Монголын анхны унтаж болдог номын сан


Д.Нямханд | YOLO.MN
2019-05-06

Хурдацтай хөгжин өөрчлөгдөж буй энэ цаг үед өдөр тутам мэдлэгээ тэлж буй оюутан залууст зориулан Монголын Үндэсний Их Сургууль Монголд анх удаа унтаж болдог буюу 24 цагийн номын санг нээлээ.

Тус сургуулийн хичээлийн шинэ байранд нээгдсэн энэхүү 24 цагийн номын сангийн эрхлэгч Д.Энхжаргалаас бид товчхон мэдээлэл авлаа.

YOLOНомын сангийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулаач.

-Манай Анагаахын сургууль ашиглалтад орсноороо энэ байрны 6-р давхар нь бүтэн номын сан болж байгаа. Энэ номын сан 24 цагаар ажиллах зохион байгуулалттай. Номын сан чимээгүй орчинтой учир нозоорох, ядрах үе гардаг. Энэ үед нь түр амраах зорилгоор тав тухтай ор дэртэй унтлагын номын сан нээсэн. Онцлог нь хонож хичээлээ хийх боломжтой, өглөө босоод уух кофе, нэг удаагийн хэрэглээг шийдэж өгч байгаа.

YOLOЗөвхөн МҮИС-ийн оюутнууд орох уу? Бүх их сургуулийн оюутнууд орох боломжтой юу?

-Эхний ээлжинд өөрийнхөө сургуулийн оюутнууддаа үйлчилнэ. Харин дараагийн ээлжинд жигдрээд томроод ирэхээр нь бүх сургуулийн залуусаа оруулдаг болно.

YOLOКарт яаж нээдэг вэ?

-МҮИС-ийнхаа оюутны үнэмлэхийг уншуулж ордог.

YOLOХэдэн салбарын хичнээн ном байгаа вэ?

-Анагаах ухаан, Барилга, Уул уурхай, Уран зохиол, Хэлний шинжлэл гэсэн салбаруудын 13 мянга гаруй ном байгаа. Одоогоор 340 шинэ ном аваад байна. Цаашдаа ч нэмэгдсээр байх болно.

YOLOГэрээр ном авч явах боломжтой юу?

Гэрээр олгохдоо ширхгээс нь хамаарна. 2, 3 ширхэг байвал өгдөггүй. 5-с дээш байвал оюутнууддаа 2 хоног, багш нартаа 5 хоногийн хугацаатай олгодог.

#Library