М.Дашбалжид: Найз залуу маань намайг яг хатан хаан шиг байлгадаг


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2018-12-25

2018 он үдлэн буцаж 2019 он айлчлан ирж байгаа энэ үед шинэ оноо угтан хийж буй ярилцлагадаа  Gloria агентлагийн загвар өмсөгч, фото модель, Mongolia’s Next Top Model тэмцээний шилдэг оролцогч, Miss Universe Mongolia тэмцээний хамгийн анхаарал татсан оролцогчдын нэг авьяаслаг үзэсгэлэнтэй бүсгүй М. Дашбалжидыг урьж ярилцлаа. Ярих бүрдээ инээх энэ бүсгүйгээс цагаан цайлган сэтгэлийн эерэг энерги цацарч байх шиг санагдсан. Ингээд түүний эерэг энергиэр дүүрэн, хайраар бялхсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

YOLOМ. Дашбалжид гэх энэ хүнийг хүмүүс фото модель, загвар өмсөгч гэдгээр нь сайн мэднэ. Та харин ямар мэргэжилтэй вэ?

-Би 2017 онд ХААИС-ийг маркетингийн менежмент чиглэлээр төгссөн. Мэргэжлээсээ гадна сэтгүүлч болон жүжигчин мэргэжлийг их сонирхдог.

YOLOМэргэжлээрээ цаашдаа ажиллах уу?

-Ажиллана. Гэхдээ маркетингийн менежментээрээ ажиллахаас илүүтэй магистраа сэтгэл зүйчээр хамгаалаад уг мэргэжлээрээ ажиллана гэж боддог. Хорин зургаан нас хүртлээ хувийн карьераа хөөсний дараа мэргэжлээрээ ажиллаж өөрийн бизнесээ эхлүүлэн хөгжүүлнэ гэж бодож байгаа.

YOLOХорин зургаан нас хүртлээ карьер хөөнө гэдэг нь загварын салбарт гэсэн үг үү?

-Тийм. Загварт ч, кино урлагт ч хүч үзэх бодолтой байна.

YOLOКино урлаг гэснээс саяхан найруулагч Б.Чингүүний бүтээлд дүр бүтээсэн байсан. Өөр кинонд тоглов уу?

-Уг кинонд туслах дүр бүтээсэн. Саяхан бас нэгэн киноны санал ирсэн. Гэхдээ тэрийг одоохондоо нууцалъя

YOLOЗагварын салбар дахь таны цаашдын зорилго юу байна вэ?

-Топ модель болно гэсэн зорилготой. Гэхдээ топ модель болохын тулд цаашдаа маш их хичээх хэрэгтэй. Надад загвараар явах найман жил байна. Тэгэхээр энэ хугацаанд маш их зүйлийг хийнэ. Asia’s Next Top Model-д хүч сориод үзье гэсэн бодолтойгоор өөрийгөө бэлдэж байна. Ойрын 1-2 жилдээ шалгаруулалтад оролцож үзэх төлөвлөгөөтэй.

YOLOДан ганц загвар өмсөгч, фото модель гэлтгүй миссийн тэмцээнд оролцож мисс болж чадна гэдгээ саяхан Miss Universe Mongolia тэмцээнээр харуулсан. Цаашид оролцъё гэсэн миссийн тэмцээн байгаа юу?

-Ирэх оны нэгдүгээр сард бас нэгэн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох саналыг Mongolian beauty association ТББ-н тэргүүн, Miss Universe Mongolia тэмцээний  зохион байгуулагч Б.Анхбаяр ах тавьсан. Одоо өөрийгөө бэлдэж байна.

 

YOLOЭнэхүү тэмцээнийхээ тухай мэдээлэл өгөөч?

-Тухайн тэмцээн Тайланд улсад нэгдүгээр сарын дундуур болно. Наян орны миссүүд өрсөлддөг чансаа өндөртэй тэмцээн. Монголоос өмнө нь нэг охин оролцож байсан. Тун удахгүй би хоёр дахь оролцогч нь болон явах гэж байна.

