Huawei нүүрэн хэсэгтээ ганц “нүхтэй” Nova 4-ыг танилцууллаа


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2018-12-19

Сүүлийн жилүүдэд ухаалаг утас үйлдвэрлэгчид бүтээж буй утасныхаа хүрээг илүү нимгэлж, улам том дэлгэцтэй болгохоор төрөл бүрийн арга ашигласаар ирсэн билээ.

Нүүрэн хэсгийг тэр чигт нь дэлгэц болгоход тулгардаг гол асуудал нь notch буюу камер, чанга яригч болон бусад мэдрэгчүүдийг агуулсан хэсгийг байрлуулах явдал аж. Ухаалаг утас үйлдвэрлэгч компаниуд энэ асуудалд янз бүрийн шийдэл олсон байдаг. Жишээлбэл Apple утасны дээд буланд notch-ыг хийсэн бол, Шаоми тэрхүү notch-ыг дэлгэцийн ардаас гулгуулж гаргаж ирдгээр бүтээж байсан удаатай.

Харин өнгөрсөн долоо хоногт Самсунг Galaxy A8s-ыг танилцуулснаар илүү том дэлгэцийн төлөөх өрсөлдөөнд нэгэн шинэ стандартыг тогтоолоо гэгдэж байсан билээ.


Харамсалтай нь Galaxy A8s-ын худалдаанд гарах, хэрэглэгчдийн гарт очих өдөр нь тодорхойгүй байгаа юм.

Тэгвэл үүнээс хэдхэн хоногийн дараа буюу өчигдөр Huawei Самсунг Galaxy A8s-тай адил дэлгэцийн бүтэцтэй Nova 4-ыг танилцуулсан байна.


8GB шуурхай санах ой, 128GB багтаамж, 3,750 mAh батарейтай тус утасны онцлох зүйлсэд 48 мегафиксилийн камер нь гарцаагүй багтаж байгаа юм. Ардаа гурван камертай байх бөгөөд нэг нь 48 бол үлдсэн хоёр нь тусгай зориулалтын 16 болон 2 мегафиксел хүчин чадалтай байх аж. Харин нүүрэн хэсэг байх селфи камер нь 25 мегафиксел байх гэнэ.

Уг утас дотроо хоёр хувилбартай. Тус хоёр хувилбарын гол ялгаа нь арын камерын хүчин чадал нь юм. Тодруулбал 490 ам.долларын үнэтэй загварын арын үндсэн камер нь 48 мегафиксел бол 450 ам.долларын үнэтэй загварын арын үндсэн камер нь 20 мегафиксел байх ажээ.

Nova 4 нь Хятадад нээлтээ хийсний дараа Олон улсад худалдаалагдаж эхлэх юм байна.

Nova 4-ын албан ёсны танилцуулга

#Technology