CHEVENING тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах талаар зөвөлгөө мэдээлэл өглөө


О.Номуншүр | YOLO.MN
2018-10-15

Дэлхийн 115 оронд салбартай, хамгийн том платформ Youth Opportunities-ээс CHEVENING тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, анхаарах зүйлсийн талаар зөвөлгөө мэдээллийг өгөх арга хэмжээг өнгөрсөн ням гарагт буюу аравдугаар сарын 14-ний өдөр ҮСАХ дэх “Castle” ресторанд амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээг Youth  Opportunities-ийн монгол дахь албан ёсны төлөөлөгч Ч.Золзаяа хөтлөн явуулсан бөгөөд дэлхийн хамгийн том платформ Youth Opportunities-ийн танилцуулгаар эхэлсэн юм.

Ч. ЗОЛЗАЯА:

Youth Opportunity байгууллага нь Энэтхэг улсад төв оффистой бөгөөд  тэтгэлэгт хөтөлбөрийн дэлхийн хамгийн том платформ юм.  2018 оноос эхлэн дэлхийн 115 оронд албан ёсны төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингэснээр дэлхийн 115 оронд зарлагдаж байгаа богино болон урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрүүдийг цаг алдалгүй залуучуудад хүргэх боломжтой болсон. Хүмүүс  урт хугацааны болон богино хугацааны тэтгэлэгүүд гэхээр зөвхөн бакалавр болон Магистрын тэтгэлэг байдаг гэж ойлгодог. Гэтэл үүнд төрөл бүрийн уралдаан тэмцээнүүд болон солилцооны хөтөлбөрүүд багтдаг. Мөн богино хугацаанд (2-4 хоног) хамрагдах боломжтой хөтөлбөрүүд ч байдаг. Хэрвээ та урт хугацааны томоохон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах гэж байгаа бол ийм төрлийн  богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдсан байдал таны CV-нд маш чухал нөлөө үзүүлдэг. Мэдээж энэхүү мэдээллүүдийг манай байгууллагаас залуучууудад ямар ч үнэ төлбөргүй хүргэдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг манай вэбсайтаас болон фэйсбүүк группээс авах боломжтой.

Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүст Youth Opportunities-ийн вэбсайтыг хэрхэн ашиглах талаарх заавар зөвөлгөө өгснөөр тэдэнд өөрт тохирсон тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг олгосон.

Үүний дараа уригдсан илтгэгчид өөрсдийн зөвөлгөө мэдээллээ хүргэсэн юм.

ИЛТГЭГЧ А. ДӨЛГӨӨН /2014-2015 ОНЫ CHEVENING ТЭТГЭЛЭГ ХҮРТЭГЧ/

Нээлттэй микрофонтой байсан учир очсон хүн бүр өөрсдийн хүссэн асуултаа асууж байсан. Үүнд:

-Сургуулиа хэрхэн сонгосон бэ? Хэрхэн сонгох вэ?

-Миний хувьд санхүүгийн чиглэлээр сурах хүсэлтэй байсан учир Англидаа санхүүгийн чиглэлээр дээгүүр жагсдаг Cranfield их сургуулийг сонгосон. Тэтгэлэгт хамрагдахад хамгийн багадаа 3 сургууль сонгох ёстой.

-Мастерийн хөтөлбөрт насны хязгаар заасан байдаг уу?

-Насны хязгаар заагаагүй.

-Хэлний оноо болох IELTS 6.5 авсан байх ёстой юм байна. Тэгвэл хүсэлт гаргасан сургуулийн оноо маань өөр байвал сургуулийнхаа оноогоо л хангасан байх ёстой юу?

-Тийм.

-Лидер гэдгээ харуулах, батлах хэрэгтэй гээд байна л даа. Амьдрал дээр яг лидер байж үзээгүй ч юмуу, эсвэл тийм туршлага байхгүй тохиолдолд лидер байж чадна гэдгээ тусгаад эсээндээ бичиж болох уу?

-Тийм туршлага заасан юм бол байхгүй. Жишээ нь: Би ийм зорилготой энэ зорилгынхоо хүрээнд ийм, ийм ажил хийсэн, цаашдаа ийм зүйлсийг хийнэ гэсэн өөрийн төлөвлөгөөг тодорхой тусгаад өгчихвөл асуудалгүй.

ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСЫН МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ CHEVENING ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН АЖИЛТАН, ИЛТГЭГЧ Р. ЭНХМАА:

Энэхүү мастерийн хөтөлбөрийг дэлхий дээр 160 гаруй оронд хэрэгжүүлдэг. Энэ үйл ажиллагааг тухайн оронд ажиллаж байгаа Английн  ЭСЯ-тай хамтарч зохион байгуулдаг. Сонгон шалгаруулах үйл явц өргөдөл гаргах хугацаа эхэлснээс дуусах хүртэл бүх өргөдлүүдийг хүлээн авдаг. Тэдгээр өргөдөл системээрээ Английн тусгайлан сонгогдсон хараат бус гишүүдээс бүрдсэн багт очдог. Тэд бүх орноос ирсэн элсэх өргөдлийг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж шалгадаг.

Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага нь:

  • Зөвхөн 1 жилийн мастерийн хөтөлбөрт олгогдоно
  • Хөтөлбөрөө дуусгаад 2 жилийн дотор эх орондоо эргэж ирэх нөхцлийг зөвшөөрөх
  • Бакалаврын голч оноо 3,0 ба түүнээс дээш
  • 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай. /үүнд хагас цагаар болон сайн дурын ажил хийсэн бол тооцогдоно/
  • 2019 оны долдугаар сарын 13-нд Англи хэлний шалгуурыг хангасан байх/ IELTS 6,5 оноо, TOEFL IBT 79 оноо/

2017 онд Их Британийн Засгийн газар олон улсын манлайлагч 1400 оюутанд Chevening-ийн тэтгэлэгээр 100 гаруй их дээд сургуулийн 14000 орчим хөтөлбөрт суралцах боломжийг олгосон. Гэвч эдгээр хөтөлбөрүүдээс гурвыг нь л сонгох боломжтой бөгөөд ирээдүйн зорилго, карьер төлөвлөлт, хүсэл мөрөөдөлдөө нийцсэн хөтөлбөрийг сонгох нь чухал юм. Үүнд миний зүгээс өгөх зөвөлгөө нь:

Судалгаа хийх, шилдэг сайн сургууль сонгох:

Таны сонгосон хөтөлбөр хүсэл мөрөөдөл, зорилгод тань бүрэн нийцсэн байх ёстой. Хөтөлбөрийн агуулга, суралцах хугацаа,  заах арга зүйн стандарт, карьерын боломж,суралцагчдын сэтгэл ханамжийн үндсэн дээр сургууль сонголтоо хийх нь чухал юм. Chevening-ийн тэтгэлгийн онлайн бүртгэлийн хуудас нээгдэхэд боломжит хөтөлбөрүүдийн жагсаалт гарах бөгөөд тэтгэлгийн тавигдах шаардлага, тэтгэлэгтэй холбоотой асуух зүйл гарвал Chevening-ийн тэтгэлгийн хороонд хандаж болно. Харин хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тухайн их сургуультай шууд холбогдох хэрэгтэй.

  • Тавигдах шаардлагыг анхаарах
  • Энэхүү тэтгэлэг нь Chevening-ийн гишүүн болсон их сургуулиудын мастерийн хөтөлбөрт олгогддог бөгөөд таны сонгосон хөтөлбөр, сургууль гишүүнчлэлд байгаа эсэхийг нягтлаарай.
  1. Хэрэв та аль нэг сургуулиас суралцах эрхийн урилгаа авсан бол Chevening-ийн бүртгэлд дахин 2 хөтөлбөр сонгох шаардлагатай.
  2. Chevening-ийн бүртгэлд нэг их сургуулийн гурван өөр хөтөлбөрийг сонгох, эсвэл гурван өөр сургуулийн нэг хөтөлбөрийг сонгож болно.
  3. Бүртгэлийн хуудсыг бөглөж илгээсны дараа хөтөлбөр болон сургуулийг өөрчлөх боломжгүй.

-Өргөдөл бөглөж байх хугацаандаа хэлний оноогоо хангасан байх ёстой юу?

-Яг өргөдөл бөглөж байхад шаардлагагүй. Яагаад гэвэл та тэнцэх эсэх нь тодорхойгүй байгаа. Тийм болохоор хамгийн чухал нь гурван сургуулиа сонгосон байх явдал.

#Scholarship