YOLOЯмар шалгууруудтай тэмцээн бэ?

-Ер нь миссийн тэмцээний номинацууд адилхан байдаг. Авьяаслаг мисс,  нөхөрсөг мисс, хүмүүнлэг мисс гээд л . Би авьяаслаг мисс, хүмүүнлэг мисс гэсэн номинацууддаа илүү анхаарч байгаа.

YOLOАвьяаслаг мисс дээрээ ямар авьяас үзүүлэх бодолтой байна вэ?

-Өнгөрсөн жилийн аравдугаар сард Miss Tourism World тэмцээнд оролцсон. Хамгийн анхны миссийн тэмцээн байсан учраас туршлага дутах үе байсан. Энэ тэмцээний хувьд гурав дахь миссийн тэмцээн маань учраас арай илүү туршлагажсан байх гэж бодож байна. Мөн Miss Tourism World тэмцээнд оролцон Авьяаслаг мисс номинацыг эх орондоо авч ирсэн. Энэ жил ч мөн адил бөөгийн бүжгээрээ оролцох бодолтой байна. Учир нь манай Монголын язгуур урлаг түүх соёл, шашин шүтлэгтэйгээ холбогдож байдгаараа онцлог. Тэр ч утгаараа бөөгийн бүжиг гаднын хүмүүст их сонирхолтой санагдаж сэтгэл зүйд нь ч их нөлөөлж таалагддаг юм шиг санагдсан.

YOLOХүмүүнлэг мисс номинацдаа анхаарна гэлээ. Саяхан цахим ертөнцөөр дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож буй миссүүд маань утаандаа анхаараач ээ гэсэн нийтлэл их явж байсан. Тэгвэл хүмүүнлэг мисс номинацаараа ямар асуудлыг хөндөж гаргаж ирье гэсэн төлөвлөгөөтэй байна вэ?

-Яг үнэн. Утааны асуудлыг хөндье гэж бодож байна. Улаанбаатар хот маань дэлхийд утаагаараа аль хэдийн цоллогдоод танигдчихсан. Тэр дундаа жирэмсэн эхчүүд, нярай хүүхдүүд болон урагт агаарын бохирдол маш муугаар нөлөөлж байдаг. Түүнчлэн би Miss Universe Mongolia тэмцээний хүмүүнлэг мисс номинацын хүрээнд дауны синдромтой хүүхдүүдийн цэцэрлэг дээр очиж хамтарч ажилласан. Дауны синдромтой хүүхдүүд энгийн эрүүл хүүхдүүдээс 80% дархлаа сул байдаг учраас тэдгээр хүүхдүүдийг утаанаас хэрхэн хамгаалах тал дээр ажил өрнүүлэх бодолтой байна.

YOLOЧөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цагаа ихэвчлэн спорт зааланд өнгөрүүлэх дуртай. Мөн найзуудтайгаа уулзан ярилцаж, дуулах дуртай. Өөрөө их нийтэч учраас ганцаараа цагийг өнгөрүүлэх дургүй.  Аль болох найзууд гэр бүлийнхэнтэйгээ хамт байдаг.

YOLOСпорт зааланд өнгөрүүлдэг гэхээр нэлээн спортлог байх нь ээ, тийм үү?

-Би чинь өөрөө сагсан бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй. Хүмүүс л мэддэггүй болохоос /инээв/. Бас ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан фитнессээр тогтмол хичээллэхийг зорьдог.

YOLOДэлхийн миссд хүч үзэх бодол бий юу?

-Мэдээж багаасаа л Дэлхийн миссд оролцохыг хүсдэг байсан. Дэлхийн мисс бол дэлхийд чансаагаараа дээгүүр бичигддэг хүн бүрийн мэддэг том тэмцээн тийм ч учраас өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй. Мөн би фото модель учраас биен  дээрээ хэд хэдэн шивээстэй.. Дэлхийн миссийн зарчимд  шивээстэй миссийг зөвшөөрдөг эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол Дэлхийн миссд оролцох нууцхан хүсэл бол бий.

YOLOГэр бүлийнхэн болон найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх дуртай гэлээ. Тэгвэл найз гэснээс нөхөрлөлийн үнэ цэн яг юу юм бол?

-Хайр юм болов уу. Өнгөтэй өөдтэй явахын цагт хүн байтугай нохой инээнэ. Өөдөлж гундаад ирэхийн цагт нохой байтугай хүн урна гэж үг байдаг. Хүн өнгөтэй өөдтэй, амжилттай явж байхад найз нөхөд зөндөө л олддог. Хамгийн гол нь тэр дундаас хүнээ зөв таньж нөхөрлөх хэрэгтэй. Хэн чин сэтгэлээсээ чамайг хайрлаж хэцүү үед чинь хамт байна, түүнийг л сайн найзаа гэж бодож дэмжиж туслах ёстой юм шиг санагддаг.

   

YOLOӨөрийн чинь амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Хүнд гай болохгүй л явъя гэж боддог. Манай монголчууд чинь ер нь нэг нэгэндээ стресс нэмээд, адаглаад машин зам дээр хүртэл нэгнээ хүндлэхгүй хэцүү. Тиймээс бие биедээ үргэлж инээмсэглэл, хайрыг түгээж хэн хэндээ гай болохгүй л амьдрах хэрэгтэй юм шиг санагддаг.

YOLOГэр бүлийнхнийхээ тухай яриач.

-Би айлын том хүүхэд. Эхээс дөрвүүлээ. Аав ээж дүү нартайгаа хамт амьдардаг. Манай хамгийн бага дүү хоёр настай, том дүү маань одоо арван зургаан настай эрэгтэй хүүхэд байдаг. Харин дунд дүү маань зургаан настай. Айлын том болохоор их хариуцлагатай бүх юманд ул суурьтай ханддаг. Олон дүүтэй учраас ээж аавыгаа түшиж тулж явах хэрэгтэй.

YOLOӨөртөө хамгийн сэтгэл хангалуун байдаг зүйл юу вэ?

-Биеийн нэг хэсэг гэвэл ээжийнхээ өндөр нуруу, урт хөл, хацрын хонхорхойг авч төрсөндөө маш их баярладаг. Зан чанарын хувьд би өөрийгөө их цайлган юм болов уу гэж боддог. Хүнд уурласан ч мартчихдаг, уучилчихдаг.

YOLOИх цайлган гэснээс хэзээ хамгийн сүүлд хэн нэгний хажууд уйлсан бэ?

-Сүүлд Miss Universe Mongolia тэмцээний финалын шатны тайзны ард найз залуугаа хараад уйлсан юм байна. Сүүлийн шатанд асуулт асуухад сандарсандаа болоод тааруухан хариулт өгсөн. Гэхдээ өөрийгөө гайгүй хариулчихлаа гэж бодсон ч гуравдугаар байраа алдчихаад хувцас солих өрөө рүү явж байтал найз залуу маань цэцэг бариад хүрээд ирсэн. Тэр үед эрхэлсэндээ ч юм уу шууд уйлчихсан.

YOLOMiss Universe Mongolia тэмцээн их шуугиан дуулиантай тэмцээн болж өндөрлөсөн. Хүмүүс ч хоёр талд хуваагдан маргалдаж, зарим нь шүүмжилж, зарим нь өмгөөлж байсан. Энэ бүхнийг хэрхэн давж байв?

