Шинэ онд хийж буй эхний ярилцлагын зочноороо залуу зохион бүтээгчдийг урилаа. Тэд бол ШУТИС-ийн нэгдүгээр курсэд тээврийн менежментийн чиглэлээр суралцдаг Э.Маргад-Эрдэнэ болон 12 дугаар сургуулийн төгсөгч Б.Бат-Эрдэнэ нар юм. Та тэдний хийсэн машины зургийг фэйсбүүкээс харсан ч байж магадгүй. Тэд Оросын ГАЗ-66 машины жижгэрүүлсэн хувилбарыг бүтээсэн юм. Яг л жинхэнэ машин шиг бүх зүйл нь ажилладаг гэсэн шүү. Гайхалтай биш гэж үү? Ингээд тэдэнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.
YOLO: Анх яагаад энэ машиныг бүтээх болсон бэ?
Э.Маргад-Эрдэнэ: ЕБС-иудын дунд техник технологийн олимпиад жил бүр зохиогддог. Анх 11-р ангид байхад манай технологийн багш намайг машинд сонирхолтой болохоор энэхүү олимпиадад оролцохыг санал болгосон. Тэгээд миний сонирхол болоод ч тэр үү боломжтой юм шиг санагдаж орохоор шийдээд найз болон багштайгаа хамтарч энэхүү машиныг бүтээсэн.
YOLO: Олимпиадад ороод ямар амжилт үзүүлсэн бэ?
Э.Маргад-Эрдэнэ: Дүүргээсээ мөнгөн медаль, нийслэлээс хүрэл медаль, улсад тусгай байр эзэлсэн.
YOLO: Машиныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулаач.
Э. Маргад-Эрдэнэ: Энэ бол Оросын ГАЗ-66 гээд машин. Анх 1960-аад оны үед үйлдвэрлэгдэж байсан хүнд тээврийн машин бөгөөд цэргийн зориулалтаар ашигладаг. Тухайн олимпиадын удирдамж дээр энэ машиныг хийх заавартай байсан. Үүнийг 1:14 харьцаатай жижгэрүүлж бодит машиныг дуурайлгаж хийсэн. Ажиллах зарчим нь жинхэнэ машинаас ялгаагүй. Хаалга нь онгойж, гэрэл нь асаж, дохио өгдөг. Мөн шил арчигч нь ажиллаж, 4х4 дугуй маажих гэх мэтчилэн бүх юм нь ажилладаг.
YOLO: Ийм төрлийн машин хийхэд ямар зүйлс шаардагддаг вэ?
Э.Маргад- Эрдэнэ: Мэдээж хамгийн чухал нь тухайн хийх гэж байгаа машинаа судлах юм. Сайн судалсныхаа дараа ажлын зургаа гаргаад хуудас төмрөө сонгож авна. Дараа нь хамгийн чухал зүйл болох гагнуурын алх, тугалга, цэвэрлэдэг бодис, төмрийн хайч, мод зэрэг олон зүйлүүд хэрэг болдог. Харин мотор, удирдлага, гэрэл, батерей гэх мэт зарим зүйлүүдийг нь бэлэн худалдаж авсан.
YOLO: Нэг машин ойролцоогоор хэдэн төгрөгөөр бүтсэн бэ?
Э.Маргад-Эрдэнэ: Нэг машин нь ойролцоогоор 2 сая төгрөг болсон. Ер нь өртөг өндөртэй.
YOLO: Фэйсбүүк дээр тавигдсан постон доор машиныг чинь олон хүн сонирхож байсан. Хүмүүс худалдаж авах санал тавьсан уу?
Э.Маргад-Эрдэнэ: Хүмүүс их сонирхож байгаа. Гэхдээ зарим хүмүүс хүүхдийн тоглоом шиг хямд өртгөөр бүтнэ гэж бодоод буруугаар ойлгож байсан. Хүмүүс зөвөөр ойлгох хэрэгтэй. Энэ машиныг бид ашгийн төлөө зохион бүтээгээгүй. Хэрвээ тухайн хүн үнэхээр сонирхоод зардал мөнгөө тохирвол ганц хоёрыг хийх боломжтой. Харин энэ машин нь бидний анхны бүтээл учир зарахгүй ээ.
