ЗАХИДАЛ: Миний бодол их эмх цэгцгүй болчихсон


ССҮТөв | YOLO.MN
2018-11-29

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Миний бодол их эмх цэгцгүй болчихсон

Би 17 настай жирийн айлд төрж өссөн охин. Хааяа өөртөө их итгэлтэй, хааяа бүр ямар ч мөрөөдөх зүйлгүй болчихдог. Нэг юмандаа тууштай байж чаддаггүй. Бас хүнд хэзээ ч 100 хувь, за больё гэхэд 60 хувь итгэдэггүй. Тэгэхээр найз их ховор гэсэн үг л дээ. Хүний амьдрал, яриа их төвөгтэй санагддаг болсон. Жаахан хувиа хичээсэн гэх үү дээ. Сүүлийн 2 жил өөртэйгөө л их тэмцэлдлээ. Би юмыг хэт муу талаас нь хардаг болсон.

Энэ байдлаас яаж гарах вэ? Мөн миний бичсэнээс харсан байх. Яриа маань ч их ойлгомжгүй, замбараагүй болсон. Өмнө нь би хүн болгонд чадахаараа тусалж дэмжиж, сонсдог хамгийн сайн зөвлөгч байлаа. Одоо өөрөө яахаа мэдэхгүй байна. Миний бодол их эмх цэгцгүй болчихсон. Дээр хэлсэнчлэн тийм юм болбол яанаа, ийм юм болбол яанаа гэж дандаа ургуулан бодож, түүнээсээ айдаг. БАЙНГА бодохоор бодол биеллээ олдог гэсэн үг уншаад бодсон юм минь биелэх вий гэж айдаг болсон. Ер нь бодлоороо өөрийгөө жижиг сажиг юман дээр их зовоож байна. Энэ зовлон том асуудал биш ч гэсэн өөрөө өөрийнхөө бодол, хурдан шантрах зан хоёртой дотроо тэмцэлдэх их хэцүү юм. Туслаач 

ЗӨВЛӨГӨӨ: Яг юуны талаар бодоод байна вэ?

Сайн байна уу? Бидэнд хандаж байгаад баярлалаа. Чи захиандаа зөвхөн өөртөө илрээд байгаа шинж тэмдгүүдээ бичсэн байна. Нэг талаасаа энэ нь чи өөрийгөө их сайн ажигладаг, мэддэг гэдгийг харуулж байгаа сайн талтай. Дараагийн удаа захиандаа амьдралдаа болж буй үйл явдал, асуудлууд, бодлууд, хийдэг үйлдлүүд гэх мэтээ олон талаас нь дэлгэрэнгүй бичвэл илүү тодорхой хариу өгөх болно.

Захианаас нь анзаарахад 2 жилийн өмнө ямар нэг үйл явдал болсон юм шиг байна. Хэрвээ тийм бол яг юу болсон бэ? Хэрвээ ямар нэг зүйл болсон бол одоо ч гэсэн чамд нөлөөлдөг үү? Тэр асуудлаа шийдсэн үү? Өөрийнхөө асуудлыг шийдээгүй үед хүн бусдын асуудалд төвлөрч чаддаггүй. Бас ямар нэг дуусгаагүй, эсвэл тодорхой болгоогүй, үл ойлгогдох зүйл байгаа үед хүний анхаарал төвлөрдөггүй, түгшүүртэй мэдрэмж төрдөг. Яг юуны талаар байнга бодоод байна?

Энэ талаараа дараагийн захиандаа дэлгэрэнгүй бичээд явуулаарай. Эсвэл Гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төвийн 76007677 дугаар руу залгаж зөвлөгөөний уулзалтын цаг авч биеэр уулзаж ярилцаж болно. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter