СОЁЛЫН ДОВТОЛГОО: Хотод амьдрах гэж байгаа хүн бүрт хэрэгтэй зөвлөгөө


Цэцээ | YOLO.MN
2019-08-27

Хотын гудамж зуны налгар, сэлүүхэн байдлаа сэлгэж, хүн хөдөлгөөн ихтэй байна. Жил бүрийн наймдугаар сарын дунд, есдүгээр сарын эх бол оюутан сурагчдын хичээл эхэлж, хот жилийн бусад үеэс илүү ихээр хүний хөлд дарагддаг үе.

Энэ хичээлийн жилд 10 гаруй мянган сурагч оюутны амьдралд хөл тавьж буй бөгөөд үүний нэлээд нь орон нутгаас хотыг зорин ирж буй.

“Багшийн дээд дээр Багшийн дээдийг асуусан хүмүүс л их байна, нөгөөдүүл чинь иржээ” гэсэн пост нийгмийн сүлжээгээр нэлээд харагдах болсон энэ үед “Соёлын довтолгоо” булангаараа их хотын нэг хэсэг болон амьдарч буй хэн бүхэнд зориулсан зөвлөгөөг хүргэж байна.

Хотын болон хөдөөний гэх ялгаа гаргахыг хүссэнгүй. “Сүхбаатарын талбайг хөндлөн гулд алхаад Сүхбаатарын талбайгаа ололгүй харьж байсан хөдөөний оюутан би өнөөдөр эх орноо гадаадын зочид төлөөлөгчид танилцуулаад зогсохгүй хилийн чанадад тэднийг төлөөлөн ажиллаж байна” хэмээн нэгэн иргэн бичсэн байна лээ. Хотын соёлын мэдэхгүй нэгнээ элэг доог болгоод өнгөрөх бус тэдэнд соёлтойгоор шаардлага тавьж, зөвлөгөө өгөх нь зөв юм шүү. Нөгөөтэйгүүр хотод олон жил амьдарсан атлаа хаа сайгүй шүлс, цэрээ хаяж, нусаа нийн, хогоо хаядаг хүмүүс ч байдаг тул хотод амьдрах гэж байгаа, амьдарсан ч хотын соёлд суралцаагүй хэн бүхэнд зориулж байна.

“НАДАД ЧИНИЙХЭЭС ИХ МӨНГӨ БАЙГАА ЗА”

Бусдад садаа болохгүй байна гэдэг маш том соёл. Хорвоо дэлхий дээр ганц та амьдардаг байсан бол таны яах ийх тань хэнд ч хамаагүй байж болох юм. Харин хоёулаа болсон тэр цагаас л бусдад садаа болохгүй байх талаар ойлголт эхэлж байна гэсэн үг.

АТМ-аас мөнгө авахаар дугаарлаж байхад нь яг ард нь зогсоод байхаар нь муухай хармар аядсан чинь “Юундаа муухай хараад байгаа юм. Надад чинийхээс их мөнгө байгаа за” гэж хэлсэн гэдэг ониноо байдаг даа. Энэ мэтчилэн үйл явдал их. Аливаа дараалал үүсгэсэн газар бүхэнд та урд хүнээсээ тохой хэрийн зайтай зогсоорой. Чихэн дээр нь амьсгалж, араас нь юу юугүй тэврэх гэж байгаа юм шиг хэт ойртож хэрхэвч болохгүй.

АВТОБУСНЫ “ХҮРЭЛ ХӨШӨӨ” БИТГИЙ БОЛООРОЙ

Нийтийн тээврээр зорчино гэдэг чинь тэр чигтээ соёл, сэтгэл шаардсан асуудал гэдгийг 80 саяын унаагаар зорчигчид бүгд мэднэ дээ. Өглөөд бол бүр ярих юмгүй. Өөрөөсөө том цүнх үүрсэн хүүхдүүд, хөгшид, ажилдаа яарсан хүмүүс гээд бүгд л автобусанд багтахыг хичээнэ. Жолооч “зайгаараа яваад өг л дөө” гэж уурлаж нэг үзнэ, гуйж нэг үзнэ. Бүр багтахаа байхаар голын хаалгаа онгойлгоод “чихнэ”. Урд хаалгаар орох гэсэн цуваа таслагдаж үлдэхэд, аз таарч автобусанд ороход бөөн “хүрэл хөшөө”-нүүд угтах нь тэр. Нааш цааш багахан явахад л өнөө хүүхдүүдийг, ажилдаа яарсан хүмүүсээс нэлээн хэд нь орох боломж байсаар байхад арын хэсэгт хэтрүүлж хэлбэл хоёр хүн хэвтэх хэмжээний зай байж байх жишээний. Тэгэхээр автобусанд суухдаа багахан сэтгэл гаргаж байхыг хүсэж байна.