YOLO: Хэр их хугацааг зарцуулж энэ машиныг бүтээсэн бэ?
Э.Маргад-Эрдэнэ: Бид хоёр багштайгаа нийлээд хичээлийнхээ хажуугаар хийсэн болохоор 2-3 сарыг зарцуулсан. Заримдаа сургууль дээр хонож хийдэг байсан.
YOLO: Та хоёрын хувьд үүнээс гадна юу хийдэг бэ?
Б.Бат-Эрдэнэ: Чөлөөт цагаараа кино үзэж, заримдаа кафед сууж хичээлээ хийж, зураг дарах дуртай.
Э.Маргад-Эрдэнэ: Бүтээл хийхээсээ гадна машины зураг их зурдаг, мөн сагс тоглох дуртай.
YOLO: Машинаа хийхэд хүндрэлтэй байсан зүйлүүд?
Э.Маргад-Эрдэнэ: Хамгийн хүндрэлтэй нь явах эд анги байсан.
YOLO: Хийж байгаа зүйл чинь бүтэлгүйтэх үе зөндөө л тулгарч байсан байх. Тэр үед яадаг вэ?
Э.Маргад-Эрдэнэ: Тэр үед тодорхой хэмжээгээр зогсолтод ордог. Хэрвээ жинхэнэ машин байсан бол яаж хийх байсан бол гэх мэтчилэн их боддог. Тэгээд багштайгаа зөвлөлдөөд шийддэг байсан. Заримдаа тухайн бүтэлгүйтсэн зүйлээ орхиод дараа дараагийн өөрийнхөө хийж чадах зүйлээ хийдэг.
Б.Бат-Эрдэнэ: Яаж тэр бүтэлгүйтлээс гарах аргаа хайдаг. Хайж байх явцдаа өөрийн чадах зүйлээ хийдэг.
YOLO: Амжилтад хүрэхэд юуг эрхэмлэх хэрэгтэй гэж боддог вэ?
Э.Маргад-Эрдэнэ: Өөрийнхөө хүсч байгаа зүйлээ нэгэнт л зорилгоо болгосон бол түүнийхээ төлөө цуцашгүй тэмцэх хэрэгтэй. Анхнаасаа хийнэ гэж зорьсон бол өөртөө итгээд эцсийг нь үзэх хэрэгтэй гэж боддог.
Б.Бат-Эрдэнэ: Амжилт гэдэг нь олон зүйлээс бүрдэж байж нэг бүхэл цогц зүйл болдог. Тэр зүйлд хүрэхийн тулд чи түүнийхээ төлөө юу хийж чадах вэ? гэдэг их чухал. Тиймээс шантралгүй нэг зүйлдээ тууштай байх хэрэгтэй.
YOLO: Цаашдын зорилго, мөрөөдөл.
Э.Маргад-Эрдэнэ: Миний хувьд багаасаа л машин хийх сонирхолтой байсан болохоор гадаадад очиж суралцан машины том том үйлдвэрүүдэд ажиллан туршлага хуримтлуулаад Монгол улсдаа машины үйлдвэртэй болохыг мөрөөддөг.
Б. Бат-Эрдэнэ: Миний хувьд машин хийх сонирхолтой хэдий ч үүнээс илүү зураг дарах илүү сонирхолтой. Тиймээс энэ талаа илүү хөгжүүлж өөрийн гэсэн студитэй болно гэсэн зорилготой.
YOLO: Эдгээр бүтээлүүдийг хийхэд хэн тусалж, дэмждэг вэ?
Бидэнд багш болон гэр бүлийнхэн маань их тусалж дэмждэг.
YOLO: Ивээн тэтгэх санал ирсэн үү?
Б.Бат-Эрдэнэ: Худалдаж авах гэж асууснаас биш ивээн тэтгэх санал ирээгүй байгаа. Мөн фэйсбүүк дээрээ пост хийсэн Ганбат ахдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.
YOLO: Сонирхолтой яриаг өрнүүлсэнд баярлалаа.
Э. Маргад- Эрдэнэ, Б. Бат-Эрдэнэ: Баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх