ЗАХИДАЛ: Би түүнийг мартаж чадахгүй юм чинь хүлээнэ


ССҮТөв | YOLO.MN
2019-03-06

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Түүнийг мартаж чадахгүй юм чинь хүлээнэ

Сайн байна уу? Намайг Б гэдэг 9-р ангид сурдаг. Би анх тэр охинтой 6-р ангиа төгсөх жилээ танилцаж байсан юм л даа Тэр охиныг А гэдэг. Анх зурагнаас нь харахад тэр охин надад үнэхээр хөөрхөн харагдсан. Тэрүүхэндээ шохоорхоод л фэйсбүүкээр найз болоод чатлаж эхэлсэн юм. Бараг 2 сар чатласны эцэст би чатаар үерхэх санал тавьсан. Мэдээж зөвшөөрөөгүй л дээ надад хэцүү байгаа мэт мэдрэмж төрсөн ч мэдээж жоохон хүүхэд байсан болохоор мартах талаар л бодсон. Гэвч мартаж чадахгүй л байсан. Бид хоёр өөр сургуульд сурдаг болохоор ядаж ганц ч таарч ч байгаагүй л дээ.

Үерхэх санал тавьсны дараа А-тай бараг жил шахуу зүгээр л чатласан. Харин би тэр хугацаанд өөр охинд сайн болоод бүр үерхчихсэн байсан ч тэгж байх хугацаандаа А тай бас л чатласан хэвээр л байсан. Бараг үерхэж байгаа охиноосоо илүү бүх зүйлийг ярилцаж байсан л даа. Тэгээд А байнга бодогдож эхэлсэн. Нөгөө үерхэж байсан охиноосоо ч салсан. Яагаад гэвэл А-гаас өөр хүн хэрэггүй юм шиг санагдаад. Тэгээд чатлаад л байсан. Мэдээж А бас найз хөвгүүнтэй байсан л даа. Гэхдээ сүүлд нь салсан. Тэгээд л энэ хэвээрээ дахиад 1 жил чатласан.

Эцэст нь нэг өдөр тэр надтай уулзъя гэж хэлсэн л дээ. Надад үнэхээр баярлууштай байсан. Их л догдолж байлаа. Түүний царайг харах нь гээд л... Даанч би багаасаа их дуу муутай, зожиг гэмээр хүүхэд байсан болохоор уулзаад ярьж чадахгүй байвал яах вэ, мэдрэмжгүй сэтгэгдэл төрүүлчихвэл яах вэ гэх мэтээр ургуулж бодсон. Яг уулзаад ярих үггүй болсон. Ээрч муураад л, яахав дээ гэмээр л байсан. Гэхдээ санасныг бодвол гайгүй л гэмээр.

Манай эмээ өвөөгийнх тэднийхтэй ойрхон байдаг. Гэрийнх нь тэнд ойрхон уулзчихаад хүргэж өгөөд, орой нь чатласан. Мэдээж би сайн л юм чинь үерхэх тухай л бодож байлаа. Тэгээд би кино үзэж болох уу гэж асуусан чинь чатаар нь шал өөр, уурласан маягтай хүн над руу чат бичсэн. “Чи хэн бэ?” гээд… Мэдээж би өмнөх үерхэж байсан хөвгүүнтэйгээ буцаад үерхэж байсныг нь мэдээгүй болохоор гайхсан шинжтэй байж байтал манай найз банди миний фэйсбүүкээр орж байгаа юмаа гэж хэлсэн. Миний дотор хамаг юм нурж унах шиг мэдрэмж төрсөн. Тэгээд зөндөө уурлаад блок хийчихсэн. Яагаад ч юм эрэгтэй юм байж би зөндөө уйлсан.

Өглөө над руу мессеж бичсэн байсан л даа. “Блокоо гаргачих тэгэхүү, намайг уучлаарай” гээд... Мэдээж миний сайн охин учраас блокоо гаргахаар шийдсэн. Тэгсэн чинь тэр найз хөвгүүнээсээ салсан тухайгаа хэллээ. Би өөрийгөө буруу юм хийчихлээ л гэж бодож зөндөө их буруутгасан.

