Монголд төдийгүй дэлхийд илтгэх урлаг мэтгэлцээнээр хичээллэдэг олон залуус байдаг. Мэтгэлцээн бол маш том соёл бөгөөд хувь хүний олон чадварыг хөгжүүлдэг. Энэ удаагийн ярилцлагын зочдоор “Мэтгэлцээний аварга шалгаруулах нээлттэй тэмцээн”-ий аварга болсон “МОНГАЛ” багийг урилаа.
Зүүн гар талаас Ч.Маргад-Эрдэнэ, Б.Хос-Од, Э.Бямбадулам.
YOLO: Сайн байцгаана уу? Юуны өмнө миний саналыг хүлээн авч цаг зав гарган ирсэнд баярлалаа. Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу?
-Сайн байцгаана уу? Би багийнхаа 1-р гишүүн Б.Хос-Од байна.
-Энэ өдрийн мэндийг хүргэе. Багийнхаа 2-р гишүүн Ч.Маргад-Эрдэнэ байна.
-Бүгдэд нь өдрийн мэнд. Багийнхаа 3-р гишүүн Э.Бямбадулам байна.
YOLO: Саяхан Отгонтэнгэр их сургуулиас зохион байгуулсан тэмцээнд “Аварга” болсон шүү дээ. Энэ амжилтад хүрэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Б.Хос-Од: Манай багийн хувьд анхны тэмцээн. Бэлдэх хугацаа бага, байнга уулзаад бэлдэж чадаагүй ч фэйсбүүкээр video call-оор их ярьж бэлддэг. Гэхдээ яг тэр мөчид тэмцээндээ бэлдэхээс илүү өөр зүйл яриад л явчихдаг байсан ч тэгж ярьснаараа бие биенээ илүү сайн ойлгож, сэтгэлийг нь мэдэрдэг байсан. Мэтгэлцээн гэдэг нь багаар ажиллаж, аль баг нь илүү бие биенээ ойлгож нэгнийгээ дэмжиж байна гэдгээс шууд шалтгаалдаг. Тиймдээ ч манай багийн хувьд нэг нэгнийгээ маш сайн ойлгож түшиж тулдаг байсан болохоор энэ шагналын эзэд болсон юм болов уу гэж бодож байна. Манай багийн зорилт нь “Ялалтдаа бардаад их зан гаргахгүй, хожигдолдоо гомдоод газар унахгүй.
Мөн би багтаа 1-р гишүүний үүргийг гүйцэтгэдэг. Байшингаар бодвол багийнхаа суурийг тавьж өгдөг. Байшингийн суурь хазгай тавигдвал байшин тэр чигээрээ хазгай болдог болохоор сууриа маш зөв, тэгш тавих үүрэгтэй.
-Ч.Маргад-Эрдэнэ: Өнөөдөр бие нь хол байлаа гээд сэтгэл нь хол гэсэн үг биш. Хэдийгээр бэлдэх хугацаа байгаагүй ч бие биедээ итгэх итгэл, багаа гэсэн сэтгэл байсан болохоор маш сайн ойлголцож, энэ бүгдийн ард гарч чадсан. Ямар ч цаг мөчид сэтгэлээрээ хамт байж, бие биенээ ойлгох ухааныг багаасаа сурч авсан. Мөн багтай байна гэдэг тухайн хүнд эсрэг ертөнцөөр аялах боломж олгодог. Мэтгэлцээнээс сурсан хамгийн чухал зүйл маань бид нар нэг нэгнийхээ нөгөө тал нь болж өгөх хэрэгтэй юм байна. Яг л пирамид шиг. Пирамид гэдэг зүйл 3 өөр өнцгөөс тогтдог хирнээ ганцхан суурьтай байдаг.
Манай 1р гишүүний дурдсанчлан яг л байшин шиг гэсэн тэгвэл би багийнхаа “ханыг барьж өгөх” үүрэгтэй 2-р гишүүн. Гол нь тэр хана маш бат бөх, баримт нотолгоо, дэмжлэг сайтай байвал хэр баргийн салхинд унахгүй.
-Э.Бямбадулам: Би багаасаа маш олон зүйлсийг үргэлж сурч байдаг. Манай багийн энэ тэмцээнд түрүүлсэн гол шалтгаан нь бид нэг бүхэл болж чадсанд оршино. Мөн бидний хамтдаа шантралгүй, харамсахгүйгээр хийсэн сонголт бүр маань энэ шагналыг авахад хөтөлсөн. Багийнхаа мундаг гишүүдээс нэг баг гэдэг тодотгол, ойлголцол гэдэг итгэл, үг гэдэг үнэ цэнэтэй зүйл хүний сэтгэлзүйд яаж нөлөөлж болдгийг суралцсан. Мэтгэлцээнээр бид холбогдож нэг бүхэл болсон нь их аз. Манай багийн дараачийн зорилго бол улсын аварга шалгаруулах мэтгэлцээнд байр сууриа хамгаалах явдал юм. Миний багтаа гүйцэтгэдэг үүрэг бол “байшингийн дээврийг барьж өгөх”. Тухайн байшин баригдах үйл явц яаж өрнөв, хэр бат бөх байшин болов гэх талаар бүгдийг нэгтгэж дүгнэх үүрэгтэй.
YOLO: За ярилцсанд маш их баярлалаа. Энэ тухай дэлгэрэнгүй ярилцлагийг доорх дуу бичлэгээс бүрэн ихээр нь хүлээн авна уу. Сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх