Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Сэтгэл хөдлөлгүй болоод удлаа. Хэцүү байна
Сайн байна уу, эсвэл байцгаана уу? Би энэ жил 17 нас хүрч байгаа.
Миний асуудлын хувьд энэ миний нийгмийн харилцаанд идэвх муутай байснаас болсон байх гэж боддог. Хэзээнээс хойш гэдгээ сайн санагдахгүй байна. Би сэтгэл хөдлөлтэй холбоотой юу ч мэдэрдэггүй болоод удаж байна. Хамгийн сүүлд дунд ангид дөнгөж орж ирээд ганц удаа догдлох гэдэг мэдрэмж авч байснаа санаж байна. Бас би хүнд дурлаж чаддаггүй. Ер нь анхнаасаа дурлаж ч байгаагүй. Надад хөвгүүд сэтгэлээ илчлэхэд ч би юу ч мэдэрдэггүй. Би бас сандардаг ч үгүй. Жилийн өмнөөс би өөрийгөө робот шиг болоод байгаагаа анзаарсан. Хэрвээ ямар нэгэн гунигтай зүйл тохиолдвол
-За одоо уйлах ёстой. Хүнгүй газар хаанаас олох вэ гэж бодож байсан. Тэр үед би өөрийгөө улам л хүндрээд байгаагаа ойлгосон. Хүний бие махбодтой боловч сэтгэл гэж байхгүй. Яг л "human anymore"
Харин өчигдөр гэнэт амьсгал шалтгаангүйгээр давчдаад байсан. Сүүлд хэзээ яг амьсгал авч байснаа угаасаа санахгүй байна.
Зүгээр л удах тусам би муудаад байна. Энэ миний биед ч нөлөөлж би илүүдэл жинтэй болсон.
Хэцүү байна, хэцүү байна......................... ХЭЦҮҮ БАЙНА..
ЗӨВЛӨГӨӨ: Боломжтой бол сэтгэл судлаачтай нүүр нүүрээ харан уулзаарай
Сайн уу? Бидэнд хандан захиа ирүүлсэнд баярлалаа. Юу ч мэдрэхээ больсон мэт санагдах, гэнэт ямар ч шалтгаангүйгээр уйлах, уйлахаа зогсоож чадахгүй байх гэх зэрэг нь тодорхой нэг шалтгаантай.
Ганцхан захианы араас чиний дотроо булсан тэр их мэдрэмжийг ойлгоно, одоо юуг мэдэрч байгааг хангалттай сайн ойлгож байна гэж хэлж чадахгүй ч, чамайг гэсэн, чамайг анхаарсан, чамд санаа тавьж байгаа хүмүүс энд байгаа мөн туслах хүсэлтэй байгаа гэдгийг чамайг ойлгоосой гэж хүсч байна.
Дээр хэлсэнчлэн товчхон захианы араас таамаглах хэцүү ч ихэнхдээ хэт их боддог буюу мэдрэмжээсээ илүү бодлоо чухалчилдаг хүмүүс аажмаар сэтгэл хөдлөлийн унтралд орох хандлагатай байдаг. Чи хэлсэн байна шүү “уйлах хэрэгтэй, хаана уйлах хэрэгтэй вэ” гэж бодсон гэж. Дараагийн удаа ямар нэг үйл явдал тохиолдоход одоо яах ёстой вэ гэж бодолгүй зүгээр л мэдрэмжээ сонсохыг хичээгээрэй. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
С.Цолмон
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх