И.Мөрөн: Гэр бүлийнхэндээ бахархал төрүүлнэ гэдэг чинь л маш том аз жаргал


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2018-10-08

Ерөнхийлөгчийн туслах” уран сайхны киноны бяцхан ерөнхийлөгчийн дүрээр бидний танил болсон авхаалжтай сэргэлэн, цовоо, хэрсүү нэгэн хүү өнөөдөр бидний ярилцлагын булангийн зочноор уригдлаа. Эр өсөж эсгий сунадаг гэх ардын зүйр цэцэн үг байдагчлан бяцхан ерөнхийлөгч маань хэдийнэ том болжээ. Ингээд И.Мөрөнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

YOLO: Сайн байна уу? И.Мөрөнг маань хүмүүс “Ерөнхийлөгчийн туслах” УСК-ны бяцхан ерөнхийлөгчийн дүрээр сайн мэдэх билээ. Тэр үе хэдийнэ ард өнгөрч, нэлээн хэдэн жил өнгөрлөө. Одоо Мөрөн маань хэдэн настай вэ? Хаана сурдаг вэ?

-Сайн байцгаана уу? Уншигчдадаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Би одоо 18 настай. Монгол 3-р сургуулийн төгсөх ангийн сурагч.

YOLO: Төгсөх ангийн сурагч гэхээр мэргэжлээ сонгосон уу?

-Ер нь бол ээж аавтайгаа ярилцаж байгаа. Хоёр сонголт бий. Нэг нь жүжигчин, нөгөө нь сэтгэл зүйч. Яагаад сэтгэл зүйч мэргэжлийг сонгосон бэ гэвэл хүнийг ямар ч эмгүйгээр үгээрээ эмчилж чаддаг. Хүн өөрөө сэтгэлийн амьтан шүү дээ. Иймээс сэтгэл зүйч мэргэжлийг сүүлийн жилүүдэд их сонирхон судалж байна. Ээж аавтайгаа ярилцаж байгаад яг алийг нь мэргэжлээ болгон сурахаа шийднэ дээ.

Ерөнхийлөгчийн туслах кинонд хэдэн настайдаа тоглож байсан бэ? Анхны кино чинь байсан уу?

-“Ерөнхийлөгчийн туслах” кинонд 12 настайдаа тоглож байсан. Энэ кино миний тоглосон анхны бүрэн хэмжээний дэлгэцийн уран бүтээл. Тухайн үед уг кинонд тоглохоосоо өмнө “Өнгөт инээд” продакшний богино хэмжээний хошин жүжгүүдэд тоглодог байсан.

YOLO: Анх дэлгэцийн урлагт хөл тавьж байсан тэр үеэ эргэн дурсаач?

-Намайг 7 настай байхад аав, ээж хоёр маань “Өнгөт инээд” продакшний “12 давхар” дэлгэцийн хошин шоуг хийдэг байсан. Ээж, аав хоёр маань ажил ихтэй байдаг байсан учраас би жаахан юм чинь гэртээ ганцаараа үлдэх боломжгүй. Тэгээд дагаад л явдаг байлаа. Ээжийнхээ төрсөн өдрөөр тайзан дээр гаран дуу дуулж, бүжиглэн мэнд хүргэсэн минь “Өнгөт инээд” продакшний гүйцэтгэх захирал С.Өлзийхүү эгчийн маань нүдэнд өртөж “Ирээдүйтэй хүүхэд байна. Эртнээс юманд оруулж байя” гэж хэлсэн мөчөөс жижиг онигоонууд, хошин шоу тоглолтонд оролцож эхэлсэн. Ийнхүү “Өнгөт инээд” продакшиндаа 5 жил бяцхан жүжигчин хийсний дараа 12 настайдаа М.Энхдалай найруулагчийн “Ерөнхийлөгчийн туслах” кинонд тоглосон.

YOLO: Шинэ жилийн баяр дөхөөд ирэхээр “Сайн аав” МУСК бараг суваг болгоноор гардаг болсон. Яг л бидний сайн мэдэх “Би чамд хайртай”, “Энэ хүүхнүүд үү” УСК-ууд шинэ жил болгоноор гардаг шиг. Баярын өдөр өөрийнхөө тоглосон киног үзээд суух мэдрэмж ямар байдаг вэ?

