Хамгийн шилдэг 5 ЦАХИМ НОМ уншигч


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2019-01-09

Технологи хөгжих тусам бидний хэрэглэдэг зүйлс дижитал хэлбэрт шилжин илүү жижиг, илүү ухаалаг болж эхэлсэн билээ. Үүний тод жишээ нь хэдэн мянган номыг багтаадаг ч ганцхан дэвтэрний хэмжээтэй цахим ном уншигч юм. Цахим ном уншигчийн ухаалаг утас эсвэл компьютероос ялгарах гол шинж нь цэнэгээ хадгалах хугацаа, нүдэнд хор уршиг багатай дэлгэц, хэрэглэхэд хялбар байдал нь юм.

Мэдээж гар утасны адилаар хүчин чадал, зориулалт нь хэдэн мянган төрөл, загварын цахим ном уншигч бий. Тийм ч учраас цахим ном худалдан авахыг хүсэж байвч яг ямар загварыг нь авахаа төдийлөн сайн мэдэхгүй байх тохиолдол элбэг.

Хэрэв танд ч гэсэн ийм асуудал тулгарч байгаа бол бид танд зориулан хэрэгцээ бүрт нийцэх шилдэг цахим ном уншигчийг танилцуулж байна.

Жагсаалтруугаа орохоос өмнө цахим ном уншигч авахдаа юуг анхаарах тухайд товчхон зөвлөгөө хүргэе.

  1. Дэлгэцийн гэрэл. Юуны өмнө бүх цахим ном уншигч дэлгэцийн гэрэлтэй байдаггүйг санах хэрэгтэй. Иймд хэрэв та гэрэлгүй орчинд ном уншихыг хүсэж байгаа бол өөр дээрээ гэрэлтэй загварыг худалдаж авбал дээр.
  2. Үйлдвэрлэгч. Цахим ном уншигч үйлдвэрлэлээрээ Амазон, Kobo зэрэг компаниуд тэргүүлдэг. Үйлдвэрлэгч компаниас хамаараад тухайн уншигчийн үйлдлийн систем болон ном татаж суулгах арга зам нь өөр, өөр байна. Энгийнээр бол Андройд болон iOS утсанд байдаг шиг системийн ялгаа цахим ном уншигчдад мөн бий.
  3. Бусад. Шинээр цахим ном уншигч худалдан авахаасаа өмнө дээр дурдагдсан хоёроос гадна цэнэгээ барих хугацаа, ус болон тоосны хамгаалалт зэргийг нягтлаарай.

БҮХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН: KINDLE PAPERWHITE 2018

Удаан цэнэгээ барих батарей, өөр дээрх гэрэл гээд ном уншигчид байх үндсэн хоёр шаардлагыг хангаснаас гадна харьцангуй боломжийн үнэтэй тул Amazon Paperwhite загварууд “бүх шаардлагыг хангасан ном уншигч”-аар нэрлэгддэг.

Хамгийн анхны Kindle Paperwhite 2012 онд танилцуулагдсан байдаг. Харин 4-р үеийн Kindle Paperwhite өнгөрсөн 11-р сард худалдаанд гарсан бөгөөд энэ хувилбарын хамгийн гол өөрчлөлт нь шинээр нэмэгдсэн усны хамгаалалт байсан юм.

Дэлгэц нь гэрэлтэй учир өдөр шөнийн алинд ч хэрэглэх боломжтой. Хэрэв та Paperwhite-аа өдөрт дунджаар 30 минут ашиглана гэж тооцвол 1 сар гаруй цэнэгээ барина.

Нягтаршил: 300 ppi
Дэлгэцийн гэрэлтэй эсэх: Тийм
Дэлгэцийн хэмжээ: 6 инч
Цэнэгээ хадгалах хугацаа: WiFi унтраалттай үед 6 долоо хоног
Усны хамгаалалтай эсэх: Зөвхөн 2018 оны загвар нь усны хамгаалалттай
Үнэ: 129.99 ам.доллар

ХАМГИЙН БОЛОМЖИЙН ҮНЭТЭЙ: KINDLE (8-Р ҮЕ)

Хэрэв танд усны хамгаалалт, дэлгэцийн гэрэл төдийлөн шаардлагагүй бөгөөд боломжийн үнэтэй ном уншигч хайж байгаа бол стандарт Kindle яг тохирно.

Цахим ном уншигчийн зах зээлд тэргүүлдэг Амазоны хамгийн анх худалдаанд гаргаж байсан цахим ном уншигч нь 1-р үеийн Kindle байсан юм. 2007 онд 399 ам.долларын үнэтэй худалдаанд гарч байсан 1-р үеийн Kindle таван цаг хагасын дотор борлуулагдаж дуусч байсан түүхтэй.

Нээлтээ хийсэн 2007 оноосоо шинэчлэгдсэн сайжирсаар 2016 онд 8-р үеийн хувилбар нь гарсан байдаг. Хэдийгээр ус, тоосны хамгаалалт, дэлгэцийн гэрэл зэрэг зүйлс байхгүй ч цахим ном уншигчийн гүйцэтгэх ёстой үндсэн үүргүүдийг маш сайн гүйцэтгэж чадах болно.

