Азын буузанд хахсан ч анхны тусламжаа мэдэж байхад алзахгүй
“Азын бууз идээд зоосонд нь золтой хахчихсангүй. Аргагүй л азын бууз юм аа” гэсэн хошин онигоог харсан даруйдаа “Нээрэн хэн нэгэн хахвал зөв тусламж үзүүлж чадах хүн хэр олон бол?” хэмээн эргэлзэв.
Хахаж байгаа нэгнээ учир зүггүй хойно урдаас нь цохиж нүдэх биш, шинж тэмдгийг ажиглан зөв анхны тусламж үзүүлж сурцгаая. Хахах гэдэг нь амьсгалын дээд зам буюу мөгөөрсөн хоолойд хоолны хэсэг, товч, зоос, хиймэл шүд зэрэг гаднын биет орж тээглэхийг хэлдэг.
ШИНЖ ТЭМДЭГ
Хэн нэгэн хүн хахаж байгааг эсэхийг мэдэх амархан. Хахах үед амьсгалын зам хоёр янзаар бөглөрдөг.
1. Амьсгалын зам хагас бөглөрөх. Энэ үед хахсан хүн ханиалгаж, хахсан зүйлийг гаргах оролдлого хийнэ. Ярьж чаддаг бөгөөд амьсгалах үед хүрчигнэх авиа гарна. Хоолойгоо нэг юм уу хоёр гараар атгасан байх бөгөөд энэ бүхэн хахсан хүний гол шинж юм. Мөн айж сандарсан, ямар нэгэн уух юм гуйж ийш тийшээ гүйнэ. Завжаар нь шүлс, хоолны үлдэгдэл гоожсон, нүдэнд нь нулимс цийлгэнэсэн байж мэднэ.
2. Амьсгалын зам бүрэн бөглөрөх. Энэ үед ярьж чадахгүй, ханиахгүй, амьсгалахгүй, зарим тохиолдолд сулхан ханиана.
Хахсан хүн ухаантай байвал
- Тайвшруул
- Хоолойгоо атгасан гарыг нь тавиул
- Хахсан хүний ар талд гарч зогс
- Хагас тонгойлгоод хоёр далны хооронд 5 удаа алгад
- Хэрвээ хахсан зүйл гарахгүй бол хэвлийн шахалт хий. Үүнийг хийхийн тулд:
- Хахсан хүний ард гарч зогсоно
- Бүсэлхийгээр нь тэвэрч, хоёр гараа хэвлийн урд талд барина. Эхлээд нэг гараа атгасан. Нөгөө гараараа атгасан гараа барин аймхай мөгөөрсний доод үзүүр орчимд байрлуулна.
- Ингэж байрлуулсны дараа хоёр гараа дээш чиглэлтэй, огцом, чангахан татна. Энэ аргыг Хеймлихийн арга гэж нэрлэдэг.
- Хахсан зүйл гадагш гарах эсэхийг ажиглана. 3-5 удаа давтан хийгээд үз.
6. Хэрвээ хахсан хүний амьсгал зогсож ухаан алдвал CPR буюу уушги-зүрхний сэхээн амьдруулалтыг хий. Эндээс дэлгэрэнгүйг уншина уу
7. Эмнэлгийн тусламж дууд.
ТАРГАН БОЛОН ЖИРЭМСЭН ХҮН ХАХВАЛ
- Ард нь зогс
- Бага зэрэг тонгойлгоод хоёр далны хооронд 5 удаа алгад.
- Хэрвээ хахсан зүйл гарахгүй бол мөн адил Хеймлихийн аргыг хэрэглэдэг. Гэхдээ атгасан гарыг өвчүүний голд байрлуулан шахна.
- Хэрвээ хахсан хүний амьсгал зогсож ухаан алдвал CPR буюу уушги-зүрхний сэхээн амьдруулалтыг хий.
- Эмнэлгийн тусламж дууд.
ХЭВТРИЙН ХҮН ХАХСАН ТОХИОЛДОЛД
- Дээш харуулан хэвтүүлж хоёр гарын алгыг давхарлан доод гарын алганы ирмэгийг өвчүүний доод өнцөгт байрлуулан дээш нь шахна.
- Хахсан зүйл аманд ил гарч ирвэл ухаж авна
- Хэрвээ хахсан хүний амьсгал зогсож ухаан алдвал CPR буюу уушги-зүрхний сэхээн амьдруулалт хий.
- Эмнэлгийн тусламж дууд.
НЯРАЙ ХҮҮХЭД ХАХВАЛ
- Хүүхдийг түрүүлгээ нь харуулан нэг гар дээрээ тавиад 2 далны хооронд 5 удаа зөөлөн алгад. Гэхдээ дунд болон эрхий хуруугаа хүүхдийн завжнаас шахан долоовор хурууг аманд нь хийж хэлийг зөөлөн дарах хэрэгтэй.
- Хэрвээ хахсан зүйл гарахгүй бол эмнэлгийн тусламж дуудаад хүүхдийг нөгөө гар дээр гэдрэг нь харуулан эргүүлж тавина.
- Өвчүүний голд долоовор болон дунд хуруугаар зөөлөн түлхэх маягаар 5 удаа хэвлийн шахалт хийнэ.
- Хүүхдийн амьсгал зогсож, ухаан алдвал CPR буюу уушги-зүрхний сэхээн амьдруулалтыг яаралтай хий.
- Эмнэлгийн тусламж дууд.