Г.Пүрэвсүрэн: Бэрхшээл тулгарсан үед амттай юм идээд анхаарлаа дахин төвлөрүүлдэг


“Хүмүүн бичиг” сонины газраас зохион байгуулсан “Монголын сайхан бичигтэн 2018” улсын уралдаанд 3000 орчим бүтээл өрсөлджээ. Жил бүр уламжлал болон зохиогддог уг уралдаанд сурагчдын ангилалд тэргүүн байр эзэлсэн охин Г.Пүрэвсүрэн бид ярилцлаа. Тэрээр Монгол бичгээ түгээн дэлгэрүүлж яваа өсвөр үеийн төлөөлөл юм.

YOLOCайн байна ууЮуны өмнө баяр хүргэе. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.

-Баярлалаа. Намайг Ганболдын Пүрэвсүрэн гэдэг. “Хүрээ тулга” бүрэн дунд сургуулийн 11-р ангид суралцдаг. 16 настай.

YOLOАнх хэзээнээс уран бичлэгээр хичээллэж эхэлсэн бэ?

-9-р ангиасаа хичээллэсэн. Анх манай ээж надад санал болгоод “Содон чимээ” сургалтын төвд Алтантуяа багшаар Монгол бичгээр каллиграфи бичихийг заалгасан. Түүнээс хойш хоёр жилийн дараа уралдаан тэмцээнд оролцож байна.

YOLOЯагаад уран бичлэгээр хичээллэх болсон бэ?

-Өөрийгөө хөгжүүлэх болон Монголынхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хичээллэж эхэлсэн.

 

Монгол бичиг бол бидний өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн бүх зүйлийг харуулж чадсан нэгэн соёл юм.

 

YOLOАнх Монгол бичгээр каллиграфи бичихэд ямар асуудал тулгарч байсан бэ?

-Буруу биччих вий гэж их санаа зовдог байсан. Мөн жоохон л алдаа гаргахад дахиад эхнээс нь бичих хэрэгтэй болдог учир хэцүү үе бий. Уйлж байсан удаа ч цөөнгүй.

YOLOТэгвэл эдгээр бэрхшээлүүдээ хэрхэн шийддэг вэ?

-Амттай юм иддэг. Дараа нь анхаарлаа ахин төвлөрүүлээд  шинээр бичиж эхэлдэг.

YOLOЗарим хүмүүс монгол бичгийг хоцрогдсон бичиг гэж ярьдаг. Чиний бодлоор юу гэж боддог вэ?

-Мэдээж хоцрогдсон бичиг биш. Энэ бол бидний өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн бүх зүйлийг харуулж чадсан нэгэн соёл юм.

YOLOЕБС-д зааж байгаа Монгол бичгийн хичээл хангалттай төвшинд хүрч чадаж байгаа юу?

-ЕБС-д анх Монгол бичгийг 6-р ангиас зааж эхэлдэг. Миний хувьд манай багш нар сайн заадаг гэж бодож байна. Бусад ЕБС-д ч адилхан байх. Тухайн сурагч өөрөө хичээвэл сурч чадахгүй зүйл монгол бичигт байхгүй.

YOLOГаргасан амжилтуудаасаа дурдаач.

-Анх 9-р ангидаа Хэнтийн Батхүүгийн нэрэмжит газар дээр нь шууд бичээд шалгаруулдаг тэмцээнд оролцож тусгай байранд орж байсан. Дараа жил нь дахин ороод мөн адил тусгай байр эзэлсэн. Дараа нь “Монголын сайхан бичигтэн 2017” тэмцээнд сурагчдын ангилалд оролцон 3-р байранд орж энэ жил амжилтаа ахиулан тэргүүн байранд орлоо.

YOLOТүрүү жил болсон Монголын сайхан бичигтэн тэмцээнээс энэ жилийн ялгарах онцлог юу байв?

-Энэ жил сурагчдын ангилалд илүү олон хүүхэд оролцсон. Үүнээс харахад Монгол бичгээрээ  каллиграфи бичиж өв соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа хүүхдүүд улам ихсэж байна. Мөн энэ жил Хөвсгөл аймгийн сурагчид олуулаа оролцсон.

YOLOИрээдүйд ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?

-Медиа анимейшнаар суралцаад, хийдэг бүтээлүүдээ анимейшн болгох мөрөөдөлтэй.

YOLOБид Монгол бичгээ өдөр тутмын амьдралдаа хэрхэн ашиглаж болох вэ?

-Монгол бичгээр бичсэн сонин сэтгүүл гаргаж болох юм.

YOLOМонгол бичгээр каллиграфи бичихээс гадна чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цагаараа баримлаар бүтээл хийж, зураг зурдаг. Мөн баримлаар хийсэн бүтээлээ уран бичлэгтэйгээ хослуулан бүтээл хийх сонирхолтой болж байгаа.

YOLOУран бичгээр хичээллэж эхлэх гэж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч.

- Тууштай хичээнгүй байх хэрэгтэй. Тэвчээр шаарддаг учир хамгийн гол нь тэвчээртэй байгаарай.

YOLOМонгол бичгээр уран бичихэд хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Чимээгүй орчинд өөрийн гэсэн бүтээлээ хийгээд суух нь хамгийн сайхан.

YOLOЧамд тусалж дэмждэг хүмүүст хандаж үг хэлээч.

-Надад тусалж дэмждэг гэр бүл, багш нар, найзууддаа маш их баярлалаа. Цаашдаа илүү хичээх болно оо.

YOLOБаярлалаа. Цаашдын зорилгод чинь амжилт хүсье.

-Баярлалаа.

#Calligraphy