээр хэлсэн байна. Үүгээр ч зогсохгүй Корук “Өдөр бүр бид улам их айдаг. Хэн нэгэн намайг дагаж байгаа эсэхийг харахаар би байн байн арагшаа харж явдаг” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
Мөн Айдын Эрдоган гэх иргэн тус улсын эмэгтэйчүүдийн эсрэг эрчүүдийн зүй бус үйлдлээс ичиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ “Би өдөр бүр зурагтаа асаагаад эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн тухай ижил төстэй өөр жишээнүүдийг үзэх бүртээ ээжүүд хүүгээ зохих ёсоор хүмүүжүүлж, бүх насны эмэгтэйчүүдийг хүндэтгэх ёстойг зааж өгөөсэй гэж хүсдэг. Би хоёр хүүтэй. Би тэднийхээ араас үргэлж эмэгтэйчүүдэд сайхан хандах ёстой шүү гэж хэлдэг” гэлээ.
Дан ганц Турк улсын жишээг дурдсан ч гэсэн энэ үзэгдэл дэлхийн өнцөг булан бүрт өрнөсөөр л байна. Магадгүй яг одоо энэ мэдээг уншиж суугаа та, таны дүү, эгч, охин, ээж чинь ч хэн нэгэн өөрийг нь дагаж байгаа эсэхийг харахаар байн байн арагш харж зүрхээ даран бөмбөгөнөтөл чичрэн алхдаг байж болох юм. Эмэгтэйчүүдээ хайрлая.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх