Зохион бүтээгч Б.Базарваань: Залуу насанд эрүүл л байвал бусад асуудлыг инээж байгаад л давна


М.Батчимэг | YOLO.MN
2019-03-11

"Шарк танк" нэвтрүүлгээс 30 сая төгрөгийн санхүүжилт авсан залуу бизнесмен, ШУТИС-ийн уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженерийн ангийн 2-р курсийн оюутан Б.Базарвааньтай өсвөр, залуу насанд тулгардаг элдэв асуудлын талаар яриа өрнүүлснээ та бүхэнд хүргэж байна. Залуу насныхаа үнэ цэнийг мэдэрч, тулгарсан асуудлаа энгийнээр харж, хүсэж байгаа зүйлийнхээ араас тууштай явж, аав ээж, хайртай хүмүүсээ хайрлахын чухлыг түүний ярианаас уншаарай.

YOLOӨглөөг хэрхэн эхлүүлэв?

-Өглөөг эхнэр, хүүтэйгээ гурвуулаа угтдаг. 6 цагт сэрүүлэг дуугарах тэр үеэс эхлээд ШУТИС-ийн хичээл эхлэх 07:40-тэй уралдаад л хичээлдээ бэлдэнэ. Хүүгээ унтуулж хадам ээждээ үлдээнэ. Эхнэрээ сургуульд нь хүргэж өгөөд өөрөө хичээлдээ явна. Өглөө бүрийг ийм л хэмнэлтэй эхэлдэг дээ.    

YOLOЭнэ  мэргэжил амьдралд тань хэр чухал байр суурь эзэлдэг вэ?

-Мэдээж мэргэжил маш чухал шүү дээ. МСҮТ-д байх хугацаандаа англи хэлнийхээ түвшинг сайжруулах гэж сургалтад сууж байсан. Тэр үед найз маань Унгарын засгийн газрын тэтгэлэгт хамт материалаа өгөх санал тавьж бүртгүүлээд эхний шатандаа тэнцсэн. Дараагийн шат нь шалгалт өгөх байсан ч хувийн шалтгаануудаас болоод хойш тавьсан даа. Одоо ШУТИС-ийн уул уурхайн салбар сургуульдаа энэхүү мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцаж байна даа. Би өөрийн мэргэжил, уул уурхай, техник технологид хайртай.

YOLOКоллежид сурч буй хүүхдүүд их сургуульд үргэлжлүүлэн сурахаар шийдвэл юунд анхаарах хэрэгтэй санагдсан бэ?

-Бүх юм сайн муу хоёр талтай байдаг. Коллежид мэргэжлийн тал дээр багш нар нь сайн, сурах, дадлага хийх орчин сайн ч математик, физик зэрэг хичээлийн тал дээр орж буй цаг нь ч бага, ЕБС-ийг бодоход сул санагддаг. Тийм учир мэргэжлийн хичээлийнхээ хажуугаар сургалтад хамрагдаж өөрийгөө ЕБС-ийн хичээлээр нэмж хөгжүүлээд дараа нь их сургуульдаа орвол хүндрэл багатай байна гэж бодогдсон.

YOLOТөхөөрөмжийнхөө санааг анх хаанаас олж байв? Төхөөрөмжийнхөө талаар танилцуулаач.

-МСҮТ-ийн мэргэжлийн Н.Ганболд багштайгаа модны нүх ухаж байгаад санааг нь олж байсан. Харин миний төхөөрөмж 1 минутад 1 модны нүх ухах хүчин чадалтай. Одоо амьдралд нэвтрээд, хэрэгжээд явж байна. Оюуны өмчөөр хамгаалуулж, ашигтай загварын гэрчилгээгээ авсан.

YOLOБүтээлийнхээ санааг олох, хийж эхлэх, дараа нь бизнесээ эхлүүлэх гээд яривал арвин их түүх бий. Тэр бүгдийг товчхон ярья гэвэл?

-Энэ түүх маань 2016 он буюу “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэгт бүртгүүлсэн тэр үеэс эхэлнэ. Тэр цагаас цаасан дээр байсан бүтээл маань бодит зүйл болж эхэлсэн.

YOLOБизнес болгох санаа хаанаас үүсэв?

-“Залуу зохион бүтээгч” дууссаны дараа нэвтрүүлгээс намайг  үзсэн мод үржүүлгийн газартай хүмүүс захиалгууд өгч эхэлсэн. Тэр үеэс  бизнес болгох эхлэл маань тавигдсан.

YOLOШарк танкаас 30 сая төгрөгийн санхүүжилт авсан шүү дээ. Яг одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ? 