Нягтаршил: 167 ppi
Дэлгэцийн гэрэлтэй эсэх: Үгүй
Дэлгэцийн хэмжээ: 6 инч
Цэнэгээ хадгалах хугацаа: WiFi унтраалттай үед 4 долоо хоног
Усны хамгаалалтай эсэх: Үгүй
Үнэ: 79.99 ам.доллар

ХАМГИЙН САЙН ХАМГААЛАЛТТАЙ: KOBO AURA H2O

Зуны амралтаараа эсвэл томилолтоор хөдөө явах тохиолдол цөөнгүй. Тэгвэл эдгээр үед тань хань болох, хамгийн сайн ус болон тоосны хамгаалалттай цахим ном уншигчаар Kobo Aura H2O-г нэрлэж байна.

Цахим ном уншигчийн зах зээлийн томоохон тоглогч Kobo 2017 онд Aura H2O-г танилцуулсан. Тоос болон усны хамгаалалт нь Kobo Aura H20-г од болгож чадсан ч дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг онцлог нь өдөр, шөнөөс хамаарч дэлгэцийн цэнхэр гэрлийг бууруулж, шар туяатай болгодог үйлдэл нь юм.

Түүнчлэн Kobo Aura H20 өөр дээрээ нийт 11 өөр загварын фонт, 50 гаруй фонтын хэмжээтэй тул хэрэглэгч уншиж буй номоо өөрийн хүссэн хэв загвартай болгож болно.

Нягтаршил: 265 ppi
Дэлгэцийн гэрэлтэй эсэх: Тийм
Дэлгэцийн хэмжээ: 6.8 инч
Цэнэгээ хадгалах хугацаа: WiFi унтраалттай үед 4 долоо хоног
Усны хамгаалалтай эсэх: Тийм. 2 метрийн гүн утсанд 60 минут хүртэл хэвийн ажиллана.
Үнэ: 179 ам.доллар

НҮДЭНД ХАМГИЙН БАГА СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ: KOBO AURA ONE

300 ppi-ын нягтшилтай 7.8 инчийн дэлгэцтэй учир яг л бодит ном уншиж байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Түүнээс гадна Kobo Aura One бол одоогоор зах зээл дээр байгаа, RGB LED дэлгэцтэй маш цөөн тооны ном уншигчдын нэг юм.

RGB LED дэлгэцтэй учир Kobo Aura One цагаас шалтгаалан дэлгэцийн өнгөө олон төрлөөр өөрчилж чаддаг. Жишээлбэл автомат тохиргоотой байхдаа өдрийн цагаар тод өнгөтэй байх бол оройн цагаар бүдгэрч илүү шар туяатай болдог аж. Энэ нь хэрэглэгчийн нойр болон нүдэнд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Мэдээж бусад цахим ном уншигчид ч гэсэн таны нүдэнд гар утас, таблетнаас хавьгүй бага сөрөг нөлөөтэй. Гэсэн хэдий ч жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэг шиг Kobo Aura One таны нүдийг хамгаалах өрсөлдөөнд нэгдүгээрт бичигддэг цахим ном уншигч юм шүү.

Нягтаршил: 300 ppi
Дэлгэцийн гэрэлтэй эсэх: Тийм
Дэлгэцийн хэмжээ: 7.8 инч
Цэнэгээ хадгалах хугацаа: WiFi унтраалттай үед 4 долоо хоног
Усны хамгаалалтай эсэх: Тийм
Үнэ: 265 ам.доллар

ХАМГИЙН ТАНСАГ БАС ДЭВШИЛТЭТ: KINDLE OASIS 2018

Хэрэв та хамгийн дэвшилтэт технологи бүхий цахим ном уншигч сонирхож байгаа бол Амазоны Kindle Oasis-ын хамгийн сүүлийн үеийн загварыг санал болгож байна.

Стандарт Kindle-ээс 200 ам.доллароор илүү үнэтэй учир хүчин чадлынхаа хувьд ч хавьгүй илүү. Том бөгөөд тод дэлгэцтэй Kindle Oasis нь Kindle-ын сүүлийн үеийн загваруудаас ганцаараа товчлууртай бас автоматаар эргэдэг дэлгэцтэй юм.

Тэр ч байтугай харьцангуй нүсэр харагдах Kindle Oasis одоогоор зарагдаж буй Kindle-ын загваруудаас хамгийн нимгэн бас хамгийн хөнгөн гэх тодотголыг эзэмшдэг.

Нягтаршил: 300 ppi
Дэлгэцийн гэрэлтэй эсэх: Тийм
Дэлгэцийн хэмжээ: 7 инч
Цэнэгээ хадгалах хугацаа: WiFi унтраалттай үед 6 долоо хоног
Усны хамгаалалтай эсэх: Тийм
Үнэ: 249.99 ам.доллар (Батарейтай хавтас нь багтсан)

Уншигч та ямар цахим ном уншигч хэрэглэгдэг вэ? Бусадтайгаа санал сэтгэгдлээ хуваалцаарай.

#Technology