Дээр нь том дөрвөлжин цүнх үүрдэг бол түүнийгээ урдаа хямгадаж, урт үстэй бол хувцсан дотроо хийх эсвэл боох, биеэ талаар нэг сул тавихгүй бариулаас сайтар барьж, хосоороо явж байвал түр зуур зай завсарт эвтэйхэн орох гэх мэтийг анхаарууштай. Эс тэгвээс авдар шиг том цүнхээрээ гэдэс хүү татах гээд, уртаа сайхан үс нь ам хамар руу ороод, бариулаас барихгүй дээрээс дарж уначих гээд, шинэ хосууд тас тэврэлдээд салахгүй замд хөндөлсөх гэх мэт бусдад төвөгтэй үйлдлүүд ажиглагддаг юм шүү.

ХОГИЙГ ХОГИЙН САВАНД, ХОГИЙН САВ БАЙХГҮЙ БОЛ ТАНЫ ЦҮНХЭНД


“Энэ хогийг яана аа, арай дэндүү юм аа” гэж уулга алддаг хэр нь хүний нүд хариулж байгаад хогоо чулуудчихдаг хүн олон. Олон гэж яаж мэдэж байгаа юм гэж үү. Хаашаа л харна хөглөрч буй хогийг хараад л тэр.

Дээр нь боловсон, соёлтой байна гэдэг боловсрол эзэмшсэн дипломоор үнэлэгддэггүй. Хөдөөний хүн хотод ирээд бусдын тав тухыг бодоод хогоо халааслаад явж байхад, хэд хэдэн сургуулийн диплом өвөртөлж, ганган сайхан хувцасласан мөртлөө идсэн чихрийн цаас, уусан ундааныхаа савыг чулууддаг нэгэн бий.

Заавал бид бусдын хаясан хогийг түүгээд л эх оронч, энэрэнгүй сэтгэлтэн, нийгмийн баатар болох гээд байх шаардлага байхгүй. Бид "тарьсан" хогоо өөрөө цэвэрлэчихдэг, бусдад “хог битгий хаяач ээ” гэдгийг ойлгуулчихдаг бол л болох нь тэр. Тэгж чадвал Азийн цагаан дагина Улаанбаатарт амар сайхандаа жаргаж, аж төрөөд байна гэсэн үг.

СУРГУУЛЬТАЙ МУУР, НОХОЙ ХҮРТЭЛ ТОГТСОН ГАЗРАА ХӨНГӨРЧ, ХҮНДЭРДЭГ
Амьсгалын замаар дамждаг өвчнүүд орчны бохирдлоос үүдэлтэй. Шүлс таны амнаас гадагшилсан үедээ орчны бохирдлыг бий болгодог бол харин таны аман дотор байвал эрүүл мэндэд хэрэгтэй. Шүлс нь хоол боловсруулахад оролцох, шүд цоорохоос сэргийлэх, амны хөндийг цэвэрлэх, ам хатаахгүй байх зэрэг олон сайн талтай. Тэр ч бүү хэл залуужуулдаг гэдэг.

Хэрвээ шүлсээ хаяж байгаа хүн байвал тэр нь эрүүл мэндийн наад захын боловсролгүй, соёлгүй бүдүүлэг хүн гэсэн үг юм. Нусаа нийх, цэрээ хаях талаар ярихад ч хэцүү. Үнэндээ хүн бүр өглөө босоод нүүр гараа угаах явцдаа ам, хамрын хөндийгөө цэвэрлэдэг учиртай. Нусаа нийж, бүлээн усаар хамраа зайлна. Ингэснээр та цэвэрхэн байгаад зогсохгүй, ханиад томуугаар өвчлөх эрсдэлийг бууруулна. Харин гудманд цэрээ хаяж байгаа, нусаа нийж байгаа хүмүүс нь нүүр гараа дутуу угааж, ариун цэврээ сахиж чаддаггүй хүмүүс байх нь.

Шүлсээ хаяхгүй, нусаа нийхгүй явсаар байвал заншдаг. Харин энэ үйлдлийг байнга хийх нь давтан хийх зуршлыг бий болгодог тул аль болох ялгадсаа гудманд хаяхгүй байхыг хичээгээрэй.

Шүлс, нусаа гудманд хаяж болохгүй юм чинь бие засаж бүр ч болохгүй. Сургуультай муур, нохой тогтсон газраа хөнгөрч, хүндэрдэг гэдгийг санаарай. Тэгэхээр хаа сайгүй шээж, бааж байгаа танд хот гэдэг их айл тохирохгүй.

МАШИНЫГ ЗАСЧ БОЛОХ Ч ТАНЫГ ЗАМАСКДАЖ ЧАДАХГҮЙ
Зам гарах талаар сануулахгүй бол болохгүй нь. Зам хөндлөн гарахдаа цагаан шугам, ногоон гэрлээр гарах ёстой. Зам гарахдаа гэрэл ассан байсан ч аль болох хурдан гарах нь зүйтэй. Эс тэгвээс зам хөндлөн гарч байна гээд гараа гозолзуулах, эсвэл замыг жишиж гарах, утсаар ярингаа бараг л машинтай зэрэгцээд нэг урсгалд орох нь уу гэлтэй гарах гээд маш олон буруу үйлдлийг хийдэг. Жолооч нар ч соёлгүй үйлдэл гаргадаг ч эрсдэл үүсэхэд машиныг засварлаж болно, харин таныг засварлаж замаск будаг хийж болохгүй гэдгийг санаж, үргэлж биеэ гамнууштай.

#Соёлын довтолгоо