Бизнес эдийн засгийн “Forbes” сэтгүүл хувцас загварын Michel&Amazonka брэндийг онцолжээ.
Энэ ярилцлагаас та бүхэн Michel&Amazonka-гийн ирээдүйн зорилго, мөрөөдөл, урам зориг авдаг хүмүүс, загвар зохион бүтээх, хувцас урлах үйл явц хэрхэн явагддаг мөн гэр бүл бизнесээ яаж хослуулан авч явдаг талаар мэдэх боломжтой юм. Энэ брэндийг үүсгэн байгуулсан эгч дүүстэй хийсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Монголчууд загварын өндөр мэдрэмжтэй хүмүүс гэж та хоёр боддог уу?
-Монгол хүмүүс загварлаг хувцаслахыг илүүд үздэг. Мөн трэнд дагах дуртай. Тиймээс бид загварын цуглуулгуудаа тэдний хүсэл сонирхолд нийцэхүйц загварлаг мөн шинэлэг байдлаар гаргахыг эрхэмлэдэг.
-Монголд сүүлийн жилүүдэд загварын чиг хандлага, дүр зураг хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Манайд загварын чиг хандлага сүүлийн жилүүдэд эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байна. Энэ нь хорь гаруй жилийн өмнө Монгол Улс тусгаар улс болохын төлөө өрнүүлсэн ардчилсан хувьсгалаас эхлэлтэй. Бидний урдаа тавьсан том зорилго бол дэлхийн загварын зах зээл, трендүүдтэй хөл нийлүүлэн алхах.
-Ирэх улиралд гарч буй трендүүдээс өөрсдөд тань хүлээлт үүсгэн сэтгэлд хүрсэн зүйл байна уу.
Нөгөө талаар трэнд байхаа больж байгаад нь баярлахаар загвар байна уу?
-Бидэнд ийм загвар таалагддаггүй гэж хэлж тодорхойлох боломжгүй юм. Учир нь тренд буюу тухайн үеийн загварын чиг хандлага бүр өөрсдийн гэсэн дагагчид, түүнд дурлагсадтай. Хэн нэгэнтэй ярилцвал, түүний дотоод ертөнц рүү өнгийгөөд харвал тэдний харах өнцөг, эрхэмлэдэг зүйлийг мэдэж болно. Загвар зохион бүтээгч бүр өөрсдийн гэсэн хувь хүний үнэт, эрхэмлэдэг зүйлстэй. Үүнийгээ бүтээж буй загвараараа илэрхийлдэг. Бид нуугдмал үндэстэн угсаатны соёл уламжлал, эд зүйлс зэргийг харуулахыг илүүд үздэг. Тиймээс эдгээр элементүүд болон трендийг хооронд нь зохицолтойгоор уусган, Michel&Amazonka-г илтгэх хувцас урладаг.
-Материалаа Монголоос авдаг уу?
-Манайд ноолуурын үйлдвэрүүд бий ч даавууных байхгүй. Даавуун материалаа гаднаас оруулдаг. Ирээдүйд бид загвартаа маш их хээ, хатгамал, нөхөөс ашиглахгүй. Бусад брэндүүдтэй адилгүй буюу илүү энгийн, минималист хэв шинжтэй болгоно. Түүнчлэн материалаа илүү чанаржуулахыг хүсэж байна.
-Материалаа хэрхэн чанаржуулна гэж?
-Ноолууран бүтээгдэхүүн ашиглаж эхэлнэ. Ноолуур дээр хэвлэдэг үйлдвэрүүдтэй харилцаа тогтоон хамтарч ажиллана. Тэгж чадсанаар зах зээл дээрх бэлэн материал ашиглахаас илүүтэй Монголоос гаралтай материал түлхүү хэрэглэж эхэлнэ. Мөн бид нийгэмд эко тренд дэлгэрээд буйг маш баяртай хүлээн авдаг. Шинэ коллекцдоо илүү эко бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Манай компани байгальд ээлтэй цүнх үйлдвэрлэсэн анхны компани болсон. Барууны орнуудад нийлэг тор ашиглахаас зайлсхийж даавуун тор, цүнх хэрэглэхийг илүүд үздэг болсон шүү дээ. Байгальд ээлтэй энэ сонголтыг Монголд илүү нэвтрүүлэн дэлгэрүүлэхийг хүсэж байна.
