"ӨСВӨРИЙН АВРАГЧ - 2018"-ын шилдгүүд тодорлоо


YOLO.mn | YOLO.MN
2018-10-15

 Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч -2018” тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулжээ.

Нийслэл Улаанбаатар хотын 379 жилийн ой, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн аварга шалгаруулах “Өсвөрийн Аврагч-2018” тэмцээн өнөөдөр Сүхбаатарын талбайд болж өсвөрийн 60 гаруй аврагч оролцлоо. 

Тус тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас  аваргаар шалгарсан  БЗД-ийн 120-р сургууль, Багануур дүүргийн 125-р сургууль, БГД-ийн Сэтгэмж цогцолбор сургууль, СБД-ийн 4-р сургууль, СХД-ийн 105-р сургууль, Налайх дүүргийн 103-р сургууль, ХУД-ийн 34-р сургууль,  ЧД-ийн 23-р сургуулийн нийт 60 гаруй өсвөрийн аврагч сурагч оролцсон юм.

Сурагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд  үүрэг гүйцэтгэн, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

 

Тэмцээний нийлбэр оноогоор нэгдүгээр байранд Багануур дүүргийн 125-р  сургуулийн “Нүүрэнтэйн Аврагч” бүлэг, хоёрдугаар байранд Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн “Элит” бүлэг, гуравдугаар байранд  СБД-ийн 4-р сургуулийн  “Хар Ирвэс” бүлэг, тусгай байранд БЗД-ийн 120-р сургуулийн “Тусгай” бүлгийн баг тамирчид тус тус шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

#ӨсвөрийнАврагч