-Ерөнхийдөө монголын урлагийн салбарынхан болж бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжлэх нь зөв. Тэгж байж л залуучууд үүнийгээ ойлгоно. Гэхдээ тухайн үед “UB Comedy”-гийн Хану гэх залуугийн хандлага нь надад таалагдаагүй л дээ. Хүнийг шүүмжилж болно, гэхдээ гадаад төрх, шашин шүтлэг, мэдлэгээр нь шүүмжилж доромжлох эрх хэнд ч байхгүй. Тэр тэмцээнд өөрөөс нь дүү, бас эгч хүмүүс ч оролцож байсан. Би өөрөө UB Comedy үзэх дуртай. Хануг ч их дэмждэг байсан. Тэр видеоноос хойш Хану их бүдүүлэг санагдах болсон. Зүгээр шүүмжилсэн бол би шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ шүүмжлэлийг хэзээ ч дооглож тохуурхсан өнгө аясаар хэлж болохгүй. Нэг ёсондоо энэ чинь бусад хүмүүсийг бидний эсрэг турхирч байна гэсэн үг. Надад бол тэгж санагдсан. Ялангуяа өсвөр насныхан UB comedy их үздэг юм шиг байсан. Тэр хүүхдүүдийг хүртэл турхирч бусдын сэтгэлд сэв оруулах зүйл хийж болохгүй. Сөрөг зүйл тарахдаа хурдан байдаг. Тэр үед миний зүгээс бол ер нь их гомдож бухимдсан.

YOLOСэтгэлээр унасан хэцүү байгаа үедээ хэрхэн тэрийгээ даван туулдаг вэ?

-Хайртай хүмүүстэйгээ ярилцдаг. Би ярилцах их дуртай. Дотроо буглуулаад байлгаад байж чаддаггүй. Тухайн үеийнхээ стрессийг найз залуутайгаа ярилцаж, найз нөхөдтэйгөө уулзаж л даван туулсан даа.

YOLOНайз залуудаа эрхлээд уйлдаг, хэцүү үедээ ярилцаад тайвширдаг энэ бүсгүйн найз залуу ер нь яг ямар хүн байна вэ?

-Бид хоёр үерхээд дөрвөн сар л болох гэж байна. Хүн зөв хүнээ олохоороо яагаад бусадтай нь бүтээгүйг ойлгодог гэдэг. Тэр яг үнэн юм шиг санагдсан. Намайг яг хатан хаан шиг байлгаж чаддаг. Би өөрөө их эрх, бас айлын том болохоор ч тэр үү нэлээн захирангуй, бүх юман дээр л миний зөв байх ёстой юм шиг санагддаг. Ийм хэцүү ааштай хүнийг хүртэл тэвчиж ойлгодог. Модель хүний найз залуу байна гэдэг их хэцүү байх гэж боддог. Ажлын шугамаар олон хүнтэй уулзана, зураг авалтад орно. Тэр болгонд намайг ойлгож миний ард байж намайг дэмжиж чаддаг.

YOLOБага байхдаа ямар хүүхэд байсан бэ? Жаахан Дашка ямар хүн байв?

-Би багаасаа л их өндөр хүүхэд байсан. Ээж маань гурван эрэгтэй дүүтэй. Ээж ажлаар хөдөө яваад өгнө. Би тэгээд ах нар дээрээ өссөн учраас нэлээн эршүүд хүүхэд байсан. Тэр эршүүд байдал маань одоо ч надад их ажиглагддаг. Найз залуутайгаа тоглохдоо хүртэл болж өгвөл эрэгтэй хүүхэд шиг ноцолдчих гээд. Одоо арван жилийн ангийнхан маань намайг загвар өмсөж байна гэхээр “Хүүе, чи ийм болчихсон юм уу” гээд гайхаад байдаг /инээв/. Сүүлд нэвтрүүлэгт ороод хүмүүс таниад эхлэхэд найзууд маань “Чамайг ингээд загвар өмсөөд явж байна гэхээр итгэхгүй юм аа” гэж байсан. Ер нь нэлээн эршүүд хүүхэд байсан.

YOLOБагадаа эршүүд байдалтай гүйж явахдаа ингэж загварын тайзнаа алхах үе ирнэ гэж бодож байв уу?

-Би багаасаа л загвар өмсөгч болно гэж боддог байсан. Сүүлд шилжилтийн насандаа энэ мөрөөдлөө бүр мартчихсан сагсан бөмбөг тоглоод бараг тамирчин болно ухааны юм бодоод гүйж явсан. Оюутан болоод төгсөх курсдээ Gloria загварын агентлаг дээр очоод шалгуулахад багш маань ч намайг анхнаас нь зөв чиглүүлж бүх тэмцээн уралдаанд оролцох хүслийг минь төрүүлж дэмжиж байсан.

YOLOУдахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Энэ баяр өөрийн чинь хувьд ямар үнэ цэнтэй баяр вэ?

-Шинэ жилийн баяр бол угаасаа л догдлуулдаг баяр. Яг юу хүлээгээд байгаа нь мэдэгдэхгүй догдлоод л байх шиг санагддаг. Мөн шинэ жилийн баяр бол гэр бүлийн баяр. Бие биедээ хайраа хуваалцаж нэг оройг халуун дотно өнгөрүүлэхэд тусалдаг. Цагаан сараар ахмад настнуудаа хүндлэн золгож явдаг, Мартын найман эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр, хүүхдийн баяр гээд л тус тусдаа хэн нэгэнд зориулагдсан юм шиг. Харин шинэ жил бол хүн бүрийн баяр. Түүнчлэн хувь хүн энэ жил юу хийв, дараа жил юу хийх вэ гэж бодож өөрийгөө дүгнэхэд түлхэц болдог сайхан баяр.

YOLOӨөрийн чинь хувьд хамгийн дурсамжтай шинэ жил?

-Хүн болгонд л хүүхэд насных нь баярууд дурсамжтай сайхан байдаг байх. Бага байхдаа гацуураа засуулахыг их хүлээдэг байсан. Гэрт гацуур засчихлаар л их гоё дүүрэн санагддаг байсан. Жижигхэн газар том гацуур байхаар үнэхээр гоё харагддаг. Орой ээж салад хийхийг хүлээгээд төмс арилгаж өгөөд л. Одоо том болоод тусдаа гарчихсан болохоор гацуур зассан ч нэг их догдлол байхгүй. Осолтгүй “Гэртээ ганцаараа” киногоо үзэж шинэ жилийн уур амьсгал орно /инээв/. Хүүхэд байхдаа л их гоё шинэ жилүүдийг өнгөрүүлсэн.

YOLOХэрвээ бурхан өөрийн чинь гурван хүслийг биелүүлье гэвэл юу хүсэх вэ?

-Ээжтэйгээ, эмээтэйгээ хөгширтлөө хамт байхыг хүсдэг. Ээжийнхээ гар дээр үр ач зээ нараа тэврүүлээд хамт баймаар байна. Дараагийнх нь энэ дэлхий дээрх хүүхэд болгон айж эмээх зүйлгүй, өвчин зовлонгүй хайраар бялхаж өсөөсэй гэж хүснэ. Харин сүүлийн хүсэл маань мөрөөдөлтэй минь  холбогдоно. Магадгүй Victoria’s Secret-ийн тайзан дээр алхаж үзэхийг хүсэх ч байсан юм билүү.

YOLOШинэ жилийн баярыг угтаж хийсэн энэхүү ярилцлагаа уншигчдадаа зориулсан урмын сайхан үгээр жаргаая.

-Юуны өмнө ярилцлагыг маань сонирхож уншсан та бүхэндээ баярлалаа. Ирж буй шинэ ондоо гэр бүлийнхэнтэйгээ эрүүл энх, аз жаргалтай байх болтугай. Гадаа хүйтэрч байгаа болохоор бүгд дархлаагаа дэмжээд, дааралгүй биеэ бодоорой. Бүгдэд нь шинэ оны мэнд! Мөн үргэлж намайг дэмждэг дэмжигч нартаа баярлалаа. Урмын үгтэй мессэж илгээдэгт баярлалаа. Итгэлийг чинь алдахгүй ээ.

#MissDashbaljid