Энэ явдлаас хойш бид хоёрын харьцаа улам л дотносоод ирэх шиг болсон л доо. Бас нилээн хэд уулзчихсан. Харин нөгөө зожиг гэмээр, ярьж чадахгүй бол яанаа гээд санаа зовж байсан би гэдэг хүн чинь уулзах тоолондоо илүү сайн ярьдаг болсоор байв. Тэгээд энэ маягаараа төрсөн өдрөөр нь гуйж үерхэх санал тавина гэж бодоод төрсөн өдрийнх нь өмнөх өдөр ажил хийж олсон мөнгөөрөө бэлэг аваад өгөх гээд өглөө нь чат бичтэл түүний аав, ээж, аниа гээд л бүгд надтай уулздаг гэдгийг мэдчихсэн, 12-р анги хүртлээ хүнтэй үерхүүлэхгүй гэж хэлсэн, бас гар утас мессенжер зэргийг нь байнга шалгаж байх тухай бичжээ. Тэгээд би угаасаа мартаж чадахгүй юм чинь хүлээхээр шийдсэн. Бас олигтой ч чат бичиж болохгүй байсан болохоор надад хэцүү байсан. Гэхдээ бодсон хэвээр. Үнэхээр сайн болохоор сүүлдээ “Заавал эхнэрээ болгоноо” гэж өөртө амлалт өгсөн! Заавал!!! Сайн чатлаж чадахгүй байгаа ч гэсэн хаяа жоохон ч гэсэн гайгүй чат авж байгаадаа баярлаж байлаа. Хичээлээ сайн хийгээд, том болоод жаргалтай амьдруулна, олон гоё зүйлсийг цугтаа хийнэ гэдэг бодол толгойноос гарахгүй байсан болохоор хичээлдээ л шамдах болсон. Бас тэр өдрөөс өдийг хүртэл дахиж нэг л удаа уулзсан байх.

Гэвч нэг өдөр тэр надад энэ үерхэл хүссэн чатаа боль гэж хэлсэн л дээ. Хэлсэн ёсоор нь зүгээр л энгийнээр чатлаж эхэлсэн. Тэгээд хааяа муудалцах шахдаг болсон. Урьд нь тэгж байгаагүй болохоор ч тэр юм уу хэцүү байсан. Бас олон хөвгүүнтэй харьцдаг юм шиг санагдсан.

Нэг өдөр би найзтай нь чатлаж байсан юм л даа. Надад найз нь нууц үгээ өгөөд стори хийгээд өгөөч гэж хүссэн. Мэдээж би стори хийснийхээ дараа А-тай чатласан чатыг нь уншсан л даа. Найз нь намайг чамайг хүлээнээ л гэсэн гэж хэлтэл А өөдөөс нь “Тэр ерөөсөө надад хамаагүй ээ” гэж хэлснийг нь хараад үнэхээр гомдсон. Би зүгээр л хэн ч биш юм шиг санагдаж нүднээс нулимс цийлэгнээд л... Гэхдээ би тоогоогүй юм шиг хаясан. Үүнээс хойш одоог хүртэл чатлаж л байна. Энэ хугацаанд зөндөө олон муудалцаж, бараг харьцахгүй дээрээ ч тулж байсан. Гэвч буцаад л нэг их удалгүй хялбархан эвлэрчихдэг.

 

Тэр намайг өөрт нь сайн гэдгийг мэдэж байгаа л даа. Бас миний мөрөөдөл, надад зөвхөн А өөрөө хэргтэй гэдгийг мэдэж байгаа. Би бүх сайн сайхан, зовлон зүдгүүр гээд бүх зүйлсээ ярьдаг ч тэр надад тэгж их өөрийнхөө тухай нээж болж байгаа зүйлсээ хэлдэггүй. Зарим зүйлсийг зах зухаас нь л хэлдэг. Магадгүй ичдэг л байх л даа. Гэвч яагаад тэгдэг юм бол? Магадгүй би түүний хувьд нууцаа дэлгэх хэн ч биш юм болов уу? Бас нэг зүйл нь би түүнтэй байнга хамт байгаад байдаггүй, ядаж нэг анги ч биш. Харин ангийнхан хөвгүүд, дээд ангийхн хөвгүүд гээд, түүнд зөндөө олон таньдаг хүүхэд байдаг. А фэйсбүүк дээр “Факт хэлье” гэж пост бичсэн байсан л даа. Тэр постон дээр эрэгтэй хүүхэд бүрт надаас илүү факт хэлсэн байдаг. Жишээлбэл чатлахад урамтай, хамт байхад уйдахааргүй, хөөрхөн, хайртай шүү гэх мэт. Гэвч надад зөвхөн миний ямар гартай, зүгээр л гоё чатладаг гэх мэт шал өөр зүйлс бичсэн. Энэ нь намайг үнэхээр тэдний хажууд харьцуулахааргүй хүн гэдгийг харуулад ч байгаа юм шиг.

