Red Dead Redemption 2 нээлтийн долоо хоногтоо 725 сая ам.долларын орлого олов


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2018-11-02

GTA цуврал тоглоомоороо алдартай Rockstar Games-ын ээлжит бүтээл болох Red Dead Redemption 2 (RDR2) 10-р сарын 26-нд нээлтээ хийсэн юм. Эхний ээлжинд PlayStation 4 болон Xbox One дээр гарсан бөгөөд одоогоор компьютер дээр гарах эсэх нь тодорхойгүй байгаа билээ.

Бүтээгдэж эхэлсэн үеэсээ л олны хүлээлтэд байсан тус тоглоом нээлтийн долоо хоног буюу эхний гурван өдөртөө 725 сая ам.долларын орлого олжээ. Ингэснээр цаг үеийн хамгийн өндөр нээлтийн орлоготой тоглоомуудын хоёрдугаар байрт ороод байна. Сонирхуулахад нэгдүгээр байранд мөн л Rockstar Games хөгжүүлсэн, Grand Theft Auto V тоглоом 1 тэрбум ам.долларын орлогоороо бичигддэг юм.

Түүнчлэн PlayStation 4 дээр “Хамгийн өндөр урьдчилсан захиалгатай тоглоом”, “Нээлтийн гурван өдрөө хамгийн их зарагдсан тоглоом” гэсэн амжилтуудын эзэн болжээ. Харин Xbox One дээрх борлуулалтын мэдээлэл одоогоор ил болоогүй байна.

RDR2-ын өмнөх хувилбар нь нийтдээ 15 сая хувь зарагдсан байдаг бол RDR2 ердөө эхний гурван өдөртөө 12 сая гаруй хувь зарагджээ. Гэсэн хэдий ч энэ салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар RDR2 алдарт GTA V тоглоомын 100 сая хувь зарагдсан амжилтыг эвдэж чадахгүй гэнэ.

RDR2 тоглоомын албан ёсны трэйлэрийг ЭНД дарж үзнэ үү. 

Эх сурвалж: digitaltrends.com

#Technology