-Цаашдын хийхээр төлөвлөсөн ажил маань экскаватор худалдаж авах, төхөөрөмжийнхөө тоог нэмж бизнесээ өргөжүүлэх. Энэ бол зүгээр л эхлэл шүү дээ. Одоо миний урд үр дүн, хүмүүсийн хүлээлт, маш их хариуцлага хүлээж байна.

YOLOИрээдүйд ногоон орчинг бүрдүүлэхийг хүссэн зорилготой чинь холбоотой бодож байгаа ямар ажил байна вэ?

-Би говийг ойжуулна. Өөрийн нутаг Говь-Алтай аймагтаа өөрийнхөө төхөөрөмжөөр нүхийг нь ухаад, мод тариад хэсэг төгөл газар байгуулна гэж мөрөөддөг. Эхнэр бид хоёр сургуулиа төгсөөд, хүүхэд том болохоор заавал тэр ажлаа хийнэ.

YOLOОдоо байгаа өөртөө хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Хүмүүсийн итгэлийг алдахгүй, ажлаа сайн хийх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Учир нь хүмүүс: “Энэ хүүхэд ийм ажил хийдэг юм байна, санхүүжилт авчихлаа одоо юу хийх бол” гээд л миний ард хүлээлт маш их байгаа.

YOLOӨөрийн үеийнхэнд хэлэхийг хамгийн их хүсдэг зүйл гэвэл?

Залуучууд их амиа бодоод байгаа юм шиг санагддаг. Хамтдаа хөгжинө гэсэн бодолтой байгаасай гэж хүсдэг. Одоо өөрийнхөө төлөө зүтгэж байгаа энэ зүтгэл чинь ирээдүй нь өөртөө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт шүү.

YOLOДуртай зүйлээ хийж эхэлье гэхээр зориг л дутаад байдаг юм шиг.  Бүтэлгүйтвэл тэгээд л орхичихдог. Эсвэл ахиж хийхээсээ айдаг. 

-Төхөөрөмжөө хийж эхлэхэд мэдээж хэрэг бэрхшээлтэй зүйлс олон байсан. Тэр үед асуудал  гарч ирэхэд дуртай зүйлээ зүгээр орхилгүйгээр маш сайн төлөвлөж, судалсны дараа хийж эхлэх ёстойг ойлгосон. Миний хувьд ажил бүтэхгүй болоод зогссон үедээ чимээгүй газар ганцаараа суугаад бүх асуудлаа боддог. Тэгээд бүгдийг нь төлөвлөж бизнес хуанли дээр бичдэг. Мөн бусдаас их үлгэр жишээ авдаг. Тэр тусмаа бизнес эрхэлдэг хүмүүсийн бичлэгийг үзэж, ярилцлагыг уншдаг даа.

YOLOХийж буй ажил, сурч буй мэргэжлээсээ шалтгаалаад байнга бүтээлч байх хэрэгцээ гардаг байх. Бүтээлч сэтгэхүйгээ хэрхэн хөгжүүлдэг вэ?

-Би бүтээлч сэтгэлгээг ааваасаа өвлөж авсан гэж боддог. Аав маань юм хийх их хүсэлтэй ажилсаг хүн. Би нүх ухах төхөөрөмжөөсөө гадна өөр олон төрлийн амьдралд ашиглагдах бүтээлүүд хийж байсан.

YOLOТехник технологид сонирхолтой хүүхдүүдэд бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх талаар зөвлөвөл?

-Энэ чиглэлд дуртай хүүхдүүдэд зөвлөхөд миний хувьд Youtube-с бичлэг их үздэг. Тиймээс интернетийг ашиглаад бичлэг сайн үзээрэй мөн хэрэглээний “Inventer”,  “Auto design” зэрэг программуудыг сайн эзэмшиж, оролдож үзээрэй гэж хэлмээр байна.

YOLOХүн бүрд амжилтын түүх гэж байдаг шиг бүтэлгүйтлийн түүх ч гэж бас бий. Өөрийнхөө бүтэлгүйтлийн түүхээсээ хуваалцаач

-Хийж байгаад орхисон зүйлс олон бий. Жишээ нь: Youtube-ээс хоёр генераторын зөрүү дээрээс илүүдэл цахилгаан гаргаж аваад түүнийгээ ахуйдаа хэрэглэх санаа харж байсан. Тэр санааг хэрэгжүүлэхээр шийдсэн ч эхэлж тооцохоосоо өмнө шууд л хиймээр санагддаг сул талаасаа болж бүтэлгүйтсэн. Тэр алдаанаас аливаа зүйлийг хийж эхлэхээсээ өмнө заавал төлөвлөж, судлах ёстойг ойлгосон.

YOLOСурна, амьдралаа авч явна, ажлаа хийнэ гээд завгүй амьдралын хэмнэлтэй байж цаг хугацааны үнэ цэнийг их мэдэрч байгаа байх. Цагаа хэрхэн зохицуулж байна вэ?

-2016 оноос завгүй байхын жаргалыг мэдэрч эхэлсэн. Би өдөрт хийсэн зүйлсээ бүгдийг бичиж үлдээдэг. Энэ ташрамд хэлэхэд эхнэртээ  цаг зав маш бага гаргаж байгаа ч ойлгож дэмжиж байгаад баярлалаа гэж хэлмээр байна. Хадам ээж маань ч бас хүүг минь харж өгч бид хоёрт их дэмжлэг болж байгаад баярлаж байгаа.

YOLOӨөрөө ч мөн адил хичээлийнхээ хажуугаар ажил хийж байгаа. Түүнийхээ хэрээр маш их ядарч байгаа байх.

-Миний бизнес улирлын чанартай. Тиймээс өвөл нь цагийн ажил хийдэг. Миний хувьд 24 цагт 5-6 цагийн нойрыг заавал авдаг. Тийм ч учраас ядрах нь бага байдаг юм шиг санагддаг.

YOLOАжил хийгээд олсон мөнгөө хэрхэн зарцуулдаг вэ?

-Өнгөрсөн зун би Баянзүрх хайрханыг ойжуулах зорилготой ТББ-т 600 ширхэг хашааны модны нүх ухаж, хашаа хийж өгч ажилласан. Тэндээс олсон ашгаа сургалтын төлбөртөө зарцуулсан. Мөнгөө зөв зарцуулах тал дээр цалингаа яаж авч байгаагаас их шалтгаалдаг. Жишээ нь: Өдөр өдөртөө авдаг бол мэдээж хэрэг амархан үрэгдэнэ. Иймд зарцуулалтаа тооцоолох хэрэгтэй. Миний хувьд ус, ундаа худалдаж авах зэрэг нь хэрэггүй зардал.  Түүний оронд гэртээ ус буцалгаж авч яваад хэмнэлт хийдэг.

YOLOСүүлийн үед залуучууд стресс, сэтгэл гутралд ордог болчихсон. Амьдралыг өнгөтэйгөөр  харах  энэ өнцгөө хэрхэн бий болгосон бэ?

-Бүх юм маш энгийн шүү дээ. Би аавдаа загнуулахаар бүүр ч сайхан болчихдог. Би аавыгаа шүтдэг. Аавын хэлсэн юм бүхэн зөв байдаг. Хүн бүр л аав ээжийгээ шүтэж үгэнд нь сайн орж байх хэрэгтэй. Бидний үеийнхэн хүнээс үг сонсож сураагүй, тэвчээргүй болсон юм шиг санагддаг. Залуу насанд эрүүл л байвал бусад асуудлыг инээж байгаад л давна шүү дээ. Өөрийнхөө хүсэж байсан зүйлээ биелүүлсэн тохиолдолд л “Амьдрал сайхан байна” гэдэг мэдрэмжийг авна.

YOLOЗалуудаа аав ээж болсон хүмүүс их бий. Тэдгээрт хандаж  хариуцлага гээч зүйлийн талаар өөрийнхөө бодлыг хуваалцаач.

-Хариуцлага ярина гэвэл нэгэнт л хайртай гээд амьдралаа холбосон бол хоорондоо л маш сайн ярилцаж чаддаг байх хэрэгтэй. Миний хувьд өдөр болгон Валентин гэдэг шиг л бие биенийгээ хайрлавал хариуцлагыг хамт үүрэлцэж чадна. Бид хоёрын хувьд хоёулаа хүүхэдтэй болохыг хүссэн учраас л энэ хариуцлагыг хүлээж авахаар шийдсэн.

YOLO18 насны үнэ цэнийн талаар?

-Хүмүүс надад 18 настай гэхэд мундаг байна, чамаас эрч хүч, урам зориг авч байна гэж хэлдэг. Миний хувьд энэ талаар бодохдоо би зүгээр л хийхийг хүссэн зүйлээ хийгээд л өнгөрсөн энгийн зүйлс шиг санагддаг. Надад энэ насанд хүрэх их хүлээлт байсан. Наад зах нь л насанд хүрчихвэл машин жолоодох эрхтэй болно, компаниа байгуулна, мэргэжлийн үнэмлэхээ авчихна. Цаашлаад маш олон боломж нээгдэнэ. Тэр хүлээж байсан насандаа хүрээд, хүслээ эхнээс нь биелүүлээд явах үнэхээр сайхан байна.

#Shark_Tank