-Мэдээж гоё. Тэр дундаа “Сайн аав” кино үнэхээр гоё кино болж чадсан. Би өмнө нь бодит амьдралаас сэдэвлэсэн кинонд тоглож байгаагүй. Түүнчлэн бодит амьдралаас сэдэвлэж кино хийнэ гэдэг их хэцүү юм билээ. Тэр хүн яг ямар зан ааштай вэ гэдэг дээр судалгаа хийнэ. Амьдрал дээр болоод өнгөрсөн явдлыг давтаж байгаа учраас хэдий ярвигтай ч хэцүү зүйлийнхээ ард гараад, үзээд сууж байна гэдэг дээдийн жаргал. Тоглосон киногоо ээж, аав, дүүдээ харуулаад бахархлыг нь төрүүлнэ гэдэг чинь л өөрөө маш том аз жаргал.

YOLO: Уг кинонд тоглох боломж анх хэрхэн олдож байсан бэ?

-Анх ерөнхий найруулагч С.Бүжин эгч маань надтай холбогдон киноны санал тавьсан. Очиж уулзаад бодит явдлаас сэдэвлэсэн кино гэдгийг нь сонссон л доо.  Гол дүрийн ах Т.Даваасүрэн агсны нэвтрүүлгийг их үзэж бахархдаг байсан учраас надад татгалзах ямар ч шалтгаан байгаагүй. Ээж аавтайгаа шууд ярилцаад зохиолоо уншуулсны дараа кино багийнхаа нэг эд эс болсон.

YOLO: Кино зураг авалтын үеэр тулгардаг хүндрэлтэй асуудлууд?

-Ер нь амар юм хийгдэнэ гэж бол байхгүй. Зарим хүүмүүс “Кинонд тоглох, кино хийх гэдэг үнэхээр амархан. Таван минутын хэсгийг яг таван минутанд л хийчихдэг гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Яг үнэндээ үгүй. Нэг киноны ард маш том баг унтах нойргүй ажиллаж байдаг. Тийм ч учраас би арын албанд байгаа хүмүүсийг их хүндэлдэг. Жүжигчдэд хэн санаа тавьдаг вэ гэвэл арын албаныхан л санаа тавина. Хүйтэнд зураг авалттай үед зураг дуусангуут гүйж ирээд юм нөмрүүлээд, халуун юм уулгаад үргэлж санаа тавьдаг. Арын албаны ах эгч нартаа маш их баярлаж бахархдаг.

YOLO: Сайн аав кино үнэхээр нүдэнд нулимс хуруулж чадсан кино. Энэ кинонд тоглосон сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Би нээлтэн дээр киногоо үзээд маш их уйлсан. Ээжийгээ тэврээд уйлаад л байсан. Киноны дундуур аав ухаан алддаг хэсэг дээр мэгшээд, түүнээс хойш уйлж өгсөн дөө. Одоо бол хэд хэд үзчихсэн учраас харьцангуй гайгүй. Гэхдээ бас уйлчих гээд л байдаг. Би сэтгэл хөдлөл ихтэй, их өрөвч учраас ер нь нулимс ойр.

YOLO: Сүүлд ямар уран бүтээлд тоглосон бэ?

-Сүүлд “Шилжилт 2”-д тоглолоо. Одоо найзтайгаа хамтран студи байгуулан шинэ контент дээр ажиллаж эхлэх гэж байна.

YOLO: Студийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Б.Тулга буюу Сайко гэдэг найзтайгаа хамтран ажиллаж байна. Бид хоёр анх “Байрны ах” кинон дээр танилцан санаа бодол нийлж, хамтраад шинийг хийнэ, шинэ зүйлийг эхлүүлнэ гэж ярьдаг байсан. Тэр маань одоо биелэлээ олох гэж буйд баяртай байна. Манай студи хэдий том биш ч гэсэн юу ч эхлүүлэлгүй назгайрч явснаас эхлэлийг одоо тавья хэмээн хамтдаа шийдсэн.

YOLO: Ямар контентууд гаргах вэ?

-Бид нэг зүйлээр дагнахгүй. Богино хэмжээний кино, влог, нэвтрүүлэг, шоу гээд бүх төрлийн контент гаргана. Монголчууд дороо уйдчихдаг. Иймээс хүмүүсийг уйдаахгүй, хөгжилтэй, бас хэрэгтэй зүйлс ихийг хийнэ.

