М.Биндэрьяа: Өөрийгөө сонсоод эхлэхэд сонирхол маань намайг огт өөр зүгт чиглүүлсэн


Х.Арысхан | YOLO.MN
2017-08-18

Хүн том зорилго тавиад түүнийхээ төлөө явахад маш олон жижиг зүйлсийг өөртөө олж авсан байдаг.

Энэ удаад та бүхэндээ танилцуулах зочин бол монголын загварын ертөнцөд шинэ өнгө нэмсэн Mongolians Next Top Model шоуны шилдэг оролцогчдын нэг М.Биндэрьяа. Тэрээр өөрийн хүсэл мөрөөдлийг даган загварын салбарыг сонгож, Монголын архитектурын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар суралцаж байгаа нэгэн. Түүнтэй тэмцээний талаар, бага нас цаашлаад хүсэл мөрөөдлийнх нь талаар өрнүүлсэн сонирхолтой яриаг хүлээн авна уу.

YOLOСайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе.
- Баярлалаа. Та бүхэнд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Биндэрьяа гэдэг. 18 настай. Энэ жил ШУТИС-ийн архитектурын ангийн 2-р курсад орж суралцана.

YOLOТаны загварын гараа хэрхэн эхэлсэн бэ?
- Миний хувьд "Mongolian Next Top Model" шоунд ямар ч туршлагагүй орж байсан. Өмнө загварын тэмцээнд орж байгаагүй, өөрийгөө сорьж үзье л гэж орсон болохоор тэнцэнэ гэж бодоогүй. Тэмцээний маань шүүгчид намайг их "задалж", өөртөө итгэлтэй болгож өгсөн гэж бодож байна.

YOLOТэмцээнээс хойш уран бүтээл, рекламны санал ирсэн үү?
- Хэд хэдэн газраас "нүүр царай болооч рекламанд тоглох уу" гэх мэт саналууд ирсэн. Оюутан болохоор хичээл ихтэй, санал хүлээж аваад цаг зав гаргах боломж гараагүй. Харин зун болоод завтай болсны дараа санал ирээгүй. (Инээв)smiley

YOLOТэмцээнд тэнцсэн гэдгээ мэдэх мөчид төрсөн сэтгэгдлээ хуваалцаач. Эхний шатанд оролцогч охидыг  ямар шалгуураар шалгасан бэ?
- Шалгаруулалтанд очихдоо би түрүүн хэлсэнчлэн ямар ч бэлтгэлгүй очсон байсан, бүх охид өсгийтэй гуталтай байхад би ганцааараа үдээстэй гуталтай гээд ер нь л бусад охидоос өөр, сонин үйлдэл гаргасан учраас тэнцэхгүй л гэж бодож байсан. Магадгүй өөрөөрөө байсан маань тэнцэхэд тус болсон байх.  Шалгаруулалтын хувьд биднийг гурван шалгуураар шалгасан.

Хамгийн эхэнд анкет бөглөсөн бүх охидыг цаг товлож дуудсан бөгөөд хүн бүр өөрийгөө танилцуулж, шүүгчдийн асуусан асуултанд хариулж нэг үгээр хэлбэл чөлөөт ярилцлага болж  өнгөрсөн. Дараа нь бидний явуулсан анкет, хоёр минутын бичлэг зэргийг нягталж үзээд, дахин 40 охиныг тэнцүүлсэн. Энэ үеэр ганц ганцаараа шүүгчидтэй уулзаад авьяасын үзүүлбэр, илтгэл, зураг авахуулах зэргээр шалгуулсан.



Ярилцлагын үеэр би нэрээ мартаад, алхаж үзүүл гэхэд нь тээгэлдэх зүйлгүй байхад нь бүдэрч унаад,хамгийн эхний дугаар дээр тайзны алхааны үеэр тайз руу цөмөрч унаж байсан гээд  их л бүтэлгүйтэж байсан даа.  Гэхдээ тэр бүрт хамт оролцож байсан охид надад болоод бие биендээ их тусалдаг байсан.

YOLOНэвтрүүлгийн үеэр бидэнд нэг өдөр гэж харагддаг бичлэгийг нэг өдөрт л хийдэг үү?
- Заримдаа нэг өдөрт багтана. Гэхдээ нүүр будна, үс засна маш олон хүн бидний ард ажиллаж байдаг.