Тэгээд би үнэхээр гуниглаж, бас хэцүү байдалд байх болсон. Тэр постноос болж сүүлдээ нэг их сайн чатлахаа ч байсан. Бас өөртөө гомдож байна. Яагаад бусад шиг байж болоогүй юм бэ гэж... Ганц охин инээлгэж ч чадахгүй, жаргалтай байлгаж ч чадахгүй, сул дорой, өөртөө итгэлгүй, чатлахдаа ч хүртэл инээлгэхийн тулд тэнэг хүн болох гээд байдаг. Сүүлдээ намайг урьд өмнөх шигээ нэг их тоож чатлахаа больж байгаа. Энэ үнэхээр хэцүү байна. Дуу муутайгаасаа хүн болгонд дээрэлхүүлж, доор нь орж явах гэж. Тэр харьцдаг хөвгүүдээс нь хүртэл илүү гарч чадахгүй байгаадаа урам хугарч байна. Одоо зүгээр л энэ байдлаараа А-г алдчихвал яах вэ гэсэн бодол эргэлдэж байна. Өөртөө өгсөн амлалтаа биелүүлж чадахгүй бол яах вэ? Бас эцэг эхтэйгээ таарч тохирдоггүй. Тэд архи дарс ихээр хэрэглэж байнгын хэрүүлтэй байдаг учираас энэ бүгдийг бодох ч сөхөө гарахгүй юм. Би яг яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө битгий дутуу үнэлээрэй

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн мэдрэмж болон бодол санааг хуваалцах зориг гаргасанд чинь талархаж байна. Хариу захиа бичихийн өмнө нэг зүйлийг заавал хэлмээр байна. Чи үүнийг олон ч сонссон байх. ЭРЭГТЭЙ ХҮН УЙЛЖ БОЛНО. Чамайг өөрийн мэдрэмжийг нээлттэй илэрхийлж бичсэнийг бусад хөвгүүд ч уншин уйлж болох юм байна гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.

Хэн нэгнийг хайрлах нь тухайн хүнийг зөвхөн өөрийн болгож, өөрийн мэдэлд байлгах хүсэл биш.  Би чамайг хайрлаж байгаа тул чи эргүүлээд намайг хайрлах ёстой хэмээх нөхцөл тавьж хайрлах нь хэн хэнд маань хэцүү байдлыг бий болгодог. Хайр сэтгэл ийм маягаар явдаггүй. Нөхцөл тавихгүйгээр хайрлавал хайрлаж байгаа хүн өөрөө аз жаргалтай байна. Би чамд хайртай учраас чамайг инээлгэхийг хүсч байна гээд харин эргээд тэр хүнийг инээхийг шаардаж болдоггүй. Хайр бол өгөхийн хэлбэр. Чи түүнд өөрийн сэтгэл, итгэл, халамжийг өгч чадаж байна. Харин үүнийгээ эргүүлж авах хүсэл чинь чамайг зовоогоод байх шиг байна. Тийм үү?  Хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаадаа бид бухимдаж эхэлдэг. Энэ мэдрэмж маань өөрийн талаар таагүй бодол бий болгодог. Чиний бичсэнээс хүнд үнэхээр үнэн сэтгэлээсээ хандаж чаддаг, бас мэдрэмж бодлоо ний нуугүй илэрхийлдэг гээд олон давуу тал харагдлаа. Өөрийгөө битгий дутуу үнэлээрэй.

Өөрийн дэвшүүлсэн таамгаараа бодох, шийдвэр гаргахад их хэцүү.  Дахиж хэсэг хугацааг хараад үзье. Гэхдээ чи хичээгээд, хамаг чадлаа гаргаад ахиц гарахгүй байвал яах вэ? Чи энэ харилцаагаа дахиж үргэлжлүүлж чадах уу? Чи ийм байдалтай хэр удаан явж чадах вэ? Өөртөө хугацаа хэлж өгвөл ямар вэ? Би 2020 он хүртэл түүнд одоогийнх шигээ хандана гэх ч юм уу? Яагаад гэхээр хайр сэтгэл гэдэг өгөхийн нэр ч гэлээ зөвхөн нэг тал өгөөд, энэ нь удаан хугацаанд үргэлжлээд, мөн нөгөө талаа бас өгөөсэй гэж хүсээд эхлэвэл энэ эрүүл биш болж эхлэдэг. Чи өөрийнхөө үнэ цэнийг мартах аюултай. Чамд илүү тохирох, магадгүй чи хайрлах байсан хэн нэгнийг харалгүй өнгөрөөх аюултай. Нөгөө хүндээ уурлаж эхлэх аюултай. Тэгэхээр чи түүнээс юу ч шаардахгүйгээр өгч чадах уу гэдгээ шийдэх хэрэгтэй болно гэсэн үг.

Чи бол үнэ цэнэтэй хүн шүү. Чи ганцаараа байсан ч жаргалтай байж чадахаар өөртөө тийм их дуртай болоорой. Аав ээжийнх харилцаа чамд хэцүү байдаг бол өөрийгөө тайвшруулах хобби, газар олоорой. Номын сан, кофе шоп, найзуудтайгаа уулзах, бөмбөг тоглох гээд олон зугаатай зүйл хийж байгаарай. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Love, #Letter