YOLO: “Байрны ах” киноныхоо талаар ярихгүй юу?

-“Байрны ах”-ын найруулагч Б.Нямдаваа ах надад киноны санал тавьснаар очиж уулзсан. Надад хамгийн их  таалагдсан зүйл нь кино багийнхан, жүжигчид гээд бүгд залуучууд байсан явдал. Одоо ер нь жижиг, том гэлтгүй залуучууд л нэгнээ дэмжихгүй бол бусад нь төдийлөн дэмжээд байдаггүй. Иймээс аав ээжтэйгээ ярилцаад кинондоо тоглохоор шийдсэн. “Байрны ах” УСК ганцхан өдрийн үйл явдлыг харуулсан их шинэлэг, өвөрмөц кино болж чадсан. Миний тоглосон кинонуудаас сэтгэлд хүрээгүй кино нэг ч байдаггүй. Бүх кинонууд маань таалагддаг. Харин киногоо үзэж байгаад “Би энэ хэсэг дээр ингэсэн бол” гээд өөрийгөө  л голохоос биш киног хэзээ ч голж үзээгүй.

YOLO: “Ерөнхийлөгчийн туслах”, “Сайн аав”, “Байрны ах” кинонууд дээрх И.Мөрөнгийн дүрүүдийг харьцуулвал ямар ялгаанууд байна вэ?

-Би дэлгэцэн дээр гарах хүн тусдаа, амьдрал дээр харагдах хүн тусдаа байх ёстой гэж боддог. Хүмүүс киноны дүрээр тухайн жүжигчнийг төсөөлдөг байх. Гэхдээ тийм биш. Би зохиолчийнхоо бичсэн дүрийг л гаргаж гэж хичээж байгаа учраас яаж ч хувирч болно. Харин бодит амьдрал дээр би өөр хүн. 

YOLO: Бүтээж байсан дүрүүдээс чинь өөртэй чинь хамгийн ойрхон нь аль дүр вэ?

- “Ерөнхийлөгчийн туслах” дээр эрхдүү, сэргэлэн хүүхдийн дүр бүтээдэг. Би амьдрал дээр ч ер нь эрх хүн. Хайртай дотны хүмүүсийнхээ хажууд бүр жаахан хүүхэд шиг эрхэлчих гээд байх хандлага бий. “Байрны ах” дээр сахилгагүй, зэвүүн Мөрөн харагддаг. Энэ нь ч надтай адилхан. “Сайн аав” дээрх Мөрөн айлын том ах, дүү нараа асарч хамгаалах үүрэгтэй. Энэ нь ч надтай адилхан. Бүтээсэн дүрүүдээ харахаар надтай адилхан зан чанарууд ер нь байдаг шүү.

YOLO: Ямар дүр бүтээж үзэхийг хүсдэг вэ?

-Гадаадын кино багийнхан, жүжигчидтэй хамтарч монголын түүхийг харуулсан кинонд гол, туслах нь хамаагүй дүр бүтээж дүрээ судлан ажиллахыг их хүсдэг.

YOLO: Амьдралдаа баримталдаг зарчим чинь юу вэ?

- Залхуурахгүй байх. “Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл” гэх энэ үгийг анх “Ерөнхийлөгчийн туслах” дээрээ хэлснээс хойш хэлэх дуртай үг минь болж, мөн нэгэн зарчим минь болсон. Залхууралгүй хэлсэндээ хүрч байх хэрэгтэй. Хамгийн гол нь хүн шиг хүн байхыг л хичээдэг дээ.

YOLO: И.Мөрөн маань багын л үе тэнгийн охидынхоо дунд алдартай алаг нүдэн хөвгүүн байсан. Одоо найз охинтой юу?

-/инээв/. Найз охинтой болох гээд, болчих гээд л явж байна даа. Таалагддаг сайн охин бий. Би үерхэж үзэхээс их айдаг л даа. Эмэгтэй хүнийг хайрлана гэж үерхчихээд дараа нь гомдоочих вий гэж их эмээдэг учраас өдөр тутамдаа эмэгтэй хүн юунд баярладаг, юунд гомддог, ямар үед сэтгэл нь хөдөлдөг вэ гэдгийг судалж, суралцаж байдаг. 

YOLO: Өөрийгөө ямар амьтантай зүйрлэх вэ?

-Тимон Пумба хоёрын Тимонтой зүйрлэнэ. Тэр амьтныг яг юу гэж нэрлэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүс намайг тэрэнтэй их адилхан гэдэг. Сэргэлэн, хөдөлгөөнтэй, овсгоотой /инээв/.

YOLO: Хэрэв бурхан гурван хүслийг чинь биелүүлье гэвэл юу хүсэх вэ?

-Энэ талаар ёстой бодож байгаагүй юм байна. Гэнэт нээрээ гараад ирвэл тулгамдах юм байна шүү. Тэгэхээр эхлээд шилждэг болмоор байна. Нүд эрмэх зуур хүссэн газраа очдог. Хоёр дахь нь хүний бодлыг уншдаг болмоор байна. Гурав дахь хүсэл маань нэг өдөр ээж аавынхаа аав нь болоод намайг ямар их хайрладаг билээ, тэр их хайрыг нь мэдрүүлмээр байна.

YOLO: Ярилцлагын дийлэнх хариулт дээр ээж аавыгаа дурьдаж байна. Өнөөдөр энэ ярилцлагыг өрнүүлэх боломж олгосон И.Мөрөнг маань үргэлж дэмжиж тусалж байдаг тэр гэр бүлийнхнийхээ тухай яриач.

-Манай аав зураглаач, эвлүүлэгч мэргэжилтэй. Ээж маань найруулагч, дууны найруулагч мэргэжилтэй хүн байдаг. Би өөрөө жүжигчин болох зорилготой. Дүү маань бас нэгэн урлагийн хүн гарч ирэх магадлалтай байгаа. Ээж аав маань “Нэг гэрт хэтэрхий олон урлагийн хүн дэмий. Үнэхээр сонирхож дурлаж байгаа бол өөрөө л мэд. Харин тэгээгүй бол хуулийн салбараар явсан нь зүгээр юм биш үү” гээд дүүтэй маань ярилцаад л байгаа.

YOLO: Өөртэйгөө гадаад төрх, дотоод сэтгэл сэтгэлгээгээр яг адилхан хүнтэй таарвал юу гэж зөвлөх вэ?

-Түргэн уураа засаарай л гэж зөвлөнө дөө. Түргэн уур ойр орчмынх нь хүмүүст их хэцүү санагдаж, тэдгээр хүмүүсээ өөрөөсөө түлхэх шалтгаан болдог юм билээ. Би үүнийгээ саяхан л мэдсэн. Найзуудаа ч их зовоодог байсан юм шиг... Миний найзууд намайг гэдэг тулдаа л ойлгодог байсан байх. Түргэн аашаа засаад, аливаа асуудлыг ярилцаж шийдэж байгаарай гэж л зөвлөе.

YOLO: Найзууд гэж ярилаа. Ер нь нөхөрлөлийн үнэ цэнэ юун дээр оршдог юм бол?

-Хүн чанар. Хамгийн гол зүйл бол хүн чанар. Хэцүү үед чинь хэн чиний хажууд байна тэр л чиний найз. Түүнээс биш жаргалтай үед чинь хамт баярлаад, зовох үед чинь яваад өгдөг хүн найз байх эрхгүй. Найз бол найз шиг л байх хэрэгтэй. Би ер нь найз цөөтэй хүн. Хүмүүс эрэгтэй, эмэгтэй сайн найзууд байдаггүй гэдэг. Миний хувьд бол байж болно. Яагаад болохгүй гэж? Гэмгүй сайхан нөхөрлөдөг эмэгтэй найзууд надад ч бий.

YOLO: Ярилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандан үг хэлэхгүй юу?

-Нэг л зангаараа байж, хийе гэсэн зүйлээ хийж, хичээл номоо ч хийхийн зэрэгцээ хоббигоо хөгжүүлж яваарай. Эцэг эхчүүд маань ч хүүхдүүдээ сайн ойлгож ярилцаж байх хэрэгтэй. Хүүхдүүд маань ч гэсэн эцэг эхийнхээ итгэлийг битгий алд, битгий худлаа ярь, архи тамхи хорт зуршилтай битгий орооцолд. Эд нар амьдралд ямар ч хэрэггүй. Урдаа тавьсан зорилгоо хараад зорилгынхоо төлөө л тууштай тэмц.

YOLOЯрилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье!

#Entertainment