YOLOХийморь хотхонд байхад  амьдралын хэвшилийн хувьд ямар өөрчлөлт гарсан бэ?
- Тэнцсэн өдрөөс хойш утсыг маань шууд хурааж аваад лацадсан. Зурагт байхгүй, интэрнэт байхгүй учраас охид хоорондоо амьд харилцаатай байсан гээд өөрчлөлт их ээ. Уйтгарласан үедээ гэхэд энгийн үед утсаа оролдох, ганцаараа буланд уйлах ч юмуу байсан бол охидтойгоо ярилцаад сэтгэлээ онгойлгодог.  Үнэнээ хэлэх өрөө гэж байсан, тэр өрөөнд камернаас өөр юу ч байхгүй ганцаараа ороод сэтгэлээ онгойлгох ёстой байдаг. Жагзмаагийн "Намайг битгий бас" гэдэг бичлэг тэр өрөөнд хийгдэж байсан шүү дээ. Тэгээд их өөрийнхөөрөө байж сурсан.

YOLO: Та нэвтрүүлгийн шүүлтийн үеэр тайзан дээр ухаан алдаж унасан. Энэ үед яг юунаас болсон юм бол?

- Шүүлтийн өдөр бид нар тайзны ард удаан зогсдог. Намайг ухаан алддаг өдөр шүүгчид хүн  бүр дээр дэлгэрэнгүй яриа хийсэн учраас бид бараг хоёр цаг гаруй хугацаанд зогссон байсан. Яг шүүлт дуусахын өмнө Ану-Үжингийн бие нь тавгүйрхээд надаас хөтөлсөн юм. Би хамгийн захад зогсож байсан болохоор тэрийг нь хэлэх гээд эргэхдээ ухаан алдсан. Гэхдээ ухаан алдсан минь удаан зогссонтой холбоогүй, учир нь би нэг цэгт хараагаа төвлөрүүлээд зогссоноос мөн тайзны хурц гэрлээс болсон. Нэвтрүүлгийг маш бага хугацаанд бэлтгэж үзэгчдэд хүргэхийг зорьсон. Нэг хэсгийг авахын тулд алдаа байна уу гэдгийг хянаж хоёр дахин авдаг байсан. Үүний үр дүнд нэвтрүүлэг маань анхны гараагаа маш сайн эхлүүлж, үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ, хүлээлтийг авч чадсан.

YOLOНэвтрүүлгийн төгсгөлд шилдэг 16 оролцогчид тайзан дээр алхсан шүү дээ. Тэр үед таньд ямар байсан бэ?
- Анхны runway шоу байсан учраас их сандарсан. Тэр үед би нэг том алдаа гаргасан. Түүнээсээ болж найруулагчдаа их загнуулсан. Тэр нь Говь компанийн хувцасыг амилуулах үеэр би нэг хувцастайгаа гурав гарчихсан. Тайзны ард их олон модель, тэгээд шууд явж байгаа нэтврүүлгийн сандралаас болоод гарах ёстой байсан ээлжээсээ түрүүлж гараад ирсний дараа миний нэр дуудагдсан. Шууд нэвтрүүлэг байсан болохоор тэр үедээ гарахаас өөр аргагүй болсон доо.

YOLOЗуны амралтаа яаж өнгөрүүлж байна вэ?
- Ном уншаад,хөрөг зураг зураад, найзуудтайгаа лагераар зугаалаад гэхдээ ихэвчлэн ээжтэйгээ хамт цагийг өнгөрүүлэхийг хичээж байна.

YOLOХөрөг зураг зурдаг гэлээ. Хэзээнээс зурж эхэлсэн бэ?
- 11-р ангиасаа зургийн багшаараа заалган зурж эхэлсэн. Сонирхсон зүйлээ хийвэл хэзээ ч оройтдоггүй гэдгийг ойлгосон. Би Анагаахын лицей буюу 24-р сургуульд 1-р ангиасаа эхлэн сурсан учраас мэс заслын эмч болох байсан. Гэхдээ өөрийгөө сонсоод эхлэхэд сонирхол маань намайг шал өөр зүгт чиглүүлсэн дээ. Хөрөг зурагнаас гадна өөр төрлийн зураг ч бас зурдаг. Сүүлийн үед захиалгаар хөрөг зурах болсон.

YOLOХөрөг зургаа ямар үнэлгээтэй зурж байна? Зуруулсан хүмүүсээс шүүмжлэл ирдэг үү?
- Хамгийн багадаа 10 мянган төгрөгөөр зурдаг. Сүүлийн зурган дээрээ нэлээн их шүүмжлүүлсэн, өмнө тэгж байгаагүй болохоор эвгүй л юм байна лээ. Ер нь хүний хэлсэн үгээс авахыг нь аваад, хаяхыг нь хаядаг байна гэдэг их чухал зүйл шүү. Бас үеийнхэн маань хүний үг сонсдог, шүүмжлэлийг хүлээж авах чадвартай байгаасай.

YOLOТаны ирээдүйн зорилго юу вэ?
- Монголд одоогоор архитектур тийм ч сайн хөгжөөгүй, Blue sky, Shangrilla гэх мэт барилгуудын архитектур нь гадаад хүмүүсийн нэр дээр байдаг. Тиймээс яг л Монголын нүүр царай болсон, монголчууд ямар мундаг юм бэ гэж дуу алдахаар барилгын хэв маягийг бүтээхийг хүсдэг. Ингэхийн тулд би таван жилийн хугацаанд баклавраа төгссөний дараа гадаадад сурна гэсэн төлөвлөгөөтэй байна. Мэдээж загварын карьераа агентлагт харьяалагдаж цаашаа хөгжүүлнэ.

Түүний зурсан зургууд...



YOLOАрхитектур гэж юу байдаг талаар мэдэхгүй уншигч хүүхдэд тайлбарлаач?
- Архитектур бол гоо зүйн салбар. Гоо сайхан гэдэг үзэсгэлэнт эмэгтэй юм уу барилга дээр л харагддаг. Агуу бүтээлийг бий болгохын тулд тухайн хүнээс асар их хөдөлмөр, туршлага, цаг хугацааг шаарддаг. Үзэсгэлэнт байгаль буюу бидний оршин байгаа ертөнц маань өөрөө бүтээгдэж гоо үзэсгэлэнг цогцлоодог бол барилга байгууламж хүний гараар босч эх дэлхийтэйгээ өнгөрсөн одоо ирээдүй гуравн цагийн хэлхээсэнд зохицож яг л амьд бие махбод шиг хоршдог гэж би боддог.

YOLOТаны өндөр хэд вэ? Өндөр болохыг хүсч байгаа, жингээ хэвийн хэмжээнд хадгалахыг хүсч байгаа охид хөвгүүддээ зөвлөгөө өгөөч?
- 180см орчим. Миний өндөр байгаа нь бодолтой минь холбоотой гэж ойлгож байна. 9-р анги хүртлээ би их намхан байсан, ангид маань өндөр охид шилжиж ирээд биеийн тамирын хичээл дээр би дунд хавьцаа жагсдаг, автобусанд ороод зогсохоор хүмүүс дээрээс цүнхээ бараг тавиад л. Тэр үедээ хүмүүсээс өндөр болно доо гэж их бодоод, орой болгон унтахаасаа өмнө бага зэрэг сунгалт хийдэг, өглөө болгон нэг аяга сүү уудаг байлаа. Бас их унтахад хүн сунадаг гэж сонсож байсан юм байна.

Жингийн тухайд гэвэл хүмүүст нэг түгээмэл ойлголт байдаг. Туранхай хүмүүс, загвар өмсөгч, миссүүд хоол бага иддэг, таргалчихна гээд юу ч иддэггүй гэхчилэн. Хоолны дэглэм барих үе ч байдаг л даа. Гэхдээ туранхай байгаа нь тухайн хүний амьдралын хэвшил, хооллолт, генитэй хүртэл холбоотой. Ер нь зөв хооллож сурвал жингээ хасах гэж өөрийгөө зовоох шаардлагагүй. Өмнө нь би замбараагүй иддэг, шөнө өлсвөл хоол идчихдэг ч таргалдаггүй байсан нь генитэй холбоотой байх. Гэхдээ сүүлийн үед зөв хооллохыг хичээж байна. Тиймээс эрүүл зөв хооллож, сунгалтын дасгал хийж байгаарай гэж зөвлөе.

YOLOТантай ярилцаж байхад их эрч хүч, сайхан энерги мэдрэгдэж байна. Та багадаа ямар хүүхэд байсан бэ?
- Багадаа их сахилгагүй байсан гэдгээ санаж байна. Цэцэрлэгт хүүхэд хоолоо идэхгүй байвал идээч гээд толгойг нь дүрчихдэг, шинэ найзтай болоод танилцсаныхаа дараа хөөцөлдөөд граж, өрсөн тоосго дээр үсэрч гардаг байсан. Их л өндөр юман дээр явж байдаг байсан.


 
YOLOМодель болохыг хүсэж байгаа охид юун дээрээ анхаарах ёстой вэ?
- Оролдож эхлээгүй байж өөрт тулгарч болох бэрхшээлүүдээ төсөөлөөд айж сандраад эсвэл бүтэхгүй юм байна гэж бодоод хэрэггүй. Хамгийн чухал нь өөрийнхөөрөө бай, сандралаа дарж сур. Модель хүн өмссөн хувцасаа амилуулах хэрэгтэй учраас хэн нэгнийг дууриах ёсгүй. Хэрвээ модель болохыг хүсч байгаа бол цаг алдалгүй модель бэлтгэх сургалт дамжаанд сууж, агентлагт харьяалагдаж туршлага хуримтлуулаарай гэж хэлье.

Хэн нэгнийг дууриах гэснээсээ болоод тэр хүнд байсан зүйл өөрт нь байхгүй бол өөрийгөө голох хандлага бий болно. Тиймээс өөрийнхөөрөө бай.

М.Биндэрьяа

YOLOӨдөр тутамдаа мөрдлөг болгодог зарчим тань юу вэ?
- Байнга хийж, санаж байхыг хүсдэг хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, орой бүр унтахаасаа өмнө маргааш нь юу хийхээ төлөвлөдөг. Яагаад гэвэл хүн амьдралаа эргээд харахад агуулга дүүрэн аз жаргалтай амьдарсан эсэх нь өөрөөс нь л шалтгаалсан байдаг. Тиймээс хоёрдугаарт, цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээдэг. Гуравдугаарт,дуртай зүйлдээ цаг зарцуулах. Том зорилго өөртөө тавиад түүнийхээ төлөө явж чадвал замдаа маш олон бага амжилтуудыг олж, шинэ зүйлс сурсан байдаг.

YOLOТаны үеийнхэн болоод өсвөр насныханд ямар зан чанар байвал тэд одоо байгаагаасаа илүү амжилттай байна гэж та бодож байна вэ?
- Өөрөөрөө байх. Энэ нийгэмд бүх зүйл нээлттэй болсон, гэтэл олны танил, амжилттай яваа хүмүүсийн амжилтын замыг дууриагаад, яг л адилхан байх гээд байна. Хүн бүр өөр өөрийн ертөнцтэй, хүн бүрт байгаа боломж адилгүй. Хэн нэгнийг дууриах гэснээсээ болоод тэр хүнд байсан зүйл өөрт нь байхгүй бол өөрийгөө голох хандлага бий болно. Тиймээс өөрийнхөөрөө бай.

Өсвөр насны хүүхдүүддээ хандаж үг хэлмээр байна. Монголын хойч үе бол бид. Тиймээс дор бүрнээ өөрийн ертөнцөө бүтээж, дуртай зүйлдээ цаг гаргаарай.  Манай ээж гэхэд намайг загвар өмсөгч болохыг дэмждэггүй байсан, зөрсөөр байгаад энэ тэмцээнд орсон нь надад маш том өөрчлөлт авчирсан. Магадгүй би эмэгтэй хүнд эмчийн мэргэжил зүгээр гээд энэ мэргэжлийг сонгосон бол одоо ямар нэгэн хэвийн амьдралаар амьдрах байсныг таашгүй. Хэн ч эсэргүүцсэн бай, зүрх сэтгэлээ сонсоод дуртай зүйлдээ амжилт гаргаж явах юм бол энэ нь эргээд Монгол улсын хөгжилд нэг болтугай алхам ойртуулна шүү.Та бүхэнд баярлалаа. Чамд болон танай хамт олонд амжилт хүсье.

YOLOЯрилцсанд баярлалаа.

#MongoliansNextTopModel #Distinction #Accessory