У.Нямсүрэн: Өөртөө итгэлтэй охидод “Little Miss World” тэмцээн нээлттэй


Үжин | YOLO.MN
2017-08-24

Дэлхийн миссийн тэмцээнийг үзээд "Би хэзээ том болж энэ тэмцээнд орох бол?" гэж битүүхэндээ мөрөөдөн суудаг охидод дуулгах таатай мэдээ байна.

Учир нь "Princess Miss World - 2017" тэмцээний бүртгэл явагдаж эхэлжээ. Энэхүү тэмцээнд оролцоод шалгарсан 8 охин Грек улсад зохион байгуулагдах “LITTLE MISS UNITED WORLD” наадамд эх орноо төлөөлөн оролцох юм байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийн талаар "Little Miss United World-2016" тэмцээнд өнгөрсөн жил амжилттай оролцоод ирсэн У.Нямсүрэн охинтой уулзаж ярилцлаа. Тэрээр TV8 телевизээр цацагдах тус тэмцээний нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах юм.

YOLOСайн уу, энэ жилийн "Little Miss World" тэмцээний талаар тодорхой мэдээлэл өгөөч?
- Энэ жил гурав дахь жилдээ Монгол улсад зохион байгуулагдаж байгаа "Little Miss World" тэмцээнд 5-15 насны охид оролцоно. 5-15 насанд буюу дөрвөн насны ангиллалд мисс болон модель гэсэн хоёр, хоёр ялагчийг тодруулна. Түрүүлсэн охид Грек улсад  9 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд болох "LITTLE MISS UNITED WORLD – 2017" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм. Охидын миссийн тэмцээн хэдий олон байдаг ч энэхүү тэмцээн нь илүү нэр хүндтэй, ач холбогдол өндөртэйд тооцогддог.

YOLOШалгаруулалт хэрхэн явагдах вэ?
- Эхний шатны шалгаруулалтын үеэр охид шүүгчдэд өөрийгөө танилцуулдаг юм. Тухайн оролцогчийн өөрийгөө илэрхийлэх чадвар нь хэр байна гэдгийг шүүгчид хардаг гэсэн үг. Мөн өөрийн авьяасаа шалгуулж, загварын алхаа үзүүлдэг. Ер нь охид энэхүү тэмцээнд оролцсоноор өөрийгөө илүү сайжруулах, хөгжүүлэх, биеэ авч явах соёлд суралцах, өөрийн чадвараа олж нээх гэх зэрэг давуу талтай. Тэмцээний үеэр хүмүүнлэгийн ажил болон сургалтууд зохион байгуулагддаг.

YOLOЖишээ нь ямар сургалтууд байдаг вэ?
- Тодорхой салбарын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч яриаг нь сонсдог. Өнгөрсөн жилийн тэмцээний үеэр ANRDA агентлагийн Х.Бадамгэрэл эгч бидэнд маш сайхан үнэтэй зөвлөгөөг өгч байсан. Мисс, модель хүн гэж ямар байх ёстой зэрэг яриаг хийж, тайзны алхаа гишгээг ч засч өгсөн. Тэгэхээр энэ талаар ямар ч мэдлэггүй байсан бидэнд маш үнэтэй мэдээлэл болж байгаа юм. Мөн "Little Miss World" тэмцээнийг түрүү жилийн олон улсын тэмцээнд оролцсон  бид тав хөтөлж явуулна. Тиймээс оролцогч охидтойгоо бид туршлагаасаа харамгүй хуваалцах болно.

YOLOТэмцээний бүртгэл хэднийг хүртэл явагдах вэ?
- Бүртгэл 8-р сарын 21-27-ныг хүртэл явагдана. Тэмцээний эхний шалгаруулалт 8-р сарын 28-нд болох юм.  Энэ үеэр дээр хэлсэнчлэн оролцогч өөрийгөө танилцуулж, авьяасаа үзүүлнэ.  Эцсийн буюу хоёрдугаар шат нь 9-р сарын 2-нд үзэгчдийн хамт болно.



YOLOБүртгүүлэхийн тулд ямар нэгэн шалгуур тавигдаж байгаа юу?
- 5-15 насны өөртөө итгэлтэй, ямар ч охид бүртгүүлэх боломжтой. Энд өндөр нам, жин огтхон ч заагаагүй. Бүртгүүлэхээр ирэхдээ төрсний гэрчилгээний хуулбар, чээж зураг, бүртгэлийн хураамж болох 20 мянган төгрөгтэй TV8 телевиз дээр ирэхэд болно.  

YOLOМонгол дахь тэмцээндээ түрүүлсэн охид  Грек улсыг зорино гэж байна. Тэнд шалгуур нь ямар байдаг бол?
- Энд явагдаж байгаа шалгуур  Грек улсад болох шалгуурын стандартаар явагддаг. Монгол дахь тэмцээндээ сайн бэлтгэгдсэн байхад олон улсын тэмцээндээ оролцоход арай хялбар байдаг. Авьяас үзүүлбэр дээр гоцлол үзүүлбэр үзүүлдэг. Ингэхдээ дуу шүлгээс илүүтэй үндэсний урлагийн номер үзүүлбэл илүү өндөр оноо авах магадлалтай байдаг. Шүүгчид яг дэргэд яваад дүн тавиад яваад байхгүй ч  үйл ажиллагаанд хэрхэн оролцож байгаа гэх зэргийг алсаас ажиглаад дүгнээд явж байдаг.  

YOLOТүрүү жил чи өөрөө энэхүү олон улсын тэмцээнд оролцсон шүү дээ. Нийт хэдэн охид явсан болон ямар амжилтуудыг үзүүлсэн бэ?
- Өнгөрсөн жил надтай нийлээд нийт таван охин явсан.  Би уг тэмцээнээс "Шилдэг фото модель", "Шилдэг гүнж мисс" "Эелдэг найрсаг гоо мисс" гэсэн шагнал, титэм, туузтайгаа ирсэн. Очоод мэдсэн зүйл маань гэвэл гадаад орны охид өөртөө их итгэлтэй, нийтэч, хүнтэй хурдан нөхөрлөдөг, хэлний мэдлэг муутай ч үйл хөдлөлөөрөө өөрийгөө илэрхийлчихдэг сэргэлэн, их нүүрэмгий гээд тэднээс суралцах зүйл маш их байсан.

YOLOМонголд болон Грект зохиогдож байгаа энэхүү тэмцээний гол зорилго нь юу вэ?
- Охидын нууц авьяасыг нээх, өөртөө итгэх итгэлийн нэмэх, бусадтай өрсөлдөхүйц чадвартай болгох, нээлттэй, харилцааны чадвар сайжирна, хүнээс зөвлөгөө шүүмж сонсож сурна гээд давуу талтай. Цаашлаад олон улсын тэмцээнд оролцох нь өөр улсын соёлтой танилцаж найз нөхөдтэй болохоос гадна өөрийн улсын нэрийг гаргаж байгаа нэг хэлбэр юм.

YOLO: Ярилцсанд баярлалаа



Бүртгүүлэхийг хүссэн охидод хүргэх мэдээлэл:
"Princess Miss World - 2017" охидын миссийн тэмцээний бүртгэл эхэллээ.
5-15 насны мисс, модель болох сонирхолтой охидыг урьж байна.
Охид 4 насны ангилалд буюу 5-6, 7-9, 10 -12, 13-15 насаар авьяас, ур чадвараараа хоёр үе шаттайгаар өрсөлдөж, 8 титмийн эзэн тодорно.
Титмийн эзэд 9 дүгээр сарын 24-нөөс 9 дүгээр сарын 30 өдрийн хооронд Грек улсад зохион байгуулагдах "LITTLE MISS UNITED WORLD" наадамд эх орноо төлөөлөн оролцоно.
Үндэсний хэмжээний шалгаруулалт 8-р сарын 28-нд эхэлнэ.
Бүртгэл: TV8 телевизийн байранд өдөр бүр явагдаж байна.
Утас: 88101555, 94147717


#LittleMissWorld #Girls