Оны хөдөлмөрч хүүхэд Н.Ууганбаяр: Ерөнхий сайдад сийлбэрээ өгөхдөө өөрөөрөө бахархаж байсан


О.Дорж | YOLO.MN
2019-01-22

Бидний ярилцсан дараагийн Оны онцлох хүүхэд бол Хөдөлмөрч хүүхэд номинацад шалгарсан, Төв аймгийн Аргалант сумын 11-р ангийн сурагч Н.Ууган баяр. Тэрээр малчдын “Бяцхан” бүлгийн гишүүдтэй хамтран 2011-2018 онуудад хавар, намрын их ажлын үеэр үр тариа, жимс, хүнсний ногоо тариалах, хадлан тэжээл бэлтгэх, мал маллах зэргээр хөдөлмөрлөж, ардын  уламжлалт урлахуйн ухаанд суралцаж байна. 2018 онд өрхийн орлогоо нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэхэд тариалсан хүнсний ногоо, жимс, малын тэжээл, гар урлалын бүтээлүүдээ зарж борлуулан 28,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гэр бүлийнхээ өрхийн төсөвт нэмэрлэсэн, бүтээл сурагчтай ярилцлага хийх болсондоо таатай байна.

YOLOГаргасан амжилтуудаасаа хуваалцвал?

-2018 онд өрхийн орлогоо нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэхэд тариалсан хүнсний ногоо, жимс, малын тэжээл, гар урлалын бүтээлүүдээ зарж борлуулан 28,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, мөн уран сийлбэр хийж сурсан. Аймгийн нисэх загварын олимпиадад гуравдугаар байр эзэлсэн.

YOLOСийлбэр хэзээнээс хийж сурсан бэ?

-Сийлбэр хийхийг 1 жилийн өмнөөс уран дархан ахаасаа сурсан. Хийсэн сийлбэрээ ерөнхий сайдад дурсгал болгон үлдээсэн. Ерөнхий сайдад гардуулах үедээ би өөрөөрөө маш их бахархаж байсан.

YOLOМалчдын “Бяцхан бүлгийнхээ тухай бидэнд сонирхуулаач.

-2004 онд “Бяцхан” бүлэг төрийн бус байгууллага статустайгаар байгуулагдан Содномдаржаа ахлагчтай 12 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хамгийн эхэнд хийсэн ажил маань цөлжсөн газар худаг ухаж, ногоо мод тарин тухайн газрыг сэргээсэн. 2013 онд улсын тэргүүний малчдын бүлгээр шалгарч улсын болон аймгийн тэргүүний бүлгээр шалгарч одоог хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна.

YOLOЧи өөрөө хамгийн анх ямар ажил хийж сурсан бэ?

-Хамгийн анх хүнсний ногоо тарихыг өвөөгөөсөө сурч байлаа. Улаан лооль, өргөст хэмх, улаан манжин, төмс хүнсний ногоог хамгийн сайн тарьж сурсан.

YOLOӨөр төрлийн сонирхол байгаа юу?

-Би чөлөөт бөхөөр болон зээрэнцэг шидэлтээр хичээллэдэг. Мөн онгоцны загвар бүтээх сонирхолтой.

YOLOОнгоцны нисэх загвараар хэчнээн жил хичээллэж байна вэ?

-Хоёр дахь жилдээ хичээллэж байна. Анх технологийн багш маань надад санал тавьж байсан. Би өөрөө технологид сонирхолтой болохоороо шууд зөвшөөрч тэр цагаасаа хойш шаргуу хичээллэж эхэлсэн.

YOLO“Оны онцлох хүүхэд” шагналыг авахад юу нөлөөлсөн гэж бодож байна?

-Миний хийж бүтээсэн бүх зүйлс, хөдөлмөр минь л хамгийн их нөлөөлсөн юм уу даа.

YOLOХэнээс үлгэр жишээ авдаг вэ?

-Би үргэлж өвөөгөөсөө үлгэр жишээ авдаг. Миний өвөө бол намайг багаас минь хөдөлмөрт сургасан гол хүн. Мөн намайг энэ шагналд хүрэхэд нөлөөлсөн гэж боддог. Өвөө минь “Бяцхан” бүлгийн ахлагч байхдаа бүлгээ улсын тэргүүний бүлэг болгосон. Тэрээр бүх л зүйлийг хийж чаддаг байсан. Түүнд хийж чадахгүй зүйл үгүй. Миний баатар л гэсэн үг дээ.

YOLOЯмар мэргэжилтэй болохоор төлөвлөж байна вэ?

-Би нисэх загвараар хичээллэж эхэлснээсээ хойш нисгэгч болохыг хүсэж ирсэн. Энэ чиглэлээр Орос улсад суралцах төлөвлөгөөтэй байна.

YOLO10 жилийн дараах өөрийгөө хаана байгаагаар төсөөлж байна вэ?

-Би 10 жилийн дараа гэхэд нисэх онгоц жолоодож чаддаг болж, Монголын агаарын тээвэрт тодорхой үүрэг гүйцэтгэсэн хүн байх болно.

YOLOГэр бүлийнхэнтэйгээ хэр ойлголцдог вэ? Мөн тэд чинь чамд хэр тусалж дэмждэг вэ?

-Би тэдэнтэйгээ маш сайн ойлголцож чаддаг. Тэд маань аль болох тусалж дэмжиж, намайг үргэлж хөгжүүлсээр ирсэн хүмүүс минь юм.

YOLOӨөртөө ямар зарчим баримталдаг вэ?

-Өөрийнхөө гаргасан амжилтыг илүү сайжруулах ёстой гэсэн зарчмыг өдөр тутам өөртөө баримталдаг.

YOLOОлон хүмүүсийн дунд биеэ хэрхэн авч явдаг вэ?

-Бусдын дунд биеэ боловсон авч явж, нээлттэй байдаг гэж боддог. Мөн бусдад аль болох зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг.

YOLO2019 онд гурван хүсэл нь биелэх боломжтой гэвэл юу хүсэх вэ?

-Би эхлээд өнгөрсөн жилээсээ илүү амжилт гаргахыг хүснэ. Хүн ажилтандаа ханачих юм бол цааш хөгжихгүй шүү дээ! Мөн дараа өөрийн чадвар мэдлэгээ нэмэгдүүлнэ. Надад сурах ёстой маш олон чадварууд бий. Гадаад хэлний мэдлэг, техник технологи, спортын чадварууд гээд тоочвол баршгүй их зүйлс бий. Эдгээр чадваруудыг би тооцоо төлөвлөлт хийж байж эзэмших болно. Сүүлийнх гэвэл би чөлөөт бөхийн төрөлд тодорхой амжилт гаргахыг хүсэж байна.

YOLOӨөрийнхөө үеийн сурагчдад зориулж зөвлөгөө өгөөч.

-Хөдөлмөр хүнийг бүтээдэг. Хөдөлмөр хүнийг аз жаргалд хүргэдэг гол зүйл. Бүх зүйлд хөдөлмөрч бүтээлч сэтгэлээр сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Сэтгэлээ гаргаж хийсэн зүйл чинь үргэлж чамайг ажилтанд хүргэх болно.

YOLOБидэнтэй ярилцсанд баярлалаа. Улам их амжилт хүсье!

#ОныОнцлохХүүхэд