-Өөрсдийн загвараас хамгийн дуртайгаа сонго гэвэл аль нь байх бол?
-Ар нуруундаа ламын зурагтай, ногоон хүрмийг сонгох байсан. Энэ дүрслэлийг ардын үлгэрээс сэдэвлэсэн. Энэ лам эрдэм ном сурах гэж Төвд орныг зорьсон ч юу ч сурч чадалгүй буцаж ирдэг. Гэвч буцах замдаа Төвдөд сурч болох байснаас ч илүүг сурч чаддаг. Монгол ардын үлгэр домгууд манай загваруудтай сүлэлдэн жинхэнэ Michel&Amazonka-г илэрхийлдэг.
-Та хоёр хувцаснуудаа өөрсдөө оёдог уу, хэр цаг зарцуулдаг вэ?
-Бид өөрсдөө оёдог. Нэг долоо хоног зарцуулдаг шүү.
-Онцгой цорын ганц загвар бүтээх хэцүү юу?
-Ижил загвартай олон хувцас үйлдвэрлэх хэцүү санагддаг. Учир нь манай зах зээл маш жижиг. Тиймээс бид ирээдүйд Манго, Зара зэрэг брэндүүдтэй төстэй брэндийг үүсгэн байгуулна гэж төлөвлөсөн. Тэгж чадвал бид хувцсаа олон тоогоор, өөр өөр хэмжээтэй үйлдвэрлэх боломжтой болно. Үнэ нь ч бага байна. Гэхдээ өөрсдийн үнэт чанараа хадгалан, энэ чигээрээ үйлчлүүлэгчид хүрч ажиллахаар зорьж байна. Ирэх жил гэхэд энэ төлөвлөгөөгөө биелүүлнэ гэж найдаж байна.
-Ямар сайхан мэдээ вэ. Том ажил хийхээр төлөвлөжээ.
-Тийм ээ. Шинэ дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний үнэ боломжийн, мөн шинэлэг загвартай, чанартай бүтээгдэхүүн байх болно. Бид энэ чанараа хадгалан үргэлжлүүлсээр байхыг хичээнэ.
-Хэнээс урам зориг авч загвар зохион бүтээж, оёж хатгах ажлаа эхлүүлсэн бэ?
-Манай ээж гайхалтай уран хатгамал хийдэг. Бас гар урлалд дуртай байсан. Бид ээжийнхээ сонирхлыг өвлөсөн. Ээж маань дэрний уут зэргээ уран хатгамалтайгаар төрөл бүрээр маш гоё хийдэг байсан. Бас өвөөгөөсөө урам зориг авдаг байв. Өвөө маань лам хүн. Түүний эд хэрэглэлүүд үнэхээр чамин.
-Загвар зохион бүтээх үйл явц хэрхэн явагддаг вэ?
-Бид судалгаа хийж эхэлдэг. Ажлаа хийнгээ урам зориг, эрч хүч өгөхүйц сайхан дуунууд сонсдог.
-Судалгаагаа Монголдоо хийдэг үү эсвэл гадагшаа явдаг уу?
-Бид гадагшаа явж судалгаа хийхээсээ илүүтэй хүрээлэн буй орчноосоо санаагаа авдаг. Манай улсаас маш олон шинэлэг санаа ойлголтыг авч болно. Учир нь Монгол соёл, уламжлал дэлхийд тийм ч сайн танигдаагүй. Ихэнх хүмүүс Чингис хаан, түүхийн холбогдолтойгоор л биднийг мэддэг. Одоогийн нөхцөл байдал, хүмүүсийн хувцаслалт, соёл уламжлал, баяр наадам зэргээс маш олон сайхан шинэ санаа олж авч болно. Хүмүүст ямар загвар илүү таалагдахыг хэлэх хэцүү. Амжилттай болох байх гэж найдаж байсан загварыг хүмүүс өөрөөр хүлээж авах тохиолдол бий.
-Байнгын үйлчлүүлэгч олонтой юу?
-Тийм ээ. Гаргасан шинэ коллекц бүрээс маань авдаг хүмүүс бий. Өнгөрсөн жил бид сар бүр буюу 12 удаа шинэ коллекц гаргасан. Тус бүрээс нь хувцас авсан үйлчлүүлэгчид бий. Энэ жил бид цөөн коллекц гаргасан учраас хүмүүс дахин авах хүсэлтээ илгээж байна. Жишээлбэл өнгөрсөн зун “Summertime” нэртэй шинэ коллекц гаргатал хоёр үйлчлүүлэгч бүгдийг нь хуваагаад авчихсан.
-Шинэ коллекц гаргахад хүндрэлтэй тал байдаг уу?
-Олон тоогоор үйлдвэрлэж чаддаггүй. Энэ нь зах зээлтэй холбоотой. Хүн бүрийн сонголт өөр. Гуравхан сая гаруй хүн амтай ч хүн бүр өөр өөр үнэр амтанд дурладаг гэсэн үг. Хүн бүрт таалагдаж тохирох хувцас урлах хэцүү. Бид цахим дэлгүүр нээхээр ажиллаж байна. Энэ ажлаа бүтээчихвэл загвараа илүү олон үйлдвэрлэж, гадаад зах зээлд нэвтрүүлэн, олон хүнд хүргэж чадна. Гэхдээ бидэнд хийх маш их ажил байна. Учир нь Ази, Европ хүмүүсийн өмсгөл, биеийн хэмжээ өөр.
-Та хоёр эгч дүүс. Нэг нэгнээсээ урам зориг авдаг уу?
-Тийм ээ. Гэхдээ бидний ажиллах хэв маяг нэг нэгнээсээ өөр. Тийм болохоор маш их зүйлийг бие биеэсээ сурдаг. Нэг нь маш удаан бодох дуртай байхад нөгөө нь маш богино хугацаанд шинэ санаа олчихсон гэдэг юм уу, адилгүй талууд бий.
-Монголд эмэгтэйчүүд бизнесээ эхлүүлэн авч явахад ямар санагддаг вэ?
-Үнэхээр чадвар туршсан, зарим талаараа хэцүү асуудал. Гэхдээ дурласан ажлаа хийж байгаа болохоор бүх саадыг давж, хүссэн замаараа ажлаа үргэлжлүүлсээр л байна. Ажлын хажуугаар гэр бүлдээ анхаарал тавих нь бас нэг сорилт. Бид хоёул гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болцгоосон. Тэд маань бидний ажлыг ойлгож дэмждэгт нь талархдаг.
-Сүүлийн бөгөөд хамгийн чухал гэж бодож байгаа асуултаа тавья. Монголын загварын ертөнцийн тухай дэлхий дахин юуг мэдээсэй гэж хүсэж байна вэ?
-Дэлхий дахин манай улсыг ноолууран бүтээгдэхүүнээр нь мэднэ. Гэхдээ өөр материал ашиглан хувцас урладаг загвар зохион бүтээгчид байдаг гэдгийг дэлхийн чихэнд хүргэмээр байна. Монголд маш олон чадварлаг загвар зохион бүтээгчид бий. Гэхдээ тэдэнд дэлхийн зах зээлд хүрэх боломж тун бага. Цаг үе өөрчлөгдөж, гадаадад сурах, мэргэжлээ дээшлүүлэх боломжтой болсон.
Ямартай ч бид зорьсон зүйлсээ биелүүлэн, үргэлжлүүлэн ажилласаар л байх болно. Нэг л өдөр Монголоо шингээсэн онцгой загваруудыг дэлхийн сонорт хүргэж, тэр том зах зээлд гаргана гэсэн хамгийн том зорилго мөрөөдөл маань биелнэ гэж найдаж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх